Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0394

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч П.Э

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: ТА-н АСЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “MV-017411 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар албан бичиг гаргаж өгөхгүй байгаа Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, MV-017411 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 114,3 га талбайгаас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй үлдсэн 72,5 га талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжих эсэх саналыг зохих журмын дагуу гаргахыг хариуцагч сумын Засаг даргад даалгах”

 байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжих эсэх саналыг зохих журмын дагуу гаргахыг хариуцагч сумын Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 123/ШШ2023/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн С.Номуунаа

Хэргийн индекс: 123/2023/0025/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь ТА-н АСЗДд холбогдуулан “MV-017411 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар албан бичиг гаргаж өгөхгүй байгаа Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, MV-017411 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 114,3 га талбайгаас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй үлдсэн 72,5 га талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжих эсэх саналыг зохих журмын дагуу гаргахыг хариуцагч сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 123/ШШ2023/0004 дүгээр шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт тус тус баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунжаргал давж заалдах гомдолдоо “Төв аймгийн Алтанбулаг сумын засаг даргын байгаль орчны үнэлгээ хийхээс татгалзсан үйлдэл нь хуульд заасан үндэслэл бүхий байгаа тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-т "Газар зохион байгуулалт геодези...уг албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцахгүй талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай заагаагүй байх тул хариуцагчийн тайлбарууд үндэслэлгүй байна..." гэж дүгнэсэн. Гангар Инвест ХХК нь МѴ017411 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон 114.36 га талбай дээр байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн санал авах хүсэлтийг гаргасан байдаг. Тус хүсэлтийг шийдвэрлэхдээ Алтанбулаг сумын засаг дарга нь Монгол улсын засгийн газрын 2021 оны 10 сарын 06-ны 307 тогтоолыг үндэслэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журмын 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж, ашиглуулах" мөн хуулийн 5.1.2-т "Тухайн газраас иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлж, эзэмшүүлэхгүй байх"-р заасныг баримтлан Гангар Инвест ХХК-ийн МѴ017411 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгосон 114.36 га талбайгаас улсын тусгай хэрэгцээнд 41 га талбайг дайчлан авч Гангар Инвест ХХК-ийн MV017411 дугаартай тусгай зөвшөөрөл дээр давхцал үүссэн байгаа тул байгаль орчны ерөнхий үнэлгээг 114.36 га талбай дээр дэмжсэн санал өгөхөөс татгалзах үндэслэлтэй байсан. Мөн Алтанбулаг сумын засаг дарга нь дээрх хүсэлтийг татгалзсан хоёрдох үндэслэл нь Монгол улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшлийн 41 га талбайг улсын тусгай хэрэгцээнд дайчлан авч байгаатай холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 1/519 дугаартай албан бичгээр "... Тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байгаа газрын хил зааг дотор шинээр газар олголт хийхгүй, эрх зүйн харилцаа үүсгэхгүй, нэр шилжүүлэх болон талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгахгүй байх"-ыг Алтанбулаг сумын Засаг даргад үүрэг болгосон. Тус тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хариуцагч нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 1.1-д "Хууль тогтоомж, Засгийн газар болон харьяа дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх" гэж заасны дагуу Гангар Инвест ХХК-ийн МѴ017411 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон 114.36 га талбайд байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх саналаас татгалзсан. Үүнээс гадна Гангар Инвест ХХК-ийн MV017411 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон 114.36 га талбай нь багийн нийтийн хурлын саналыг үндэслээд сумын засаг дарга малчдад болзол болгож өгсөн Баянхангай, Аргалант, Сэргэлэн сумын 80 гаруй малчин өрхийн 480 мянган мал бэлчдэг талбайтай давхцаж байсан тул байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх саналыг татгалзсан бөгөөд тухайн бэлчээрийн бүс нутгаас тус талбайг чөлөөлөх эрх нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. Хэрэв үүнийг үл хайхран тухайн талбайд байгаль орчны үнэлгээ хийлгэхийг дэмжсэн санал өгсөн бол тухай 480 мянган мал, 80 гаруй малчин өрх айлын бэлчээрийн талбайд халдаж хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж эхлэх байсан. Иймд дээрх гурван үндэслэлээр Алтанбулаг сумын засаг дарга нь байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх саналаас татгалзах хууль, журамд заасан үндэслэл байсан боловч анхан шатны шүүх энэ үндэслэлүүд дээр үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр тухайн газар дээр байгаль орчны үнэлгээ хийлгэхийг даалгасан шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

МѴ017411 тусгай зөвшөөрөлд холбогдох төрийн байгууллагаас өөрчлөлт ороогүй байхад байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар санал өгөхийг даалгасан шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байгаа тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9. "... Нэхэмжлэгчийн MV-017411 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. "гэж дүгнэсэн. Гэтэл Гангар Инвест ХХК-д ашигт малтмалын газраас МѴ017411 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон 114.36 га талбай дээр байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн бичиг авахыг хүссэн болохоос 72.5 га талбай дээр дэмжсэн бичиг авах хүсэлт гаргаж байгаагүй. Мөн 2021 оны 10 сарын 06-ны Монгол улсын Засгийн газрын 307 дугаар тогтоолоор 41 га талбайг улсын тусгай хэрэгцээнд дайчлан авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд уг талбайн хувьд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болно" гэж заасны дагуу нэхэмжлэгчид олгосон 114.36 га талбайгаас улсаас тусгай хэрэгцээнд авсан гэсэн үндэслэлээр 41 га талбайн тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлтэй. Харин нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 114.36 га талбайгаас дайчилгаанд авсан 41 га газраас бусад 72.5 га талбайг өөрийн үйл ажиллагаандаа үргэлжлүүлэн ашиглаж болохоор байсан ба энэ талаар Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т "Энэ хуулийн 55.2-55.4-т заасан шаардлага хангасан бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусгах бөгөөд ингэснээр талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөнд тооцно" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл дээрээ өөрчлөлт оруулан 72.5 га талбай болгосныхоо дараа байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх саналыг Алтанбулаг сумын засаг даргад гаргах боломжтой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн маргаан бүхий тусгай зөвшөөрөл дээр өөрчлөлт оруулах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллагад нэхэмжлэгч нь гаргаагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дахин гаргахдаа тусгай зөвшөөрөл дээрээ шүүхээс холбогдох төрийн байгууллагаас 72.5 га болгон өөрчлүүлэхээр даалгах агуулга нэмж оруулаагүй. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын газраас олгосон МѴ017411 дугаартай тусгай зөвшөөрөл дээр эзэмшиж буй талбайн хэмжээг өөрчлөн 72.5 га болгож тусгай зөвшөөрөл дээр өөрчлөлтийг тусгуулах тухай хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад гаргаагүй буюу энэ ажиллагаа хийгдээгүй, тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй юм уу эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юу аль эсвэл шинээр 72.5 га талбай дээрээ тусгай зөвшөөрөл авах уу гэдэг нь ойлгомжгүй шийдвэрлэгдээгүй үлдсэн бөгөөд ашигт малтмалын газрын хүчин төгөлдөр 114.36 га талбай олгосон захиргааны акт байсаар байхад Шүүхээс хүчээр 72.5 га талбай дээр байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь Гангар инвест ХХК нь 114,36 га талбай дээр тусгай зөвшөөрөлтэй хэвээр үлдэж тухайн газраас 41 га талбайг төр бодитоор ашиглаж, Гангар инвест ХХК-ын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байхаар хоёр үзүүртэй ойлгомжгүй байдлаар шийдвэрлэж байгаа нь захиргааны ерөнхий хуульд заасан "хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохироосон үндэслэл бүхий шийдвэр гаргасан" гэж заасан үндсэн зарчимд нийцэхгүй байна.

Шүүх буруу хуулийг үндэслэл болгосон тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8. "Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.1- 35.3.7-д заасан баримт бичгийг уурхай дээр байлгана..." гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрөл бүхий талбай байршиж буй нь сумын Засаг дарга тухайн талбайд байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхэд санал өгөх бөгөөд санал өгөхөөс татгалзсан тохиолдолд ийнхүү татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байх шаардлагатай болно" гэж дүгнэжээ. Гэвч нэхэмжлэгчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл болон түүнд хамаарах эрх нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах атал шүүх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж буй нь тухайн харилцааг зохицуулж буй хэм хэмжээг буруу сонгон хэрэглэсэн байна. Энэ нь шүүгч Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж буй харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар зохицуулагдаж буй харилцаатай хольж шүүхийн шийдвэрт тусгасан байна. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх хэсгийг үндэслэж засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь тус хуулийн зохицуулалт энэ харилцаанд хамаарахгүй бөгөөд аймаг нийслэлийн засаг даргын эрх хэмжээг хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Гангар Инвест ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 24-ний өдрийн 123/ШШ2023/0046 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий, хуульд үндэслэсэн байх гэсэн үндсэн зарчимд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,

3.2. Хариуцагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр давж заалдах гомдолдоо “Нэхэмжлэгч болох “Г” ХХК нь Ашиг малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 454 дугаар шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, "Бөхөгийн хөндий-3" нэртэй газарт 114,36 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-017411 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авсан. Ингээд Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/123 дугаар захирамжаар “Г” ХХК-д тус сумын 2 дугаар багийн нутаг Бөхөгийн хөндий гэх газарт 114,36 га газрыг уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, газар эзэмших гэрээ байгуулсан. Уг газарт уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ашиглаж үйл ажиллагаа явуулахын тулд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ашигт малтмал хайх, ашиглах, төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.". Мөн хуулийн 7.3-т "Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ." гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 114,36 гектар талбайд байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх шаардлага бий болсон. Дээрх хуульд заасан шаардлага хангахын тулд “Г” ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 03-нд 01/417 дугаар албан бичгээр ТА-н АСЗДд "Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх" хүсэлтийг гаргасан байдаг. Гэвч тус газар нь Монгол улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" 307 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 19390.4 га газрыг үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан. Улсын тусгай хэрэгцээнд авсан 19390.4 га газарт газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авахад шаардагдах зардлын хэмжээ, газар чөлөөлөх хугацааг тохиролцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Төв аймгийн Засаг дарга нарт даалгаж Монгол улсын Засгийн газраас тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Ингээд Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/35 дугаар албан тоот, 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/100 дугаар албан тоотоор "Тус сумын 2-р багийн нутаг Бөхөгт МҮ-017411 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Гангар Инвест ХХК-ий ашиглалтын талбай нь Монгол улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаар тогтоолоор Богдхан төмөр замын бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалттай улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай байна. Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжих боломжгүй болно" гэсэн шийдвэрийг хүргүүлсэн. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т "Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж байна." гэж заасан нь Монгол улсын Засгийн газраас иргэн, хуулийн этгээдээс эзэмшил болон өмчлөлд байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авч болох талаар зохицуулсан. Тусгай хэрэгцээний газар гэж мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газар" гэж тодорхойлсон. Хэрэв хуулийн этгээдээс эргүүлэн тусгай хэрэгцээнд авч байгаа газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бол нарийвчилсан харилцааг Монгол улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам"-аар зохицуулдаг. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.7-д "Улсын тусгай хэрэгцээнд авах газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн газартай давхацсан тохиолдолд нөхөн олговор олгох асуудлыг ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран холбогдох хуульд заасан журмын дагуу тооцно.", 5 дугаар зүйлийн 5.1.2-т "тухайн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар өмчлүүлж, эзэмшүүлэхгүй байх," талаар зохицуулсан. Хэрэв ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан бол тусгай зөвшөөрөл хэрхэх талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т "хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн;" гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцална гэж зохицуулсан. Тусгай зөвшөөрөл бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн олговор хэрхэх талаар тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 зэрэг заалтуудаар тус тус зохицуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо "Ашигт малтмалын газраас олгосон MV-017411 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар албан бичиг гаргаж өгөхгүй байгаа Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох. MV-017411 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ" хийлгэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Засаг даргад даалгах тухай" гэж 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/361 дугаар нэхэмжлэлд дурдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс "...Нэгэнт улс орны бүтээн байгуулалт, том төсөл хэрэгжиж байгаа учраас манай компанийн зүгээс Богдхан төмөр замын хамгаалалтын зурвас орсон газар дээр маргаан үүсгэхгүй, хамгаалалтын зурваст ороогүй бусад хэсэгтээ үйл ажиллагаа явуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодруулж байна. Өөрөөр хэлбэл бид Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Бөхөгийн хөндий-3 гэх газарт 114.36 гектар талбайтай, ашигт малтмалын газраас олгосон MV-017411 дугаартай "Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл” бүхий талбайгаас 41.8 га газар буюу давхцалтай байгаа газраа хасуулж үлдэх 72,5 га талбай дээрээ үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна." гэх цаасыг шүүхэд гаргаж өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд төлөөлөгчийн бүрэн эрхийг тусгасан бөгөөд 28.2.3-т “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах; нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсвэл багасгах" эрхийг хуулиар олгосон. Гэвч шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэсэн цаасыг ямар эрх зүйн баримт бичиг болохыг дурдаж дүгнэлт өгөлгүй 72,5 га талбай дээр байгаль орчны ерөнхий үнэлгээ хийхийг даалгах шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоож шийдвэрлэж чадаагүй. Шүүхийн шийдвэрийн 5 дугаар хуудас Үндэслэх хэсгийн 2.1 дүгээр заалт "Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 454 дугаар шийдвэрээр “Г” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, “Бөхөгийн хөндий-3" нэртэй газарт 114,36 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-017411 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилээр олгосон." хүчин төгөлдөр захиргааны акт байна гэж дүгнэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т захиргааны байгууллагын үйл ажиллагааны хэлбэр нь захиргааны акт байна. Өөрөөр хэлбэл шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 454 дугаар захиргааны акт хүчин төгөлдөр хэвээр байна гэж дүгнэсэн. Гэтэл тус акт хүчин төгөлдөр хэвээр, ямар нэгэн өөрчлөлт ороогүй 114,36 гектар талбай байхад шүүхээс голоор нь хувааж 72,5 га талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шийдвэр гаргав. Нэхэмжлэгч 114,36 га талбайн зарим хэсэг улсын тусгай хэрэгцээнд орж байгааг мэдсэн даруй төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 454 дугаар шийдвэрээр “Г” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, “Бөхөгийн хөндий-3" нэртэй газарт 114,36 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-017411 дугаартай тусгай зөвшөөрлийг хэрхэх талаар эхэлж шийдвэрлэх ёстой байсан. Шүүхийн зүгээс энэ урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дээрх дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хийх ёстой байсан ч хийлгүйгээр, нэхэмжлэлд дурдагдаагүй хүчин төгөлдөр захиргааны актыг шууд голоор нь хувааж шийдвэрлэж байгаа нь хуульд үл нийцэж байна” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас “MV-017411 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг дэмжсэн эсэх талаар албан бичиг гаргаж өгөхгүй байгаа Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, MV-017411 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 114,3 га талбайгаас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй үлдсэн 72,5 га талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжих эсэх саналыг зохих журмын дагуу гаргахыг хариуцагч сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ТА-н АСЗДд холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 454 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Г” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах “Бөхөгийн хөндий-3” нэртэй газарт 114,36 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-017411 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилээр эзэмшүүлсэн байна.

3.2. “Г” ХХК-иас 2020 онд 01/153, 01/224, 01/225, 01/388, 01/436 тоот, 2021 онд 01/233, 01/300, 01/548, 01/890 тоот, 2023 оны 7 дугаар сард 01/417 тоот албан бичгүүдээр тус тус “... ашигт малтмалын ашиглалтын MV-017411 дугаар тусгай зөвшөөрөлтэй 114,36 гектар талбайд 2017 онд байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэсэн, тус үнэлгээний хугацаа дууссан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар дахин үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа тул тухайн орд газар дээр ерөнхий үнэлгээ хийлгэхэд дэмжих бичгийг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Алтанбулаг сумын Засаг дарга, мөн Тамгын газарт гаргаж байжээ.

3.3. Хариуцагч ТА-н АСЗДас дээрх хүсэлтүүдэд хариу өгөөгүй. Харин 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/35 тоот, 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/100 тоот албан бичгээр “... тус сумын 2 дугаар багийн нутагт MV-017411 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г” ХХК-ийн ашиглалтын талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаар тогтоолоор Богдхан төмөр замын бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай. Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжих боломжгүй” гэсэн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна.

4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ”, 7.1.1-д “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”, 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, 7.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж тус тус заасан.

4.1. Хуулийн дээрх заалтаас үзвэл төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжээс гаргасан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авах, үнэлгээ хийх эсэхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, эсхүл харьяалах байгаль орчны алба шийдвэрлэхээр байх бөгөөд энэ тохиолдолд сумын Засаг даргаас байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх санал өгснөөр тухайн талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа шууд явуулж болохоор хуульчлаагүй байна.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Засаг даргаас байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхээс татгалзсан үндэслэл нь Монгол Улсын Засгийн 2021 оны 307 дугаар тогтоолоор Богдхан төмөр замын төсөл хэрэгжүүлэх зориулалтын улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай бөгөөд Засгийн газраас ашигт малтмал ашиглах талаар чиглэл ирүүлээгүй ... мөн тухайн газарт Баянхангай, Аргалант, Сэргэлэн зэрэг сумдын 80 гаруй малчин өрхийн 480 мянган мал бэлчдэг бөгөөд бэлчээрийн бүс нутгаас чөлөөлөх эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна ...” гэж тайлбарлаж байна.

4.3. Гэтэл нэхэмжлэгчээс “... тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй үлдсэн 72,5 га талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн саналыг зохих журмын дагуу гаргуулахыг хүсэж байгаа” гэж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... тусгай зөвшөөрлийн талбайгаа давхацсан хэсгээр нь багасгаж ирсэн тохиолдолд санал өгөх боломжтой...” хэмээн тайлбарлаж байгаагаас үзэхэд анхан шатны шүүх давхцаагүй хэсэг дээр нь холбогдох журмын дагуу санал өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь буруу биш. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “1. Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд дайчлан авсан газартай “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр ашиглаж буй 114,36 га газрын 41 га талбай нь давхцалтай байсан тул байгаль орчны ерөнхий үнэлгээг 114,36 га талбай дээр дэмжсэн санал өгөхөөс татгалзах үндэслэлтэй байсан, 2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн албан бичигт “тусгай хэрэгцээнд авах газарт шинээр газар олголт хийхгүй, эрх зүйн харилцаа үүсгэхгүй, нэр шилжүүлэх болон талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгахгүй байх”-ыг Засаг даргад үүрэг болгосон учраас татгалзсан” гэжээ.

5.1. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/519 тоот “... Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ... тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байгаа газрын хил, зааг дотор танай сумын 2021 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ... ашиглалт олборлолт явуулж буй талбай байна. Иймд Засгийн газрын тогтоол, шийдвэр гартал тухайн газар болон тэр орчимд нь шинээр газар олголт хийхгүй, эрх зүйн харилцаа үүсгэхгүй, нэр шилжүүлэхгүй болон талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгахгүй байх” гэсэн агуулга бүхий албан бичгийг ТА-н АСЗДд хүргүүлжээ.

5.2. Дээрх албан бичгээс үзвэл хариуцагч Алтанбулаг сумын Засаг даргад улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байгаа газарт шинээр газар олголт хийхгүй, эрх зүйн харилцаа үүсгэхгүй, нэр шилжүүлэхгүй болон талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгахгүй байхыг мэдэгдснээс биш ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглосон, тэр дундаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж болохгүй гэсэн агуулгагүй байна.

5.3. Түүнчлэн,  нэхэмжлэгчээс байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхтэй холбоотой санал гаргуулах хүсэлтээ анх 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/153 тоот албан бичгээр буюу Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоол, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/519 тоот албан бичиг гарахаас өмнө гаргасан байхад дээрх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан тайлбар үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана”, 7.4.3-д “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх” гэж тус тус зааснаас үзэхэд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх нь байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах үндсэн зорилготой бөгөөд цаашлаад ерөнхий үнэлгээний дүгнэлт хэрхэн гаргахаас хамаарч төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааны хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх боломжтой бөгөөд энэ нь хариуцагчийн байгаль орчны үнэлгээ хийлгэх санал өгөхөөс татгалзах нэг үндэслэл болсон байгаль орчноо хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, улмаар дүгнэлт, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм.

Иймд гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:                                      

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 123/ШШ2023/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ