Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/382

 

 

 

 

 

 

   2022          04         11                                    2022/ШЦТ/382

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

            Улсын яллагч: Д.Даваадорж,

            Шүүгдэгч: О.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2209000000307 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

О.Э /РД: /,

2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “.....” Их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. 

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” гэх нэртэй зочид буудалд хохирогч О.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд “...баруун хоншоор ясны урд хана, баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “.... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Эрүүгийн 2209000000307 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  4 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16, 37-38 дугаар хуудас/,

           

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

           

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Э-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2035 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” гэх нэртэй зочид буудалдөөрийн танил ах Д.Д-г өмөөрч” хохирогч О.А-тай зүй зохисгүй харьцаж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд “...баруун хоншоор ясны урд хана, баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч О.А-н “...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-нд шилжих шөнө найзууд болох О, Д, Б нартай уулзан хүнсний 4 дүгээр дэлгүүрт байршилтай “.....” гэх нэртэй зочид буудалд орсон юм. Тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба 1 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан. Тэгээд согтоод дахиж нэмж уусан. Тухайн үед биеэ хянах чадваргүй болоод унтаад сэрсний дараа найз Д-тэй ам мурийгаад ноцолдож байхад хажуунаас нэг хүн нүүрэн тус газар цохих шиг болсон. Тухайн үед хамарнаас цус гоожсон. Тэгээд маргааш нь 09 цагийн орчим сэрээд Гэмтлийн эмнэлэг орсон ба тэнд эмчлэхгүй гээд өөр эмнэлэгт үзүүлсэн. Тэр оройноо цагдаагийн байгууллагад хандсан....Намайг нүүрэн тус газар 2 удаа цохисон...хамар хугарсан..цохиж зодсон асуудал дээр гомдолтой байна...хамрын муруй засах хагалгаанд орох заалттай байгаа...Э надад үзлэг шинжилгээний төлбөр болох 200.000 төгрөг өгсөн байгаа. Цаашдаа ч эмчилгээний төлбөр тодорхой болохоор өгнө гэсэн...Эмчилгээний төлбөр тодорхой болохоор Э-с авахаар тохиролцсон байгаа. Бид хоёр ойлголцсон..” гэсэн мэдүүлэг, 

           

Гэрч Г.Б-н “... Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд ажлын газрын найз А, О, О-н үеэл дүү Д нарын хамт Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талд байрлах “Hotel” гэсэн бичигтэй буудалд орж, улмаар 3 дугаар давхарт 1 ортой өрөө захиалан орж 1 литрийн “Соёрхол” нэртэй архи 2 шилийг уусан. Би эхний шил архийг уугаад нэлээд согтсон ба ариун цэврийн өрөөнд орж бөөлжөөд гарч ирэхэд Д-н найз М /О.Э/ ирсэн байсан. Мөн А, Д хоёр маргалдаж байхаар нь бид нар салгаад тайвшруулаад суулгасан. Тэгтэл Мэндээ Д-г өмөөрч А-н нүүрэнд 2 удаа гараараа цохьсон. Тэгээд А хамраа бариад суусан. Салгасны дараа А-н хамарнаас цус гарчихсан байсан. Үүний дараа Д, М хоёр гараад явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Д-н  “...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд найз А, О, түүний дүү Б нарын хамтаар Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн чанх хойно байрлах “Hotel” гэсэн бичигтэй буудалд орж, улмаар 3 дугаар давхарт 1 ортой өрөөг 3 цагаар нь захиалсан. Тэгээд тус газарт 1 литрийн “Соёрхол" нэртэй архи 1 ширхгийг, “Сэнгүр” нэртэй пиво 1 ширхэгийг уусан. Ууж байгаад нэлээд муудаад байж байтал А ганцаараа хажуу өрөөний хөгшин ах нартай муудалцаад байсан. Тэр үед гаднаас манай таньдаг дүү болох Э орж ирсэн. тэгээд бид хэд ууж байх хооронд А унтаж байгаад босч ирээд коридор руу гарах гэхээр нь би болиулахад тэрээр надтай муудалцсан. Тэрээр намайг боож унагаасан. Тэр үед О, Б нар намайг дээрээс дараад авсан. Тэгтэл Э гарах гэж байхад А-н нүүрэн тус газар 2 удаа цохисон..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Э-ийн “....Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн өдрөө тэмдэглээд найз С-н хамт явж байсан юм. Тэгээд Д гэх хуурай ах маань намайг Ардын эрхийн автобусны буудлын зүүн талд байрлах “Содон” гэх нэртэй зочид буудалд дуудсан. Тэгэхээр нь би ганцаараа очсон ба намайг очиход 4 хүн байсан. Тэнд Д ахын ах нь болох О, түүний ахын нэрийг нь мэдэхгүй хоёр найз байсан. ...Тэгтэл Д ах А гэдэг ахтай муудалцаж, улмаар Д ах ор руу унасан. Тэр үед О, О гэх хоёр ах Д ахыг тэврээд зуураад байсан юм. А нь Д ахыг дээр нь гарсан зодох гээд байхаар нь би түүнийг арагш татсан. Тэр үед А нь намайг тохойгоороо эрүү рүү цохисон. Би тэр үед эргүүлж нудраад баруун гараараа заамдалцаж байгаад хажуу талаас нь 2 удаа шанаа, нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд Д ахыг аваад тэр газраас гараад түүний байрны харалдаа очсон. ...Би бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2035 дугаартай: 1. О.А-н биед баруун хоншоор ясны урд хана, баруун ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. 

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь “өөрийн танил ах Д.Д-г өмөөрч” хохирогч О.А-тай маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэсэн болохыг хохирогч О.А, гэрч Г.Б, Д.Д, шүүгдэгч  нараас тус тус мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч О.Э нь хохирогч О.А-г цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас О.А-н биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Р.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

                           

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогч О.А нь  200.000 төгрөг авсан /хх-ийн 37-38/ байх тул шүүгдэгч О.Э-ийг хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч О.А нь “...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..” гэж мэдүүлсэн байх тул цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч О.Э-ийг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлын талаар хохирогч О.Агаас шүүгдэгч О.Э-д холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН