| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/02041/И |
| Дугаар | 183/ШШ2018/01776 |
| Огноо | 2016-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2018/01776
| 2018 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2018/01776 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, 14 хороо 3 хороолол Хасбаатар гудамж 10 байр 10 тоот хаягт оршин суух Ц ийнхэн овогт Ц ийн Цэ /РД:ЧИ68030706/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 15 дугаар хороо Туул гол 56б байр 18 тоот хаягт оршин суух Урианхай овогт Э Б /РД:ФМ84052528/-д холбогдох,
Зээлийн үлдэгдэл төлбөрт 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цэ , хариуцагч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэ шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 сарын 17-ны өдөр иргэн Э.Б д 30 000 000 төгрөгийг түүний хүсэлтээр З.Хадбаатар гэдэг хүүний дансруу шилжүүлж зээлдүүлсэн. Уг зээлийг өгөх болсон шалтгаан нь Э.Б нь миний таньдаг хүнээр дамжуулж зээлж авахаар тохиролцсон бөгөөд уг зээлсэн өөрөө цааш нь бусдад 1 өдрийн 1%-ийн хүүтэй зээлдүүлнэ гэж авсан. харин Э.Б нь надаас авсан мөнгийг төлж дуустал өдөр бүр 0,5%-ийн хүү төлж байхаар тохирсон. Гэтэл уг мөнгөө төлөхгүй удаа дараа нэхүүлж, сүүлдээ төлөлтөө хийхгүй байсан тул шүүхэд хандсан. Одоо зээлийн үлдэгдэл 4 500 000 төгрөг үлдсэн бөгөөд нийт төлсөн төлбөрийг өгөх ёстой хүү болон үндсэн мөнгөнөөс хасаж тооцсон баримтаа шүүхэд өгсөн. Иймд 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цэ эгчээс 30 000 000 төгрөгийг зээлээд нийт 31 290 000 төгрөгийг төлсөн, энэ талаараа дансны хуулгуудыг гаргаж өгсөн. Миний бие уг мөнгийг аваад өөр хүнд залилуулж алдсан бөгөөд одоо өөрөө өрөнд ороод байна. 2017 оны 10 сараас 12 сарын хооронд хүүнд гэхэд 1 290 000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Иймд дахин мөнгө өгөх боломжгүй, Ц.Цэ эгчийг хуурсан зүйл байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэ хариуцагч Э.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч Э.Б нь 2017 оны 10 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ц.Цэ гоос 30 000 000 төгрөгийг З.Хадбаатарын дансаар шилжүүлэн авч, 2017 оны 10 сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 сарын 21-ний өдрийг хүртэл 6 удаагийн төлөлтөөр нийт 31 290 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна.
Харин талуудын хооронд бичгийн хэлбэрээр хийгдсэн хариуцагчаас бичсэн “Хөрөнгө оруулалтын хүсэлт”-д “...Б миний бие нь Ц.Цэ гоос 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт авах хүсэлтэй байгаа бөгөөд уг мөнгийг ...З.Хадбаатар гэсэн дансанд байршуулж, мөнгө данснаас гарсан өдрөөс буцаж орох өдрийг хүртэл 1 өдрийн 0,5%-ийн хүүг Ц.Цэ гийн дансанд хийж байх болно.” гэсэн байх ба нэхэмжлэгч нь дээрх тохиролцооны дагуу нийт төлсөн төлбөрөөс хүүнд тооцож, үлдэгдэл зээлийн төлбөрийг гаргуулна гэж тайлбарласан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг” хүлээдэг, “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байгаа хэдий ч зээлийн гэрээний хүү хэт өндөр тогтоогдсон гэж үзэхээр байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон хүүг төлөх үүрэгтэй ч зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон, зах зээл дэх бодит байдлын хүүгийн хэмжээнээс эрс их байх тул шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээг багасгаж 5 хувь болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүгийн хэмжээг хувь хүмүүсийн хооронд болон банк бус санхүүгийн байгууллагаас олгодог зээлийн гэрээний хүүгийн дундаж хэмжээгээр тогтоосон болно.
Иймд талуудын байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 30 000 000 төгрөгөөс 2017 оны 11 сарын 09-ний өдөр төлөгдсөн зээлийн төлбөрт төлсөн 17 800 000 төгрөгийг хасаж тооцоход бодогдох хүү 1 150 000 төгрөг /2017 оны 10 сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл хүү тооцоход 30 000 000х5%:30 хоног х 23 хоног/, 2017 оны 12 сарын 22-ны өдөр зээлийн төлбөрт төлсөн 12 200 000 төгрөгийг хасаж тооцоход бодогдох хүү 874 333 төгрөг /2017 оны 11 сарын 22-ний өдөр төлсөн байх ба 2017 оны 11 сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хүү тооцоход 12 200 000х5%:30 хоног х 43 хоног/, нийт хүүгийн төлбөрт 2 024 333 төгрөгийг, зээлийн гэрээний дагуу нийт 32 024 333 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан байна.
Дээрх гэрээний дагуу төлөх ёстой 32 024 333 төгрөгөөс нийт төлсөн 31 290 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 734 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3 764 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б аас 734 333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэ д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3 765 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 22 175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэ д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ