Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2051

 

 

 

 

 

 

 

 

 

    2018 оны 09 сарын 14 өдөр  

Дугаар 183/ШШ2018/02051

             Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар        

          Нэхэмжлэгч: оршин суух О овогт Жгийн Г /РД: /,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн дөрвөн зам, 2 дугаар байрны 5 тоотод байрлах “Г”ХХК /РД: / нарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

            эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Нурболот, Т.Ганбат, шинжээч “Мөнх-Оргил трейд”ХХК-ийн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаар захирамжаар “Г”ХХК-иас 1.304.813.910 төгрөгийг гаргуулж “Номин трейдинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Г”ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг битүүмжилж хураан авч, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд”ХХК-иар үнэлгээ хийлгэж нийт 1.195.983.200 төгрөгийн үнэлгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон байна. Уг үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ныөдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн бөгөөд дээрх үнэлгээг төлбөр төлөгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: хөндлөнгийн шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил трейд”ХХК нь төлбөр төлөгчийн өмчлөлийн хувийн сууцанд үнэлгээ хийхдээ зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлж, компанийн өмчийг үнэгүйдүүлсэн, зах зээлийн жишиг хандлагыг буруу тодорхойлж гаргасан байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Мөнх-Оргил трейд”ХХК-ийн үнэлгээчний тогтоосон “Г” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг нийт 1.195.983.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч Ц.Чинтуяа, Э.Батхишиг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаар захирамжаар “Г”ХХК, Ж.Г нараас 1.304.813.910 төгрөгийг гаргуулж “Номин трейд”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн эзэмшил болон  өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад Ж.Гийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 21/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот, 22/2 тоот, 24/2 тоот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 байрны подвалын 5 тоот үл  хөдлөх эд хөрөнгүүд нь “Номин трейд”ХХК-тай байгуулсан  автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнд бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч “Г”ХХК, Ж.Г нарын арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээг  зогсоох тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул Ж.Гийн өмчлөлийн төлбөр авагч “Номин трейд”ХХК-ийн барьцааны эд хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 190/05, 190/03, 90/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 190/08, 190/09, 190/07 дугаар тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Ж.Гт тогтоолын хувийг гардуулж, үнийн санал өгөхийг мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан. Төлбөр төлөгч Ж.Г, “Г”ХХК-д 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3/115261, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3/17517, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/24974 дугаар албан бичгүүдээр үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-Оргил трейд”ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд”ХХК 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2, 23/3, 23/4 тоот амины орон сууцны зориулалттай, 3 дуусаагүй барилгыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1.341.400.000 төгрөгөөр үнэлж тайланг тус газарт ирүүлсэн. Үнэлгээний талаарх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/27794 дугаар мэдэгдлийг “Г”ХХК-ийн нярав Ц.Бямбадолгорт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардуулсан. Төлбөр төлөгч Ж.Г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж шүүхийн заасан хаягт оршин суудаггүй, шийдвэр гүйцэтгэгчийн зарлан дуудсан хугацаанд  ирдэггүй тул 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 190/10 дугаар тогтоолоор эрэн сурвалжлуулахад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Г”ХХК-иас Б.Батболдыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон хүсэлтийг ирүүлсэн.  Ж.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболдыг томилж, санал хүсэлтээ уламжлуулсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй дахин танилцсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч “Г”ХХК болон Ж.Г нарын эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацаа хэтэрсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Нурболот, Т.Ганбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ж.Г хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн албанд очиж тайлбар өгсөн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийг хугацааг зөрчиж буюу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дууссан байгаа. Тиймээс дээрх хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлдээ 1 195 983 200 төгрөгийг шинжээч байгууллага буюу Мөнх-Оргил трейдинг ХХК гаргасан гэж дурдсан байгаа. Гэтэл шинжээчийн үнэлгээгээр 1 341 400 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд нэхэмжлэлдээ худал дүн тавьсан байгаа. Ж.Гачимэгийн хөрөнгө Налайх дүүрэгт буюу алслагдсан бүсд байдаг бөгөөд цэвэр болон бохир усны шугам ороогүй, цахилгаан байхгүй, хүн амьдрахад хүндрэлтэй хөрөнгө байгаа. Манай байгууллагын зүгээс Ж.Гийн дээрх хөрөнгийг авах гэсэн зорилгогүй бөгөөд мөнгө авах гэсэн боловч Ж.Г төлбөрөө барагдуулах боломжгүй байгаа. Ж.Гачимэг 3 үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв-ын үнийг 2 250 000 төгрөгөөр үнэлсэн нь Мөнх-Оргил трейд ХХК болон Итгэлт истемент ХХК-иудын үнэлгээгээр Зайсанд байрлах элит хорооллын үнэлгээнээс өндрөөр үнэлчихсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр 2 250 000 төгрөгөөр үнэлж байгаа болон нэхэмжлэлээ дэмжиж ямар өнөөдрийг хүртэл ямар ч нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Манай байгууллага 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хохирч байна. Шүүхээс томилсон  Итгэлт-эстимэйт ХХК нь 1 331 961 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд “Мөнх-Орги трейд”ХХК-ийн үнэлгээнээс 10 000 000 орчим төгрөгөөр бага гарсан байгаа. Манай байгууллагын зүгээс Мөнх-Оргил ХХК-ийн үнэлгээнд эргэлзэхгүй байгаа бөгөөд Итгэлт истимент ХХК-ийн үнэлгээгээр шүүх шийдсэн ч манай байгууллыг зүгээс ямар нэгэн гомдол байхгүй. Манай байгууллага нь үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компанитай бөгөөд тодорхой хэмжээний судалгаа хийж өгсөн. Манай охин компанийн зүгээс дээрх 2 шинжээч байгууллагын үнэлгээг зах зээлийн ханшинд нийцсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3, 55.7 дахь хэсэгт зааснаар Ж.Г нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

        Шүүх хуралдаанаар гуравдагч этгээдийн тайлбар, шинжээчийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон хариуцагч нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Ж.Г, “Г”ХХК нар нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг 1.341.420.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2016/01177 дугаар шүүгчийн захирамжаар  Ж.Г, “Г”ХХК нараас 1.300.000.000 төгрөгийг гаргуулж “Номин трейдинг”ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 262 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 190/03, 190/04, 190/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Ж.Гийн барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг битүүмжилж, 2017 оны 04 дүгээр арын 26-ны өдрийн 190/07, 190/08, 190/09 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй, төлбөр төлөгчөөс үнийн санал гаргаагүй  тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоохоор “Мөнх-Оргил трейд”ХХК-ийг шинжээчээр томилжээ.

            “Мөнх-Оргил трейд”ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар  барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг 1.341.420.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

            Нэхэмжлэгч Ж.Г, “Г”ХХК нар нь барьцааны хөрөнгийг зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлсэн, зах зээлийн жишиг үнийн хандлагыг буруу тодорхойлсон гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг 1.341.420.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь “Мөнх-Оргил трейд”ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг  хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч нь барьцааны эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг 1.195.983.200 төгрөгөөр үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч “Мөнх-Оргил трейд”ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээс үзэхэд 1.195.983.200 төгрөг нь зөвхөн тухайн обьектуудыг барьж бий болгоход зарцуулсан өөрийн өртөг гэж үзсэн байх ба үүн дээр зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэн үнэлгээ хийснээр бодит үнийг 1.341.420.000 төгрөгөөр тогтоожээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас барьцааны эд хөрөнгийг үнийг дахин шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу  “Итгэлт-эстимэйт”ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч нь уг эд хөрөнгийн үнийг 1.331.961.000 төгрөгөөр үнэлжээ.

            Дээрх “Итгэлт-эстимэйт”ХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн “Мөнх-Оргил трейд”ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг харьцуулахад зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй, өртгийн болон зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг буруу тооцон тодорхойлсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна.

            Мөн хариуцагч байгууллага нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  нэхэмжлэгч “Г”ХХК-ийн нярав Ц.Бямбадолгорт шинжээчийн дүгнэлтийн хуулбар болон шинжээчийн тогтоосон үнийн дагуу барьцааны эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг танилцуулсан болох нь мэдэгдэл болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Ж.Г, “Г”ХХК нар нь барьцааны хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлтийн талаар мэдэгдсэнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн дотор гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

            Иймд төлбөр төлөгч Ж.Г, “Г”ХХК нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн  хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 22/2 тоот, 23/3 тоот, 23/4 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцуудыг 1.341.420.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Г, “Г”ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                      

 

                                                                                                                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР