Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 24

 

Х нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 234 дугаар шийдвэртэй, Номч овогт Нинаагийн Х-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13-05 тоот, Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч,   шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч А, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х нь Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нярав, жолоочоор ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүрэг даалгаврыг хангалттай биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснөө мэдэгдсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гарсан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хянан үзэж Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар томилогдсон. Тухайн үед Х няравын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу удирдлагын зүгээс энгийн үүрэг даалгаврыг өгдөг байсан. Жишээ нь: байгууллагын самбарыг хад гэхэд 1 сар хадалгүй явсан, тэгээд яагаад хадахгүй байгаа юм бэ? гээд хэвлэдэг газар нь М-тэй очиход танай хүмүүс чинь алга болсон, холбогдож чадаагүй гэсэн хариуг өгсөн. Бас миний өрөөний үүдний хаягийг хад гэхэд хадаагүй, тэр нь унасан байхад дээгүүр нь Х алхаад явж байсан, тогтоочихоорой гэж хэлсэн, мөн хэлэлгүйгээр ажил тасалдаг, хаана байна гэхээр ажил тарсан хойно яриад Цээл сумд байна гэдэг. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг дарга Ж-д зос байгаа хашаа зосдоорой ажил үүргийн хуваарь дээр чинь байгаа шүү гэж 14 хоног сануулж хэлсэн. Нийтийн цэвэрлэгээг байгууллага хамт олноос ганцаараа тасалдаг, албаны машиныг хувьдаа ашигладаг. Шинээр орсон жолооч орсноосоо хойш зөндөө засвар хийж байгаа, манай байгууллагынхан ийм байгаагүй гэж хэлж байгаа, кропноос нь тос гоождог, кроп нь гацдаг, гаднах өнгө үзэмж нь муудсан, дугуй нь муудсан, сая 2 дугуйг нь сольсон зэрэг асуудлууд байгаа. Хамт олны хурал болон өрөөндөө дуудаж оруулж ирээд байнга сануулдаг байсан. Өмнө нь цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрний маргааш нь өрөөндөө дуудаад үүрэг даалгавар өгөхөд таны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй гэж хэлээд гарч явж байсан. Би ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан өдрөө хамт олныг бүгдийг нь байлцуулаад Х-г ажлаас чөлөөлж байгаа талаар хэлээд саналтай хүн байна уу гэхэд санал байхгүй гэсэн тэгээд тушаалаа гаргасан. Иймд Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09дүгээр тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Нинаа овогтой Хатантөмөрийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Номч овогт Х Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн жолооч, няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.111.589 /нэг сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Х-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.111.589 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 31.228 төгрөг нийт 101.428 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 234 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн татах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Х удаа дараа байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоон, зохих ёсоор биелүүлдэггүй мөн албаны машиныг хувьдаа ашиглаж хөдөлмөриййн гэрээ, дотоод журам зөрчсөн тул 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/3 тушаалаар Х-д сахилгын шийтгэл оногдуулж үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20%-иар бууруулсан. Ингээд сахилгын зөрчил давтан гаргасан, албаны машиныг хувьдаа ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан тул 2017оны 4 дүгээр сарын 17 өдрийн Б/9 дугаартай Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын тушаалаар хууль зүйн үндэслэлтэй ажлаас чөлөөлсөн болно.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан зөрчил тус бүрдээ тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт дурдаж няцаасан нотлох баримт нь хэргийн материалд хангалттай цугларсан байгаа болно.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16 өдрийн 234 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Х-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, байгууллагын дотоод журмын 7.4, 11.1, 11.5 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.4, 4.4 дүгээр заалт, мөн хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, байгууллагын нийт албан хаагчдын хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан, удаа дараа өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр цуцалж, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б/9 тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэл нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх учиртай.

Гэтэл Х нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Үүнийг  ажил олгогчийн шийдвэр хууль бус гэж үзэхээр байгаа бөгөөд энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтанд тулгаарлан үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч давж заалдсан гомдолдоо “...Х удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоон, зохих ёсоор биелүүлдэггүй, албаны машиныг хувьдаа ашиглаж хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн тул 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х-ийн үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулсан. Ингээд сахилгын зөрчлийг давтан гаргасан, албаны машиныг хувьдаа ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан тул 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хурлын болон нийт албан хаагчдын хурлын тэмдэглэлүүд гэх нотлох баримтууд нь албан хэрэг хөтлөлтийн шаардлага хангаагүй бөгөөд сахилгын зөрчлийг давтан гаргасан, албаны машиныг хувьдаа ашигласан, ажлын цаг тасалсан гэх байдал тогтоогдохгүй байна. 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.БАТТОГТОХ

                         ШҮҮГЧИД                                           Б.АРИУНБАЯР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН