Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Г,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Т овогт Хгийн Гт холбогдох эрүүгийн 2135001060137 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 16-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дөрвөд ястан, боловсролгүй, мэргэжилгүй, “Улаан сарнай” зоогийн газарт манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт “Улаан сарнай” зоогийн газрын хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Хгийн Г /РД:ОН75021678/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг “Үзүүрийн булаг” гэх газарт 80-18 УВА улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны иргэн Х.Мгийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Х.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэргийн газрын гадаргуутай, сул шороотой, янз бүрийн хэлбэр, хэмжээ бүхий хайргатай, газрын хөрсөн дээр өвсөрхөг ургамалтай газар байна. Осол болсон газрын замын өргөн нь 7.2 метр байна. зам дагуу зүүнээс баруун чиглэлтэй авто машин явсан явсан мөр байх ба авто машины дугуйны мөр зам дээр хөндлөн 4 мөр зэрэг үссэн байна.шүрүүн замын зорчих хэсгээс баруун тал руу авто машины мөр чиглэлээ өөрчилсөн байх ба 11.54 метрын зайд авто машины баруун урд дугуйны мөр тасарсан, зүүн хойт талын дугуй газарт гүн ул мөр үүсгэсэн байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-20 дахь тал),

- Автомашинд үзлэг хийсэн “урд салхины шил няцарч цуурсан, дээвэр дээшээ төвийсөн, урд талын нүүрэвчний дээд хэсгээр хагарсан, баруун, зүүн тал суурь хэсгээрээ салсан, 4 дугуй хагараагүй, копуд чихэгдэж хонхойсон эвдрэл үссэн байна” тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-24 дэх тал),

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13-14 цагийн үед манай эхнэр Х.М утсаар яриад “Улаангом сумаас Завхан сум руу явж хадам ах Гийн хүргэн Бийн ямаа самнахаар явах гэж байгаа” талаараа хэлсэн. Түүний дараа Улаангом сумаас гараад явж байгаа Сүүж өөд өгсөж байна гэж ярьсан. Түүнээс хойш дахиж яриагүй. Түүнээс хойш холбогдохгүй байж байгаад 19 цагийн үед манай том хүү Баяртулга гар утсаар залгаад “Г ах урагшаа автомашинтай явж байгаад автомашин уначихсан гэнэ” гэж хэлсэн.  Би “арай үгүй байлгүй” гэж хэлэхэд “Харин уначихсан байна гэнэ” гэж хэлсэн. Түүний дараа хэсэг хугацааны дараа манай хадам ах Хишигбаатар “Гийн автомашин онхолдчихсон байна. Ороод ир” гэж хэлсэн. Би Улаангом сум руу орж ирээд Гийн гэрт ирэхэд Хишигбаатар ах байсан бөгөөд би автомашинд бензин авахаар яваад бензинээ аваад буцаад Гийн гэрт очсон. Тэр үед ойролцоогоор 21 цаг өнгөрч байсан байх. Тэгтэл Хишигбаатар ах “Бид нар амьд хүн хүлээж авахгүй, дүү Х.М ослын улмаас нас барсан байна” гэж хэлсэн. Шүүгдэгч оршуулгын үеэр  3 сая төгрөг өгсөн. Надад болон миний хүүхдүүд бүх талаар туслаж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Санамсар, болгоомжгүй байдлаас болж ийм зүйл болсон учраас надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71, 73 дахь тал),

- Хохирогч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Түргэн сумын нутагт байхад манай авга ах Гийн хүргэн Б нь гар утсаар яриад “Ирээд манай ямаа самнаад өг” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Би Түргэн сумаас Улаангом сум руу орж ирээд Х.Г ахын 80-18 УВА улсын дугаартай королла загварын автомашинд суугаад Улаангом сумын төвөөс Завхан сум руу 14 цаг өнгөрч байхад гарсан. Г ахын автомашины урд талын суудалд М эгч суугаад, Г ах автомашинаа жолоодоод би арын суудалд талийгаач Н.Мөнхтуяатай хамт суугаад явж байсан. Бид нартай хамт Г ах автомашинтай явсан ба тэдний  автомашиныг хүлээгээд явж зогсоод явж байсан бөгөөд зөрүүлээд урдаа гаргачихаад тэгээд араас нь явсан. Тус аймгийн Цагаанхайрхан сумын нутаг “Үзүүрийн булаг” гэх нэртэй газраар Завхан сумын нутагт руу урд зүг рүү салсан. Тэр үед салхитай байсан ба би хойд талын хэсэгт суугаад зүүрмэглээд явж байхад гэнэт автомашин өнхрөхөөр би сэрсэн. Засмал замаас буугаад автомашин онхолдсон хэсэг хооронд би зүүрмэглэчихсэн юм шиг байна лээ. Автомашин онхолдсоны дараа би хаалга онгойхгүй болохоор жолооч талын хойд талын цонхоор гарсан. Би автомашинаас гараад талийгаач Н.Мөнхтуяаг харахад автомашинаас хол байсан. Цонхоор шидэгдсэн байна гэж би бодсон. Би харахад талийгаачийн шанааны хэсгээс цус гарч байсан. Би Г ахад Н.Мөнхтуяа эгч хэвтэж байна гэхэд очиж харчихаад “Би дүүгээ алчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө ах дүү нарынхаа хүмүүс рүү гар утсаар яриад “Би дүүгээ алчих шиг боллоо” гэж хэлсэн. Хэнтэй гар утсаар ярьсан талаар би мэдэхгүй байна. Түүний дараагаар эмнэлэгийн байгууллага руу дуудлага өгсөн. Осолд орсны дараагаар Г ах автомашинтай буцаад ирсэн юм. Би М, Г нарыг автомашинаас хэрхэн гэрч ирсэн талаар анзаарч хараагүй. .” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал),

- Хохирогч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, одоо зүгээр болчихсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал),

- Гэрч Н.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Увс аймаг Улаангом суманд гзртээ нехөр, хүүхдийн хамтаар байхад над руу манай худ ах болох Х.Г гэрт ирээд “Увс аймгийн Завхан сум руу яваад манай хүргэний ямаа самнаад өг” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт Х.Гийн машинд суугаад Х.Г замаараа дүү охин болох Мөнхтуяаг машиндаа суулгаж, Х.Г ахын гэрт очоод Баасанхүү гэх залууг суулгаад нийт 4 хүн машинд сууж ямаа самнахаар манай худ ахын хамаатан болох 4 хүнтэй нэг машины хамтаар хоёр автомашинтай 8 хүн Улаангом сумаас Завхан сум руу явсан. Х.Г ах машинаа бариад 14 цагийн үед Увс аймаг Улаангом сумаас гарч яваад 15 цагийн үед “Үзүүрийн булаг” гэх нэртэй газраас салж засмал замаас буугаад шороон замаар 3 км орчим явж байтал гэнэт машины бөгс шидэж эхлэхээр нь би “Зоригоо ах та яаж яваад байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь машин баруун тал руугаа өнхөрч онхолдож машин ирсэн зам руугаа зргээд харчихсан байдалтай 4 дугуй дээрээ буусан юм. Би машинаас хаалгаар нь буугаад харсан чинь машинд Х.Г ах жолооны ард, Баасанхүү гэх залуу машины ар талын суудал дээр сууж байсан. Мөнхтуяа нь 3-4 метрийн зайтай газарт доошоо харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан юм. Тэгээд Г ах Мөнхтуяа дээр явж очиу харчихаад буцаж ирээд нас барсан юм шиг байна гэж хэлээд автомашины хучлагаар хучсан юм. Машины арын хаалганы шил хагарчихсан байсан юм. Бид нарын урд талд явсан машинтай хүмүүс буцаад хүрээд ирсэн юм. Тэгээд эмнэлэгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эмч нар ирээд Баасанхүү, Г ах бид гурвыг аваад Наранбулаг сумын эмнэлэг рүү явсан. Харин талийгаач Н.Мөнхтуяаг эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Надад өвдөж зовуурьлах зүйл байхгүй. Миний биед гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал),

- Гэрч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хүргэн Б “хэдэн хүмүүс олж ирээд ямаа самнаад өг” гэж гар утсаар ярьсан.  Бид нар жил бүр тэдний ямааг самнаж өгдөг бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн 43-87 УВХ улсын дугаартай королла загварын автомашинтай, Х.Г өөрийнхөө 80-18 УВА улсын дугаартай цагаан өнгийн королла загварын автомашинтай,  би автомашиндаа манай хүү А, мөн П гэх залуу, Чангаа гэх 3 хүний хамтаар, Х.Г автомашиндаа Б, М, өөрийн төрсөн дүү Мөнхтуяа нарын хамтаар явсан ба Улаангом сумын төвөөс 14 цаг өнгөрч байхад Завхан сум руу хүргэн Бийн гэрт очихоор явсан. Бид нар замдаа зогсоогүй, 80-18 УВА улсын дугаартай автомашиныг Х.Г өөрөө жолоодож явсан бөгөөд талийгаач хойд талын суудлын хэсэгт сууж явсан юм байна лээ. Цагаанхайрхан сумын нутаг “Үзүүрийн булаг” гэх нэртэй газраас баруун тийшээ шороон зам руу буугаад би Х.Гийн хажуугаар зөрөөд явсан бөгөөд хэсэг явж байгаад толиндоо харахад тоос манарч байсан. Буцаад яваад очиход автомашин онхолдсон байдалтай, автомашинд явсан хүмүүс буучихсан, талийгаач нь автомашины хажууд толгойноос нь цус гарсан байдалтай байсан юм. Бид нар Х.М нь нас барчихсан юм шиг байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, Наранбулаг сумын эмнэлэг рүү ярьж дуудлага дуудсан. Би цагдаатай холбогдож байгаа газрын талаар мэдээлж байсан. Осол болох үед тухайн газар их салхи, шуургатай, үзэгдэх орчин харагдаж байсан. Зам тээврийн осол ойролцоогоор 16 цаг өнгөрч байхад гарсан. Ямар шалтгааны улмаас зам тээврийн осол болсон талаар би асууж тодруулахад яасныг мэдэхгүй, автомашин өнхрүүлчихлээ гэж хэлсэн. Осол болсон газар автомашин өнхөрсөн байдалтай замаас хойшоо гарч онхолдсон байсан. Автомашины дугуй хэсгийг харахад хагараагүй байсан санагдаж байна. Тэгээд Наранбулаг сумын эмнэлэгийн автомашин ирээд талийгаачийг үззэд нас барсан байна гэж хэлээд осол болсон автомашинд явсан хүмүүсийг Наранбулаг сум руу авч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал),

 

- Шүүгдэгч Х.Гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай төрсөн охин Н нөхөр хүргэн Б нь над руу утсаар яриад “хүмүүс цуглуулж байгаад ямаа самнаж өгмөөр байна” гэж хэлсэн. Би 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ямаа самнахаар хүмүүсийг бэлдэж, цуглуулаад өөрийнхөө 8018 УВА улсын дугаартай тоёота королла загварын автомашинд М, талийгаач дүү Мөнхтуяа, мөн Б нарыг суулгаад би өөрөө автомашинаа жолоодоод явсан. Надтай хамт Г ах өөрийн автомашинаар өөрийн төрссөн хүүтэйгээ, мөн Пүрэвсүрэн, Чангаа гэх залуучуудын хамтаар нийт 2 автомашинтай 8 хүн Улаангом сумаас Завхан сум руу гарсан. Бид нар замдаа явж байхдаа дугуйны шифилка боолт суларсан байж магадгүй гэж бодоод зогсож чангалж явсан. Мөн 2 удаа бууж биеэ зассан байх. Тэгээд явсаар байгаад Цагаанхайрхан сумын “Үзүүрийн булаг” гэх нэртэй газарт 17 цаг 30 минутын үед очсон бөгөөд замаар урд зүгт Завхан сум руу салаад урд талд Г ах автомашинтай явсан, араас нь би өөрийн суудлын автомашинтай явж байсан. Шороон замаар явж байхад гэнэт машин хазайгаад савласан, тэгэхээр нь  жолооны хүрдээ аль болох тэгш барих гээд хичээгээд тэгээд автомашины хүрдийг зүүн гар тал руу эргүүлэхэд автомашин тэгшрэх шиг болсон. Түүний дараагаар буцаагаад баруун тийшээ бага зэрэг дарахад автомашин замаас баруун тийш гараад онхолдоод хажуугаараа нэг өнхөрсөн, тэгээд юу болсон талаар мэдэхгүй, нэг мэдэхэд ирсэн чиглэл рүүгээ хараад дөрвөн дугуй дээрээ зогсож байсан. Автомашины зүүн талын хэсэгт талийгаач Х.М шидэгдсэн байсан бөгөөд би шууд очоод харахад толгойноос нь цус гарсан байдалтай, хувцаснууд цусаар бохирлогдсон байдалтай, талийгаач нь ухаангүй, нас барсан мэт байсан. Түүний дараагаар Г ах автомашинтайгаа буцаж ирсэн бөгөөд ослын газраас Цагдаа болон Наранбулаг сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Дуудлагын дагуу хэсэг хугацааны дараа Наранбулаг сумын эмнэлгийн хүмүүс автомашинтай ирсэн бөгөөд эмч нь талийгаачийг үзээд нас барсан талаар хэлсэн. Зам тээврийн осолд орсон М, Б, бид нарыг Наранбулаг сумын эмнэлэг рүү авч явахад замд Цагдаа нар зөрж өнгөрсөн. Өөрийн болгоомжгүй байдлаасаа болж дүүгийнхээ амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. хань, 4 хүүхдэд нь чадах чинээгээрээ туслаж дэмжиж л амьдарна. Надад шууд гаргаад өгөх бэлэн мөнгө төгрөг байхгүй ч чадах хэмжээндээ туслаж байгаа” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Х.Г нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр  Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг “Үзүүрийн булаг” гэх газарт 80-18 УВА улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна. 

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон  бол  гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Х.Г нь 80-18 УВА улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Хэрэг учрал болох үед шороон шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу хангалтгүй байсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүгээр тогтоогдож байгаа тул  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт  ангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг,

Хэргийн газрын үзлэгээр зогсоох арга хэмжээ авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг,

Зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй зорчиж явсны улмаас амь хохирогч авто машинаас шидэгдэж гарсан байх тул мөн дүрмийн 3.4 Б-д  “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийгхэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг жолооч Х.Г зөрчсөн байна.

Монгол Улсын  Замын хөделгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж тодорхойлсонд энэ тохиоолдол хамаарч байна.

 

Шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай “Х.Мгийн биед гавлын суурь ясны баруун, зүүн чамархайн хөхлөг, дагз ясны зөрөөтэй хугарал, тархины хатуу хальсан дээрх болон доорх цус хуралт, сак, зүүн бугалга, баруун мөр, баруун сарвуу, баруун чихний ар хэсэгт цус хуралт, зүүн тохой, баруун шуу, баруун гарын ар хэсэгг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Биед учирсан гэмтлүүд нь шинээр үүссэн буюу нас барах агшинд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Талийгаач Х.Мгийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан. Талийгаач Х.М нь гавал тархины битүү гэмтлийн /гавлын зулай, чамархайн хөхлөг, суурь ясны урд болон хойд эвэр, дагз яснуудын зөрөө үүсгэсэн бутарч няцарсан хугарал/ улмаас тархины эд эргэшгүй өөрчлөлтөд орж төвийн гаралтай амьсгал, зүрхний хурц дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 144-146 дахь тал)-ээр зорчигч Х.Мгийн биед гэмтэл учирч, нас барсан болох нь тогтоогдож байна.

Шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 205 дугаартай “Үзүүлэгч Ч.Бын биед тархи доргилт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Тархи доргилт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 115-116 дахь тал)-ээр зорчигч Ч.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогджээ.

Шүүгдэгч Х.Г 80-18 УВА улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.4.б-д тус  тус заасныг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт  “Х.Г оршуулганы зардалд 3.000.000 төгрөг төлсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй”  гэж, хохирогчоор тогтоогдсон Ч.Б мөрдөн байцаалтын шатанд “Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  тус тус мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

2. Шүүгдэгч Х.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Х.Г нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амт насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Г урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 197 дахь тал)-аар, ам бүл 4, эхнэр,  2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт манаачийн ажил эрхэлэн амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Гийн хувийн байдал болон зан төлөвийн талаар гэрч Т.Оийн мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал, О.Ц мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дахь тал) -үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Х.Гт ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасаж, 2 /хоёр/ жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Х.Гт  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.

Шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Шүүгдэгч Х.Гийн 80-18 УВА улсын дугартай, тоёота королла  маркийн автоташин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Хгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан  жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Гт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж,   2 /хоёр/  зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Х.Гт  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.

6.  Шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Х.Гийн 80-18 УВА улсын дугартай, тоёота королла  маркийн автоташин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                         

 

                                 ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ГАНСҮХ