Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Болормаа,

            Улсын яллагч Ж.Энхжаргал,

            Шүүгдэгч Б.Ядамсүрэн, түүний өмгөөлөгч Н.Нямдэлгэр,

            Хохирогч О.Болоржаргал, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан,

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Баярмагнайн Ядамсүрэнд холбогдох 201624000029 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-нд хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 3-1 дүгээр байрны 35 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Баярмагнайгийн Ядамсүрэн (РД:ХГ71092611),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Ханамаса рестораны хажуу замд Тоёота Вингроуд маркийн 01-30 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Өлзийбатын Болоржаргалыг мөргөж биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд нийт 11.440.000 төгрөг төлсөн. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Б.Ядамсүрэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2015 оны 12 дугаар сарын 26-ны орой 18 цаг өнгөрч байхад би Т.Вингроуд маркийн 01-30 УНД дугаартай ажлынхаа машиныг жолоодон Ханамаса рестораны хажуугийн төв замаар явж байгаад баруун тийш эргээд туслах зам руугаа орох гэж байгаад замаар явж байсан нэг эмэгтэйг мөргөсөн. Би нэг их хурдтай яваагүй. Уг нь нэг хүнийг зогсож өнгөрөөгөөд хөдлөөд явсан юм. Би нөгөө хүнийг мөргөхөөсөө өмнө хараагүй. Хэрэв харсан бол шууд зогсох байсан. Юу гэж санаатай хүн мөргөх вэ? Тийм зүйл болсонд үнэхээр их харамсаж байгаа. Одоогоор 3 сая гаруй төгрөг гаргаж өгөөд байгаа гэжээ.

            Хохирогч А.Болоржаргалаас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:-2015 оны 12 дугаар сарын 26-ны орой Аз хүүхдийн дэлгүүрээс гарч яваад осолд орсон. Нэг мэдэхэд л миний дээгүүр машин гарч явсан. Би тэгээд шокийн байдалд орсон. Шинжээчийн дүгнэлт дээр надад учирсан гэмтлийг бичсэн байна лээ. Үүнтэй маргах зүйлгүй. Тэгээд би эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэсэн. Хохирлыг шүүгдэгч бүрэн барагдуулсан. Хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан. Би сарын 200.000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо сард 230.000 төгрөгийн тэтгэмж авдаг. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.Н.Шинэбаатараас:-Би осол хэрэг гарсан газарт очиход явган зорчигчийг түргэн ирээд аваад явсан байсан ба тухайн тээврийн хэрэгслийн буюу 01-30 УНД дугаартай авто машины техникийн байдлыг шалгаж үзээд ямар нэг ил харагдах гэмтэлгүй, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 10 дугаар сарын сүүлээр орж ирсэн харагдах байдал нь бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл байсан учраас журамлан саатуулаагүй юм. Тооромзны механизм болон гэрэлтүүлэг хэрэгсэл хэвийн ямар нэг зөрчилгүй тээврийн хэрэгсэл байсан ба энэ тухай шалгасан тэмдэглэл хийж материалд хавсаргасан байгаа гэжээ.

            2.Ж.Оюун-Эрдэнээс:-Би Б.Ядамсүрэнгийн эхнэр нь байгаа юм. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг өнгөрч байхад манай нөхөр Ядамсүрэн утсаар залгаад би нэг хүн мөргөчихлөө гээд залгасан. Тэгээд осол хэрэг гарсан тухай мэдээд гэмтэл дээр очиход осолд орсон эмэгтэй шууд хэвтсэн байсан. Бид чадлаараа л туслах гээд гүйгээд байгаа. Одоогоор нөгөө талд 2 сая гаран төгрөг гаргаж өгөөд байгаа. Ер нь эмнэлэгт болон гарсан байх үед нь байнга л эргэж тойрч байгаа. Хагалгаанд орсон болон бусад гарсан зардлуудыг чадлынхаа хэрээр тусалж байгаа. Би өөрөө эмч хүн учраас сайн ойлгож байгаа гэжээ.

Иргэний хариуцагч А.Адилбишээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би уг машиныг 2015 оны 8 дугаар сард 27.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Анх эхлээд авахдаа машины мөнгө хүрэхгүй байсан учраас Платинум капитал ББСБ-аас 10 сая төгрөг зээлж аваад худалдан авсан. Би Б.Ядамсүрэнг сүүлийн 3 жил жолоочоор авч ажиллуулж байсан ба осол гардаг өдөр машин угаалгана гээд л гараад явсан. Тэгээд хүн мөргөчихлөө гэж утсаар хэлсэн. Анх эхлээд авахдаа л гэрээ хийгээд авч байсан. Түүнээс хойш Нийгмийн даатгал төлж байгаагүй байхаа. Яагаад гэвэл би уг хүнтэй хувийн байдлаар гэрээ хийж авч байсан. Сард 500.000 төгрөгийн цалин авдаг юм. Би уг хүнийг ажлын байраар хангаад цалин өгөөд ажиллуулж байгаа учраас жолооч хариуцлагаа хүлээнэ гэж бодож байна. Би учирсан хохирлыг төлж барагдуулж чадахгүй. Машинд эвдрэл гэмтэл учраагүй гэжээ.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015.12.31-ний ¹Г-468 тоот актын дүгнэлтэд:

1.Ө.Болоржаргалын биед баруун зүүн суудал ясны дээд, доод салааны зөрөөтэй далд хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, аарцгийн цагираг тасрал, зүүн дал ясны далд зөрөөтэй хугарал, зүүн 4,5-р хавирга, баруун 7, 8-р хавирганы зөрөөгүй хугарал, 2 талын гялтангийн хөндийд цус хуралт, бэлэг эрхтэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.15-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2016.3.07-ны ¹132 тоот дүгнэлтэд:

1.Т.Вингроуд   маркийн   01-30   УНД   дугаартай   авто   машины жолооч Ядамсүрэн нь Монгол Улсын ЗХД-н 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Өлзийбатын Болоржаргал нь Монгол Улсын ЗХД-н ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.8.19-ний ¹1072 тоот дүгнэлт:

1.Ө.Болоржаргалын биед 2015.12.26-ны өдөр баруун зүүн дал ясны дээд, доод салааны зөрөөтэй далд хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, аарцгийн цагираг тасрал, зүүн дал ясны далд зөрөөтэй хугарал, 4,5-р хавирга, баруун 7,8-р хавирганы зөрөөгүй хугарал, 2 талын гялтангийн хөндийд цус хуралт, бэлэг эрхтэнд цус хуралт гэмтэл үүссэн байх бөгөөд дээрхи гэмтлүүд нь хүнд зэрэгт хамаарна. Дээрхи  гэмтлээс үүсэлтэй бүсэлхийн нугалмайнуудын мурийлт үүссэн байна.

2.Дээрхи бүсэлхийн мурийлт нь 2015.12.26-.ны зам тээврийн гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Б.Ядамсүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ханамаса рестораны хажуугийн замд Тоёота Вингроуд маркийн 01-30 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасныг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйн улмаас явган зорчигч Ө.Болоржаргалыг мөргөснөөс хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Болоржаргалын “2015 оны 12 дугаар сарын 26-ны орой Аз хүүхдийн дэлгүүрээс гарч яваад осолд орсон. Нэг мэдэхэд л миний дээгүүр машин гарч явсан. Би тэгээд шокийн байдалд орсон. Шинжээчийн дүгнэлт дээр надад учирсан гэмтлийг бичсэн байна лээ. Үүнтэй маргах зүйлгүй” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2015.12.31-ний ¹Г-468, 2016.8.19-ний ¹1072 тоот актууд, техникийн шинжээчийн 2016.3.07-ны ¹132 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн өвчний түүх, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Олхонууд овогт Баярмагнайгийн Ядамсүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Олхонууд овогт Баярмагнайгийн Ядамсүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Б.Ядамсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ядамсүрэнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Болоржаргалд 11.440.000 (арван нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга) төгрөг төлсний дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Б.Ядамсүрэнгийн жолоочийн ¹13370 дугаартай үнэмлэхийг зохих журмын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ядамсүрэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийн Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

8.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ядамсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ