Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогч: М.П,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Бд холбогдох 2235000000128 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 11-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, баяд ястан, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг Буянт хорооллын 209 тоотод оршин суух хаягтай, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөг хурааж, 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг нь хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Б овогт Цийн Б /РД:ОО79031116/

Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг нутаг Завсар гэх газарт 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар, мотоцикль жолоодох А ангиллын эрхгүй үедээ Ц.Пгийн ззэмшлийн Мустанг-150 загварын улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын Замын хедөлгөөний дүрэм зөрчиж, хохирогч М.Пг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг нутаг Завсар гэх газарт согтуугаар Мустанг-150 загварын мотоцикль жолоодож яваад хохирогч М.Пг мөргөсөн болох нь

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I хавтасны 4-6 дахь тал),

- Замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн I хавтасны 10 дахь тал),

- Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I хавтасны 15-18 дахь тал),

- Эд мөрийн баримтаар хураагдсан малгайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I хавтасны 19-20 дахь тал),

- хохирогч М.П-н Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх (хавтаст хэргийн I хавтасны 147-163 дахь тал),

- Хохирогч М.П-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хувийн ажил амжуулахаар Тэс сумын 4 дүгээр багт байх гэрээсээ Тэс сумын төв рүү эхнэрийн хамт  Мустанг-150 загварын улсын дугааргүй мотоциклтой явсан. Тухайн өдрийн орой 21 цагийн үед гэртээ харихаар Мустанг-150 загварын мотоциклыг жолоодож эхнэрээ сундалж явахад бид нартай хамт Ц.П өөрийн мотоциклтой дагалдаж явахаар болсон ба бид нарыг Тооромтын гүүрэн дээр ирэхэд Ц.Б, Н, Б, Тэрбиш гэх залуучууд архи, дундаа тавьчихсан уугаад дуусаж байсан. Ц.Б, Ц.Птэй хамт явахаар болж Ц.Бтэй хамт явж байсан Лхагвасүрэн гэх залуу тэнд байсан Б гэх хүмүүс сумын төвийн чиглэлд яваад өгсөн. Ц.П, Ц.Б, Н, О.Тэрбиш, миний эхнэр бид нар гүүрэн дээр үлдэж нэг шил архи уусан ба уг архи дуусахад Н, Тэрбиш нар үхэр цуглуулах ёстой бүрэнхий болохоос өмнө явна гэж хэлээд явсан. Би эхнэрээ сундалж хөдөлсөн ба эхнэр бид хоёр Тооромтын гүүрнээс ойролцоогоор 4 км орчим яваад би тамхи татахаар мотоциклоо замаас гаргаж зогсоогоод зам дээр тамхи татаад зогсож байхад Ц Б нь Ц.Пгийн мотоцикпыг жолоодож Ц П түүний ард сундалчихсан ирж байсан. Ц.Б мотоцикль жолоодож яваад намайг мөргөсөн. Би үзэгдэх орчин чөлөөтэй, ил тод зам дээр тамхи татаад зогсож байсан, хамт явж байгаа хүмүүс юм чинь зогсоод уулзах байх гэж бодоод зогсож байтал шууд чигээрээ ирээд мөргөсөн. Миний эмчилгээний зардалд тооцож Honda Insight  авто машин надад өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 35-36, 39 дэх тал),

 

- Гэрч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн орой 21 цагийн үед Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах  Тооромтын гүүрэн дээр ирэхэд нэр, зүсийг нь мэдэхгүй хэсэг залуучууд архи уугаад сууж байсан. Манай нөхөр М.П, Ц.П хоёр уг хүмүүстэй зогсоод уулзахад уг архи ууж байсан хүмүүс дотор Ц.Б байсан. Нөхөр М.П, Ц П нар уг хүмүүстэй хамт архи уух гээд байхаар нь би уурлахад нөхөр М.П мотоциклио жолоодож бид хоёр цаашаа явж байгаад М.П тамхи татмаар байна гэж хэлээд замын хажууд зогссон ба нөхөр тамхиа татаж байхад Ц.Пгийн мотоцикпыг Ц.Б жолоодчихсон Ц.П ар талд нь суучихсан ирж байсан. М.П би найз нартайгаа уулзана гэж хэлээд зам дээр зогсож байхад Ц.Бгийн жолоодож явсан мотоцикль нөхөр М.Пг мөргөж гэмтэл учруулсан. Ц.Б Тооромтын  дээр хүмүүстэй архи ууж байсан ба согтуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 47-49, 51, 53 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Би өөрийн Мустанг-150 загварын мотоциклоо жолоодоод ганцаараа Тооромтын гүүрэн дээр ирэхэд Н.Н гэх залуу хажуудаа танихгүй нэг залуутай, Паламын Б гэх залуу хажуудаа танихгүй нэг залуутай, Ц.Б хажуудаа Б.Л гэх залуутай нийт 6 хүн байсан ба уг хүмүүс архи уугаад сууж байсан.  Ямар хүн гараа өргөснийг нь мэдэхгүй, нэг хүн гараа өргөхөөр нь зогссон ба миний араас М.П эхнэрийн хамт ирсэн. Б.Л надад хандаж “Та ганцаараа явж байгаа юм чинь Ц.Бг манай гэрт хүргээд өгчих” гэж хэлэхээр нь би хариу хэлж амжаагүй байхад Б.Л “Та аваад яваарай” гэж хэлчихээд мотоциклио унаад сумын төвийн чиглэлд явсан. М.П бид хоёр Тооромтьн гүүрэн дээр уг хүмүүсийн ууж байсан хагас шил архинаас хувааж уугаад дуусгасан. Н.Н дахин “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи задалж М.Пгийн эхнэрээс бусад хүмүүс бүгд хувааж уусан ба уг архийг ууж дуусахад М.Пгийн эхнэр “Одоо явъя” гэж хэлээд М.П мотоциклио жолоодож эхнэрийн хамт явсны дараа гүүрэн дээр байсан хүмүүс бүгд тараад тал тал явсан. Ц.Б бид хоёр Тооромтын гүүрэн дээр үлдэж Ц.Б “Би чиний мотоциклийг барьна” гэж хэлэхээр нь би мотоциклио бариулж, би түүний араар сундалж суугаад Тооромтын гүүрнээс 1 км орчим зайтай явахад М.П зам дээр зогсож байсан ба Ц.Б шууд чигээрээ явж очоод М.Пг мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 62 дахь тал),

 

- Гэрч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Л.Н манай нөхөр М.П замын хажууд сууж байгаад Ц.Б ирж байна энийг зогсооноо гэж хэлээд зам дээр гарахад Ц.Б мотоцикпь жолоодож ирээд мөргөчихсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 57-58, 60 дахь тал),

- Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ц.Пгийн Мустанг-150 загварын мотоциклийг жолоодож, Ц.П миний ард суугаад Тэс сумын 6 дугаар багийн нутаг Завсар гэх нэртэй газарт явж байтал М.П мотоциклийг урдуур зам дээр гараад ирсэн. Би архи уучихсан байсан учраас мотоциклоо зогсоож чадаагүй. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан  бол  гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн”,  2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тус тус заажээ.

Жолооч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а- д “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мустанг-150 марркийн, улсын дугааргүй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.

   Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т “A ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч мотоцикл жолоодно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь Мустанг-150 марркийн, улсын дугааргүй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо мотоцикль жолоодох А ангилалын эрхгүй байсан болох нь ЦЕГ-аас гаргасан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн I хавтасны 247 дахь тал)-ээр тогтоогдож байгаа нь   мөн дүрмийн 3.7.а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн  246 дугаартай М.Пгийн биед 2 талын уушгины няцрал, баруун талын 7 дугаар хавирганы хугарал, хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдал задрал, баруун бөөрний няцрал, цус алдалт, хэвлийн хөндийн хурц цус алдалт, баруун талын дунд чөмөгний хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн осол, өндрөөс унах үед үүсэх боломжтой гэмтлүүд байна. 2 талын уушгины няцрал, баруун талын 7 дугаар хавирганы хугарал, хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдал задрал, баруунбөөрний няцрал, цус алдалт, хэвлийн хөндийн хурц цус алдалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I хавтасны 167-170 дахь тал)-ээр хохирогч М.Пгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох А ангилалын эрхгүй үедээ согтуугаар Мустанг-150 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.

Хэргийн газрын үзлэгээр тормослосон гэх ул мөр тогтоогдоогүй байгаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг шүүгдэгч Ц.Б зөрчиж, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь зогсоох арга хэмжээ авахад шаардлагатай самбаачлах чадварыг алдуулсан байна гэж дүгнэв

Иймд шүүгдэгч Ц.Бг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ц.Бгээс 3.735.732 төгрөгийг гаргуулж хохирогч М.Пд олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаандаа хохирогчийн эмчилгээний зардалд тооцож Honda Insight  авто өгч төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.П “Эмчилгээний зардалд тооцож Honda Insight  авто машин авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй болсон” гэж,

Иргэний нэхэмжлэгч Ц.П мөрдөн байцаалтан шатанд “”Надад ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй”  (хавтаст хэргийн I хавтасны 42 дахь тал) гэж тус тус мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

            2. Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48/А дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн I хавтасны 228-235 дахь тал)-оор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөг хурааж, 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрег хурааж, 2 жил 1 сар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг нь хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Ц.Эы өгсөн: “Ц.Б нь миний төрсөн дүү юм. Эхнэр Б.Цэндхүүгээс 2020 онд салж, тус тусдаа амьдарч байгаа. Зан байдлын хувьд ажилсаг, хүнд тусархуу, эелдэг зөөлөн, бусадтай зөв боловсон  харилцаатай хүн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 76-77 дахь тал), Гэрч Г.Оийн өгсөн: “Ц.Б нь эелдэг зөөлөн зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, хүнд тусархуу, их хөдөлмөрч хүн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 79-80 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн  245 дугаартай “Ц.Бгийн баруун, зүүн чамархайн цус хуралт, зүүн чамархайн хөхлөг сэртэн дайрсан хугарал, хамар ясны сэлтэрсэн хугарал, баруун нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал, тархины хаван, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн осол, өндрөөс унах үед үүсэх боломжтой. Баруун, зүүн чамархайн цус хуралт, зүүн чамархайн хөхлөг сэртэн дайрсан хугарал, хамар ясны сэлтэрсэн хугарал, баруун нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал, тархины хаван, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I хавтасны 136-139 дэх тал)-ээр зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Ц.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт хорих ял оногдуулахгүй байх санал гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Бд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Бд  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Бд  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн Мустанг-150  мотоцикль  бимтүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн малгайг шүүгдэгч Ц.Бд буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Цийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Бд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.

6.  Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн Мустанг-150  мотоцикль  бимтүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн малгайг шүүгдэгч Ц.Бд буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ