| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/02701/и |
| Дугаар | 02858 |
| Огноо | 2018-09-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 02858
2018 оны 9 сарын 27 өдөр Дугаар 102/ШШ2018/02858 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, дугаар хороолол, дүгээр хороо, Нарны зам- НСКБ барилга дүгээр давхарт байрлах регистрийн дугаартай ”М.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, байрны.. тоотод оршин суух О овогт Г.Д-д холбогдох эд хөрөнгөд учирсан хохирол 401500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 сарын дугаар 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Г.Д, нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М.Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35-В байрны 53 тоотын айл Г.Дөлгөөний орон сууцны сангийн шугам цоорч их хэмжээний ус алдсаны улмаас тус даатгалын компанитай 1701004640 дугаартай “Даатгалын гэрээ” байгуулсан даатгуулагч Д.Л-ийн 35-В байрны 48 тоотын орон сууцны ариун цэврийн өрөөний таазны эмульс ховхорч, үүд хэсгийн ханын цаас хуулран нийт 401500 төгрөгийн хохирол учирсан.
Энэхүү ослын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг М.Д ХХК барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Л-ийн эд хөрөнгөд учирсан хохирол 401500 төгрөгийг буруутай этгээд Г.Д-өөс гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр манай даатгуулагч Д.Л-ийн 35-В байрны 48 тоот орон сууцанд, хариуцагчийн буруугаас ус алдаж, эд хөрөнгөд нь 401500 төгрөгийг хохирол учирч, даатгагч энэ төлбөрийг даатгуулагчид төлж барагдуулсан тул хуульд заасны дагуу хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, хариуцагчаас 401500 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн орой манай ванны өрөөний хатаагч буудаад ус алдсан. Тухайн үед боломжит арга хэмжээг авч, усыг хаалгасан боловч дуудлага ирэх хооронд хугацаа алдсны улмаас ус их хэмжээгээр алдан бусад өрөөнүүд рүү орж, хөлийн шагайгаар татсан. Өндөр даралттай халуун ус байсны улмаас ойртож чадахгүй, хаалгыг хааж, усыг цэвэрлэж амжаагүй. Бидний зүгээс санаатай болон болгоомжгүйгээр ус алдуулаагүй. Саяхан орсон шинэ байр болохоор засвар үйлчилгээ хийх шаардлага байгаагүй. Мөн эхнэр төрөөд удаагүй, сард байрны зээлд 500.000 төгрөг төлдөг, ганцаараа ажил хийдэг учраас нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д ХХК, хариуцагч Г.Д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан хохирол 401500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч санаатайгаар хохирол учруулаагүй төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 01 цаг 53 минутанд Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35-В байрны 53 тоот орон сууцны алчуур хатаагч цоорсны улмаас ус алдаж, тус байрны 48 тоот орон сууцны өмчлөгч Д.Л-ийн ариун цэврийн өрөө болон үүд хэсэгт ус нэвчин, эд хөрөнгөд хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, “Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлох акт”, “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ”, “Хөрөнгө үнэлгээний тайлан” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж зааснаар нэхэмжлэгч даатгуулагчид хохирлын дүн 401500 төгрөгийг төлсөн нь “Хаан “ банкны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Шилжүүлэгийн мэдээлэл”-ийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас хохирлоо шаардах эрхтэй.
Тэрээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч “санаатайгаар хохирол учруулаагүй төлбөрийг төлөхгүй” гэх тайлбарыг гаргасан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу хариуцагч гэм буруугүйгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотлож чадаагүй, өөрийн өмчлөлийн эд зүйлээ хамгаалах, арчлах, засвар үйлчилгээ хийж, засаж сайжруулах үүргээ биелүүлээгүй байх тул бусдад учруулсан хохирлоо төлөх нь зүйтэй байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12695 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О овогт Г.Д-өөс эд хөрөнгөд учирсан хохирол 401500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12695 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 12695 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ
ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Н.ХАНГАЛ