Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00229

 

..... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШШ2019/00477 дугаар шийдвэртэй,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 201/МА2019/00019 дугаар магадлалтай,

..... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох,

Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу орох байсан орлого 100.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүү, Г.Баярмаа, М.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтуяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2018 оны 11 сард Мэргэжлийн хяналтын газраас Монголын алт Мак ХХК-ийн гомдлоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ..... ХХК-д хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12-04030337 тоот үйл ажиллагааг зогсоох тухай актыг гаргаж ..... ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоосон. ..... ХХК-ийн зүгээс уг актыг хууль бус гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №10 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон. ..... ХХК нь 10 сараас борлуулалт хийж эхэлсэн. 10 сард 54.000.000 төгрөг, 11 сард 118.000.000 төгрөгийн борлуулалтын орлого олсон. 12 дугаар сарын эхний 6 хоногт 22.000.000 төгрөгийн борлуулалтын орлого олсон байдаг. Бидний үйл ажиллагааг өвөл хүйтний улиралд буюу ашиг орлого олдог, эрэлт ихтэй үед зогсоосны улмаас борлуулалтын орлого 100.000.000 төгрөг олох байсан. Үүнийг алдсан. Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд хохирол барагдуулах талаар заасан байдаг. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасны дагуу ..... ХХК нь дээрх дурдсан мөнгөн төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус актын улмаас хохирол учирсан, үүссэн хохирол нь захиргааны байгууллагын ажилтны хууль бус шийдвэр үйл ажиллагаа эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байх нөхцөлд хохирлыг нэхэмжлэх эрх үүсдэг. Хохиролтой холбоотой маргааныг Захиргааны ерөнхий хуулинд зохицуулсан байх ба уг хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно, 102.2-т Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэсний дагуу ..... ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахдаа хохирлыг хамтад нэхэмжлээгүй. Иргэний журмаар нэхэмжилж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд хохирол барагдуулах тухай зохицуулсан байдаг ба 2002 онд батлагдсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-т зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан байна. Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байна. Иргэний хуульд гэм хор арилгуулах талаар заасан байдаг ба 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан байна. Зарчмын хувьд учирсан гэм хорыг хоёр өөр арга зарчмаар арилгаж болдог. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үйл ажиллагаанаасаа олох ёстой байсан 100.000.000 төгрөгийн борлуулалтын орлогыг нөхөн төлөх ёстой. Манай компани нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр борлуулалтаа хийж эхэлсэн. 2018 оны 10 сард 23 хоног ажиллан 4 902.88 тонн нүүрс олборлож, 54.508.476 төгрөгийн борлуулалт, 11 сард 27 хоног ажиллан 10.007.97 тонн нүүрс олборлон 118.691.694 төгрөгийн борлуулалт, мөн оны 12 сарын 07-ныг хүртэл буюу тус компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл 6 хоног ажиллан 2.015.33 тонн нүүрс олборлон 23.817.706 төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн. 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл 26 хоног ажил зогссон. 2018 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан 6 хоногт олборлосон нүүрс болон борлуулалтын орлогын дундажаар тооцон нэг өдөрт 335.89 тонн нүүрс олборлох байсан. Үүнийг нэг өдөрт ахуйн хэрэглээ буюу иргэнд 210.96 тонн нүүрс, байгууллагад 124.93 тонн нүүрсийг борлуулах байсан гэж үзвэл ажил зогссон 26 өдөрт нийт 8 733.10 тонн нүүрс олборлож, 103.210.059,33 төгрөгийн борлуулалт хийгдэх байсан. Үүнийг тэгшитгээд нийт 100.000.000 төгрөгийг орох байсан орлого гэж нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...2018 оны 12 дугаар сарын 07-нд ..... ХХК-д Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12/207 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байгаа. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ..... ХХК-д уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлөвлөгөө эрх зүйн баримт бичиг байхгүй байна гэсэн гомдлыг МАК ХХК-иас Мэргэжлийн хяналтын газарт албан бичгээр нотлох баримтын хамт ирүүлсэн байдаг. Энэ гомдлыг үндэслээд Мэргэжлийн хяналтын газар шалгалтаа хийсэн. Нийт 8 байцаагчийн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар 31 төрлийн зөрчил илэрсэн. Энэ зөрчлөөс нэн шаардлагатай Байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлийн зөрчлүүд илэрсэн. Энэ зөрчилд Байгаль орчны тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулиудын холбогдох заалтуудаар тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээний зөрчлүүд байсан учраас Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 120400337 тоот актаар үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Зогсоох болсон шалтгаан нь Байгаль орчин үнэлгээний тухай хуулинд тухайн төсөл хэрэгжихээс өмнө байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байх, геологи уул уурхайн чиглэлээр тухайн орд газрыг ашиглахад техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байх, тухайн 2018 оны уулын ажлын төлөвлөгөө батлагдсан байх гэх мэтчилэн эрх зүйн бичиг баримтууд нь эх хувиараа байхгүй, зарим нэг нь бүр байхгүй гэх мэтчилэн зөрчлүүд байсан учраас Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудыг үндэслээд үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Буцаад сэргээсэн асуудал яригдаж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд тухайн байгууллагын зөрчил арилсан тохиолдолд буцаагаад үйл ажиллагааг нь сэргээх ёстой. Адуунчулуун ХХК, ..... ХХК гэдэг хоёр компанийн хилийн зааг дээр Адуунчулуун нүүрс олборлоод, олборлосон нүүрсээ Станцад нийлүүлж байгаа. Станц зүүн бүс болон Дорнод аймгийг дулаанаар хангаж байгаа. ..... ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон шалтгаан нь Адуунчулуун ХХК-тай хамааралтай. Энэ хоёр компанийн нөөцний асуудлаас болоод тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө нь яаман дээрээ батлагдаагүй. Уулын ажлын төлөвлөгөө байхгүй бол уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүй хуулийн заалттай. Энэ хоёр компаний үйл ажиллагаа хоёулаа зогсоход Станцын нөөц тухайн үед 14 хоногийн нөөцтэй байсан. Тэрнээс багасаад 10 хоногийн нөөцтэй боллоо. Энэнээс доошоо орох юм бол Дорнод аймгийн ард иргэд дулаан болон тогоор хангах үйл ажиллагаа зогсоно гэж үзээд Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдаанаас шийдвэр гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний Аймгийн онцгой комиссын шийдвэр гарсан. Энэ аж ахуй нэгжүүдэд тодорхой үүрэг даалгавар өгөөд үйл ажиллагааг сэргээх чиглэлийг Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Аймгийн онцгой комиссоос үүрэг өгсөн учраас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Мэргэжлийн хяналтын газраас ..... ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг сэргээсэн байдаг... 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сэргээсэн актаа албан бичгээр хүргүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор албан шаардлагын хариуг албан бичгээр ирүүлээрэй гэсэн. Ийм чиглэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ..... ХХК нь зөрчлөө арилгаагүй, албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй байна. Манайх үйл ажиллагааг зогсоогоод акт тавьсан байхад ..... ХХК нь зөрчлөө арилгуулна гээд биелэлтийг нь гаргаж ирж байсан. Биелэлт нь хангалтгүй гээд ..... ХХК-д хариу өгч байсан. Тэгэхлээр энэ байгууллага манайх зөрчилтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд биелэлтээ бидэнд гаргаж өгч байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр манайхыг акт гаргахдаа процессийн алдаа гаргасан байна гэж үзсэн. Манай албан шаардлагыг зөрчил гаргасан нь үндэслэлтэй байна гээд хэвээр нь үлдээсэн. Манайх тус компанийн үйл ажиллагааг сэргээж байна гэдэг нь өмнө гаргасан акт хүчингүй болсон гэсэн үг. Гэтэл Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаа зогсоосон актыг хэзээ хойно, эдний компанийн үйл ажиллагаа сэргээсний дараа буюу 3 сард шийдвэр гаргасан нь өөрөө алдаатай, нэг зүйлийг хоёр талаас нь дүгнэсэн учир дутагдалтай шийдвэр гарсан. Гэвч бид гомдол гаргах хугацаа хэтрүүлээд гомдлоо гаргаж чадаагүй. Иймд манай байгууллагаас гаргасан ..... ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШШ2019/00477 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол буюу орох байсан орлого 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ..... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 201/МА2019/00019 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШШ2019/00477 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол буюу олох ёстой байсан орлого 100,0 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..... ХХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтын ... хэвээр үлдээсүгэй. гэснийг ... хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 658 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..... ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч И.Мөнхтуяа, Д.Цэрэндорж нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ........ ХХК-ийн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...тус компани нь 2018 оны 10 дугаар сарын 15-аас уурхайн үйл ажиллагаа эхлүүлээд тасралтгүй 2 сар хэвийн явж байсан, орлого нь тогтмолжсон, ажилчдаа цалинжуулж байсан. Энэ үед үйл ажиллагааг зогсоосноор орлого тасарсан учраас хохирол үүсэж эхэлсэн. Үйл ажиллагаа зогссон 1 сарын хугацаанд компанид хохирол учирсан гэж үзэж хуульд заасан үндэслэлээр хохирлоо буруутай этгээдээс нэхэмжилсэн”. Мөн хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгчид учирсан хохирол болох сая төгрөгийн талаар огт маргадаггүй гэсэн нь илт өрөөсгөл ойлголт юм. Мэргэжлийн хяналтын газрын хувьд шүүхэд удаа дараа тайлбар гаргаж 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхгүй байгаагаа тайлбар гаргаж маргасаар ирсэн. Иймд 100.000.000 төгрөгийн талаар эсэргүүцээгүй, маргадгүй гэсэн нь үндэслэлгүй. Газрын хэвлийн тухай хуулийн 31.1, Эрчим хүчний сайдын 2012 оны 074 дүгээр тушаалын 7.3, Ашигт малтмал газрын тосны газрын тушаалын 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 35.4, 37.1, 37.2, Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор баталсан журмын 5.11, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 тушаалын 1.3, эдгээр хууль тогтоомжид зааснаар “.....” ХХК нь үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхгүй болно. Иймд тус компанийн олж байгаа орлого нь хууль бус орлого гэж үзнэ. Зөрчлийн тухай хуульд хууль бусаар олсон орлогыг хураахаар заасан байдаг. Хяналт шалгалтаар монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн болохыг улсын байцаагчийн хүчин төгөлдөр албан шаардлагаар тогтоогдож байна. Иймд давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна. ..... ХХК нь хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж, хууль бусаар олсон орлого байгаа нь акт, албан шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримт, татварын хэлтсийн татвар, төлбөр, хураамжийн мэдээллээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

..... ХХК, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гэм хорын хохиролд 100.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...компанийн үйл ажиллагааг зогсоосон улсын байцаагчийн акт хууль зөрчснийг шүүх тогтоосон, уурхай 26 хоног ажиллагаагүйгээс олох байсан орлогоор хохирсон” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “...хяналт шалгалт хийхэд 33 төрлийн зөрчил илэрсэн, анхнаасаа үйл ажиллагаа явуулах үндэслэлгүй байсан тул олох байсан орлого шаардах эрхгүй” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх, “...бодит орлогоо нэхэмжлэгч нотлоогүй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийн баримтыг  хариуцагч үгүйсгэж, няцаагаагүй...” гэж нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын магадлалыг эс зөвшөөрсөн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр шатны шүүх хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч ..... ХХК-д гэм хор учирсан гэж үзэх, уг гэм хор, хариуцагчийн үйлдлийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон эсэхийг анхаараагүй, зөвхөн хохирлын нотлогдсон байдлын талаар  өөр өөр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон бол гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл үүснэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ..... ХХК нь MY-001364 дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 1998 оноос эхлэн эзэмшиж байгаа хэдий ч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийн хэрэгжилтийг хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Адуунчулуун ХК-д шилжүүлсэн, тус компани 20 жилийн туршид нүүрс олборлох үйл ажиллагааг дангаар явуулсан, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр хоёр компанийн хамтран ажиллах гэрээ дуусгавар болж, ..... ХХК 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрсдийн хүчээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын газар бусдын мэдээллээр ..... ХХК-ийн үйл ажиллагаанд  ээлжит бус хяналт шалгалтыг 2018 оны 11 сард явуулж, 33 төрлийн зөрчил илрүүлсэн бөгөөд зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлагыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгч, 12 дугаар сарын 05-ны өдөр үйл ажиллагааг түр зогсоосон, хожим нь шийдвэрээ өөрчилж, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үйл ажиллагааг сэргээжээ.

Үүний дараа ..... ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоосон Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12-04-003-37 тоот актыг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг нэхэмжлэгч ..... ХХК нь гэм хор гаргуулах үндэслэл болгосон байна.

Улсын байцаагчийн гаргасан хууль бус шийдвэрээс нэхэмжлэгчид гэм хор учирсан шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзэв.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар шийдвэрт “...мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2018.12.04-ний өдөр зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага ..... ХХК-д хүргүүлсэн атлаа дараа өдөр нь үйл ажиллагааг түр зогсоосон нь ...хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг нь хангуулах талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн дүгнэлт хийжээ. Хэдий ийм боловч тухайлбал, шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн актыг хүчингүй болгосноос үл хамаарч ..... ХХК-ийн хувьд байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, тухайн жилийн байгаль орчин, менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, геологи уул уурхайн чиглэлээр тухайн орд газрыг ашиглахад техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, газар болон ус ашиглах гэрээгүй, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгээгүй, уурхайн ажилчдын байрыг шийдвэрлээгүй, ажлын байранд ажилтанд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцох үнэлгээ хийгээгүй зэрэг зөрчилтэй байсан нь тогтоогдсон, улсын байцаагчийн актад дурдсан 33 төрлийн зөрчлийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Нэгэнт ..... ХХК-ийн үйл ажиллагаа нь зөрчилтэй, хууль тогтоомж зөрчсөн байх тул улсын байцаагчийн актын улмаас түр зогссон хугацаанд олох байсан орлогыг хууль ёсных буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгөд хохирол учирсан гэх, уг хохирол ба үйлдлийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газар гэм хор төлөх үүрэг үүсэхгүй тул тус газраас 100.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн ..... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 201/МА2019/00019 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШШ2019/00477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                                       Х.СОНИНБАЯР

                                                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                                                  Д.ЦОЛМОН