Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/375

 

 

 

 

 

2022            04          07                                   2022/ШЦТ/375

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Э.Булганчимэг,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 1909021770636 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.О /РД: /, 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............тоотод оршин суух, урьд:

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 55а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн ................ тоотод оршин суух Ө.Т-н өмчлөлийн хүн байнга амьдрах гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч /PNSX/ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн унадаг дугуйг нууцаар, авч бусдад 126.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 1909021770636 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-21 дүгээр хуудас/, 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл “...Ө.Т-н гэрээс алдагдсан гэх эд зүйлийг гэрч Ж.Л-с хураан авахаар тогтов. ...Хүүхдийн цэнхэр өнгийн хажуудаа Fnsx гэсэн бичигтэй цэнхэр өнгийн унадаг дугуй нэг ширхэг хураан авав ...” гэжээ /1 хх-ийн 23 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр “...Хүүхдийн цэнхэр өнгийн хажуудаа / PNSX / гэсэн бичигтэй унадаг дугуй 1 ширхгийг хураан авч, хохирогч Ө.Т-д хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хохирогч Ө.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 28-29, 31 дүгээр хуудас/,

Гэрч Б.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Ц.Х-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 37 дугаар хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн байцаалтад  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 8 дугаар хуудас/, 

Шүүгдэгч Б.О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 143 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 145 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 154-155 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн .............. тоотод оршин суух хохирогч Ө.Т-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Fnsx” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 126.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүгдэгч Б.О-гаас цэнхэр өнгийн хажуудаа / PNSX / гэсэн бичигтэй унадаг дугуй 1 ширхгийг хураан авч, хохирогч Ө.Т-д хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл,

Хохирогч Ө.Т-н “...2019 оны 6 дугаар сарын 05-ны өглөө ажилдаа гарсан өдөр 14 цагт манай эхнэр руу хүн утсаар яриад “хулгай орсон байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдэн орны дээр бүтээсэн байсан манай хүүгийн унадаг дугуйг аваад явсан байсан юм. Гэрийн хаалга цоожтой байсан цоожийг нь эвдээд даруулганы хамт шороон дээр шидсэн байгааг цагдаа нар зургийг нь авсан. Манай гэрээс зөвхөн манай хүүхдийн унадаг дугуй алга болсон өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан..2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Наран туул захаас 180.000 төгрөгөөр худалдан авсан шинэ дугуй байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.О-н “..би цааш яваад 1 гудамж эргэж байтал араас Х цэнхэр өнгөтэй хүүхдийн унадаг дугуй барьчихсан Б.О-тай цуг ирсэн, тэгэхээр нь “юун дугуй юм” гэтэл манай хүүхдийн дугуй гэсэн..би айл руу орохыг нь хараагүй түрүүлээд явчихсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Х-н “...траншейндаа унтаж байтал Б.О, Б.О хоёр ирсэн, “гараад ир ганц юм ууя” гэж хэлсэн. Тэгээд би гарч ирээд нэг шил архи уусан тэгээд 32-н тойрог руу явсан явах зам Б.О нэг хашаа руу заагаад “энэ манай гэр байгаа юм , би ороод ирье та хоёр дээр очоод байж бай” гэж хэлсэн, бид хоёрыг явж байхад Б.О унадаг дугуй үүрээд гараад ирсэн тэгээд гудамж эргэтэл цагдаагийн машин ирээд бариад авсан юм...” гэсэн мэдүүлэг

“Дамно” хөрөнгийн үнэлгээний “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 126.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан,

Шүүгдэгч Б.О-гийн яллагдагчаар өгсөн “....О, Х хоёр түрүүлээд явсан, би араас нь явж байтал нэг айлын хашааны хаалга онгорхой байсан, унадаг дугуй байсан, тэгэхээр нь түүнийг үүрээд гарсан, аваад явж байтал нэг энгийн машинтай цагдаа ирээд алаг тэрэг дуудаад намайг аваад явсан, тэр хоёр намайг хулгай хийснийг мэдээгүй, уг гэмт хэрэгт ямар нэгэн холбогдол байхгүй, хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогч өөрийн гэрээсээ унадаг дугуйгаа алдсан болохыг, гэрч нараас шүүгдэгчид унадаг дугуй байсан тухай тус тус мэдүүлж,  шүүгдэгчээс унадаг дугуй хулгайлан авсан талаар тус тус мэдүүлж, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдаж, хохирогчийн алдагдсан эд зүйлийг шүүгдэгчээс хураан авсан болох нь тэмдэглэлээр тогтоогдсон, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид хохирол учирсан болох нь нотлогдсон байна.

 Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлсэн шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэх гэдэгт гэмт этгээд хүн амьдрах болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, байшин, гэр, пин, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, граж, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр гэх зэрэг газарт түлхүүр тааруулах, багаж ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх болон бусад аргаар хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг авсан байхыг ойлгох ба ийнхүү хүндрүүлэх шинжтэй бусдын эд хөрөнгийг хулгайлах тохиолдолд бага хэмжээний хохирол учирсаныг гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулж авч үздэг.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.О-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч Ө.Т-д унадаг дугуйг нь буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /1хх-н 23-24/ нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.О-г гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо буцааж төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О-гийн гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирлыг төлсөн, хор уршгийн шинж чанар арилсан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 342 хоног, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 28 хоног нийт 370 хоног цагдан хоригдсон байх ба түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасч ял эдэлсэнд тооцов.   

 

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.О-гийн цагдан хоригдсон 370 хоногийг эдлэх ялд оруулан хасч тооцож, түүнийг ялаа бүрэн эдэлсэнд тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН