Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа  ,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч: Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Шт холбогдох  2235000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Увс АЗЗА” ХХК-д дотоод хяналтын ажилтан ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 22-11 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт 3 жил 1 сар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй Х овогт Бын Ш /РД:ОЮ88021030/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Тэнгэр зочид будалд Б.Гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Тэнгэр зочид будалд Б.Гийг зодсон болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

2. Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 сарын 14-ны өдөр би найз Чтай хамт уугаад сууж байгаад Штай утсаар яриад гэрт дуудсан. Ингээд бид манай гэрт 3- уулаа хамт 1 шил архи уучхаад Шт мөнгө өгөөд дэлгүүр ороод архи аваад ир гэхэд за гээд алга болчихсон юм. Тухайн үед хүлээж ядаад Ч бид хоёр дэлгүүр орж байгаад ангийн охин болох Нтэй таарсан тухайн үед Н би энэ Тэнгэрт өрөө авчихсан байгаа гэхээр Ч, Н бид 3 орж тухайн өрөөнд уухаар болж орсон. Тухайн үед Ч бид хоёр дэлгүүрээс авсан 0.75 литрийн архиа хуваагаад ууж байтал Ш над руу залгаад би хадам дүүтэйгээ маргалдчихлаа надад очих газар байхгүй байна гэхээр за тэгвэл Тэнгэр зочид буудалд хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй гаднаас Ш нь нэг шил архи авчихсан буудал руу ирсэн. Түүний ярьж, байгаа өнгө аяс нь дээрэлхүү харьцаад бидний хооронд маргаан үүссэн. Ингээд Ш, Ч нар хоорондоо маргалдаж байгаад Ш нь Чын толгой дээр архины шил цохиод хагалчихсан тул тухайн үед би Ш дээр яваад очиход тухайн архины хагархай шилээрээ надтай, ноцолдоод миний нүүр хэсэг, цээж хэсэгт гэмтэл учруулсан. Тухайн үед буудлын өрөөнд Ч ухаан алдаад уначихсан харин Н Чын хажууд байсан бөгөөд өөрөөр ямар нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 12 дахь тал),

2. Гэрч Ц.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 05 сарын 14-ны өдөр би нөхөртэйгөө маргалдаад Тэнгэрийн буудалд 1 өрөө авчхаад ойрхон хажуугийн дэлгүүр орж пиво авах гээд гараад явж байгаад үүдэнд танил найз болох Б.Г, О.Ч нартай таарсан. Таараад Тэнгэр зочид буудалд өрөө авчихсан ууж байгаа талаараа хэлэхэд Г танай өрөөнд ороод ганц юм уучхаад явъя гэхээр би зөвшөөрөөд 205 дугаартай өрөөнд орсон. Би архи ууж чаддаггүй, болохоор пиво уугаад суусан харин Б.Г, О.Ч нар 0.5 литрийн нэг шил архийг аваад уунгаа Г Ш гэх залуутай утсаар яриад дуудаад байсан удалгүй нэг залуу 0.75 литрийн Соёрхол гэх нэртэй архи авч ирээд тухайн архийг Ш, Ч, Г нар хувааж ууж байсан. Тухайн үед Ш, Г нар юунаас болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд бие бие рүүгээ хараал хэлээд маргалдаад эхэлсэн. Харин Ч бид хоёр хоорондоо ярилцаад сууж байсан. Удалгүй би ОО-ийн өрөө ороод гараад ирэхэд тухайн тухайн архитай шил хагараад хагархай хоолой хэсгийг нь Ш барьчихсан байсан. Ч ухаан алдаж унасан байдалтай байсан. Ш нь цохисон байсан тэгээд би Чыг татаж, чангаагаад босгох гэж байтал хоёр орны дунд Г, Ш нар бие биеийнхээ дээр гараад зодолдоод байсан Чыг сэрээж, эргээд харахад Г шилээр зүсүүлж гэмтсэн байдалтай босоод зогссон. Тэгээд Ш нь явлаа гээд гараад явчихсан. Ингээд би цагдаа дуудах хэрэгтэй гээд цагдаа дуудсан юмгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

3. Гэрч О.Чын мөрдөн байцаалтад өгсөн:  “2022 оны 05 сарын 14-ний өдөр би гэртээ байж байтал найз Г над руу залгаад манайд хүрээд ирээч гэсэн би за гээд яваад очиход Г ганцаараа байсан бөгөөд бид хоёр 0.75 литрийн архи ууж байгаад Г нь Штай утсаар яриад дуудсан. Ингээд удалгүй Ш ирээд бид 3 хамтдаа тухайн архийг уугаад сууж байтал Ш гараад дэлгүүр ороод ирье гээд гараад явсан. Тэгээд дахих орж ирээгүй тул Г бид хоёр тухайн архийг хуваагаад уучхаад гарч дэлгүүр ороод ирье гээд гараад дэлгүүр орж байгаад Гийн эгчийн охин Н таараад Тэнгэр зочид буудал орохоор болсон. Тэнгэр зочид буудал орохдоо 0.5 литрийн архи авч ороод, Н пиво, бэлэн гоймон авчихсан орж ирсэн. Ингээд бид хамт буудлын өрөөнд уугаад сууж байтал Г нь Штай утсаар яриад дуудах шиг болсон. Удалгүй гаднаас Ш 0.75 литрийн архи барьчихсан орж ирсэн бөгөөд тухайн архийг нь Г голоод үг өдөөд Штай маргалдаад байсан, удалгүй Г идэж байсан аягатай гоймонгоо Ш руу шидээд, гутлаа шидээд тэр хоёрын хооронд зодоон болсон, би зодоон болох гээд барьцалдаад байхаар босоод за больцгоо гэж хэлээд зогсоод Гийн урдаас хараад түлхэж байтал араас толгойн дээр тас хийгээд юм цохигдсон. Тэгээд би ухаан алдаад газар унасан байсан. Тухайн үед архины шилээр Ш нь цохисон байсан бөгөөд санаатай, санаандгүй ямар байдлаар цохисон талаар мэдэхгүй нэг сэрэхэд Н миний хажууд намайг татаж чангаасан сууж байсан. Харин Г, Ш хоёр цус болчихсон байдалтай зогсож байсан. Яасан юу болсон бэ гээд босож байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тухайн буудлын өрөөнд бид хэдээс өөр хүн байгаагүй.  Тухайн буудлын өрөөнд Н бид хоёр тус зодоон маргаанд хамааралгүй харин Г, Штай маргалдаад зодолдох гээд байхаар би салгах гэж байгаад толгой руугаа цохиулсан. Мөн Г нь өөрөөр Штай ам хэлээрээ маргалдаж, гутал болон идэж байсан гоймонгоо шидэж тэр хоёрын дунд маргаан эхэлж тэр хоёр барьцалдаж зодолдсон өөрөөр хэн нэгэнтэй маргалдаж, зодолдоогүй. Тухайн үед нь би ухаан алдсан болохоор хэрхэн яаж зодолдсон талаар хэлж мэдэхгүй байнагэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

4. Шүүгдэгч Б.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр танил залуу болох Гтэй утсаар яриад очиж уулзахаар 55 айлд Гийн гэрт очсон. Тухайн үед Гийн гэрт очиход мөн адил танил залуу Ч нь Гийн гэрт байсан бөгөөд шинэ архи гарсан байна гээд тухайн архийг уугаад сууж байсан. Ингээд тухайн архийг бид 3 хувааж уунгаа хөзөр тоглож байгаад архи дуусаад дахин тэр архийг авч уухаар болж Ч мөнгийг нь өгөөд намайг дэлгүүр явуулсан, дэлгүүр ороод тухайн архинаас аваад дахин Гийн гэрт ирээд авсан архийг бид 3 хувааж уугаад дуусаад би гэрээс дуудаж байна гээд оройны 19 цагийн үед гэртээ харихаар гараад явсан. Гэртээ очоод байж байтал Г над руу залгаад Тэнгэр зочид буудлын 305 номерт байна архи авч ирнэ гэсэн яасан бэ гэхээр архи авах мөнгө байхгүй болохоор гэрт байсан архи аваад тухайн Тэнгэр зочид буудлын 305 дугаартай өрөөнд яваад очиход Г, Ч болон танил Н гэх хүүхэн ирчихсэн байсан. Ингээд би ороод гэрээс авч ирсэн архийг задлаад тухайн хүмүүст өгөхөд Г наад архийг чинь уухгүй гээд бид хоорондоо хэл амаар маргалдаад сууж байсан. Мөн Ч, Н нар нь сандал дээр ширээний хажууд суучихсан харин Г орон дээр хэвтчихсэн байсан бөгөөд би Гийн урд орон дээр сууж байтал би чиний энэ архийг уухгүй, чи зайл гэх зэрэг зүйлс хэлэхээр би чиний гэрт байгаа юм уу яах гээд байгаа юм гээд мөн адил бид хоорондоо маргалдаж хэрэлдээд сууж байтал Г над руу жижиг шилэн аяга шидсэн тухайн аяга нь хана очиж цохиод газар унасан, тэгэхээр би за за хая би явлаа та нартай таарахгүй юм байна гэж хэлээд гарах гэж байтал идэж байсан гоймон болон гутлаа над руу шидээд, мөн адил миний ар дагзнаас дахин нэг аяга шидээд миний ар дагзанд оносон. Ингээд би чи яагаад байгаа юм бэ гээд хэл амаар маргалдаж байгаад гарах гэж байсан миний араас татаж хойш савж унгаасан., тухайн үед би хойш савж унаж байхдаа гартаа барьчихсан байсан архины шилээр савагдаад Чын толгой тус газарт цохиод тухайн архины шил хагарсан, хагарсан архины шилний хагархай хоолой хэсэг надад байсан бөгөөд тухайн хагархайг гартаа барьчихсан байтал Г буудлын 2 орны завсар газарт намайг дарж унаад миний зүүн нүд рүү зангидсан гараар цохиж мөн нүүрэн тус газарт цохиод, хоолой боогоод байхаар би эргэж харья гэж бодоод эргэж байгаад гартаа барьсан шилний хагархай хэсгээр Гийн биед гэмтэл учруулсан байсан. Ингээд бид хашигчаад байхаар гаднаас буудлын эгч орж ирээд цагдаа дуудчихлаа гэж хэлэхээр би гараад явчихсан. Би Б.Гт 2022 оны 05 сарын 16-ны өдөр 200.000 төгрөг дансаар шилжүүлсэн, 2022 оны 05 сарын 30-ны өдөр мөн дансаар 50.000 төгрөг шилжүүлсэн. Улмаар би Б.Гт сорвины тос зэрэг зүйлсийг авч өгсөн. Б.Г миний дээр гарч хоолой боох үед ухаан балартаж надад би энэ хүний доороос гарахгүй бол үхэх юм байна гэж бодоод аргагүй байдлаас биед нь хөнгөн гэмтэл болгоомжгүй учруулсан. Тиймээс санаатайгаар биед нь уруулсан зүйл байхгүйгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

   Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Б.Г-ийн зүүн хацар, зүүн мөрний дээд хэсэгт, цээжний зүүн хажууд, зүүн өвдөгт зүсэгдсэн шарх, дагз хэсгийн хуйханд, зүүн хацар, баруун, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Зүүн хацар, зүүн мөрний дээд хэсэгт, цээжний зүүн хажууд, зүүн өвдөгт зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн хацар, зүүн мөрний дээд хэсэгт, цээжний зүүн хажууд, зүүн өвдөгт зүсэгдсэн шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Б.Гийн биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүйгэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ш нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Гийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “Б.Ш надаас уучлал гуйж, өөрийн үйлдлээ ухамсарлан эмчилгээний зардалд нийт 1.000.000 төгрөг өгч барагдуулсан тул надад гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгч Б.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ш нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт 3 жил 1 сар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 54, 91-94 дэх тал)-аар тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэх үед шүүгдэгч Б.Ш 0.54%-ийн согтолттой байсан болох нь согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 77-78 дахь тал)-ээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Ц.Бийн өгсөн:  “Зан байдлын хувьд их тайван, тогтуун уг дуу цөөтэй, эелдэг, тусархаг сайн чанар ихтэй, шударга залуу байдаг, найз нар дундаа нэр хүнд сайтай, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаггэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), Гэрч Б.Бын өгсөн:  “Би Б.Штай 2011 онд анх танилцаж найзуудын холбоо хамааралтай болсон. Улмаар Б.Ш нь хаана төрсөн талаар мэдэхгүй байна өдий хүртэл найзалж ирсэн бөгөөд одоогоор эхнэр Б болон 2-9 насны 3 хүүхдийн хамт Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 2 өрөө байранд амьдардаг. Мөн түүний эхнэр Бтай би Улаангом сумын Цогцолбор 4-р сургуульд багшилдаг, Ш нь одоо АЗЗА-д мэргэжилтэн хийдэг, мөн адил сайн найз сайн танилууд юм. Мөн Б.Ш зан байдлын хувьд илүү дутуу, ааш авир байхгүй, өөрийнхөөрөө хүнд туслаад явж байдаг, их тусч сайхан сэтгэлтэйгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)-үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, прокурорын гаргасан саналыг харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х овогт Бын Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Шт 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Б.Шт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ