Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0380

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга А.Х, түүний өмгөөлөгч Э.Б

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “Х” ХХК

          Хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга

          Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга

            Гуравдагч этгээд Б ХХК

          Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга “Б” ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0016 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

          Хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргын өмгөөлөгч Э.Б

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

          Хэргийн индекс:118/2023/0025/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга, Завхан аймгийн Засаг дарга нарт холбогдуулан “Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга “Б” ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

          2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0016 дугаар шийдвэрээр: “Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга А.Х давж заалдах гомдолдоо:

            “...Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй Завхан аймгийн Сонгино сумын төвд шинээр албан конторын барилга байшин баригдсан орон нутгийн төсөвт байгууллагуудад халаалтын хүчин чадал хүрэлцэхгүй, 320 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн дотуур байр зэргийн халаалтыг хэрхэн шийдвэрлэх зэрэг нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар Завхан аймгийн Засаг даргад танилцуулахад өөрийн эрх хэмжээний асуудал болох уурын зуух, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор Сонгино сумын Засаг даргад эрхээ шилжүүлж /амаар шийдвэр гаргаж/ халаалтын хоёрдогч эх үүсвэрийг бий болгох үүрэг чиглэл өгсний дагуу “Б” ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ” байгуулж, албан контор нь шинээр баригдсан орон нутгийн төсөвт байгууллагуудад дулаан халаалтаар хангаж хэвийн ажиллаж байхад гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэнд гомдол гаргах үндэслэл болгов.

Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Завхан аймгийн Засаг даргаас “Х” ХХК-тай байгуулсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний 2.9-т “сумын Засаг дарга нь төсвийн байгууллага болог одоогийн хэрэглэгчдийг энэхүү гэрээний дагуу шинээр баригдсан төвлөрсөн халаалтын болон цэвэр усны системд холбуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллана”, Сонгино сумын Засаг даргаас “Б” ХХК-тай байгуулсан гэрээний 4.6 дугаар “Төсөвт байгууллага, аж ахайн нэгжүүдийг халаалтын системд бүрэн хамрагдуулна” гэж зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-д чиглэгдсэн буюу түүний эрх зүйн байдал болон гэрээний 2.9-д заасан эрх ашиг сонирхлыг хөндсөн үр дагавар хүргэхүйц нөхцөлийг агуулсан байна”, Мөн 8-д “Түүнчлэн Сонгино сумын Засаг даргаас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Б” ХХК-тай гэрээ байгуулсны дараа 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Х” ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч байсан, мөн аймгийн Засаг даргад хандан 2023 оны 6,7 дугаар сард “Х” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулахаар удаа дараа албан бичгээр хандаж байсан ”Б” ХХК нь “Х” ХХК-ийн халааж буй төсвийн байгууллагуудын дулааны шугамын худгууд руу өөрийн дулааны шугамыг холбоход бэлэн болгосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол “Б” ХХК-тай байгуулагдсан гэрээний үр дагавраар хөндөгдөж болзошгүй байна” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга “Б” ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны байгууллага өөрийн хариуцсан ажил үүрэг болон харьяалах нутаг дэвсгэрийн гадна орших үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулах эсхүл өөрийн харьяаллын нутгаас гадна эрх зүйн харилцаа үүссэн захиргааны гэрээ байгуулсан бол илт хууль бус гэж ойлгоно гэсэн онолын тайлбар байдаг.

...“Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж оролцуулсан атлаа компани эрх, хууль ёсны ашиг сонирхол нь эерэг юм уу сөрөг байдлаар хөндөгдсөн эсэхэд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх бүрдүүлэх үүрэг хүлээдгийн хувьд тухайн маргаж буй Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга “Б” ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангах хамтран ажиллах гэрээ байгуулах үндэслэл нь бодитой эсэхийг тодруулахаар мэргэжлийн байгууллагыг татан оролцуулах, лавлагаа баримтыг гаргуулах, тусгай мэдлэг шаардагдах асуудалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл заасан дагуу шүүхийн санаачилгаар шинжээч томилж судлах үүргээ анхан шатны шүүх бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, ...тэдгээрийн хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0016 дугаартай шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье” гэв.

4. Хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргын өмгөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо:

“...Өөрөөр хэлбэл дээрх хоёр гэрээний заалтуудыг харьцуулж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн үр дагаварт хүргэхүйц байна гэж урьдчилсан дүгнэлт хийсэн. Бодит байдалд нэхэмжлэгч “Х” ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулсан шугам сүлжээгээ бүрэн ашиглаж үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд ямар нэгэн алдагдал, хохирол хүлээгээгүй байдаг.

Түүнээс гадна Сонгино сумын Цагдаагийн тасаг, Цэргийн ангийн гал тогоо, харуулын байрыг огт халаагаагүй, шугам сүлжээ ч оруулаагүйн улмаас эдгээр байгууллага нь цахилгаанаар халаадаг байсан. Мөн Сонгино суманд баригдаж байгаа 24 айлын орон сууцыг халаах боломжгүй гэсэн байдаг. Ингээд тухайн үеийн хэрэглэгч байгууллагуудаа халаалтаар бүрэн найдвартай хангах үүргээ зөрчсөн байдаг. Мөн нэгдсэн шугамд холбосон сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудын халаалт хангалтгүй байсны улмаас хүүхдүүд, өвчтөнүүд гадуур хувцас, үстэй дээлтэй суудаг байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Энэ талаар тухайн үед нэхэмжлэгч компанид санал гомдлоо хэлж, сүүлдээ төрийн байгууллагын дарга эрхлэгч нар нь хуралдаж өөрсдөө хуваарь гаргаж нэхэмжлэгч компанийн уурын зуух дээр нь очиж ажилласан. Энэ мэтчилэн нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хариуцагчаас хүчин чармайлт их гаргасан боловч үр дүн гараагүй байдаг.

Ийнхүү нэхэмжлэгч “Х” ХХК нь хэрэглэгчдээ бүрэн халаалтаар хангаж чадахгүй байгаа нөхцөлд шинээр баригдах 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, 100 хүүхдийн дотуур байр зэрэг шинэ барилга байгууламжийн халаалтын асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал үүссэн. Иймээс “Х” ХХК-ийн хүчин чадал хүрээгүй халаалт өгч чадахгүй 3, 4 жил болсон зарим төсвийн байгууллага болон шинээр баригдах орон сууц, аж ахуйн нэгж, иргэдийг хэвийн халаалт дулаантай байлгах шаардлагын улмаас “Б” ХХК-тай гэрээ байгуулах болсон байдаг.

Тодруулбал, Б ХХК-тай байгуулсан гэрээний дагуу халаалт дулаанаа авч чадахгүй байсан байгууллагуудыг дулаанаар хангасан бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч компанид ямар нэгэн алдагдал хохирол учраагүй.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс тус гэрээний дагуу нэхэмжлэгчийн шугам сүлжээг салгах, хэрэглэгчийг өөртөө шилжүүлж авах үйл ажиллагаа явагдах эсэхийг тодруулсан. Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс тус гэрээний дагуу зөвхөн халаалт авч чадаагүй байгууллага болон бусад айл өрх, шинээр баригдаж буй орон сууц зэргийг халаалтаар хангахыг зорьж ажиллаж байгаа гэдгээ тайлбарласан.

Иймд маргаан бүхий захиргааны гэрээний улмаас нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн зүйл байхгүй бөгөөд энэхүү гэрээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга “Б” ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга, Завхан аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гаргажээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж тус тус заасан.

4. Анхан шатны шүүх дээрх хуулийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

5. Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудсанд авагдсан “2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга болон Б ХХК нарын “Завхан аймгийн Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ” нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

6. Нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа маргаан бүхий “Завхан аймгийн Сонгино сумын төвийг нэгдсэн халаалтад холбож дулаанаар хангаж хамтран ажиллах гэрээ” хуульд тогтоомжид нийцсэн эсэх, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд давж заалдах шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбогдуулан нотлох баримт дээр тулгуурлан хуулийн шаардлага хангасан маргаан бүхий актад хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт өгөх, хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргын өмгөөлөгч Э.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                           Н.ХОНИНХҮҮ

              ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА