Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/256

 

                                 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэбилэгийн Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 2138002740520 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт 2021 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө иргэн ******************байхдаа шөнийн 03-04 цагийн үед хохирогч ******************нүүр рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь хамрын дээвэр ясны хугарал, баруун зовхи, зүүн нүдний алим, зүүн шанаа, хамарт, доод уруулд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт 2021 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө иргэн ******************байхдаа шөнийн 03-04 цагийн үед хохирогч ******************нүүр рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь хамрын дээвэр ясны хугарал, баруун зовхи, зүүн нүдний алим, зүүн шанаа, хамарт, доод уруулд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138002740520 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний уур хүрээд нүүр рүү нь гараараа ганц л удаа цохисон...Би ****************** биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг мэдэхэд нэг залуу энэ хаанахын хулгайч унтаж байгаа юм гээд том, том дуугараад байсан. Би хөлчүү залуу байна гэж бодоод айгаад босож чадахгүй хэвтэж байгаад шээс хүрээд байхаар нь арга буюу босоод Баттөмөрийн тавьж өгсөн байсан шээсний савыг аваад үүд рүү нь болоод шээж байтал тэр залуу шууд ирээд намайг зүүн нүд рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би шууд манараад нүднээс цус гоожоод унасан. Тэгтэл миний хөл рүү хальт, хальт ганц хоёр удаа өшиглөж байсан. Чи манай дүүгийн гэрт шээж баадаг ямар эрхтэй хулгайч вэ гээд том дуугарч байсан. Баттөмөр боль гээд салгасан. Тэгээд би тэндээ хоносон. Тэр нөхөр шөнө гараад явсан. Намайг бол ална шүү гээд л том дуугараад байсан. Баттөмөр байгаагүй бол би зодуулж үхэх байсан байх. Би тэр залууг цохиж зодоогүй. Миний нүд толгой өвдөж байгаа, бусдаар гайгүй байна. Би зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-28-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************** ах халамцуу, орой үдэш байсан болохоор би ахыг манайд очиж хоно гээд гэртээ дагуулж ирсэн. Тэгээд баруун талын орон дээр ор засаж өгөөд шөнө шээдэг гэхээр нь шээсний хувин бэлдэж урьд нь тавьж өгсөн. Тэгээд унтаж байтал шөнө манай хадам ах Лхагваа гаднаас орж ирсэн байсан. Би орж ирэхийг нь мэдээгүй, эрэгтэй хүн том, том дуугараад байхаар нь сэрээд харахад Лхагваа ах ороод ирчихсэн ****************** өвгөнийг зодож байсан. Орон дээр хэвтсэн байдалтай байхад нь Лхагваа ах дээрээс нь гараараа цохиод байсан. Би юу болж байна аа гээд босоод салгасан чинь нүд рүү нь цохчихсон байсан. ****************** өвгөний нүднээс цус гарч байсан. Лхагваа ах тэгээд гараад явсан. ****************** өвгөн манайд хоноод өглөө цагдаа дээр ирж байгаа нь энэ юм. Юунаас болсныг нь мэдэхгүй зодсон л байсан. Лхагваа ах өөрөө халамцуу байсан. ****************** өвгөн манайд ирэхдээ нүүр ам нь шарх гэмтэлгүй зүгээр байсан. Шөнө манайд Лхагваа ах л орж ирж тийм асуудал болоод гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 464 дугаартай:

  1. ******************биед хамрын дээвэр ясны хугарал, баруун зовхи, зүүн нүдний алим, зүүн шанаа, хамарт, доод уруулд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий гэмтэл тогтолдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  3. ******************биед үүссэн хамар ясны хугарал, зовхи, нүдний алимны цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 35-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46-48-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2138002740520 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт 2021 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө иргэн ******************байхдаа шөнийн 03-04 цагийн үед хохирогч ******************нүүр рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь хамрын дээвэр ясны хугарал, баруун зовхи, зүүн нүдний алим, зүүн шанаа, хамарт, доод уруулд цус хуралт, чихэнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ******************(хх-ийн 25-28-р хуудас), гэрч ******************(хх-ийн 29-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 464 дугаартай дүгнэлт (хх-ийн 35-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.****************** нь эмчилгээний зардал нэхэмжилж байх боловч хэрэгт хохирлын талаар авагдсан баримт байхгүй байх тул хохирогч Д.****************** нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ******************гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь урьд 2003 онд Эрүүгийн хуулийн ангийн 145 дугаар зүйлийн 3, 261 дүгээр зүйлийн 2-д зааснаар 5 жил 5 хоногийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******************д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138002740520 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2138002740520 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.****************** нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ******************гээс нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР