Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0445

 

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0445

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: иргэн Д.Ц

Хариуцагч: У газар

Нэхэмжлэлийн шаардлага: Т ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон тухай, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан гэх Т ХХК-ийн дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нарыг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д Ц миний бие 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Т ХХК-ийг /РД:6774047/ үүсгэн байгуулж, цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Улмаар Тр ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаар шийдвэрээр тус компанийн хувьцааны 95 хувийг иргэн Б.М-д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэхээр болсон.

Гэтэл бүртгэлийн байгууллага тус компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хууль зөрчин хүлээн авч, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэмд тус тус өөрчлөлт оруулах бүртгэлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хууль зөрчин хийсэн байна

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл-ийг /УБ-05/ би биечлэн гаргаагүй, гарын үсэг зураагүй харин өөр этгээд миний өмнөөс гарын үсэг зурсан, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Б-д олгосон итгэмжлэлийг би үйлдээгүй, гарын үсэг зураагүй байхад бүртгэлийн ажилтан хүлээн авч, баримт бичгийг олгосон.

Тодруулбал Т ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг /УБ-05 маягт/ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний огноогоор тус компанийн хувьцаа эзэмшигч Д. Ц-ийн нэрээр гаргасныг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 223 дугаартай Өргөдөл хүлээн авах хуудас /А хэсэг/-аар /УБ-10 маягт/ улсын бүртгэгч М.М гарын үсэг зуран, тэмдэг дарж, хүлээн авсан.

Уг өргөдөлд хавсаргасан хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Т ХХК-ийн хувьцааны 95 хувийг Б.М-д бэлэглэлээр шилжүүлсэн, компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай өргөдөлд Д.Ц 95 хувийн хувьцаагаа бэлэглэх гэрээгээр Б.М-д шилжүүлэх гэж, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаартай шийдвэр, тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өргөдөлд /УБ-05/ компанийн хувьцааны 95 хувийг хувьцаа бэлэглэх гэрээгээр Б.М-д шилжүүлэх шилжүүлэгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бэлэглэх гэж заасан байхад өөр төрлийн гэрээнүүд буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг зөрчилтэй баримт бичгийг бүртгэлийн байгууллага хүлээн авчээ.

Талуудын хооронд хувьцаа бэлэглэх гэрээг бичгээр бус, амаар байгуулан, бодит үйлдлээр биелүүлсэн тул уг гэрээг бичгээр шүүхэд гаргаж өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй .

Түүнчлэн Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх компанийн шинэчилсэн дүрэм дээрх гарын усгийг би зураагүй, миний гарын үсгээс илт зөрүүтэй байхад, нягталж шалгахгүйгээр бүртгэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ мөн хуулийн 276 дугаар зүйлд заасан Бэлэглэх гэрээ нь нэг этгээдээс нөгөөд хөрөнгө шилжих зорилго нь төстэй боловч гэрээний өөр төрлүүд төдийгүй, зохицуулалт, ур дагавар нь харилцан адилгүй юм.

Зөрүүтэй, зөрчилтэй дээрх баримтуудад үндэслэн улсын бүртгэгч О.Ш компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тэмдэглэл үйлдэн бүртгэл хийсэн нь үндэслэлгүй

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.1.2-т тус тус заасны дагуу улсын бүртгэлийн хийхээс татгалзах үүрэгтэй байжээ.

Улсын бүртгэгчийн дээрх үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь улсын бүртгэгч тодорхой нэг тохиолдол буюу хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нэмэгдэх, захирал чөлөөлөх, томилох, гэрчилгээ шинээр авах, шинэ дүрмийг бүртгэх зэргээр компанийн мэдээлэлд орох өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, түүнд хавсаргасан 18 хуудас нотлох баримтын хамт шалган, хүлээн авах эсэхийг (хүлээж авахаас татгалзах шийдвэр гаргах, уг шийдвэрт гомдол гаргах боломжтой) шийдвэрлэсэн, улмаар бүртгэл хийсэн эрх зүйн шууд үр дагавар болох алдаатай бүртгэлүүдийг хийснээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Улсын бүртгэгч нарын дээрх шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас лавлагаа авсны дараа мэдэж, улсын ерөнхий бүртгэгчид 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/9983 дугаар албан бичгээр хариу өгсөн тул захиргааны хэргийн шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Т ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон тухай, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан гэх Т ХХК-ийн дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц-ийг 95 хувийн хувьцаа, эрхийг Б.М-д шилжүүлсэн, захирал Д Ц-ийг чөлөөлж, захирлаар Б.М-ийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ гэж заасны дагуу

1. УБ-05

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

З. Т ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний 17/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн 95 хувийн хувьцаа. эрх шилжүүлэх, захирал чөлөөлж, томилох тухай шийдвэр

4 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх нотариатаар гэрчлүүлсэн гэрээ ,

5. Компанийн шинэчилсэн дүрэм

6. Хувьцаа эзэмшигч Д Ц-ийн Ц.Б-д итгэмжлэл олгосон итгэмжлэл, баримтууд хуульд нийцэж байгаа тул уг бүртгэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна .

Иймд Д Ц-ийн Т ХХК-ийн гишүүний тоо 2, гүйцэтгэх захирлаар Б М-ийг томилсон тухай, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх Т ХХК-ийн дүрэм (хувьцаа эзэмшигчээр Б.М анх бүртгэгдсэн)-ийг бүртгэсэн Улсын бүртгэгч О.Ш-ийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд Б.М-ийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Д.Ц 2017 оны 01 оны сарын 09-ний өдөр Т ХХК-ны 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар тогтоол гаргасан. Энэ тогтоолын агуулга нь тус компанийн хувьцааны 95 хувийг Б.М-д шилжүүлж, Б.М-ийг компанийн захирлаар томилж, компанийн шинэчилсэн дүрмийг батлах зорилготой гарсан байдаг.

Ингээд мөн өдрөө компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг талууд байгуулсан. Гэрээ байгуулах болсон зорилго биелэгдэж улсын бүртгэлд өөрчлөлт орсон.

Нэхэмжлэгч Д.Ц нь Улсын бүртгэлийн үйлдлийг 2017 оны 01 дүгээр сард хийгдсэн гэдгийг тухайн үед мэдэж байсан бөгөөд үүнээс хойш 2019 оны 07 дугаар сар хүртэл Т ХХК-ны Ховд аймгийн Алтай сум дахь уурхайд уурхайн даргаар Б.М-ийн тушаалаар томилогдон ажиллаж, тухайн компаниас цалин болон бусад урамшуулал, ланд крузер 200 маркын авто машин хүртэл аваад явж байсан.

Өөрөөр хэлбэл улсын бүртгэгчийн үйлдлийг шүүхээс баримт гаргуулах үед бус өөрөө 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хувьцаагаа шилжүүлэх шийдвэр гаргаж, шилжсэн гэдгийг мэдээд тухайн компанидаа ажиллаад явж байсан үеэсээ мэдэж байсан.

Иймд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа З жил өнгөрсөн байхад дээд шатны албан тушаалтан болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаад явж байх боломжгүй юм.

Мөн улсын бүртгэгч нарын үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм. Учир нь 3 жилийн өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.М-д өөрийн эзэмшлийн хувьцааны 95 хувийг өөрийн хүсэл зоригийн дагуу шилжүүлэх гэсэн Б.Ц-ийн идэвхтэй үйлдлийн улмаас /хувьцаа болон захиргаа өөрчлөх тогтоол, хувьцаагаа шилжүүлсэн гэрээ зэрэг/ дээр.х үйлдлүүд хийгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Т ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон тухай, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан гэх Т ХХК-ийн дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч иргэн Д.Ц 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т ХХК-ийг үүсгэн байгуулж, 1 хувьцаа эзэмшигчтэйгээр улсын бүртгэлт бүртгүүлсэн байна.

Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дүгээр Хувьцаа эзэмшигчийн шийдвэр-ээр ... 95 хувийн хувьцааг Б.М-д шилжүүлж, түүнийг захирлаар томилон, компанийг 2 гишүүнтэй болгон, компанийн шинэчилсэн дүрмийг баталж, тус дүрмийг улсын бүртгэл бүртгүүлэхээр тус тус шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг гаргасан болохоо хүлээн зөвшөөрч байна. 

Тус шийдвэрийн дагуу Т ХХК-ийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр захирал Д.Ц-ээс олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Б-д Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дүгээр шийдвэр, тус компанийн дүрэм, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтуудыг хавсарган  баталсан маягтын дагуу өргөдөл гаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Улсын бүртгэгч дээрх баримт бичгийг хүлээн авч Т ХХК-ийн мэдээлэлд орсон өөрчлөлт буюу Т ХХК-ийн гишүүдийн тоо 2, Гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон тухай, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан гэх Т ХХК-ийн дүрмийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015 оны) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 19.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу; 19.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй; 19.1.3.өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон., 23 дугаар зүйлийн 23.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй. гэж заасныг зөрчөөгүй байна.

Учир нь Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дүгээр шийдвэрт Д.Ц-ийг захирлаас чөлөөлж; Б.М-ийг захирлаар томилж; компанийг 2 гишүүнтэй болгож; компанийн шинэчилсэн дүрмийг хавсралтаар баталж тус өөрчлөлтийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр шийдвэрлэсний дагуу улсын бүртгэлийн байгууллагад итгэмжлэгдсэн төлөөлөгч бүртгүүлсэн нь нэхэмжлэгч Д.Ц-ийн хүсэл зоригийн хийгдсэн үйл ажиллагаа болжээ.

Мөн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан, бүрэн байсан бөгөөд хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Т ХХК-ийн итгэмжлэл, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, компанийн дүрэм зэрэгт зурсан Д.Ц-ийн гарын үсэг түүний гарын чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байгаа талаар гарсан боловч нь үүнийг улсын бүртгэлийн байгууллага 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд мэдээллийг бүртгэх үед мэдэх боломжгүй ба тухайн үед өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий (2009 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хувьцаа эзэмшигч Д.Ц-ийн гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ бүрдүүлсэн баримт бичгийг нэхэмжлэгч хуурамч гэж үзэж байгаа бол эрх бүхий байгууллага болон шүүхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хандаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий (2009 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015 оны) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Ц-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Т ХХК-ийн гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирлаар Б.М-ийг томилсон тухай, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан гэх Т ХХК-ийн дүрмийг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш  долоо хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 



ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН