Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 150

 

“Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1058 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0176 дугаар магадлалтай, “Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1058 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0176 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-иас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.07-ны өдрийн 176 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үгүйсгэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. “Төсөлч” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын “Баруун зах цаг” нэртэй газарт орших 28 гектар талбай бүхий уул уурхайн талбайг анх 1998 онд 1328А дугаартайгаар эзэмшиж байгаад Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1038 тоот шийдвэрээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2037 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар ашиглахаар тусгай зөвшөөрлийн 15332А дугаар бүхий зөвшөөрлийг авсан. Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 5.2-т заасан болон “Тодорхойлолтыг баталгаажуулах тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу “Төсөлч” ХХК-д эзэмшиж байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын “Баруун зах цаг” нэртэй газарт орших 28 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан. Дээрх тушаалаар тусгай зөвшөөрлийг цуцалсан компаниуд ч энэ хүрээнд маргаан үүсгэж, Улсын дээд шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Иймд бүхэлд нь цуцалсан эсэх, эсхүл зөвхөн хууль, журамд зааснаар ашигт малтмал ашиглахыг хориглосон 7211 солбицолд хамаарч байсан гэх 1,42 гектар талбайг цуцалсан эсэх талаар хариуцагчаас тодруулсны үндсэн дээр анхан шатны шүүх дүгнэлт өгч хэргийг дахин шийдвэрлэх нь шаардлагагүй гэж үзэж байна. Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ЗХШХШтХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...”, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодит нөхцөл байдалд тулгуурлан, шүүхийн жишиг болсон шийдвэрүүдийг харьцуулан үзэж дүгнэлт гаргасангүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага тодорхой, хариуцагчийн гаргасан акт нь тодорхой, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн нь ойлгомжтой байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, шүүхээр ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоолгох, тэрхүү эрхээ хэрхэн сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагагүй байна. Нэхэмжлэгч “Төсөлч” ХХК нь 1998 оноос хойш эзэмшиж байсан Булган аймгийн Бүрэгхангай сумын “Баруун зах цаг” нэртэй газарт орших 28 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрхээ шүүхээр сэргээлгэхээр хандаж, энэ хүрээнд нотлох баримтуудыг цуглуулж, үнэлж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Мөн “Төсөлч” ХХК нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 2011.06.08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолын дагуу ашигт малтмал ашиглахыг хориглосон 7211 солбицолд талбайн хэсэг орсонтой холбогдуулж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан. Энэ нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 2011.06.08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолд нийцсэн, ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайд ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг явуулахгүй, үлдсэн талбайд ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлсэн болох нь тодорхойлогдож байгаа. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Үүний дагуу Засгийн газар 2010 оны 299 дүгээр тогтоолоор нөхөх олговор авах журмыг баталсан бөгөөд Ашигт малтмалын газраас нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг 2012.01.08-ны өдрөөс зохион байгуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална” гээд мөн зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасан. Дээрх хуулийн заалтаас харвал тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн байхыг заавал шаардсан байна. Иймд ашиглахыг хориглосон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төсөлч” ХХК-ийн хувьд нөхөн олговор авах эрхтэй. Тиймээс нэгэнт нөхөн олговор олгогдоогүй тохиолдолд 28 гектар талбайг манай компани ашиглах эрхтэй. Харин талбайн хуулиар хориглосон хэсгийг Ашигт малтмалын газар буцаан авах тохиолдолд журмаар хугацаа тогтоож, хязгаарлах нь үндэслэлгүй бөгөөд эзэмшигч компанид зөвлөгөө, мэдээллийг хангалттай өгч, түүний үндсэн дээр буцаан авах нь зүйд нийцнэ. Түүнчлэн журмаар 90 хоногийн хугацаа тогтоож тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй болохыг адил төстэй хэрэг маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолд дүгнэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “хавтаст хэрэгт 2011.03.03-ны өдрийн 6-1255 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй талаар мэдэгдэж, цуцалсан гэх баримт авагдсан байна” гэжээ. Ийм үндэслэлээр огт цуцлаагүй бөгөөд “Төсөлч” ХХК нь 2011 оны төлбөрийг 2011.02.20, 2012-2013 оны төлбөрийг 2012.01.06-нд төлсөн болох нь хавтаст хэргийн 132 дугаар талд байгаа болно. Үндсэндээ Тусгай зөвшөөрлийн эрх шударгаар эзэмшигч этгээд уг журмаар тогтоосон хугацааны хамаарлын асуудлаар эрхээ сэргээлгэх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгааг анхааралгүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг хуульд өөрөөр заасан байхад “Төсөлч” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан 295 дугаар шийдвэр АМтХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасантай нийцээгүй байгаа тул хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий талбайг нөөц болон тусгай хэрэгцээнд авсан, ашигт малтмал ашиглахыг хуулиар хориглосон зэрэг тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор төлөхөөр заасан хуулийн зохицуулалтаас харахад хуулиар хориглосон талбайд тусгай зөвшөөрөл шударгаар эзэмшиж байгаа этгээдийн хувьд тусгай зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд зөвхөн нөхөн олговор авахаас өөр эрх байхгүй байхад нөхөн олговор авах хүсэлт гаргах хугацаагаар хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа уг харилцаанд тэгш бус байдлыг бий болгохоор байна. Мөн “Төсөлч” ХХК-ийн 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалснаас өөр нөхцөл байдлаар цуцлаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.

                                                                                        ХЯНАВАЛ

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:” 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр “Төсөлч” ХХК-ийн Булган аймаг Бүрэгхангай сумын нутаг “Баруун зах цаг” нэртэй газарт ашигт малтмал ашиглах МҮ-015332 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-иас “...нөхөн олговор олоогүй атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус ...” гэсэн үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, МҮ-015332 тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Төсөлч” ХХК-ийн эзэмшиж байсан МҮ-015332 тоот тусгай зөвшөөрлийн 28 гектар талбайн 1,42 гектар нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “усан сан бүхий газрын хамгаалалтын бүст ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон” газартай давхацсан болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх “Төсөлч” ХХК-ийн МҮ-015332 тусгай зөвшөөрлийн эрхийг бүхэлд нь сэргээж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актын улмаас “Төсөлч” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх /28 эсхүл 1,42 гектар талбай/ эсхүл нөхөн олговор авах эрхийн аль нь зөрчигдөж байгаа, нэхэмжлэгчийн сэргээн тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийн “...тусгай зөвшөөрөл эзэмших болон нөхөн олговор авах аль аль эрх зөрчигдсөн” гэсэн зөрчилтэй үндэслэлийг тодруулалгүйгээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иймд, анхан шатны шүүх магадлалд дурдсан үйл баримт, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа, шүүхээс сэргээн тогтоолгох ашиг сонирхол хууль ёсны байж чадах эсэхэд /“Төсөлч” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах үүргээ хангасан эсэх/ хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0176 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН