Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.О,

Шүүгдэгч Д.Жгийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч: Л.Жавзмаа, Т.Уянга,

Шүүгдэгч: Ц.П, Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ц П, Б овогт Дгийн Ж нарт холбогдох эрүүгийн 2235000740111 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянав.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 5 дугаар сарын 25-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 13-03 тоотод оршин суух, улсаас  авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй У овогт Ц П / РД: ОЮ72052517/,

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 04-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, Увс аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн  дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 20-19 тоотод оршин суух, улсаас  авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Дгийн Ж /РД: ОО89100419/,

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Ц.П, Д.Ж нар нь бүлэглэн “Увс аймгийн Улаангом сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Өвсний фондын хашааны хажууд байрлах газрыг иргэнд эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж 15 жилийн хугацаатайгаар  нэр бүхий 4 иргэнд эзэмшүүлж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Эрүүгийн 2235000740111 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оийн мэдүүлгүүд (хавтаст хэргийн I хавтасны 20-21 дэх тал),

- Гэрч  Б.О мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 62-63, 65 дахь тал),

- Гэрч Н.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 23, 47-48 дахь тал),

- Гэрч  Ж.Сийн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 25 дахь тал),

- Гэрч Б.Агийн мэдүүлэг авсан (хавтаст хэргийн I хавтасны 27-28, 30 дахь тал),

- Гэрч Ц.Чийн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 32-33, 35 дахь тал),

- Гэрч Д.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 39-40, 42 дахь тал),

- Гэрч П.Уын мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны  51-52 дахь тал),

- Б.О ашигладаг ERP цахим системд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I хавтасны 83-88 дахь тал),

- Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Улсын нөөцийн хашааны зэргэлдээ баригдсан 4 айлын хашаа бүхий газарт 2022 оны 5 дугаар сарын 12-нд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I хавтасны 94-101 дэх тал),

- Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Улсын нөөцийн хашааны зэргэлдээ баригдсан 4 айлын хашаа бүхий газарт 2022 оны 6 дугаар сарын 07-нд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн II хавтасны 158-160 дахь тал),

- Иргэн Д.Бөд эзэмшүүлсэн 8516014492 дугаартай нэгж талбарын хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн I хавтасны 103-112 дахь тал),

- Иргэн Б.Тт эзэмшүүлсэн 8516014488 дугаартай нэгж талбарын хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн I хавтасны 113-119 дэх тал),

- Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай “Улаангом сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт өгөх, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, түүний хавсралт (хавтаст хэргийн I хавтасны 129, 130-148 дахь тал),

- Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл (хавтаст хэргийн I хавтасны 149-156 дахь тал),

- Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, түүний хавсралт, боловсруулсан хувийн хуулбарууд (хавтаст хэргийн I хавтасны 159-160 дахь тал),

- Увс аймгийн ГХБХБГ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/24 дугаартай “Д.Жг Газрын удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” тушаал (хавтаст хэргийн II хавтасны 18 дахь тал),

- Увс аймгийн ГХБХБГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/51 дугаартай “Д.Жг Газрын удирдлагын хэлтсийн даргаар томилох тухай” тушаал (хавтаст хэргийн II хавтасны 19 дэх тал),

- Увс аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/112 дугаартай “Ц.Пыг Улаангом сумын засаг даргаар томилох тухай” захирамж (хавтаст хэргийн II хавтасны 27 дахь тал),

- Увс аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/54 дугаартай “Ц.Пыг Улаангом сумын засаг даргаас огцруулах томилох тухай” захирамж (хавтаст хэргийн II хавтасны 28 дахь тал),

 

- Шүүгдэгч Ц.Пын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II хавтасны  95-98 дахь тал),

 

Шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Л.Жавзмаа:

- Улаангом сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай “Нэр бүхий 4 иргэнд эзэмшүүлсэн газрын талаарх мэдээлэл”-ийг Увс аймгийн ИТХ-ын даргад хүргүүлсэн албан тоот  (хавтаст хэргийн I хавтасны 6 дахь тал),

- Гэрч Б.Агийн мэдүүлэг авсан (хавтаст хэргийн I хавтасны 27-28, 30 дахь тал),

- Гэрч Ц.Чийн мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 32-33, 35 дахь тал),

- Гэрч П.Уын мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны  51-52 дахь тал),

- Гэрч Н.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны  78 дахь тал),

- Иргэн Д.Бөд Газар эзэмшүүлсэн 0000013692 дугаартай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн I хавтасны 104 дэх тал),

- Иргэн Б.Тт Газар эзэмшүүлсэн 0000011667 дугаартай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн I хавтасны 114 дэх тал),

 

Шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Т.Уянга:

- Гэрч Н.Г мэдүүлэг (хавтаст хэргийн II хавтасны  106 дахь тал),

- Шүүгдэгч Ц.Пын ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн II хавтасны  150 дахь тал),

- Шүүгдэгч Ц.Пын ам бүл болон оршин суугаа хаягийн талаарх Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 921 дугаартай тодорхойлол (хавтаст хэргийн II хавтасны  152 дахь тал),

- Шүүгдэгч Ц.Пын Хөдөлмөр эрхлэлт, сургалт сурталчилгааны албаны “Хүндэт одон”-ын батламж (хавтаст хэргийн II хавтасны  156 дахь тал),

 

Шүүгдэгч Д.Жгийн өмгөөлөгч Д.Д:

- Увс аймгийн ГХБХБГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/51 дугаартай “Д.Жг Газрын удирдлагын хэлтсийн даргаар томилох тухай” тушаал (хавтаст хэргийн II хавтасны 19 дэх тал),

- Шүүгдэгч Д.Жгийн албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн II хавтасны  20-24 дэх тал)-уудыг тус тус шинжлэн судалжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, /энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан байдаг. Танай байгууллагаас шалгах ажиллагаа явуулаад хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа бол дээрх албан тушаалтан нь хууль бусаар бусдад газар эзэмшүүлсэн гэж харагдаж байна. Би хэргийн материалтай танилцаагүй учраас нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ аймаг, нийслэл, сум, дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах ёстой. Аймаг, сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох ёстой. Төлөвлөгөөнд тусгаагүй газрыг олгох боломжгүй. Аймгийн хэмжээнд сум болон аймгийн ИТХ-аас батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавих эрх бүхий байгууллага нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар юм. Тухайн газарт газрын асуудалтай холбоотой Газрын удирдлагын хэлтэс, байгууллагын хууль эрх зүйн мэргэжилтэн, газрын дарга, сум хариуцсан даамал нар байдаг. Би нэг зүйл хэлмээр байна. Аливаа захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу хяналтын дагалдах хуудас таглуулсан байх ёстой. Улаангом сумаас газар эзэмшихээр аж ахуй нэгж, иргэдээс ирүүлсэн хүсэлт дээр хяналтын дагалдах хуудас ирдэг. Уг дагалдах хуудас дээр газрын даамал болон газрын удирдлагын хэлтсийн дарга нар нь гарын үсэг зурсан байдаг. Манай тамгын газраас байгаль орчны байцаагч, орлогч дарга нар гарын үсэг зурдаг юм. Тэгэхээр уг захирамжийг төлөвлөгөөнд орсон эсэхийг мэдэх боломжтой газар нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар юм. Улаангом сумаас газар эзэмшихээр хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн захирамжийн төслийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт газрын даамал хийдэг албан тушаалтнууд боловсруулан ирүүлдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 20-21 дэх тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би иргэний танхимд хуралтай сургалттай байж байгаад гараад ирэхэд Д.Ж нь Засаг дарга Ц.Птай шатан дээр захирамж гаргуулмаар байна гээд ярилцаад зогсож байсан. Ярилцаж байсан зүйл нь онцгойд ажилладаг хүмүүст газар эзэмшүүлэх тухай захирамжийн тухай байсан. Д.Ж нь захирамжийн төсөл дээр Засаг даргаар гарын үсэг зуруулж ирж өгөөд, яаралтай хэвлүүлнэ гээд захирамжаа файлээр явуулж хэвлүүлж байсан. Би  Төрийн банк орохоор явахад Отгон эгч намайг П.Жгаас захирамжийн хавсралтыг аваад ирээрэй гэхээр нь би очиход Ж байгаагүй учраас Ариунзаяагаас Жгийн дугаарыг аваад залгахад утсаа аваагүй. Дараа нь Отгон эгч нэхэхэд 4 иргэний нэртэй хавсралт хэсгийг ERP цахим системээр явуулаад, сүүлд устгасан байсан. Захирамжийн төсөлд дагалдах хуудас ирээгүй” гэх мэдүүлэг,

 

2. Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 08 дугаар сард П.У гэх хүн хажуудаа нэг танихгүй хүнтэй ирсэн. Тэр хэлэхдээ дээрх газрыг эзэмшихээр хүсэлтэй өгсөн байгаа тухайн газарт газар эзэмших захирамж гаргуулмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэдний өргөдөлтэй танилцаад та нарын эзэмших гэж байгаа газар нь төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Газар эзэмшүүлэх боломжгүй гэдгийг өөрт нь хэлээд гаргасан. Тэр хүмүүс Улаангом сумын Засаг даргатай уулзана гээд гараад явсан. Тэгэхээр нь би Улаангом сумын Засаг даргын туслах, хуулийн мэргэжилтэн Оюунбилэгт  “Сая надтай Улаангом сумын 9-р баг өвсний фондын хашааны хажууд газар эзэмшин гэж хүмүүс уулзаад явлаа, одоо сумын Засаг даргатай уулзан гэнэ. Энэ хүмүүсийн хүсээд байгаа газар энэ оны төлөвлөгөөнд тусгагдаагүй шүү, Засаг даргад хэлээрэй, чи бас ойлгуулж хэлээрэй” гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж ирээгүй. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажил явдал гараад ажлаас 10 хоногийн чөлөө аваад явж байгаад ирэхэд дээрх захирамжийг Ц.П дарга гаргасан байсан. Ц.П дарга надаас дээрх газрыг эзэмшүүлэх боломжтой эсэх талаар асууж байсан удаа байхгүй. Ц.П даргаас гаргасан захирамжийн дагуу хоёр иргэн дээр нэгж талбарын дугаар бүхий хувийн хэрэг үүсэж, мэдээллийн санд мэдээллийг оруулсан. Тухайн захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ гарсан нэг иргэн нь би уг эзэмшихээр авсан газартай хашаа байшин барьсан гээд хэлж байсан. Уг захирамжийг би Улаангом сумын Засаг даргад төлөвлөж өгөөгүй. Миний компьютер дээр захирамжуудын төсөл байдаг. Түүн  дээр өөрчлөлт хийгээд гаргасан байх боложмтой.  Би ажил явдал гараад чөлөөтэй байж байгаад ажилд ирсний дараа уг захирамж над дээр ирсэн, ж байсан. Уг захирамжийн 3 дахь хэсэгт эзэмшилд олгогдсон газрыг газар дээр нь хэмжилт хийж, хил заагийг тэмдэгжүүлж хүлээлгэн өгөх, кадастрын зураглал үйлдэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэж ажиллахыг надад үүрэг болгосон байсан. Тэр заалтын дагуу газар эзэмших захирамж дээр нэр заагдсан иргэд намайг ажпаа хий гэж шаардаад байж 2 иргэн газар эзэмших гэрчилгээг авсан. Захирамж бүр дээр хяналтын хуудас дагалдаж гардаг. Би энэ захирамжийн хяналтын хуудсыг хайгаад олоогүй. Тэгэхээр энэ захирамж хяналтын хуудасгүй гарсан байх гэж бодож байна. Мөн Д.Ж даргад төлөвлөгөөнд тусаагүй газраас авна гэсэн хүмүүс ирээд яваад байна. Тэр хүмүүс Ц.П даргатай уулзсан гээд ирээд байх юм гэж хэлэхэд Д.Ж дарга өргөдлийг нь хараад 2022 оны төлөвлөгөөний саналд оруулах боломжтой эсэхийн судлаарай гэж хэлж байсан. Би төлөвлөгөөнд тусаагүй газрын захирамжийн төслийг сумын засаг даргад авч очиж байгаагүй. Тийм зөрчилтэй захирамжийн төслийг гаргах шаардлага байхгүй. Учир нь манай байгууллага аймаг болон сумын хэмжээнд батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага юм. Би 2021 оны А/284 дугаартай захирамжийн төслийн бэлтгэн хэн нэгэнд өгсөн, бэлдэж үлдээсэн удаа байхгүй. Намайг чөлөөтэй байх хугацаанд манай хэлтсийн дарга Д.Ж надтай уг захирамжийн төслийг боловсруулах бэлдэх талаар ярьсан уулзсан удаа байхгүй” гэх мэдүүлэг,

 

3. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажилладаг Д.Ж гэх залуу ирж сумын Засаг Ц.Пд захирамжийн төслийг танилцуулж, надаар гаргуулан авч, даргаар гарын үсэг зурж баталгаажуулан авч явж байсан. Тухайн үед уг захирамжийн төслийг Д.Ж авч ирж байсан ба хяналтын хуудас ирээгүй. Тухайн үед би Ариунзаяа яасан юм бол?” гэж асуухад Ж “Ажил явдал гараад чөлөө авсан” гэж хэлж байсан. Д.Ж над руу захирамжийг ERP төрийн байгууллагын дотоод сүлжээгээр явуулж байсан. Тэр захирамж явуулахдаа захирамжийн хавсралтыг явуулаагүй. Хавсралтыг файлаар явуулна гэж хэлээд явуулахгүй сар гаруй хугацаанд нэхэж байгаад авч байсан. Д.Жгаас уг хавсралтыг авахаар түүний гар утас руу  хэд хэдэн удаар залгаж байсан. Мөн ERР төрийн байгууллагын дотоод сүлжээгээр мессеж бичиж нэхэж байсан удаатай. Д.Жтай ярихаар “би одоо газрын даамал Б.Ад хэлнэ” гэж хэлдэг. Тэгэхээр нь 3чи авч ирж гаргуулсан биз дээ0 би чамаас авна” гэхээр “би Ариунзаяагийн ажил хийсэн, чи түүнээс ав” гэдэг. Тэгэхээр нь Б.Агаас нэхэхээр “чи Жгаас ав, Ж гаргуулсан” гэж хэлдэг байсан. Тэр үед манай Улаангом сумын Засаг дарга солигдож шинээр дарга ирсэн байсан. Мөн архивын шалгалт ирэх гээд бичиг баримтаа бүрдүүлэх гээд Б.А, Д.Ж

нараас захирамжийн хавсралтыг олон удаа нэхсэн. Тэд өгөхгүй болохоор 2021 оны 11 дүгээр сард аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиж Д.Жгийн өрөөнд орж захирамжийн хавсралтыг нэхэхэд тэр “Б.Агаас ав, би түүнд хэлнэ, баримтууд нь түүнд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Атай орж уулзахад тэр “ямар учиртай захирамж юм бэ, би тухайн үед чөлөөтэй байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай байгууллагын даргад орж хэлнэ гэхэд “би үдээс хойш гэхэд захирамжийн хавсралтыг явуулъя” гэж Б.А хэлсэн. Тэгэхээр нь тэдний даргатай уулзахгүй гараад явсан ба түүний дараа дотоод сүлжээгээр хавсралтыг Б.А явуулж байсан. Дотоод сүлжээг ашиглан Д.Ж руу захирамжийн хавсралтын нэхэхэд хэд хэдэн чат бичиж байсан. Дотоод сүлжээгээр Д.Жтай уг захирамжийн хавсралтын талаар харьцаж байсан. Түүнээс өмнө болон сүүлд Д.Жтай дахиж сүлжээгээр харилцаа үүсгээгүй. Д.Жтай хэзээ, юу гэж харьцаж байсныг харах гэхэд Д.Ж надтай харьцсан бүх чатуудыг устгасан байна. Чатыг хэзээ устгасныг мэдэхгүй байна. Миний хувьд чатыг устгасан удаа байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө Увс аймгийн Онцгой байдлын газрын ажилтан гэх дүрэмт хувцастай нэг хүн ирж сумын Засаг дарга Ц.Птай уулзаж байсан. Тэр хүн явсны дараа Ц.П дарга “Онцгой байдлын газраас газар хүссэн бичиг өгсөн үү” гэхээр нь би даргад хандан “Газартай холбоотой бичгийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгөх ёстой. Надад албан ёсоор таны хэлсэн утга бүхий бичгийг өгч, бүртгэлжүүлсэн удаа байхгүй” гэдгийг хэлж байсан. Манай тамгын газарт уг байгууллагаас дээрх утга бүхий бичгийг ирүүлээгүй.  Д.Ж нь над дээр нэг удаа ирж захирамжийн төслийг эцсийн байдлаар бланк дээр гаргуулж авч байсан. Түүнээс өмнө хэдэн удаа ирж байсныг мэдэхгүй. Захирмжийн төслийг Засаг даргад танилцуулж, гарын үсэг зуруулсан үед над дээр авч ирж, албан ёсны бланк дээр хэвлүүлж авдаг юм” гэх мэдүүлэг,  

 

4. Гэрч Ж.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Увс аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдаанаар газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх үед аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч нараас Онцгой байдлын хамгаалалтын бүсэд иргэдэд газар олгосон талаарх асуудлыг хөндсөн. Энэ асуудлын талаар хурал дээр яригдсан тул шалгуулахаар гомдлыг гаргасан. Тухайн үед уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар Улаангом сумын Засаг даргын тамгын газраас хариуг ирүүлж байсан юм. Уг газрыг Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Пын захирамжаар олгогдсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 25 дахь тал),

 

5. Гэрч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Улаангом сумын 9-р багийн нутаг өвсний фондын хашаатай зэргэлдээ шинэ хашаа баригдаж байсан. Уг хашааг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид барьж байсан. Тэгэхээр нь энд газар авч болох юм байна гэж ойлгоод эхнэр Б.Тийн нэрээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл өгч байсан. Уг өргөдлийг эхнэрийн хамт тус байгууллагын гадна ирээд миний бие оруулж өгч байсан. Надаас өргөдлийг нэг эмэгтэй хүн авч байсан. Тэр хүн уг байгууллагын бичиг хэргийн ажилтан юм шиг байна лээ. Тухайн иргэн уг өргөдлийг авахдаа надаас ямар нэгэн зүйл тодруулж асуухгүйгээр өргөдөл хүлээн авсан. Түүний дараа 2021 оны 10 дугаар сарын эхээр миний эхнэр Б.Тийн нэр дээр авахаар хүссэн газрыг эзэмшүүлэх сумын Засаг даргын захирамж гарсан талаар Улаангом сумаас нэг эмэгтэй хүн эхнэрийн дугаарт залгаж хэлж байсан. Тухайн үед би түүний утас аваад ярьж байсан. Газар эзэмшүүлсэн захирамж гарсан байгаа тул уг газарт хашаа барихаар болж газар эзэмших гэрчилгээг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авч байсан. Тухайн үед газрын даамал гэх нэг эмэгтэй энэ газар зурагт ороогүй байгаа гэх утгатай зүйл хэлээд ирэх жилээс орох байх гэсэн. Тэгэхээр нь хурдан гэрчилгээ гаргаж өгөө, сумын Засаг даргын захирамж гарсан байна гэж хэлээд гэрчилгээг гаргуулан авч байсан. Тэр газарт аймгийн Онцгой байдлын алба хаагчид хашаа барьсан байхаар тэр газарт газар авч болох юм байна гэж бодоод өргөдлийг гаргаж байсан. Би тухайн газрыг авах талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын эрх бүхий алба хаагч нартай болон Улаангом сумын Засаг дарга Ц.Птай уулзаж газар олгох талаар санал болгосон, гуйсан, шаардсан, мөнгө, эд зүйл өгсөн удаа байхгүй. Мөн тэдэнд ээс хахууль өгөхийг санал болгосон, авсан удаа байхгүй. Миний эхнэр Б.Тийн нэр дээр эзэмшүүлсэн газар нь Улаангом сумын ИТХ-аас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг би мэдэхгүй байна. Тэгэхдээ гэрчилгээ авах гэж очиж байхад зурагт ороогүй гэх утгатай зүйлийг газрын даамал нь хэлж байсан. Тэгэхээр нь Засаг даргын захирамж гарсан байгаа тул гэрчилгээг авна гэж хэлсэн.  Би эхнэр Тийн нэр дээр газар авахаар өргөдөл өгч хөөцөлдсөн нь үнэн. Тэр өргөдлийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгсний дараа нэг л удаа Д.Жтай уулзаж өргөдлийн дагуу газар өгөх үү гэж асуухад тэр Улаангом сум руу явуулаагүй байна. Манай газрын даамал өвчтэй, гачигдалтай байгаа гэж хэлсэн. Би Д.Жг Газрын удирдлагын хэлтсийн дарга албан тушаалтай тул түүнтэй орж уулзаж байсан. Харин Ц.Птай уг газрын талаар огт уулзаж байгаагүй. Тэр хүн миний царайг хараагүй, намайг танихгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 23, 47-48 дахь тал),

 

6. Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2021 оны хавар 04-05 дугаар сарын үед Онцгой байдлын газрын дарга Б.Бтай хамт явж байхдаа “Улсын нөөцийн газрын баруун талд 2-3 айл байх боломжтой газар байна. Тэр газрыг манай байгууллагын 2-3 алба хаагч авч болох уу?, Та ажилчдын нийгмийн асуудлыг шийдээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхэд дарга Б.Б “Та нар хувийн журмаар өргөдлөө бичээд Улаангом сум болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгөөрэй. Би боломж гарвал дэмжиж өгнө” гэж хэлсэн. Тэгээд өөрсдөө газар авахаар хөөцөлдөн гээд манай байгууллагын Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн П.У, нярав Ц.Ч бид гурав тухайн газрыг очиж үзээд, улсын нөөцийн хашааны баруун талд газар авна гэж ярьсан. Уг газрыг авах талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын албанд өргөдөл өгч байсан. Өргөдлийг бичиг хэрэг дээр нь өгөөд газрын даамал гэх нэг эмэгтэй ажилтантай уулзахад бидний авах гэсэн газрыг төлөвлөгөөнд тусгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид өргөдлөө өгсөн байгаа гэж хэлсэн. Уг өргөдлийг П.У бид хоёр авч ирж өгч байсан. Өргөдөл өгсний дараа П.У, Ч бид гурав авна гэсэн газраа банзаар хашаа барьсан. Уг хашааг барихдаа дундуур нь хуваахгүйгээр захирамж шийдвэр гарахаар нь дундуур нь зааглан гээд нэг том хашаа барьсан.  Би ертөнцийн зүгээр баруун хойд захын хашааг авахаар болсон ба 2021 оны 8 дугаар сард амарч байхдаа уг газарт граж болон байшингийн ханыг тоосго, блокоор барьсан байгаа. Надтай хамт хашаа хашсан П.У, Ц.Ч нар ямар нэгэн барилга бариагүй. Би хашаа барьж, байшингийн хана босгож, монгол гэр барих болсон шалтгаан нь өөрийн гэсэн хашаагүй, айлын хашаанд байсан тул гэрээ барьж буусан байгаа юм. Тухайн газрыг бидэнд эзэмшүүлсэн захирамж гарсны дараа газар эзэмших гэрчилгээ авч, хаягийн байршлыг өөрийн барьсан хашаа дээр болгож 432 тоот хаяг авсан байгаа. Уг газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.П болон манай Онцгой байдлын газрын дарга Б.Б нар нь уг газрыг эзэмшүүлэн гэж амлан надаас мөнгө, эд зүйл авсан, өгөхийг шаардсан, санал болгосон удаа байхгүй. Газрын асуудлаар Ц.Птай уулзаж байсан удаа байхгүй.  Бид уг газрыг төлөвлөгөөнд тусгуулж авах ёстой гэдгийг мэдэхгүй байсан тул уг газарт захирамж, гэрчилгээ гарахын өмнө хашаа барьсан. Надад эзэмшүүлсэн уг газар нь Улаангом сумын ИТХ-аас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэсэн. Уг газрыг бидэнд эзэмшүүлсэн захирамжийг Ц.П дарга ажлаасаа гарахын өмнө гаргасан юм шиг байна лээ. Миний зүгээс Ц.П даргыг уг газарт захирамж гаргаад өг гэж гуйсан, шаардсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 39-40, 42 дахь тал),

7. Гэрч П.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны намар манай Онцгой байдлын газрын даргын даргын жолооч Д.Бийн хамтаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Улаангом сумын 9-р багийн нутаг Улсын нөөцийн хашаатай зэргэлдээ газраас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1 айлын хашааны газар эзэмшихээр өргөдөл өгч байсан. Уг өргөдлийн дагуу Улаангом сумын Засаг даргын захирамж гарч бидэнд газар эзэмшүүлсэн байлаа. Уг газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.П болон манай газрын дарга Б.Б нар нь уг газрыг эзэмшүүлэн гэж амлан надаас мөнгө, эд зүйл авсан, өгөхийг шаардсан, санал болгосон удаа байхгүй. Газрын асуудлаар Ц.П даргатай 2021 оны 09-10 дугаар сард байх /сар, өдрийн санахгүй байна/ нэг удаа уулзаж байсан. Тэр уулзалтаар нийгмийн асуудлын хүрээнд төрийн алба хаагчид газар олгож өгөөч, бид нар 0.7 га газрыг огт авч үзээгүй хүмүүс байна гэдгээ хэлж байсан удаатай. Тэгэхэд Ц.П дарга “Зохих түвшинд судалж үзнэ, танай байгууллагаас зөвшөөрч байгаа юу” гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь “Газрын даргад манай нэг ажилтан танилцуулж хэлсэн байгаа. Дарга журмаар нь хөөцөлдөөд яв” гэж хэлсэн гэснийг хэлсэн. Газрын дарга амаар зөвшөөрөл өгсөн гэдгээ хэлсэн. Ц.П дарга энэ талаар судалж үзнэ гээд үлдсэн. Уг газар нь Улаангом сумын ИТХ-аас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн зүйлийг Ц.П хэлж байсан. Тэгэхээр нь би төлөвлөгөөнд тусгачих юм бол биднээс өөр хүмүүс өрсөөд авчих байх, дараа нь төлөвлөгөөнд тусгуулмаар байна гэсэн зүйлийг санал болгон хэлж байсан удаатай. Гэхдээ миний зүгээс Ц.П даргыг уг газарт захирамж гаргаад өг гэж гуйсан, шаардсан удаа байхгүй. Уг газарт хашаа барихын өмнө манай газрын дарга хурандаа Б.Бтай Д.Бийн хамтаар утсаар ярихад амаар зөвшөөрөл өгч байсан. Тэгэхэд Б.Б “та нар уг газрыг авах талаараа зохих байгууллагад нь хандаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөөцийн хашаатай зэргэлдээ хашаа барих гэж байгаа талаараа даргад хэлсэн тул тэр байдлаа өргөдөл дээрээ тусгаад бичсэн юм. Түүнээс биш ямар нэгэн байдлаар бичгээр хүсэлт өгч зөвшөөрөл авч байсан удаа байхгүй. Тэгээд ч уг газрыг бидэнд өгөх нь манай дарга Б.Баттулгын эрх мэдлийн асуудал биш юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны  51-52 дахь тал),

 

8. Гэрч Ц.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би П.Ут газар эзэмших утга бүхий хүсэлтийг бичиж өгсөн ба П.У, Д.Б нар газрын даамал Ариунзаяатай уулзахаар явсан. 2021 оны 10 дугаар сард Улаангом сумын Засаг даргын захирамж гарсан гэж надад Д.Б хэлсэн. Тэр хэлэхдээ “би гэрчилгээгээ авахаар хөөцөлдөж байна. Бид гуравтай хамт уг газарт газар эзэмшихээр Т гэж хүн нэмэгдсэн байна” гэж хэлсэн. Би газар эзэмших захирамж гарсны дараа гэрчилгээ авч чадаагүй ба 2022 оны 3 дугаар сарын эхээр Улаангом сумын 9-р баг хариуцсан газрын даамал М.Баттөгс гэх ажилтантай уулзахад тэр энэ захирамжийн дагуу та нарын авсан газарт гэрчилгээ олгох боломжгүй гэх зүйлийг хэлээд энэ асуудал чинь шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад явсан ба түүнээс хойш уг газрын гэрчилгээ авахаар дахиж хөөцөлдөж яваагүй. Би өөрийнхөө авна гэсэн газарт 2021 оны 07-08 дугаар сард банзаар хашаа барьсан байгаа. Хэрэв уг газрыг бидэнд эзэмшүүлсэн захирамж гарахгүй бол хашаагаа цуцаж /буулгаж/ авна. Тухайн газар нь Улаангом сумын 9-р багт байх улсын нөөцийн хашаатай зэргэлдээ ертөнцийн зүгээр баруун талд байршилтай газар юм. Тус газрыг эзэмшүүлэх захирамж гаргасан Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Птай огт уулзаж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 32-33, 35 дахь тал),

9. Шүүгдэгч Ц.Пын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Онцгой байдлын газрын 3 ажилтан газар авахаар хөөцөлдөөд явж байгааг мэдэж байсан.  Д.Ж энэ захирамжийн төслийн бэлдэж ирээд, энэ захирамжийг гаргамаар байна гэхээр “Энэ 4 хүний газар бусад хүний газартай давхцаж байгаа юу?” гэж асуухад “данхцаагүй” гэхээр нь би гарын үсэг зурсан. Урьд нь ажиллаж байсан Засаг дарга нар газар давхцуулж өгсөн асуудал их гарч байсан учраас давхцал байгаа эсэхийг нь лавласан.  Энэ газар төлөвлөгөөнд ороогүй гэдгийг мэдэж байсан. Онцгой байдлын газрын ажилтануудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд энэ газрын олгож болно гэж ойлгосон нь миний буруу болсон” гэх мэдүүлэг,  

 

- Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, түүний хавсралт (хавтаст хэргийн I хавтасны 159-160 дахь тал)-уудаар:

Увс аймгийн ГХБХБГ-т иргэн Д.Б 2021 оны 8 дугаар сарын 10-нд, иргэн, П.У, Ц.Ч нар  2021 оны 8 дугаар сарын 31-нд, иргэн Б.Т 2021 оны 10 дугаар сарын 08-нд тус тус Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Улсын нөөцийн хашааны зэргэлдээ гэр, хашааны зориулалттай газар эзэмших өргөдөл гаргасан,

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Д.Б, П.У, Ц.Ч, Б.Т нарт  тус бүрт нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Улсын нөөцийн хашааны зэргэлдээ гэр, хашааны зориулалттай 700м/кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтангэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Пын Увс аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/112 дугаартай “Ц.Пыг Улаангом сумын засаг даргаар томилох тухай” захирамж (хавтаст хэргийн II хавтасны 27 дахь тал)-аар томилогдон хашиж байсан Увс аймгийн Улаангом сумын засаг даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан Төрийн улс төрийн албаны удирдах албан тушаалтанд, шүүгдэгч Д.Жгийн Увс аймгийн ГХБХБГ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/24 дугаартай “Д.Жг Газрын удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” тушаал (хавтаст хэргийн II хавтасны 18 дахь тал)-аар томилогдон хашиж байсан Увс аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн  даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан Төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтанд  тус тус хамаарч байгаа тул шүүгдэгч нарыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж,

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “Энэ хуулийн 29.1-т заасан газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан байна.

Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай “Улаангом сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт өгөх, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хавсралт (хавтаст хэргийн I хавтасны 129, 130-148 дахь тал)-аар Улаангом суманд 2021 онд “Гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх”-ээр 173 нэгж талбар бүхий газрыг төвлөгөөнд тусгасан байна.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Д.Б, П.У, Ц.Ч, Б.Т нарт  тус бүрт нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Улсын нөөцийн хашааны зэргэлдээ гэр, хашааны зориулалттай 700 м/кв газрыг 15 жилийн хугацаагаар олгосон газар нь Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай “Улаангом сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт өгөх, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолоор 2021 онд “Гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх”-ээр төлөвлөсөн 173 нэгж талбар бүхий газарт хамаарахгүй байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах бүрэн эрхийн хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу суманд тухайн жилд иргэдэд эзэмшүүлэх газрын төлөвлөгөөг ИТХ батлаж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар нийтэд мэдээлэх, уг шийдвэр нь нийтэд нээлттэй байж, газар эзэмшихийг хүссэн иргэн бүр зохих журмын дагуу хүсэлт гаргах боломжийг тэгш олгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасанд нийцнэ.

 Гэтэл Улаангом сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, олон нийтэд мэдээлэгдээгүй газрыг нэр бүхий 4 иргэнд шууд эзэмшүүлсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгож, бусад иргэдийн газар эзэмших хүсэлт гаргах бололцоог зориуд хаасан явдал юм.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч Ц.П нь газар зохион байгуулалтын төвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж нэр бүхий 4 иргэнд эзэмшүүлэх захирамжийг гаргасан нь хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул түүний үйлдэл нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Д.Ж нь газар зохион байгуулалтын төвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж өөрийн албаны чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтонд заагдаагүй асуудал болох иргэнд газар эзэмшүүлэх захирамжийн төслийг бэлтгэн өгч, сумын засаг даргаар гарын үсэг зуруулсан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл болно.

Увс аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаа ашиглан энэхүү үйлдлийг хийсэн тул түүний үйлдэл нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Ц.П, Д.Ж нар нь энэ гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нэр бүхий 4 иргэнд газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа үйлдлээрээ нэгдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул тэднийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасантай шүүгдэгч Ц.П, Д.Ж нарын үйлдэл нийцэж байгаа тул тэднийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Ц.П, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ц.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Д.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчим зөрчигдөж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулснаас гадна төрийн өмчлөлийн 2800м/кв газрыг бусдын эзэмшилд шилжүүлсэн бодит хохирол учирсан байна.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/284 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Д.Б, П.У, Ц.Ч, Б.Т нарт  тус бүрт нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Улсын нөөцийн хашааны зэргэлдээ гэр, хашааны зориулалттай 700м/кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газрыг буцаан төрийн өмчлөлд авсан болох нь  Улаангом сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай албан тоот  (хавтаст хэргийн I хавтасны 6 дахь тал), гэрч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд  шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.П, Д.Ж нар нь бүлэглэн нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай болох нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.П нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн II хавтасны 150 дахь тал)-гаар, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 13-03 тоотод оршин суудаг  болох нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 921 дугаартай  тодорхойлолт (хавтаст хэргийн II хавтасны 152 дахь тал)-оор тус тус тогтоогдож байна. Мөн түүний хувийн байдлын талаар гэрч Н.Г мэдүүлэг (хавтаст хэргийн II хавтасны  106 дахь тал) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Д.Ж нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн II хавтасны 135 дахь тал)-гаар,  эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 20-19 тоотод оршин суудаг болох нь түүний биеийн байцаалтаар, Увс аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаал эрхэлдэг болох нь Увс аймгийн ГХБХБГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/51 дугаартай “Д.Жг Газрын удирдлагын хэлтсийн даргаар томилох тухай” тушаал (хавтаст хэргийн II хавтасны 19 дэх тал)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжээр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Д.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүргийг нь харгалзан үзээд шүүгдэгч Ц.Паас илүүгүй ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх эрх хасах ялыг  торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч У овогт Ц П, Б овогт Дгийн Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.П, Д.Ж нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жил хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                         

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ