| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0123/э |
| Дугаар | 2022/ШЦТ/137 |
| Огноо | 2022-08-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Жы Тд холбогдох 2235000000131 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 17-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн 14-04 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Х овогт Жы Т / РД:ОН81051771/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14-4 тоот хашаанд амьдарч байхдаа 2022 оны 05 дугаар сарын 13-нд түүнд итгэмжлэн хариуцуулсан тухайн хашаанд байсан эд зүйлээс Х.Нгийн эзэмшлийн барилгын нуруунд ашигладаг двухтавр төмрөөс 5 ширхэг, нийт 53 метр төмрийг завшиж 3.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Ж.Тг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь хохирогч Х.Нгийн Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14-4 тоот хашаанд манаачаар ажиллуулж өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд зүйлээс эзэмшлийн барилгын нуруунд ашигладаг двухтавр төмрөөс 5 ширхэг, нийт 53 метр төмрийг 2022 оны 05 дугаар сарын 13-нд Э.Хт 1.590.000 төгрөгөөр зарсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэргийн газарт авто машины мөр үссэн байдалтай байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
- Хохирогч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2022 оны 5 дугаар сарын 23-ны өглөө хүргэн ах Б “Найрамдлын хорооны хашаанд байсан барилгын нуруу төмөрнөөс 5 ширхэг төмөр байхгүй байна. зарсан уу?” гэж асуухаар нь бид хоёр төмөр зараагүй гээд эхнэр бид хоёр Найрамдлын хорооны хашаанд очиж барилгын нуруу төмөрөө тоолж үзэхэд 5 ширхэг 10-12 метр урттай төмөр дутсан юм. Эхнэр бид хоёр хамгийн сүүлд 2022 оны 04 сарын 11 -ний өдөр хашаанд ирж тоолж үзэхэд бүрэн байсан бөгөөд дахиж тоолж бүртгэж үзээгүй, манай хүргэн ах Б 2022 оны 05 сарын 13-ны өдөр хашаанд очиж нуруу төмрийг тоолж үзэхэд 18 ширхэг төмөр байсан. Улаанбаатар хотоос ирээд төмрийг тоолж үзэхэд 5 ширхэг хулгайлагдаж, 13 ширхэг төмөр үлдсэн байна гэж хэлсэн. Манай хашаанд 2 жилийн өмнө Т гэх залууг гэр бүлийн хамт буулгаж манаачаар ажилуулж эхэлсэн бөгөөд Тг анх хашаанд буулгасны дараа хашаан дотор тэдэн ширхэг төмөр байгаа төмрийг надаас өөр хэн нэгэн захиран зарцуулах эрх байхгүй шүү гэж хэлж байсан юм. Би Ж.Ттэй албан ёсны ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй. Бид тухайн үед амаар хоорондоо ярилцаад би хашаандаа манаачаар буулгаж, хашаанд байх эд зүйлээ хариуцуулж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дэх тал),
- Гэрч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2022 оны 5 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу явах өдрөө Улаангом сум 6-р багийн 14-4 тоотод байх хашаандаа очиж том машинаа замд гарахад бэлдэж байхдаа хашаан дотор байсан барилгын нуруу хийх зориулалттай 10-12 метрийн урттай төмрийг тоолж үзэхэд 18 ширхэг төмөр бүрэн байна гээд өөрийн гар утсан дээрээ зургийг дарж аваад явсан юм. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаангом суманд ирээд хашаанд хашаанд ирэхэд барилгын нуруу төмөр дутуу юм шиг харагдаад байхаар нь очиж тоолж үзэхэд 2022 оны 5 сарын 13-ны өдөр миний тоолсон 18 төмрөөс 5 ширхэг 10-12 метрийн урттай төмөр дутсан юм. Хашааны манаачаар буусан Т гэртээ байхгүй гэр нь цоожтой байсан тэгээд тухайн өдрүүдэд амралтын өдөр байсан тул Н, С нарт хэлж чадалгүй, өнөөдөр Н, С нарт хэлээд цагдаагийн байгууллагад хандаж, өргөдөл гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " Би хувьдаа крантай маяти маркийн автомашинтай хувиараа ажил хийдэг юм. Манай найз Х гэж залуу “танай аймагт зарах төмөр турба байна уу?” гэж асуугаад байдаг болохоор асуугаад байсан төмрийг нь асууж сураглаад үзье гээд төмөр сураглаж байтал Найрамдлын хорооны адгаар барилгын нуруу төмөртэй залуу төмөр зарна гэж сураг сонсоод төмөр зарна гээд байсан залуугийн гэрийг олж очоод “өөрт чинь барилгын нуруу хийдэг төмөр байна гэсэн зарах уу?” гэхэд зарахгүй гэхээр нь тухайн үедээ яваад өгсөн юм. Тэгээд би Улаанбаатар хот руу Х руу яриад “аймагт барилгын нуруу хийх зориулалттай төмөр байна” гэхэд Х намайг “чи очоод уулзаад үзээч хэдээр зарна гэж байна асуугаад өгөөч” гэхээр нь би дахиж очоод “барилгын нуруу хийх төмөрөө зарах уу?” гэхэд “чи тэгээд хэдэн метр төмөр авах гээд байгаа юм бэ?” гэхээр нь олон байх тусмаа сайн гэхэд Т “чи тэгвэл 40-50 метр төмрийг 1 метр төмрийг нь 30.000 төгрөгөөр худалдаж ав” гэхээр нь Хатнаа руу яриад “1 метрийг нь 30 мянган төгрөгөөр худалдаж ав гэж байна” гэхэд дансыг нь явуулчих гэхээр нь би Тгийн дансыг Х руу явуулаад Х 50 метр төмөрийн мөнгийг Тгийн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд би Тд “төмөрөө хэзээ ирж ачиж авах вэ?” гэхэд “чи орой 20 цаг өнгөрөөд хүрээд ир” гэхээр эхэлж 3 ширхэг төмөр ачиж найз Огийн хашаанд буулгаад дахиж ирж 2 ширхэг төмөр ачиж Огийн хашаанд буулгасан юм. Тэгээд би Хар Тэрмэс рүү явж 5-6 хоног ажил хийж байгаад ирсэн. Тухайн төмрийг хулгайн төмөр гэж огт мэдээгүй. Тгийн өөрийн төмөр юм байх гэж бодоод найз маань төмөр асуугаад байсан болохоор хэрэгтэй хүнд нь асуугаад өгье гэж бодоод Ттэй уулзаад төмрийг ачиж найзынхаа хашаанд буулгасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Э.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Б нь 2020 онд Отгонбаяр гэх хүнээс кран аваад Увс аймаг руу яваад өгсөн тэр үеэс хойш уулзаагүй. 2022 оны 5 дугаар сарын эхээр над руу фэйсбүүк чатаар царайгаа харьж яриад “Двухтавр төмөр зах зээлийн үнээс хямд нэг хүнд байна. Авах юм уу? Нэг метрийг нь 30.000 төгрөгөөр зарна гэж байна” гэж хэлэхээр нь би 53 метр Двухтавр темрийг нийт 1 590 000 төгрөгөөр авсан. Би цааш нь зарж борлуулаагүй, надад одоо уг төмөр нь байгаа. Төмрийг ашиглаагүй байгаа. Би уг төмерийг 1.590.000 төгрөгөөр худалдаж аваад Улаанбаатар хот руу 2.500.000 төгрөгөөр ачуулсан. Увс аймагт машин дээр ачуулахад кран 80.000 төгрөгөөр хөлслөн ачуулсан, Упаанбаатар хотод авч ирээд 250.000 төгрөгөөр кран хөлслөн буулгуулсан. Нийт 4.420.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
шүүгдэгч Ж.Тгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 5 дугаар сард ангийн уулзалтын урилга тараагаад явж байгаал орсон айл болгондоо архи уугаад байж нилээд халамцуу явж байгаад Батхүү гэх үлд таних хүнтэй уулзсан юм. Уулзаад хашааны эзэн Х.Н-гийн эзэмшлийн барилгын нуруунд ашигладаг двухтавр төмрөөс 5 ширхэг төмөр зараад 1.590.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Х.Нд 4.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгчид 5 ширхэг төмрийг нь өгсөн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Т нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ хохирогч Х.Нгийн Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14-4 тоот хашаанд манаачаар ажиллаж тухайн хашаанд байсан эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж байсан болох нь тогтоогдож байна.
“Итгэмжлэн хариуцсан этгээд” гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Т хохирогчтой амаар байгуулсан гэрээний дагуу уг хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байна.
Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.Т нь өөрийн хариуцаж байсан эд хөрөнгийг бусдад худалдаж, үнийг нь харилцах дансаараа шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шинжээчийн 2022 оны 5 сарын 25-ны өдрийн 190 дугаартай “2022 оны 5 дугаар сарын байдлаар Увс аймагт 1 /нэг/ метр урттай двухтавр хуучин төмрийн үнэ 60.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34 дэх тал)-ээр 53 м двухтавр төмөр 3.180.000 төгрөгийг үнэтэй болох нь тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг 3.180.000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өгсөн хохирогч Х.Нгийн харилцах дансанд 4.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, иргэний нэхэмжлэгч Э.Хын “53 м төмрийг хохирогч авахгүй гэсэн тул энэхүү төмрийг худалдан борлуулж хохирлоо нөхөх боломжтой юм. Миний зүгээс нэхэмжлэх зүй байхгүй” гэх тодорхойлолтуудыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ж.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Тгийн хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Ж.Оийн өгсөн: “Миний ах Ж.Т эхнэр, 10-13 насны 3 хүүхдийн хамт 6 ханатай монгол гэрт амьдардаг. Захн байдлын хувьд даруухан, хүнд тусархуу, хар бор амьдралыг сайн мэддэг. Урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй. Хааяа архи уудаг, тамхи татдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 315 дахь тал), Гэрч Д.Дын өгсөн: “Миний нөхөр Ж.Т даруухан, гэрээс гараад байдаггүй хүн юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ л ийм зүйл хийсэн байх.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал)-үүд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ж.Т урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал)-аар нотлогдож байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч Ж.Тд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасны дагуу 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Тд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, 5-д “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ж.Т нь нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Ж.Т нь барилгын нуруунд ашигладаг двухтавр төмрөөс 5 ширхэг, нийт 53 метр төмрийг 2022 оны 05 дугаар сарын 13-нд Э.Хт 1.590.000 төгрөгөөр зарж, 1.590.000 төгрөгийг өөрийн харилцах дансаар шилжүүлэн авч ашигласан болох нь тогтоогдож байгаа тул энэ гэмт хэргийг үйлдэж 1.590.000 төгрөгийн орлого олсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Тгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.590.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Жы Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Т нь нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.590.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Тгийн хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Тд өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ