| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0139/э |
| Дугаар | 2022/ШЦТ/143 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Турдыбек |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Жийн Эт холбогдох эрүүгийн 2235001070151 хэргийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 10-нд Увс аймгийн Ховд суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дөрвөд ястан, тусгай дунд боловсролтой, хүндийн механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 6-20 тоотод нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Ц овогт Жийн Э /РД:ою70071016/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг дэвсгэр Үзүүрийн Булаг гэх нэртэй газарт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 33-39 УНЦ улсын дугаартай тоёота ланд круйзер- 100 загварын автомашиныг Улсын чанартай А-18 кодтой замд жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тус зам дээр мотоцикль жолоодож явсан иргэн М.Тийг мөргөж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-27 дахь тал),
2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-41 дэх тал),
3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаач Мдай овогтой Тийн төрсөн ах нь юм. Манай төрсөн дүү М.Т нь урьд гэр бүл зохиож байгаагүй ганц бие хүн байсан. Бид хоёр эхээс долуулаа бөгөөд манай ах дүү нар өвчний улмаас өнгөрцгөөсөн. Аав, ээж мөн нас барсан ба хоёулхнаа үлдсэн байсан. Улмаар манай төрсөн дүү М.Т нь 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж нас барсан бөгөөд одоо би эхээс ганцаараа үлдсэн. Надаас өөр манай талийгаач дүү М.Тийн ах дүү гэх хүн байхгүй юм. Манай талийгаач дүү М.Т нь манай дүүгийн хүүхэд Г гэрт ойр зуурын ажил хийгээд тэднийхээр байж байсан бөгөөд зам тээврийн осолд орж нас барсан гэж би ослын маргааш нь над руу дүү Гантулга хэлж мэдэгдсэн юм. Тэгээд би тухайн газарт ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан юм. Талийгаачийн оршуулгын зардалд 15.000.000 төгрөг, амь насны зардалд 10 000 000 төгрөг нийт 25.000.000 /хорин таван сая/ төгрөг өгч манай гэр бүлээс уучлал гуйсан тул одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 51 дэх тал),
4. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “манай нөхөр Улаанбаатар хотоос 33-39 УНЦ улсын дугаартай ланд-100 маркийн машин худалдаж авч 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 07 цагт хадам ээж Д.Ц, нөхөр Ж.Эын хамтаар Увс аймгийн Улаангом сум гэр лүүгээ явсан юм. Тэгээд Увс аймаг Үзүүрийн булаг гэх нэртэй газарт 2022 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 02 цагаас 03 цагийн хооронд байх Улсын чанартай А-18 кодтой зам дээр явж байсан юм би тухайн үед урд талын суудал дээр унтаад явж байтал гэнэт чимээ гарч сэрж би юу болсон талаар асуухад манай нөхөр Ж.Э зам дээр урд талаас нэг машин өнгөрч тэгээд явж байтал замын голд нэг мотоцикльтой хүн харагдах шиг болсон тэгээд дайрчих шиг боллоо гэж хэлэхээр нь сандарч машинаас бид гурав бууж харахад замын голд нэг дээлтэй эрэгтэй хүн доош нь хараад хэвтэж байсан мотоцикль нь манай машины урд хэсэгт хэвтэж байсан. Тэгээд хүн дайрчих шиг боллоо гэж бодоод тухайн хүн ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхаар нь би ойртож хүрч үзээгүй тэгээд шууд цагдаад мэдэгдэж, эмнэлгийн байгууллагад дуудлага өгч хүлээсэн. Тэгээд Наранбулаг сумын эмнэлгийн газраас нэг эмч ирээд тухайн зам дээр хэвтэж байсан хүнийг үзээд нас барсан бололтой гэж хэлсэн юм тэгээд цагдаа ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54, 56 дахь тал),
5. Гэрч Д.Ций мөрдөн байцаалтад өгсөн: “...зам дээр урдаас нэг машин ирж манай машин гэрлээ шилжүүлээд явж байтал замын голд машины гэрэлд нэг зүйл харагдаж мөргөх шиг болж машинаа зогсоож хүү Ж.Э нь мотоцикльтой хүн дайрчих шиг боллоо гэж хэлээд машинаас бууж харахад нэг хүн зам дээр доош нь хараад хэвтчихсэн манай машины урд талаараа мотоцикль мөргөөд зогсчихсон байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
6. Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн зам тээврийн осол гарсан гэх Увс аймаг Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт Үзүүрийн булаг гэх нэртэй газарт очсон юм. Тэгэхэд 33-39 УНЦ улсын дугаартай ланд-100 маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 хүн, мотоцикльтой 1 эрэгтэй хүн байсан бөгөөд тухайн мотоцикпьтой байсан хүн нь замын голд доош харсан байдалтай байхаар нь очиж гүрээний судсыг нь дарж үзэхэд цохилохгүй, хүүхэн хараа нь өргөссөн амьсгал байхгүй нас барсан байдалтай хамар, амнаас нь маш их хэмжээний цус гарч урссан байдалтай байсан. Тэгээд 33-39 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 хүний даралт биеийн байдлыг үзэхэд даралт ихэссэн, зүрх нь дэлссэн байдалтай байсан. Тухайн үед тайвшруулах эм уулгаж, настай хүнд нь тариа хийж ерөнхий биеийн байдал хэвийн байсан тул цагдаагийн байгууллага ирсний дараа зам тээврийн ослын газраас зорчигч Д.Ц, Б.Б нарыг эмнэлгийн албаны машинд суулгаж Увс аймаг Наранбулаг сумын эрүүл мэндийн газарт авч ирсэн. Мотоциклийн жолооч нь тухайн ослын газраас шидэгдэж зам дээр унасан байдалтай харагдаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),
7. Гэрч Я.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “талийгаач манайд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа өөрийн улаан хүрэн өнгийн мустанг-5 маркийн улсын дугаар номергүй мотоцикльтой ганцаараа ирсэн. Тухайн өдөр манайх ямаа самнаж байсан байсан ба талийгаач малын хашаан дээр ирээд надаас нэг шил архины мөнгө өгчих гэхээр нь би өгөөгүй бөгөөд та одоо унтаж амар гэхэд мотоцикльтойгоо яваад өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт ирэхдээ мотоцикль нь эвдрээд асдаггүй арай гэж нэг асаалаа гэж манайд ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),
8. Гэрч Б.Шы мөрдөн байцаалтад өгсөн: “би Т ахтай 2022 оны 05 дугаар сарын 06-ны шөнө өөрийн хүргэн ах Г гэрт байж байтал Т ах 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой орж ирээд 23 цагийн үед гараад явсан. Т ах Г гэрт орж ирэхдээ мотоцикль эвдрээд замын цаана унтаж байгаад орж ирлээ гэж орж ирсэн. Тэгээд буцаад гараад явсан тэгтэл 23 цагийн үед орж ирээд худгийн мотор хүн авч явах гээд байна би хажууд нь очиж унтана гээд гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),
9. Гэрч Р.Г мөрдөн байцаалтад өгсөн: “талийгаач нь манай гэрт буюу Цагаанхайрхан сумын 2-р баг Үзүүрийн булаг гэх газарт амьдарч байсан юм. Талийгаач 2022 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед манай гэрээс бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гараад явсан. Тухайн үед манай гэрээс гарахдаа худгийн мотор хүн авч явах гээд байна очиж харчхаад ирье гээд гарсан. Талийгаач нь өөрөө 2 жилийн өмнө босгож унасан улаан өнгийн хүрэн өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтойгоо явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал),
10. Гэрч Д.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Увс аймаг руу өөрийнхөө 86-28 УНГ улсын дугаартай цагаан өнгийн кровн маркын машинтай ганцаараа явж байсан. Тухайн шөнө миний санаж байгаагаар 01:30-аас 02:00 цагийн орчимд байх би Увс аймгийн нутаг Үзүүрийн булаг зөрөөд явж байхад зам дээр цагаан өнгийн ланд машин мотоцикльтэй хүн мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. Би тухайн газарт зогсоход миний зүс таних Э гэдэг байх нэрийг нь сайн мэдэхгүй байна Увс-Ховд хооронд автобусаар хүн тээвэр хийдэг ах зогсож байсан бөгөөд мотоцикльтэй хүн мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө утсаар аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн, мөн эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед мотоцикльтэй мөргүүлсэн гэх хүн нь замын голд хэвтэж байсан бөгөөд хөдлөхгүй нас барсан юм шиг байсан би ойртож очоогүй. Тэгээд би аймаг руу яваад өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал),
11. Увс аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 105-107, 113-114 дахь тал),
12. Шүүгдэгч Ж.Эын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 07:00 цагт Улаанбаатар хотоос ээж Ц, эхнэр Б нарын хамтаар өөрийн 33-39 УНЦ улсын дугаартай тоёота ланд крузер-100 загварын машинтай Увс аймаг руу гарсан. Би Улаанбаатар хот руу өөрийн хадам ээжийн буяны ажилд оролцчихоод тэр өдөр Увс аймаг руу гэр лүүгээ гарсан. Улаанбаатар хотоос гараад өөрөө машинаа жолоодож явсан. Харин ээж арын суудалд ганцаараа, манай эхнэр жолоочийн эсрэг талын урд суудалд тус тус сууж явцгаасан. Би Улаанбаатар хотоос гараад машинаа эхнэртэйгээ ээлжилж жолоодож явсан. Би Сонгино сумаас эхнэрээсээ машиныхаа жолоог авч Увс аймаг руу явж байсан. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02:00 цагийн орчимд хар замаар явж байтал урд талаас буюу миний эсрэг талын урсгалд цагаан өнгийн жижиг суудлын машин ирж байхаар нь би машиныхаа гэрлээ ойр дээр нь тавьсан тэгэхэд урдаас ирсэн машины гэрэл гялбаад юм харагдахгүй байсан бөгөөд тухайн жижиг машин гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь буцаад гэрлээ хол дээр нь тавиад нөгөө машин зөрж өнгөрсөн бөгөөд машиныхаа гэрлийг хол дээр тавихад гэнэт миний явж байсан зорчих хэсэг дээр зам дээр нэг мотоцикльтой хүн зогсож байх шиг харагдсан бөгөөд би тормос гишгэх зуурт нэг мэдэхэд мотоциклыг мөргөчихсөн. Би машиныхаа тормосыг гишгэж зогссон. Тэр зуурт би маш их сандарсан байсан. Намайг тухайн мотоциклыг мөргөхөд машин дотор явсан эхнэр маань сэрсэн юм. Тэгээд бид гурав буугаад харахад замын голд мотоцикльтэй хүн доошоо хараад хэвтчихсэн, харин мотоцикль нь миний машины урд хэсэг рүү чихэгдээд орчихсон байсан. Тэгээд ээж бид хоёр тухайн хүн дээр очиход тэр хүн хар зам дээр доошоо харсан байдалтай хамар амнаас нь цус гарсан, хөдөлгөөнгүй нас барчихсан юм шиг байсан. Тэгээд бид гурав зогсож байтал бидний ар талаас жижиг машинтай манай аймагт ченж хийдэг Х буюу Л ирээд тухайн газарт зогссон. Тэгээд цагдаа дуудъя, эмнэлэг дуудъя гээд Х буюу Л эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгчхээд Х буюу Л Увс аймаг руу яваад өгсөн араас нь хэсэг хугацааны дараа Наранбулаг сумаас эмнэлгийн машин ирж тухайн мөргүүлсэн хүнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж тухайн газарт үзлэг хийсэн. Тухайн осол болох үед машинаа би өөрөө жолоодож явсан бөгөөд би машинаа 80 километр цагийн хурдтай жолоодож явсан байх би Улаанбаатар хотоос гарснаасаа хойш тогтмол 80 километрээс дээшээ гаргахгүй явж байсан. Тухайн машины дугаар болон загварыг нь хараагүй, жижиг суудлын автомашин байсан. Тэр машины араас өөр ямар нэгэн машин ирээгүй. Осол болох үед миний машины ард тал зам дээр машин явж байгаагүй, эсрэг ургалд ч гэсэн зөрж өнгөрсөн машинаас өөр машин байгаагүй. Хохирогчийн талаас талийгаачийн оршуулгын зардалд 15.000.000 төгрөг, амь насны зардалд 10 000 000 төгрөг нийт 25.000.000 /хорин таван сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд би уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг дэвсгэр Үзүүрийн Булаг гэх нэртэй газарт 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 33-39 УНЦ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-100” загварын автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ж.Э нь 33-39 УНЦ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-100” загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг,
Хэргийн газрын үзлэгээр зогсоох арга хэмжээ авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж тодорхойлсонд энэ тохиолдол хамаарч байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Эыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэж яллаж байгаа боловч шүүгдэгч нь хурд хэтрүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг энэ заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ж.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасныг зөрчөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Шинжээч эмчийн цогцост хийсэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай “Талийгаач М.Тийн биед аман хүзүүний хугарал, дагз, аман хүзүүтэй нийлэх хэсгээр салалт, уртавтар тархины доод хэсгээр хөндлөн тасрал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн суурь хэсэгт хатуу хальсны доорх цусан хураа, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, хүзүүний эрхтнүүдийн орчны зөөлөн эдэд цус хуралт, хий хуралт, баруун бөөрний артерийн судасны тасрал, орчны зөөлөн эдэд цус хуралт, цээжний зүүн талын 2, 3, 6, 7, 8, 9 дүгээр хавиргууд, цээжний баруун талын 2, 3, 7, 8 дугаар хавиргуудын хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун шилбэний шаант яс, тахилзуур яснууд дунд 1/3 хэсгийн далд хугарал, духны баруун хэсэгт язарсан шарх, дух, баруун, зүүн шанаа, баруун хацарт, амны баруун буланд, хамар, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт зүүн сарвууны ард, баруун, зүүн өвдөг, тавхайд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотно буланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Аман хүзүүний хугарал, дагз, аман хүзүүтэй нийлэх хэсгээр салалт, уртавтар тархины доод хэсгээр хөндлөн тасрал, тархины баруун тал бөмблөгийн чамархайн суурь хэсэгт хатуу хальсны доорх цусан хураа, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, хүзүүний эрхтнүүдийн орчны зөөлөн эдэд цус хуралт, хий хуралт, баруун бөөрний артерийн судасны тасрал, орчны зөөлөн эдэд цус хуралт, цээжний зүүн талын 2, 3, 6, 7, 8, 9 дүгээр хавиргууд, цээжний баруун талын 2, 3, 7, 8 дугаар хавиргуудын хугарал, хугарлын түвшинд цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.5, 3.1.9, 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаач М.Т нь дээрх хүнд зэргийн гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаач нь нас барахдаа дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 90-94 дэх тал)-ээр талийгаач М.Тийн биед гэмтэл учирч, нас барсан болох нь тогтоогдож байна.
Шинжээч эмчийн шүүх химийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 48 дугаартай “Талийгаач М.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаачийн цусанд 2,4% промилли, ходоодны агууламжид 3,3% промилли, шээсэнд 1,7% промилли спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 95-96 дахь тал)-ээр талийгаач М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан нь тогтоогджээ.
Шүүгдэгч Ж.Э 80-18 УВА улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д тус тус заасныг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний төрсөн дүү М.Т нь 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж нас барсан. Миний дүү М.Тийг Ж.Э нь өөрийнхөө 33-39 УНЦ улсын дугаартай автомашин жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосон. Уг хэрэгт Ж.Э нь надаас болон манай гэр бүлээс уучлалт гуйж талийгаачийн оршуулгын зардалд гарсан мөнгө болох 15.000.000 төгрөг, мөн талийгаачийн амь насны хохиролд 10.000.000 төгрөг, түүний мотоциклын төлбөрт 500.000 төгрөг нийт учирсан хохиролд 25.500.000 / хорин таван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Одоо ар гэрийн зүгээс нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх өргөдөл, нотариатаар гэрчлүүлсэн баримт (хавтаст хэргийн 176 дахь тал),
Хаан банкны 5830035158 дугаартай Мдайн Э гэх дансанд шилжүүлсэн 25.000.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 179, 180 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Шүүгдэгч Ж.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Э урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 169, 172-174 дэх тал)-аар, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Эын хувийн байдал болон зан төлөвийн талаар Гэрч Э.Угийн өгсөн: “Манай аав Ж.Э нь Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг 6-20 тоотод хашаа байшинд ээж болон эгч, дүү нарын хамтаар ам бүл-6 амьдардаг мөн манай аавын эмээ маань бас хамт амьдардаг юм. Аав маань жолооч ажилтай бөгөөд Увс аймгаас Ховд аймаг хооронд хүн тээвэрт хувиараа явдаг ажилтай. Аав маань зан аашийн хувьд элдэв муу зан авир байхгүй, даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй хүн юм. Аав маань амьдралын төлөө их хичээж байнга хөдөлмөрлөж ажиллаж байдаг хөдөлмөрч, тууштай зантай, гэр бүл үр хүүхдүүддээ хайр халамж сайтай, бусадтай болон гэр бүлийн гишүүдтэйгээ эелдэг харилцаатай байдаг хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Ж.Эт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ж.Эт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Эт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дүрс бичлэг бүхий DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ж.Эын 318078 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баярхүүд даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөд үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Жийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.Эт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ж.Э зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дүрс бичлэг бүхий DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ж.Эын 318078 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баярхүүд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ