Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 720

 

185/2019/0476/Э

 

 

 

 

 

2019           7            18                                            2019/ДШМ/720                                    

 

Д.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч Д.А ын өмгөөлөгч Д.Доржсүрэн,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/491 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Д.А-т холбогдох эрүүгийн 1902001640082 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Д-ы А , ........ тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:............./;

 

Д.А  нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 14 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Д.А ын нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.А  урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “гялгар уутны хамт 14 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг” шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолон, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.А ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдолдоо: “...Д.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон мөчөөс мөрдөн шалгах ажиллагааны туршид болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулалгүй хамтран ажиллаж, хориотой бодисыг сайн дураар гаргаж өгч, дуудсан цагт ирж таслан сэргийлэх арга хэмжээ зөрчөөгүй.

Мөн өөрийн гэм бурууг танин мэдэх, нийгэмд учруулсан гэм хорыг арилгах үүднээс өөрийн санаачлагаар “Хар тамхи сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл түүний хор уршиг”-ийн талаарх мэргэжлийн сургалтад хамрагдаж, энэ төрлийн зөрчил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар зорилтот бүлгийн хүүхэд багачуудад сургалт хийн, хорт зуршилтай тэмцэх дэмжих бүлгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохоо илэрхийлсэн.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн эрүүгийн 1902001640082 дугаартай хэрэгт шүүгдэгч Д.А-т 1 жилийн хорих ял оногдуулсан. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байсан боловч Д.А  нь урьд 2016 оны 2 сарын 26-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгтээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 4-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан бөгөөд тэнсэн харгалзах хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэгт холбогдсон тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг биеэр эдлэхээр шийдвэрлэсэн ба урьд үйлдсэн гэмт хэрэгт ногдуулсан ялыг нэмж оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүхээс өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.А-т 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилээр тэнсэн харгалзсан. Д.А ын 2016 оны 2 сарын 26-нд үйлдсэн гэмт хэрэгт ногдуулсан ялын 1 жилийг тэнсэн харгалзах хугацаа 2019 оны 5 сарын 4-ний өдөр дуусах байсан боловч 2019 оны 3 сарын 10-ны өдөр буюу хугацаа дуусахад 1 сар 25 хоног дутуу байхад гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинэ гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь л оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эдлээгүй үлдсэн” гэж заасныг ялыг тэнссэн хугацаанд харгалзуулан эдлээгүй үлдсэн тэнсэн харгалзах хугацаа гэж ойлгоно.

Тодруулбал, оногдуулсан ялыг тэнссэн тэнсэнгийн хугацаа дуусахад ялаас чөлөөлөх нөхцөлтэй байгаа нь оногдуулсан ял тэнсэнгийн хугацаанд харгалзуулан хоног тоолж хоргодуулсан зохицуулалттай гэж үзнэ. 2 жилийн хорих ялыг 1 жилд дүйцүүлэн тэнссэн бөгөөд 1 жилийн дотор хянан харгалзуулан ялаас чөлөөлөх шинж чА тай байгаа тул 2 жилийн хорих ялын 2 сар нь 1 сарын тэнсэн харгалзах ялтай дүйцүүлэн тооцох боломжтой.

Өөрөөр хэлбэл, тэнсэн харгалзаад 10 сарын хугацаа өнгөрсөн тул 2 жилийн хорих ялын 20 сарыг дүйцүүлэн эдэлсэн гэж үзнэ. Иймд Д.А ын эдлээгүй үлдсэн ялыг 4 сарын хорих ялд дүйцүүлэн бодож нэмж нэгтгээд нийт 1 жил 4 сарын хорих ял оногдуулах үндэслэлтэй юм.

Хоёр. Хуульд заасан хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах боломжгүй байгаа нь ялыг хүндрүүлэх хууль бус нөхцөл байдлыг үүсгэсэнд гомдолтой байна.

Хэрэв хорихоос өөр төрлийн ялыг хэрэглэх боломжтой байсан бол удаан хугацаагаар хорих ял оногдуулахгүй байх бүрэн боломжтой байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан... бол нэг жилээс таван жил хүртэл зорчих эрх хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг... нийгэмшүүлэхэд оршино” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуульд зорчих эрх хязгаарлах ялын төрлийг шинээр оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялыг хэрэглэх боломжтойгоор хуульчилсан. Гэсэн хэдий ч төрөөс зорчих эрх хязгаарлах ялыг хэрэглэхгүй саатуулж байна. Энэ төрлийн ялыг хэрэглэх бололцоог хангаж өгөөгүйгээс хуулийг хэрэгжүүлээгүйгээс шууд хорих ял ногдуулахаас өөр сонголтгүй нөхцөл байдлыг тулгаж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийн эрх зүйн байдлыг хууль бусаар дордуулсаар байгаа билээ. Энэ нь ял оногдуулахад анхаарч үзэх онцгой нөхцөл байдлын нэг юм.

Шүүхээс дээрх онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, яллагдагчийг нийгэмшүүлэх зорилгын үүднээс шүүгдэгчийг олон жилээр хорьж шийтгэхгүй байх боломжтой юм.

Гурав. Д.А  нь энэ жил 22 настай төлөв даруу зантай, өсөж яваа залуу бөгөөд үйлдсэн хэрэгтэй чин сэтгэлээсээ гэмшиж, засран хүмүүжихээ баталсан. Үйлдсэн гэмт хэрэг нь танхай шунахайн сэдэлттэй онц ноцтой хүнд гэмт хэрэгт хамаарахгүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлгүй. Хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ донтолтыг “худалдаалах зорилгогүйгээр хадгалах байдал хамаарна” өвчлөл гэж үзэн урьдчилан сэргийлэх, хор уршгийг таниулах чиглэлд асуудлыг авч үзэхийг зөвлөдөг. Орос болон Европын орнуудад мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой хэрэгт аль болох нийгэмшүүлэх урьдчилан сэргийлэх засрал хүмүүжлийн арга хэмжээ авдаг.

Мөн Д.А  нь урьд тэнсэн харгалзах шийтгэл ногдуулсан хугацаа дуусаагүй байхад хэрэг үйлдсэн нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялыг тэнсэх боломжгүй болсон бөгөөд зорчих эрх хязгаарлах ялыг хэрэглэх техникийн боломжгүй гэх үндэслэлээр нэг үйлдэлд давхардуулан хариуцлагыг чангатгаж эрх зүйн байдлыг дордуулсан. Урьд эдлээгүй үлдсэн хорих ялыг бүхэлд нь нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг удаан хугацаагаар тогтоосон нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/491 дугаартай шийтгэл тогтоолоор оногдуулсан ялыг бууруулж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.А ын өмгөөлөгч Д.Доржсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.А ын хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруу, оногдуулсан ял дээр маргаагүй. Ялыг нэмж нэгтгэсэн тал дээр л маргаж гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримталж, буруу тайлбарлан буруутгаж байгаад гомдолтой байгаа. Тухайн зүйл, хэсэг, заалтуудыг ашиглах тал дээр 2018 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, мөн хуулийн 7.5 дугаар зүйл, заалтуудад өргөн хүрээний судалгаа явуулсан. 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр  2002 оны хуулиар шийтгэх тогтоол гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримталж байгаа нь өөрөө хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа асуудал. Нэмж нэгтгэхдээ тооцох хугацааг нь өмгөөлөгчийн гаргасан саналаар шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

 

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялын төрлийн хуульчилсан. Тэнсэх зохицуулалт өөрөө ялын төрөл биш. Шүүгдэгч Д.А  урьд 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгтээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан. Ялыг тэнсэж шийдвэрлэхтэй дүйцнэ гэх асуудал Эрүүгийн хуульд байхгүй.

Өмнө нь ялтан ялаа эдэлж байх үедээ шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн зарчмын дагуу хэрэглэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн тохиолдлоор хуульчилсан. Тэнссэн хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Зорчих эрхийг хязгаарлах ялтай хэдий ч тухайн ялын хэрэгжилт нь хойшилсон байгаа тул хорих ял оногдуулсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.А  нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 14 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.А ын “...2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянбүрдийн тойргийн дэргэд байрлах түүхий эд авах цэгийн хажуу талд байрлах контейнерийн булангийн доод талд нуусан байсан өвсийг нууцаар татчихаад 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үлдсэн байсан өвсийг уутанд хийгээд биедээ авч яваад цагдаа нарт баригдсан. Уг өвсийг би Тэмүүжин гэдэг нэртэй танилаасаа ойролцоогоор хоёр сарын өмнө “Дэнжийн 1000”-ын 39 дүгээр сургуулийн хашаан дотор байдаг саравчинд байхдаа оройн 21 цагийн үед уулзаж 80,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Төлбөрөө би бэлэн мөнгөөр хийсэн. ...Тэмүүжинтэй би фейсбүүкээр дамжуулан холбоо барьдаг байсан. ...Миний биед хийсэн үзлэгээр илэрсэн өвсийг би одоогоос 3 сарын өмнө Тэмүүжин гэдэг нэртэй хүнээс авч байсан. Уг Тэмүүжин гэх хүний гэр нь Дэнжийн 1000 орчимд байдаг талаар өөрөө ярьж байсан хэдий ч би гэрт нь нэг ч удаа очиж байгаагүй болохоор уг хүний гэрийг нь мэдэхгүй байна. Анх өвс авснаас хойш би уг хүнтэй дахиж уулзаагүй. Бид хоёр ямар нэгэн холбоо тогтоогоогүй. ...” гэх /хх 39-40/ мэдүүлэг,

 

“...Д.А ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглахад ...THC хэсгийн С түвшингд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь ...урьдчилсан байдлаар /THC/ буюу тетрагидроканнабинолын агууламжтай бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, уг үйл ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх 17/,

 

“...Д.А  нь өмсөж явсан цагаан өнгийн бичигтэй, шар болон хар өнгийн куртикний гадна талын зүүн халааснаас гялгар уутанд боосон өвс мэт зүйлийг гаргаж өгсөн бөгөөд уг өвс мэт зүйлийг стандарт бус жин дээр тавьж жинлэхэд 13,0097 грамм зааж байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 3/, уг үйл ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 4/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1729 дугаартай “...Шинжилгээнд “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг ирүүлсэн байсан ба гялгар уутны хамт 14 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1730 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Дэлгэрсайхан А ” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-31/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Д.А ын Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 14 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Д.А ын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүхээс Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээ болох 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чА , хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА , хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Шүүгдэгч Д.А ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын 2 сарыг 1 сарын тэнсэн харгалзах ялтай дүйцүүлэн тооцох атал буруу тооцож, бүгдийг нь нэмж нэгтгэсэн нь буруу...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Д.А  нь энэхүү хянагдаж буй Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийг үйлдэхээс өмнө 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагджээ.

 

Тус хянан харгалзах хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 14 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлджээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.  

 

Хянан харгалзах хугацааг тэнссэн хорих ялын хугацаанд дүйцүүлэн тооцох тухай ойлголт 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуульд ч байхгүй тул энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 491 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ