Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0435

 

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0435

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.У

Хариуцагч: Ц газар

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 дугаар тушаалын Д.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д У миний бие 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цагдаагийн албанд тасралтгүй 16 жил ажилласан бөгөөд цаашид ч албандаа ажиллах хүсэл сонирхолтой байдаг учир Б/1048 дугаар тушаалыг холбогдох хууль журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Миний бие 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 дугаар тушаал гарч, намайг албанаас халж, цагдаагийн цол хураасан нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд нийцэхгүй гэж, өөрийн төрийн алба хаах эрхээ сэргээлгэхийг хүсэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох, зорилгодоо бүрэн нийцэх ёстой бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болсон үйл явдалд болон 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байдаг.

2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болсон үйл явдалд оролцож зөрчил гаргасан гэж 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан.

2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болсон үйл явдалд оролцож, эхнэр хүүхдүүдээ бусдаас хамгаалах зорилгоор Ц.Б гэх хүнийг хориглож барьж байх үед Д.О нь Ц.Б-ыг цохиж гэмтээсэн нөхцөл байдалд хамтарч буруутай гэж шүүхээр дүгнэгдэж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхээр шийдвэрлэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

Миний бие 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болсон үйл явдалд оролцсон өөрийнхөө үйлдлийг зөвтгөхгүй буруугаа олгон ухамсарлаж, сахилгын арга хэмжээ авснаа хүлээн зөвшөөрдөг боловч Б/1048 дугаар тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албанаас халах шийдвэрийн хууль зүйн үндэслэл, актын зорилго бодит байдалдаа нийцэхгүй байна. Нэг үйл явдалд 3 удаа хариуцлага тооцогдож байгааг шүүхээр хянуулах хүсэлттэй байна.

Өнөөдөр Монгол Улсад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нэг жилийн хугацаанд гэмт хэрэг гэж үзэхээр заасан түүнээс хойш нийгмийн аюулгүй, хэрэгт холбогдсон хүнийг ял шийтгэлтэйд тооцож үзэхгүй байхаар хуульчилсан байдаг.

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлтэй этгээд албанд тэнцэхгүй гэж дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалт байгаа хэдий ч түүнийг хэрэглэх нөхцөл нь цаг хугацаатай, үндэслэл бодит байдал нь хуулийн шаардлага хангасан байх ёстой гэж үзэж байна.

Иймд Ц газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 дугаар Албанаас халж, цагдаагийн цол хураах тухай тушаалыг хүчингүй болгож, намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.У нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.11 дэх заалтад заасан бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн 2019 оны 222 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд цагдаагийн албанаас хална, 82.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.У-ын гэмт хэрэг үйлдсэн буруутай үйлдэл нь дээрх хуулиудын үйлчлэлд хамаарч байх тул цагдаагийн албанаас халсан байгууллагын шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Д.У-ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У-аас Ц газарт холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 дугаар тушаалын Д.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.У-ыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/716 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицероор томилж, цагдаагийн ахмад цолыг олгосон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна, 10.1.3-д төрийн тусгай албан тушаал, 13 дугаар зүйлийн 13.1-д Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна, 13.1.6-д зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн, Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн., 66 дугаар зүйлийн 66.1-д Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь төрийн тусгай албанд хамаарах цагдаагийн албан хаагч юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Д.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 дугаар тушаалын 3 дахь заалтаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д У Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хураасан байна.

Хариуцагчаас захиргааны актыг гаргахдаа Д.У-ын утас руу залгаж, сонсох ажиллагаа явуулж Сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:, 27.4.4-д утсаар санал авах; гэж заасанд нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна., 4-д Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана., 5-д Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана. гэж зааснаас үзвэл шүүхийн шийтгэх тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгч Д.У-ыг гэм буруутайд тооцсон нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална: 82.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;... гэж заасан цагдаагийн албанаас халах үндэслэлд хамаарах бөгөөд хариуцагчийн тушаал хууль зөрчөөгүй байна.

Дээр дурдсанаар хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулж 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр цагдаагийн албанаас халах ойлголтууд агуулгын хувьд хоёр өөр зохицуулалт бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон үндэслэлээр албанаас халсаныг сахилгын шийтгэл давхардуулж оногдуулсан гэж үзэхгүй.

Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргасан нь эргэлзээтэй гэх боловч Байгууллагын даргын тушаал гаргах журмын 136.6.2-т зааснаар Хүний нөөцийн хэлтэс нь хүний нөөцийн удирдлагын чиглэлээр гаргасан төв байгууллагын даргын гаргасан тушаалын хуулбарыг хадгалж, бүртгэл хөтлөх журамтай байх бөгөөд шүүхэд хуулбарыг гаргаж өгснийг Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргаагүй гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-аас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 дугаар тушаалын Д.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН