Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч: Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Нын Над холбогдох  2235000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын   12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 25-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, баяд ястан, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Хөндлөн” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Ш овогт Нын Н /РД:ОО87052571/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах “Цастогтох” дэлгүүрийн урд талд хохирогч Я.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах “Цастогтох” дэлгүүрийн урд талд хохирогч Я.Гийг зодсон болох нь:

1. Хохирогч Я.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2022 оны 7 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн үед Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс замын унаанд дайгдаж Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цастогтох” хүнсний дэлгүүр дээр буусан. Тухайн дэлгүүрийн гадна миний зүс таних Н, Н нар согтуу байсан. Бид гурав юм яриад сууж байтал гэнэт Н намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд Н бид 2 хоёр хоорондоо барьцалдаж аваад “Цастогтох” хүнсний дэлгүүрийн баруун талд байрлах гудамж руу ортол Н миний зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон бөгөөд миний толгой эргэж газарт унахад  Н миний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн тэрнээс хойш би юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би цагдаагийн газарт ирчихсэн байсан бөгөөд мөрдөгч Галмандах гэх залуу намайг эмнэлэгт авч очиж миний зүүн шанаа хэсэгт 6 оёдол тавиулсан байсан. Тухайн үед гадаа харанхуй шөнө болсон байсан тул Н, Н бид гурваас өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 54 дэх тал),

2. Гэрч Н.Ныг мөрдөн байцаалтад өгсөн:  “2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр манай нутгийн залуу болох миний найз Н.Н манай гэрт ирсэн. Тухайн үед Н нь манай гэрт ирээгүй удсан тул би 0.75 литрийн АРКН1 нэртэй нэг шил архи хувааж уугаад бид хоёр халсан байсан тул дахин 2 литрийн нэрмэл архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс замын унаанд дайгдаж Улаангом сумын төвд “Цастогтох” хүнсний дэлгүүрийн гадна буусан. Тухайн үед цаг 23 болж байсан ба бид 2 “Цастогтох” хүнсний дэлгүүрээс нэг тамхи автал уг дэлгүүр хаасан юм. Тэгээд бид хоёр уг дэлгүүрийн үүдэнд юм яриад сууж байтал миний найз болох Я.Г ирсэн юм. Тухайн үед бид гурав юм яриад сууж байтал Гансүх, Н хоёр хоорондоо гэнэт муудалцаж барьцалдаж аваад “Цастогтох" хүнсний дэлгүүрийн баруун талд байрлах гудамжны үзүүрт очиж зодолдож эхэлсэн ба Н Гансүхийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход Гансүх газарт унаж зүүн шанаа хэсгээс нь цус гоожсон байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан ба тэр хоёрын араас нь очоод салгасан. Тэгээд Гансүх цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нар ирээд бид гуравыг авч явсан. Миний харснаар Н нь Гансүхийн зүүн шанаа хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиход Гансүх газарт унахадл Н нь Гансүхийн нүүр рүү хальт өшиглөх шиг болсон. Тэгээд би Ныг боль гэж хэлчихээд Гансүхийг газраас татаж босгоход Гансүхийн зүүн шанаа хэсгээс цус гарч байсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),

3. Шүүгдэгч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2022  оны 7 дугаар сарын 01-ний өдөр найз Н.Нын гэрт очиж архи уугаад замын унаанд дайгдаж Улаангом сумын төвд “Цастогтох” хүнсний дэлгүүрийн гадна буусан. Тухайн үед цаг 22 болж байсан ба бид 2 “Цастогтох” хүнсний дэлгүүрээс нэг тамхи авсан. Архи авах гэхэд 7 дугаар сарын 01-ний өдөр гээд зарахгүй байсан. Бид хоёр уг дэлгүүрийн гадна тамхи татаад, юм яриад сууж байтал миний багын найз болох Я.Г ирсэн юм. Бид гурав юм яриад сууж байтал Я.Г намайг “хулгайч” гэх мэтээр хэлээд заамдаад авсан. Бид хоёр барьцалдаад зогсож байгаад Гансүх намайг мөргөх гээд зүтгэхээр нь би Гансүхийн зүүн шанаа  руу баруун гараараа нэг уда цохиход газарт унасан. Гансүхийн шанаа хэсгээс цус гарсан. Н бид хоёрыг боль гээд салгасан. Гансүх цагдаад дуудлага өгсөн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Я.Гээс уучлалт гуйж эвлэрсэнгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 285 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Я.Гийн биед зүүн хацарт язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух цээж, баруун хөлийн эрхий хуруунд зулгаралт, зүүн зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Бүгд нэр дор үүссэн байх боломжтой. Энэ гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -дт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Н нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Я.Гийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Я.Гийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “Н.Н надад учруулсан хохирлыг барагдуулсан гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлсэн баримт (хавтаст хэргийн 100 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Н.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ш овогт Нын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Над 550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч  Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Н.Над шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ