Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0357/Э |
Дугаар | 2022/ШЦТ/381 |
Огноо | 2022-04-11 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/381
2022 04 11 2022/ШЦТ/381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: П.Бямбасүрэн,
Шүүгдэгч: М.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2209000000454 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.О, /РД: /, 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” нэртэй караокед бармен ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Орхон аймаг, ............тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн .......... тоотод оршин суух, урьд нь:
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.О-ыг ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн ............ орцонд хохирогч Э.С-тэй үйлчилгээний газарт танилцаж гэрт нь хүргэж өгөх зэргээр итгэлийг нь урвуулан ашиглан “нэг дугаар руу утсаар чинь ярьчхаад өгье” хэмээн хуурах аргаар ай фоне 13 загварын ягаан өнгийн гар утсыг нь авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч бусдад 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн 2209000000454 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дүгээр хуудас/,
Хохирогч Э.С-н “....2022 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 01 цагийн орчимд ажлын хүмүүсийн хамт ........ бааранд ороод бааранд бүжиглэж байгаад өөрийгөө О гэж танилцуулсан залуутай 04 цаг 10 минут орчимд гараад хамт Сүхбаатар дүүргийн .......... дүгээр орцонд цуг ороод О гэх залуу намайг гар утсаа өгч байгаач гэхээр нь би өөрийн гар утсаа өгтөл нөгөө залуу миний гар утсаар нэг дугаар руу залгаж байгаад миний гар утсыг аваад орцноос гараад гүйсэн, би араас нь гартал ямар ч миний гар утсыг авсан залуу байхгүй болчихсон байсан, хажуу орцны үүдэнд зогсож байсан 4 залуугийн гар утсыг гуйж аваад 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Ай фоне 13 загварын ягаан өнгийн гар утас байсан кейсгүй байсан..... тус залууд гар утсаа өгсөн барьсан зүйл байхгүй, уг залуу нь утсаараа яриулаад өгөөч гэж гуйхаар нь утсаа өгтөл нэг дугаар руу залгаж байгаад миний утсыг аваад гүйсэн, араас нь гүйгээд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.О-ын яллагдагчаар өгсөн “....Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” нэртэй бааранд өөрийн танил хуурай ах С, Н нартай хамт орсон...тухайн бааранд бүжиглэж байхдаа Солонго гэх эмэгтэйтэй танилцсан..би уг эмэгтэйтэй байрных нь орц руу орсон. Тэгээд уг эмэгтэйтэй орцонд нь юм ярьж хэсэг хугацаанд зогссон. Тэгээд би гэртээ харих гээд такси дуудах гэхэд миний гар утас унтарсан байсан болохоор уг эмэгтэйн гар утсаар нь такси дуудлагын дугаарын утас руу залгасан...Тухайн үед надтай танилцсан эмэгтэй надад маш их таалагдсан учраас маргааш нь уг эмэгтэйтэй уулзах гээд утсыг нь аваад таксинд суугаад яваад өгсөн.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр М.О-аас айфоне 13 загварын гар утсыг хураан авав..” гэсэн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Э.С-д айфоне 13 загварын ягаан өнгөтэй гар утсыг хүлээлгэн өгөв..” гэсэн тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гар утасны ярианы жагсаалт /хх-ийн 30 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.750.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73, 82 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 43-72 дугаар хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 74-79 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн .......... орцонд танилцаад удаагүй хохирогч Э.С-тэй үг яриа өдөөж улмаар гэрт нь хүргэж өгөхөөр түүний итгэлийг нь урвуулан ашиглаж “утсаар чинь нэг дугаар руу ярьчихаад өгье” хэмээн хуурах аргаар “Ай фоне 13” загварын ягаан өнгийн гар утсыг нь өөрийн мэдэлд шилжүүлэн бусдад 2.750.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь шүүгдэгч М.О-ын мэдүүлэг, хохирогч Э.С-н мэдүүлэг, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл М.О нь хохирогчид “гар утсаар чинь нэг дугаар руу ярьчхаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын танил харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.С-н гар утсыг авч түүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч М.О-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хохирогч Э.С-с “...миний бие гар утсаа бүрэн бүтэн буцаан авсан тул ямарваа нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 88/ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн, хохирогч гар утсаа буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хх-ийн 29/ нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч М.О-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.О-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН