Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баттулга,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Л.Х, Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс шүүгдэгч Л.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Ө.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Х, Ө.М нарт холбогдох 223000000096 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 18-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БНХАУ-д суралцдаг оюутан, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 12-58 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Т овогт Өийн М /ою98081837/,

Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 10-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Хурд ХХК-д операторчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 10-11 тоотод оршин суух, урьд Сум дундын 24 дүгээр шүүхээр 2014 оны 02 дугаар сарын 07-ны 18 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй И овогт Лын Х /РД:ов98081019/.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Л.Х нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ачит нуур зочид буудлын гаднаас 2022 оны 4 дүгээр сарын 03- аас 04-нд шилжих шөнө хохирогч Б.Аын Iphone7 загварын гар утас, 60.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн,

Шүүгдэгч Ө.М нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө хохирогч Б.Аын зүүн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Х, Ө.М нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1. хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дахь тал),

2. эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

3. гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

4. хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17, 22-26 дахь тал),

5. хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М ах бид хоёр маргалдаад намайг түлхээд би толгойгоороо уначихсан. Тэгээд босох гэж байтал өндөр залуу ирээд миний нэг талын хацар луу алгадаад өмдний халааснаас утас аваад дахиад нөгөө хацрыг алгадаад өмдний нөгөө халаасанд байсан 60.000 төгрөгийг аваад зугатаасан. Тэгэхээр нь би миний халаасыг ухчихлаа гэж хэлээд араас нь гүйсэн. Гүйж очих үед өндөр залуу гар утас мөнгийг явган хүний замын хавтан дээр тавьчихаад буцаад алхахаар нь би гар утас мөнгөө аваад тэр өндөр залууг нь бариад авсан. Тэгтэл түүний найз гэх намхан залуу миний нүүр лүү цохиод дараа нь зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн. Түүнээс болоод миний хөл дахиад гэмтчих шиг болсон. Алхаж чадахгүй арай гэж цагдаа орсон. Буцаж ирээд хэргийн газрын үзлэг хийхэд мөлхөх шахуу явж хэргийн газрыг зааж өгсөн. Би өндөр залууг барьж аваад цохиулахгүйн тулд дараад суучихсан. Намхан залуу нь намайг цохиж зодсон юм. Би гар утсаа 2021 оны 05 дугаар сард Номингоос 650.000 төгрөгөөр авсан Айпон 7 плас загварын гар утас юм. 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод ачаа ачиж байгаад Пуссо загварын ачааны машины чиргүүл дээрээс унаж өөрийн зүүн хөлийг хугалж байсан. Эмчилгээ хийлгээд 2021 оны 12 дугаар сараас таяггүй явдаг болж эдгэрсэн байсан. Энэ хоёр залуу өөрсдөө ирж уучлалт гуйхгүй байж янз бүрийн хүмүүсээр мэдүүлгээ өөрчлөөд өгчих гэж яриулж байсан. Ж-Мобайлын П гэж манай намын эгч М хятадад сурдаг юм. мэдүүлгээ өөрчлөөд хэргээс салгаад өгөөч гэж удаа дараа гуйж байсан. Намайг мэдүүлгээ өгөөд сууж байтал яриахаар нь чанга яригч дээр нь тавьж байгаад мөрдөгчид сонсгож байсан. Би энэ залуучуудаас мөнгө төгрөг нэхээгүй. Ярьсан, уулзсан хүмүүст нь өөрсдөө ирээд уулз гэж л хэлж байсан. Х нь урьд нь айл ухаж байсан давтан гээд л яриулж байсан. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжлэж байна. Надад  одоохондоо баримт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42, 44, 46 дахь тал),

6. гэрч Г.Дансрангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ресейпшний хэсэгт 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс орж ирээд гар утсаа барьцаанд тавиад 1 өрөөнд дөрвүүлээ орно гэхээр нь би зөвшөөрөхгүйгээр тэд нарыг гаргаад явуулсан. Ресейпшний хэсэгт зогсож байгаад явсан байх мөнгөгүй юм шиг байна лээ. Утас барьцаанд тавьж нэг өрөөнд орно гээд юм яриад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

7. гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.А том оврын ачааны автомашинтай бөгөөд Улаанбаатар хот Улаангом сум хооронд тээвэрт явдаг байсан. Тээвэрт явж байхдаа 2021 оны 07 дугаар сард байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна Улаанбаатар хотод ачаа ачиж байхдаа ачаан дээрээс унаад зүүн талын хөлийн шилбэний доод хэсгээр хугалсан. Түүнээс гам бариад эдгэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

8. гэрч Д.Игийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.А гэх залуу манай нөхөр хоёр Ачит нуур зочид буудлын гадна муудалцаж Аын нүүр хэсэг рүү манай нөхөр гараараа түлхэхэд А газарт унахад би “Хүн аллаа, туслаарай” гэж орилоход нэг өндөр залуу ирэхээр нь би өөрийн нөхөр Мыг аваад явахад газарт унасан байсан А дээр очсон өндөр залуу “за за сэргэчихлээ” гээд эргээд гүйгээд явсан. Тэгтэл А босож ирээд “Миний утас, мөнгө хулгайлчихлаа” гээд нөгөө өндөр залуугийн араас хурдтай гүйгээд чвсан. Тэр хоёрын араас нэг намхан залуу алхаад гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59, 61-62 дахь тал),

9. гэрч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай намын Б.А гэх залуу бид хоёр Ачит нуур зочид буудлын гадна муудалцаж А намайг алгадсан ба би тухайн үед буцаагаад гараараа түлхэхэд А газарт унасан. Тэгтэл манай эхнэр намайг болиоч гээд салгаад цаашаа аваад явсан. Тэгтэл А гэнэт газраас босч ирээд миний утас түрийвч байхгүй байна гэж орилсон. Тухайн үед Ачит нуур зочид буудлын хашаагаар хоёр залуу гүйгээд гарч байсан бөгөөд А тухайн 2 залуугийн хойноос нь гүйгээд явсан.. А босоод маш хурдтай тухайн 2 залуугийн араас гүйгээд явсан. Хөл нь доголсон зүйл огт байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),

10. Гэрч О.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Ямар нэгэн бэлэн мөнгөөр худалдан авалт огт хийгээгүй харин миний ширээн дээр байсан 0,5 литрийн усыг авчих уу гэж асуухаар нь би тэг тэг гээд өгөөд гаргасан ба мөнгөгүй явж байсан. Тэгээд буудлын төлбөрийг утсаа барьцаанд тавьчхаад өглөө мөнгийг нь гаргаад өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

11. шүүгдэгч Л.Хын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө би өөрийн 10 жилдээ хамт сурч байсан Ө.М гэх найзын хамт Их наяд нийтийн үйлчилгээний газарт орж 0,5 литрийн ганц хоёр лааз пиво уучихаад тухайн Их наяд-аас гарах гэж байтал Ө.М бид хоёртой 25 орчим насны 2 эмэгтэй ирж танилцсан. Тэгээд бид дөрөв хэсэг юм ярьж алхаж байгаад Улаангом сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Ачит нуур зочид буудал дээр очсон ба тухайн үед Ачит нуур зочид буудлын хашаан дотор хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Тэгээд бид 4 тухайн зочид буудал руу орж Ө.М тухайн буудлын ресепшнтэй уулзаж ярилцсан бөгөөд бид 2-той хамт явсан хоёр охин гэнэт явлаа гээд гарахаар нь би хойноос нь гарсан. Тухайн үед би ресепшн эгчээс ширээн дээр байсан уснаас 1-ийг авчих уу гэхэд тухайн эгч тэг тэг гэхээр нь нэг 0,5 литрийн ус аваад гарсан. Би Ачит нуур зочид буудлаас гарахад тухайн буудлын хашаан дотор хүмүүс маргалдаж байсан ба тухайн үед хамт явж байсан хоёр охинтойгоо юм яриад зогсож байтал хашаан дотор гэнэт туслаарай хүн аллаа гэж орилохоор нь хартал 2 эрэгтэй хүн зодолдож байсан, хажууд нь 3 эмэгтэй хүн байсан. Тэгээд би зодож байсан ахыг холдуулаад газарт унацан байсан хүнийг босгох гээд очтол ухаан алдсан байсан. Тэгээд би тухайн хүнийг би сэгсрээд 2 шанаа руу нэг нэг удаа зөөлөн алгадтал тухайн хүн ухаан орсон. Тухайн үед би газарт унасан байсан хүнийг сэрээх гэж байхад миний хажууд талд зогсож байсан эмэгтэй наад хүн чинь үхчихсэн үү гэж асуухад нь би ухаан орчихлоо гэж хэлээд босоод явсан. Тэгээд би Ачит нуур зочид буудлын хашаанаас гарч явсан ба миний найз М нь миний хойноос явж байсан. Би хамт явж байсан хоёр охины араас гүйхэд байхгүй байсан ба би буцаад ачит нуурын хашаа руу эргээд явахад миний урдаас газарт унасан хүн ирээд намайг заамдаад миний утас хаана байна хулгайч минь гэж хэлсэн. Тэгтэл Ачит нуурын хашаан дотроос миний найз М нь ирж та хоёр яагаад байгаа юм бэ? Манай найзыг тавиач гээд маргаан болсон. Тэгтэл тэнд байсан цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газарт авч ирсэн” гэх мэдүүлэг,

12. шүүгдэгч Ө.Мгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө би өөрийн 10 жилдээ хамт сурч байсан Л.Х гэх найзын хамт Их наяд орж ганц хоёр лааз пиво уучихаад гарах гэж байтал Л.Х бид хоёртой 25 орчим насны 2 эмэгтэй ирж Х бид хоёртой танилцсан тэгээд бид дөрөв хэсэг юм ярьж алхаж байгаад Ачит нуур зочид буудал дээр очсон. Бид 4 тухайн зочид буудал руу орж өрөө байгаа юу гэхэд надаас хэдүүлээ юм гэж асуухад нь би 4-үүлээ гэж хэлэхэд ресейпшн нь 4 ортой өрөө байхгүй 4 хүн нэг өрөөнд орох боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед миний утас унтарсан байсан тул би ресейпшн эгчид хэлж утсаа цэнэглэсэн ба буудлынхаа тооцоог утсаа асаагаад шилжүүлээд өгнө гэж хэлэхэд зөвшөөрөөгүй тул би утсаа цэнэглээд асаах гээд зогсож байтал нөгөө 2 эмэгтэй болон Х нар гараад явсан. Тэгээд би утсаа цэнэглээд 8 орчим минутын дараа утсаа асаагаад “Ачит нуур” зочид буудлаас гарахад 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүн зогсож байсан ба тэнд байсан 2 эрэгтэйн нэг нь газарт унасан байсан ба Х очоод тухайн газарт унасан байсан эрэгтэйг алгадаад сэргээсэн ба тэнд зогсож байсан эмэгтэй хүмүүс рүү хандан сэрчихлээ гэж хэлээд босоод алхаад явсан. Би тухайн үед Ачит нуураас гараад алхаж байсан ба Х босоод хаалгаар алхаад гарч байсан ба газарт унасан байсан хүн нь босч Хын араас гүйгээд явахаар нь би хойноос нь очтол Х болон нөгөө босож гүйсэн үл таних хүн хоёр нэг нэгнээ заамдаад зогсчихсон байсан ба шонгийн модны 2 талаас нэг нэгнээ заамдсан байдалтай байсан. Тэгээд би очоод та одоо яагаад байгаа юм бэ? гэж хэлэхэд тэр хүн хулгайч, дээрэмчин гээд байхаар нь би хажууханд байсан цагдааг дуудаж бид нар цагдаагийн газарт ирсэн” гэх мэдүүлгүүдийг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн дүгнэлт:

1.  Шүүгдэгч Л.Х нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ачит нуур зочид буудлын гаднаас 2022 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Б.Аын Iphone7 загварын гар утас, 60.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М ах бид хоёр маргалдаад намайг түлхээд би толгойгоороо уначихсан. Тэгээд босох гэж байтал өндөр залуу ирээд миний нэг талын хацар луу алгадаад өмдний халааснаас утас аваад дахиад нөгөө хацрыг алгадаад өмдний нөгөө халаасанд байсан 60.000 төгрөгийг аваад зугтсан. Тэгэхээр нь би миний халаасыг ухчихлаа гэж хэлээд араас нь гүйсэн. Гүйж очих үед өндөр залуу гар утас мөнгийг явган хүний замын хавтан дээр тавьчхаад буцаад алхахаар нь би гар утас мөнгөө аваад тэр өндөр залууг нь бариад авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42, 44, 46 дахь тал),

 гэрч Д.Игийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.А гэх залуу манай нөхөр хоёр Ачит нуур зочид буудлын гадна муудалцаж Аын нүүр хэсэг рүү манай нөхөр гараараа түлхэхэд А газарт унахад би “Хүн аллаа, туслаарай” гэж орилоход нэг өндөр залуу ирэхээр нь би өөрийн нөхөр Мыг аваад явахад газарт унасан байсан А дээр очсон өндөр залуу “за за сэргэчихлээ” гээд эргээд гүйгээд явсан. Тэгтэл А босож ирээд “Миний утас, мөнгө хулгайлчихлаа” гээд нөгөө өндөр залуугийн араас хурдтай гүйгээд явсан. Тэр хоёрын араас нэг намхан залуу алхаад гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59, 61-62 дахь тал),

гэрч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай намын Б.А гэх залуу бид хоёр Ачит нуур зочид буудлын гадна муудалцаж А намайг алгадсан ба би тухайн үед буцаагаад гараараа түлхэхэд А газарт унасан. Тэгтэл манай эхнэр намайг болиоч гээд салгаад цаашаа аваад явсан. Нэг харахад А газраас босч ирээд миний утас түрийвч байхгүй байна гэж орилсон. Тухайн үед Ачит нуур зочид буудлын хашаанаас нэг залуу гүйгээд гарч байсан бөгөөд А тэр залуугийн хойноос нь гүйгээд явсан.. А босоод маш хурдтай гүйгээд явсан. Хөл нь доголсон зүйл огт байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал)-үүд,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискинд хураагдсан came1  нэртэй бичлэгийн 18-22 дахь секундэд хохирогч Б.Аын хурдтай гүйж байгаа дүрс бичлэг байх бөгөөд хохирогч Б.А нь шүүгдэгч Л.Хын араас гүйж байгаа дүрс болох нь цаг хугацааны хувьд тохирч байна. эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Х нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ачит нуур зочид буудлын гаднаас 2022 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Б.Аын Iphone7 загварын гар утас, 60.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.Хын  хохирогч Б.Аын Iphone7 загварын гар утас, 60.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр авч зугатаасан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд  шүүгдэгч Л.Хыг  эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Ө.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гүйж очих үед өндөр залуу гар утас мөнгийг явган хүний замын хавтан дээр тавьчихаад буцаад алхахаар нь би гар утас мөнгөө аваад тэр өндөр залууг нь бариад авсан. Тэгтэл түүний найз гэх намхан залуу миний нүүр лүү цохиод дараа нь зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн. Түүнээс болоод миний хөл дахиад гэмтчих шиг болсон. Алхаж чадахгүй арай гэж цагдаа орсон. Буцаж ирээд хэргийн газрын үзлэг хийхэд мөлхөх шахуу явж хэргийн газрыг зааж өгсөн. Би өндөр залууг барьж аваад цохиулахгүйн тулд дараад суучихсан. Намхан залуу нь намайг цохиж зодсон юм. Би 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод ачаа ачиж байгаад Пуссо загварын ачааны машины чиргүүл дээрээс унаж өөрийн зүүн хөлийг хугалж байсан. Эмчилгээ хийлгээд 2021 оны 12 дугаар сараас таяггүй явдаг болж эдгэрсэн байсан. Энэ хоёр залуу өөрсдөө ирж уучлалт гуйхгүй байж янз бүрийн хүмүүсээр мэдүүлгээ өөрчлөөд өгчих гэж яриулж байсан. Ж-Мобайлын П гэж манай намын эгч М хятадад сурдаг юм. мэдүүлгээ өөрчлөөд хэргээс салгаад өгөөч гэж удаа дараа гуйж байсан. Намайг мэдүүлгээ өгөөд сууж байтал яриахаар нь чанга яригч дээр нь тавьж байгаад мөрдөгчид сонсгож байсан. Би энэ залуучуудаас мөнгө төгрөг нэхээгүй. Ярьсан, уулзсан хүмүүст нь өөрсдөө ирээд уулз гэж л хэлж байсан. Х нь урьд нь айл ухаж байсан давтан гээд л яриулж байсан. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжлэж байна. Надад  одоохондоо баримт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42, 44, 46 дахь тал)-ээр шүүгдэгч Ө.М нь хохирогч Б.Аыг Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө зүүн хөл рүү өшиглөж зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дугаартай: “Б.А -ын биед зүүн шилбэний шаант ясны доод булууны шонтон буюу шагайн үений дотно хавчаар ясны далд шинэ хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний дунд дотно ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр хөших болон хазгай, буруу гишгэх үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022/04/06-нд үүсчихсэн байсан талаар Б.Аын зүүн шилбэний рентген зурганд харагдаж байна. Зүүн шилбэний шаант ясны доод булууны шонтон буюу шагайн үений дотно хавчаар ясны далд шинэ хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний дунд дотно ар хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Б.Аын зүүн шилбэний шаант ясны доод булууны шонтон буюу шагайн үений дотно хавчаар яс, тахилзуур ясны доод төгсгөл буюу гадна хавчаар яс өмнө нь хугарч бороолсон байсан байна. Энэ нь 2021/11/25-нд авхуулж байсан рентген зургийг дарсан фото зурагт харагдаж байна. 2022/04/06-ны байдлаар зүүн хөлийн шагайн үений дотно хавчаар яс өмнө нь хугарч байсан хэсгээр дахин шинээр хугарсан байна. Харин гадна хавчаар ясанд шинэ хугарал үүсээгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78-81 дэх тал)-ээр  шүүгдэгч Ө.М нь хохирогч Б.Аын зүүн хөл рүү өшиглөсний улмаас зүүн шилбэний шаант ясны доод булууны шонтон буюу шагайн үений дотно хавчаар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний дунд дотно ар хэсэгт цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь хүндэвтэр хэргийн гэмтэлд хамаарч байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.М “Би Б.Аын зодоогүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч “Урьд нь хүнтэй маргалдаж байхдаа гэмтээсэн байх боломжтой” гэж тус тус мэтгэлцэж байгаа боловч энэ нь гэрч Д.Игийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.А гэх залуу манай нөхөр хоёр Ачит нуур зочид буудлын гадна муудалцаж Аын нүүр хэсэг рүү манай нөхөр гараараа түлхэхэд А газарт унахад би “Хүн аллаа, туслаарай” гэж орилоход нэг өндөр залуу ирэхээр нь би өөрийн нөхөр Мыг аваад явахад газарт унасан байсан А дээр очсон өндөр залуу “за за сэргэчихлээ” гээд эргээд гүйгээд явсан. Тэгтэл А босож ирээд “Миний утас, мөнгө хулгайлчихлаа” гээд нөгөө өндөр залуугийн араас хурдтай гүйгээд явсан. Тэр хоёрын араас нэг намхан залуу алхаад гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59, 61-62 дахь тал),

гэрч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай намын Б.А гэх залуу бид хоёр Ачит нуур зочид буудлын гадна муудалцаж А намайг алгадсан ба би тухайн үед буцаагаад гараараа түлхэхэд А газарт унасан. Тэгтэл манай эхнэр намайг болиоч гээд салгаад цаашаа аваад явсан. Нэг харахад А газраас босч ирээд миний утас түрийвч байхгүй байна гэж орилсон. Тухайн үед Ачит нуур зочид буудлын хашаанаас нэг залуу гүйгээд гарч байсан бөгөөд А тэр залуугийн хойноос нь гүйгээд явсан.. А босоод маш хурдтай гүйгээд явсан. Хөл нь доголсон зүйл огт байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискинд хураагдсан came1  нэртэй бичлэгийн 18-22 дахь секундэд хохирогч Б.Аын хурдтай гүйж байгаа дүрс бичлэгүүдээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Ө.М энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж байсан боловч зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Аын хүндэвтэр гэмтэл учирсан байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.Мгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.А нь гар утас болон 60.000 төгрөгөө буцаан авсан тул өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзнэ.

 Хохирогчийн зүүн шилбэний шаант ясны доод булууны шонтон буюу шагайн үений дотно хавчаар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний дунд дотно ар хэсэгт цус хуралт гэмтлүүдийг эмчилүүлэхтэй холбогдон гарсан зардлын болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Ө.Мгээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 II. Шүүгдэгч Л.Х, Ө.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

   Шүүгдэгч Л.Х дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн  17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч Ө.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 120 дахь тал)–аар,

Шүүгдэгч Л.Х нь урьд Сум дундын 24 дүгээр шүүхээр 2014 оны 02 дугаар сарын 07-ны 18 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 121, 124-125 дахь тал)–аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Хын хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Жгийн өгсөн: “Х нь зан аашийн хувьд дөлгөөн тайван, бусдад тусархуу, бусдыг гэсэн сэтгэлтэй, ядарсан хүмүүст байнга тусалж явдаг юм. Х янз бүрийн хэл ам гаргаад байдаггүй элдэв муу зан аашгүй өрөвч нинжин сэтгэлтэй хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал), Гэрч Л.Аийн өгсөн: “Л.Х нь 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдөр миний дүү болон Увс аймгийн Давст суманд төрсөн юм. Л.Х нь багаасаа хичээл сургуульд сурч Улаангом сумын 1 дүгээр сургуулийг 2016 онд төгссөн. Л.Х нь 2019 онд Улаангом сумын политехник коллежийн барилгын инженер мэргэжлээр сурч төгссөн юм.  Х нь зан аашийн хувьд дөлгөөн тайван, бусдад тусархуу, бусдыг гэсэн сэтгэлтэй, ядарсан хүмүүст байнга тусалж явдаг юм. Х янз бүрийн хэл ам гаргаад байдаггүй элдэв муу зан аашгүй, өрөвч нинжин сэтгэлтэй хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),

Шүүгдэгч Ө.Мгийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ю.Бын өгсөн: “зан байдлын хувьд нийтэч, олондоо нэр хүндтэй, бусдад тусархуу, их үг дуу цөөнтэй төлөв даруу хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал), Гэрч Д.Өийн өгсөн: “Миний хүү М нь 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдөр миний 3 дахь хүүхэд болон Увс аймгийн Улаангом суманд төрсөн Ө.М нь төрж өссөн цагаасаа эхлэн өөрийн аав ээжийн гар дээр өссөн. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 116-р сургуулийг 2016 онд сурч төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн Ө.М нь 12 дугаар ангиа төгсөөд БНХАУ-ын хөх хот руу хүнсний технологичоор суралцаж байгаад ковид-19 халдварын улмаас сургуулиа төгсөж чадаагүй байгаа юм. Ө.М нь үг дуу цөөнтэй бусдад тусархуу архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, тамхи огт татдаггүй хүүхэд юм. Ө.М нь бусадтай нийтэч, олондоо нэр хүндтэй, бусдад тусархуу. их үг дуу цөөнтэй хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дахь тал)-үүд хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Л.Хт Эрүүгийн хуулийн  17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Ө.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Л.Хт  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Ялтан Ө.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Л.Х, Ө.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Лын Хыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Т овогт Өийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Хт Эрүүгийн хуулийн  17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

- шүүгдэгч Ө.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Л.Хт  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Ялтан Ө.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Хохирогч Б.А нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Ө.Мгээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ГАНСҮХ