Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 23

 

 

О-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 265 дугаар шийдвэртэй, Цоохор овогт Бааварын О-гийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт сарын дундаж цалин 563.400 төгрөгөөр тооцож 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч,   шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О-гийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 онд Говь-Алтай аймгийн нийтийн номын санд номын санч, няравын ажилд ороод, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/06 тоот захиралын тушаалаар тасралтгүй 36 жил ажиллаад 55 насандаа тэтгэвэрээ тогтоолгож, ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүний дараа ажил олгогчийн зүгээс хүсэлт гаргасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 тоот захиралын тушаалаар Нийтийн номын сангийн ном зүйчийн албан тушаалд эгүүлэн томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл шинээр томилогдсон захирал 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 тоот захиралын тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Манай байгууллага бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулдаг. Манай байгууллагын захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э, одоо байгаа захирал О хоёрын маргаан шүүхээр шийдэгдэх үед би гэрчээр орж О нь гэрээр ном олгох тасгийн мэргэжилтэн хийж байхдаа ном дутаасан, тэдэн төгрөгний төлбөрийг төлөөгүй байгаа талаар мэдүүлэг өгсөн. Түүнээс болоод хонзогноод намайг ажлаас халчих шиг болсон. Ном зүйчийн ажил үүрэг нь номын санд ирсэн номыг бүртгэж авч тасгуудад тарааж номын санчтай өр авлага барагдуулдаг ажил хийдэг. Би 1961 онд төрсөн өнөөдрийн байдлаар 56 настай бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгосон ахмад настай хүн хөдөлмөр эрхэлж болно гэж заасан бөгөөд миний бие хөдөлмөрлөх насны дээд хязгаар болох 60 насанд хүрээгүй байхад ажил олгогчийн зүгээс намайг 60 нас хүрсэн мэтээр ажлаас халсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт сарын дундаж цалин 563.400 төгрөгөөр тооцож 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Цоохор овогт Бааварын О-г Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 47 хоногийн олговорт 1.767.623 /нэг сая долоон зуун жаран долоон мянга зургаан зуун хорин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-д олгож, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43.232 /дөчин гурван мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангаас гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 265 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр ханган шийдвэрлэсэн. Учир нь Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирал О би нэхэмжлэгч О-г өндөр насны тэтгэвэрээ албан ёсоор тогтоолгож, тэтгэмж авсан нөхцөл байдлыг харгалзан үзэж 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 захирлын тушаалаар ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус үндэслэн ном зүйчийн үүрэгт ажлаас хууль зүйн дагуу чөлөөлсөн. Гэтэл анхан шатны шүүх надад шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй болно. Миний бие О би 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан  болно. Гэтэл энэ үед шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчиж Говь-Алтай аймгийн Нийтийн номын санг төлөөлсөн хариуцагчийн эрх ашгийг хохироосон. Иймд Говь-Алтай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 265 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ. 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, уг үнэлгээнд тулгуурлаж эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрлөх харилцаанаас үүссэн маргаантай хэргийг зөв шийдвэрлэжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тухайн харилцаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч О нь Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирал О эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтийн номын санд ном зүйчээр ажиллаж байсан О-г Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1- д заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хариуцагч дээрх үндэслэлээр О-г ажлаас чөлөөлсөнөө үндэслэлтэй гэж үзэхийн зэрэгцээ анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, шүүх хуралдаан болсон өдөр миний бие эмнэлэгт байсан гэсэн гомдлыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 76.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэх, мэдэгдэх хуудас  хүргүүлж тэдний эрхийг хангасан байхад хариуцагч нь эрх, үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч өөрөө оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоод өмгөөлөгч аваад оролцох боломжтой байсан, мөн нэхэмжлэлийг гардаж аваад хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар, нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх боломжтой талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэж байна гэж үзэхээр байна. 

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, хариу тайлбар гаргаж өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удтрдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Хариуцагч байгууллагын төлөөлөгч О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.БАТТОГТОХ

 

                         ШҮҮГЧИД                                           Б.АРИУНБАЯР

 

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН