| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2018/00458/И |
| Дугаар | 1927 |
| Огноо | 2018-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 1927
| 2018 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2018/01927 | Улаанба хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Сгийн Ш /РД: /-ын төлөөлөгч Д.Батжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: од оршин суух Б овогт Бийн Б /РД: /-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 36.196.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
ан
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, гэрч С.Даариймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч С.Ш нь Япон улсад ажиллаж амьдардаг ба тэнд байхдаа тоглолтоор ирсэн Монголын язгуур урлагийн “Домог” хамтлагийн ахлагч иргэн Б.Бтой танилцсан болно. Б.Б нь ажлын хэрэгцээ шаардлагаар мөнгө зээлэх хэрэгтэй байна, хүүгүй мөнгө зээлдүүлээч гэж С.Шаас гуйсны дагуу түүнд чин сэтгэлээсээ туслаж, хүүгүй мөнгө удаа дараа зээлдүүлсэн байна. Б.Б нь олон удаа мөнгө зээлээч гэсний дагуу түүнд тухай бүрд нь хүссэн мөнгөн дүнгээр зээлдүүлсэн ба зээлийн нийт хэмжээ 46.496.000 төгрөг болсон байна. Үүнд: Голомт банкаар цувуулан 28.096.000 төгрөг, дүү С.Даариймаагийн Хаан банкны дансаар дамжуулан 13.000.000 төгрөг, олон улсын шуудангаар 5.400.000 төгрөг тус тус шилжүүлэн зээлдүүлсэн байна. Хариуцагч Б.Б нь зээлсэн мөнгөнөөсөө 10.300.000 төгрөгийг буцааж төлсөн ба одоо түүний төлөх ёстой зээлийн үлдэгдэл 36.196.000 төгрөг байна. Иймд Б.Боос 36.196.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Шт олгохоор шийдвэрлэж өгнө үү. С.Ш нь Б.Боос ямар ч хөөрөг, морин хуур авч байгаагүй. Мөнгө зээлдүүлэхдээ гүйлгээний утгыг тухайн үеийн хүсэж байсан тусламжийн нэрээр шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч С.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С.Штай 2012 онд үндэсний урлагийн “Д” хамтлагийн ахлагчийн хувьд хамтлагаараа Япон улсын Осака хотод аялан тоглолттой явж байх үеэр анх танилцсан. Хувийн дотно харилцаа үүссэн нь үнэн. Тэр цагаас хойш би бүх талаар туслаж дэмжинэ хэмээн удаа дараа Хаан банк, Голомт банкаар дамжуулан монгол мөнгө шилжүүлснийг мэдэж байна. Яг одоо би хэзээ хэдэн төгрөг шилжүүлснийг сайн санахгүй байна. Ийнхүү харьцаж байх явцдаа миний бие залуу хүний хувьд гэнэдэж, алдаа гарган С.Шын санал болгосноор би 2012 оноос хойш 2017 оны 11 сар хүртэл Японд, Монголд ирсэн үед нь уулзаж удаа дараа дотно харьцаанд орж байснаа хүлээн зөвшөөрнө. Түүнээс биш би нэхэмжлэгч С.Шаас яг гэрээ хийж зээлж авсан нэг ч төгрөг байхгүй. Харин сүүлд авсан 5.400.000 төгрөгийг буцааж өгнө гэж авсанаа 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр С.Шын Голомт банкны ********** тоот данс руу нь шилжүүлсэн. Одоо би С.Шт ямар ч өргүй тул нэхэмжилсэн мөнгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. С.Ш нь энэ харилцаагаа болъё, зогсооё гэснээс хойш үүнд өширхөж, нэр хүндэд санаатайгаар халдаж, фэйсбүүкээр гутаан доромжилсон, элдвийн худал мэдээллийг Оюун Оюуна, Батаа Батжавхлан, Батба Болд, Ивээл, Санжаа Ш гэсэн хаягаар олон нийтэд цацсан. Одоо ч бас үргэлжилсээр байна. Би өөрийн оршин суугаа хаягийн дагуу харъяаллын цагдаагийн хэлтэст гомдол гаргасан нь одоо шалгагдаж байна. Мөн манай эхнэр О.Э-ийн *********дугаар луу үл мэдэгдэл гадаад дугаараас Болормаа гэсэн нэрээр утасдаж дарамт шахалт үзүүлсэн. Бага насны хүүхдээ харж буй эхнэрийн сэтгэл санааг үймүүлж, гутаан доромжилсон үйлдлийг удаа дараа, эрээ цээргүй үйлдэх болсон. Мөн энэ хугацаанд удаа дараа халтар манан хөөрөг, цагаан хаш хөөрөг, ундрал хөөрөг, мастер морин хуур өөрт нь болон дүү болох С.Даариймаад нь өгч байсан гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрч С.Даариймаагийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Б.Боос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36.196.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Б.Бтой аман хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2015-2017 онуудын хооронд цувуулан Голомт банкаар дамжуулан 28.096.000 төгрөг, дүү С.Д-гийн Хаан банкны дансаар дамжуулан 13.000.000 төгрөг, олон улсын шуудангаар 5.400.000 төгрөг, нийт 46.496.000 төгрөгийг хүүгүй зээлдүүлснээс хариуцагч Б.Б нь 10.300.000 төгрөгийг төлсөн тул үлдсэн 36.196.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар шаардсан бол хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С.Штай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй бөгөөд туслаж дэмжих үүднээс дансаар мөнгө шилжүүлж байсан, сүүлд буцааж өгнө гэж авсан 5.400.000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо ямар ч өр төлбөр байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С.Шаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2112.68 ам.долларыг хүүгүйгээр зээлдэн авсанаас өөрөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ аман болон бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцдог бөгөөд ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсанаар мөнгө шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа болно.
Нэхэмжлэгч С.Шын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олон улсын шуудангаар шилжүүлсэн 2112.68 ам.долларыг хариуцагч Б.Б нь хүлээн аваад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол төгрөгт шилжүүлэн 5.400.000 төгрөгөөр төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбар болон олон улсын шилжүүлгийн баримт, Голомт банкны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-5-6, 15/
Нэхэмжлэгч С.Ш нь өөрийн Голомт банкны данснаас 28.096.000 төгрөгийг цувуулан авч хариуцагч Б.Бод зээлдүүлсэн гэх боловч хариуцагч Б.Бтой холбоотой “зээл, хүүгүй зээл Б Б, Б Б, билетийн хагас үнэ Б Б, Б билетийн үнэ үлдэгдэл, машины шил, эм тариа, эмчилгээний зардал, эмчилгээ, гүйлгээ замын зардал, засвар зардал, Шаас Бод” гэх нэхэмжлэгчийн тэмдэглэн хэлсэн зарлагын гүйлгээг тооцон үзэхэд 18.860.000 төгрөг болж байна.
Гэвч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нэхэмжлэгч С.Ш болон түүний дүү С.Д нарын Голомт банк, Хаан бакны дансны хуулга зэрэг баримтууд нь хариуцагч Б.Бод зээлийн гэрээний дагуу мөнгөө хүлээлгэн өгсөнийг нотлохгүйгээс гадна нэхэмжлэгч С.Шын Голомт банкны дансны хуулгад төлбөрийн зориулалтыг “Б Базарваань, Б Базарваань, билетийн хагас үнэ Б Базарваань, Б билетийн үнэ үлдэгдэл, машины шил, эм тариа, эмчилгээний зардал, эмчилгээ, гүйлгээ замын зардал, засвар зардал, Шаас Бод” гэсэн атал дээрх мөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. /хх-29-41/
Нэхэмжлэгч С.Ш болон түүний дүү С.Д нарын банкны дансны хуулга гэх баримтуудаас үзэхэд харилцагч нь “зээл, хүүгүй зээл Б Б, Б Ба” гэх гүйлгээний утгатайгаар тус тус өөрийн данснаас зарлага гаргасан байх боловч ийнхүү зарлага гаргаж авсан мөнгийг хариуцагч Б.Б зээлдэн авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Банкны харилцагч нь өөрийн данснаас зарлага хийхдээ гүйлгээний утгыг утгыг өөрийн хүссэнээр хэлж тэмдэглүүлэх боломжтой тул нэхэмжлэгч С.Ш нь данснаас зарлага гаргаж мөнгө авахдаа “зээл, хүүгүй зээл Б Базарваань ” гэж бичиж тэмдэглүүлсэн нь тухайн этгээдтэй зээлийн гэрээний харилцаа үүсгэж, мөнгө хүлээн авсан болохыг шууд нотлохгүй.
Хэдийгээр гэрч С.Д нь “...эгч С.Шын хэлсэний дагуу хариуцагч Б.Бод 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн, ингэхдээ 1.000.000 төгрөгийг Б.Бын дансанд, 12.000.000 төгрөгийг түүний хүсэлтээр найз Г.Анхбаярын дансанд шилжүүлсэн, уг шилжүүлсэн мөнгийг эгч С.Ш нь Б.Бод зээлж байгаа гэж хэлсэн, эгч С.Ш нь надаар дамжуулан Б.Бод удаа дараа мөнгө зээлүүлэхээр шилжүүлж байсан, ...миний бие Г.Анхбаяр болон Б.Боос ямар нэгэн хөөрөг хүлээн аваагүй...” гэж мэдүүлж байгаа боловч гэрч С.Даариймаа нь нэхэмжлэгч С.Шын төрсөн дүү байх тул мэдүүлгийг үнэн зөвөөр тооцох боломжгүй гэж шүүх үзлээ.
Мөн гэрч Б.Э нь нэхэмжлэгч С.Шатрын Б.Бод мөнгө зээлдүүлдэг байсан талаар түүний ярьж байсныг мэдүүлснээс бус түүнд хэзээ, хэдэн төгрөг зээлдүүлж байсныг мэдэхгүй, энэ талаар үзэж хараагүй байна.
Харин гэрч Г.А-ын Хаан банкны дансанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2.800.000 төгрөгийг шилжүүлэхдээ хөөрөгний үнэ, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 12.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ Д-с гэсэн утгатайгаар тус тус шилжүүлснээс үзэхэд гэрч Г.А-ын “...С.Д-с шилжүүлсэн 12.000.000 төгрөг болон С.Шаас шилжүүлсэн 2.800.000 төгрөг, нийт 14.800.000 төгрөгийг хүлээн аваад хөөрөг хийдэг Дунжийн Зоригоо гэдэг хүнд аваачиж өгөөд шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг аваад С.Шын дүү гэх С.Д-д Б.Бын хамт аваачиж өгсөн...” гэх мэдүүлгийг үнэн зөвд тооцох үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Г.А-ын дансаар дамжуулан нэхэмжлэгч С.Шаас 12.000.000 төгрөгийг хүлээн авсан болох нь үгүйсгэгдэж байна.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч С.Шаас зээлсэн 2112.68 ам.доллар буюу 5.400.000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгч болон түүний дүү С.Д-ийн дансны хуулгад дурдагдсан зээл болон бусад зориулалт заан шилжүүлсэн мөнгийг зээлдүүлсэн гэх үндэслэлээр буцаан шаардаж байгаа боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Б.Боос зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн 338.930 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Боос 36.196.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Шын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 338.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР