Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/425

 

 

 

 

 

 

 

   2022          04         22                                    2022/ШЦТ/425

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Ц.Шагдар,

Шүүгдэгч: Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2109016190302 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.Б /регистрийн дугаар /,

  2000 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг ....... тоотод оршин суух, урьд:

 

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,

 

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1493 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаатай хойшлуулж шийдвэрлэсэн.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо .......... тоот нийтийн байранд Г.И-той тухайн үед үүссэн маргааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь биед баруун зүүн дээд доод зовхи, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх, урууланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй......” гэв.

                                                                                                                

Эрүүгийн 2109016190302 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.И-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 18 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 20-22 дугаар хуудас/,

 

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 5 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10574 дугаартай дүгнэлт  /хх-н 36-37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42 дугаар хуудас/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 45 дугаар хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хх-н 47-49 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-н 55 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан талаарх баримтууд /хх-н 57-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ............ тоот нийтийн байранд Г.И-г  найз охинтойгоо хардаж маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь биед баруун зүүн дээд доод зовхи, хамрын нуруу, дээд урууланд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх, урууланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Г.И-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 00 цаг 25 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ......... тоот нийтийн байрны ....... тоот өрөөнд З гэх охинтой найз Т-ын хамт очсон. Тэднийд очиход З, А бас 1 охин нийт 3 охин байсан. Би 2 ширхэг 1.5 литр хэмжээтэй сэнгүр пиво аваад бид 5 уусан юм. Нэг охин удаагүй харилаа гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед архи ууж байгаад тасраад унтаад өгсөн байна лээ. Тэгээд юм түжигнээд байхаар нь сэртэл үл таних 3 залуу ороод ирчихсэн З, Т нар байсан. Найз залуу гээд нэг цагаан цамцтай эрэгтэй намайг сэрэхэд “муу жижигхэн боовтой пизда, манай найз охинтой хамт юу хийж байгаа юм” гэж хэлээд эрүү рүү 1 удаа цохисон. Манараад суугаад байж байтал цагдаа нар ороод ирсэн. Намайг тасраад сэрэхэд миний уруул, хамар хавдсан байдалтай байсан...Уруул хавдаж, цус гоожсон, доод талын 1 шүд хөдөлсөн. Хамар хөхөрч хавдсан, баруун шанаа хавдсан, баруун талын мөр хөдлөхөд зовиуртай байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би найз И-гийн найзын гэрт нь болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ......... тоотод 2021 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг өнгөрч байхад ирсэн. Намайг очиход миний үеийн гэмээр 2 охин байсан. Тэгээд авсан пиво 4-лээ хамт ууж байгаад шөнө 4 цагийн үед өглөө эрт ажилтай юм чинь унтая гээд байж байтал нэг охиных нь найз залуу гээд ирээд шууд найз И-г цохиод авахаар нь би бас очоод салгасан...” мэдүүлэг

 

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн орчим...Б-ийн амьдардаг нийтийн байранд очиж хонохоор болсон. Ингээд тухайн нийтийн байрны гадаа очоод манай найз Б түрүүлээд орсон бөгөөд араас нь ороход нийтийн байрны өрөөнд Б хоёр залуутай маргалдаад зууралдаж байсан. Би “юу болсон бэ” гэж асуухад “манай найз охин энэ залуутай хэвтэж байна” гэсэн бөгөөд харахад тухайн залуу нүцгэн байсан юм...Тэгээд Х бид хоёр Б-ийг салгаад гарсан. Гадаа байж байгаад буцаж ороход бид гуравтай Бийн найз охины найз болох нэг болох нэг жоохон охин зөрөөд гарсан. Тэгээд ороход дотор байсан хоёр залуугийн нэгнийхэн гар утас алга болсон гэж байсан, тэгээд утсыг нь хайгаад олоогүй цагдаа сэргийлэх болсон...Найз Б найз охинтойн хамт хэвтэж байсан гэх залуутай зууралдчихсан нөгөө залуугийн хамраас нь цус гарчихсан байдалтай байсан...Тухайн залуугийн хамраас цус гарчихсан байсан бөгөөд тэр залуу ямар ч хувцасгүй байсан....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....23 цагийн орчим болж байсан юм. Т, А нар цагтаа унтсан бөгөөд би унтахаар хэвтсэн чинь Г.И хажуугаар орж ирээд хэвтсэн юм. Тэгээд байж байсан чинь гаднаас Б орж ирээд шууд уурлаад И-г барьж аваад цохисон юм. Тэгээд хэрүүл болсон гаднаас Х, М нар орж ирээд салгасан тэр хооронд А гарч явсан юм. Тэгээд цагдаа жижүүр дуудсан байсан юм...Д.Б, Г.И-гийн гар руу нэг удаа цохиод улмаар И-гийн нүүр рүү 2-3 удаа цохисон юм..И зөрүүлж цохиогүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө А бид хоёрын хамт амьдарч байсан нийтийн байранд иртэл нэг эрэгтэй, нэг залуутай. А бас эрэгтэйтэй хэвтэж байсан тэгэхээр нь шууд уурлаад тэр залууг нь босгож ирээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэгээд маргалдаад байж байх хооронд нэг эмэгтэй нь гараад явсан байсан юм. Тэгтэл нэг залуу нь гар утсаа алдлаа гээд орилоод байсан улмаар гаднаас найзууд орж ирээд жижүүр цагдаа дуудсан байсан юм...Г.И бэлгийн харилцаанд орсон байх гэж бодоод орж ирээд шууд тэр залууг цохисон юм...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10574 дугаартай: 1. Г.И-гийн биед баруун зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд урууланд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх, урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь “найз охиноо хардсаны улмаас” хохирогч Г.И-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүч хэрэглэсэн болохыг хохирогч Г.И, гэрч Д.М, Ч.Х, Б.А, шүүгдэгч Д.Б нараас тус тус мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

Д.Б нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Г.И-гийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

 Иймд шүүх шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Г.И нь “..ямар нэгэн гэмтэл бэртэлгүй тул гомдол санал байхгүй байна...нэхэмжлэх зүйлгүй...” гэж хүсэлтээ /хх-н 55/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Д.Б-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1493 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоосон ба тус хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан. 

 

Шүүгдэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1493 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны дотор санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1493 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Д.Б-ийн 14 хоног цагдан хоригдсон хугацааг оногдуулсан ялаас хасч тооцохоор заасан тул түүний эдлээгүй үлдсэн ялыг 11 сар 16 хоногоор тооцох үндэслэлтэй байна.   

 

 Иймд шүүх тус шийтгэх тогтоолоор эдлээгүй үйлдсэн 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож /240:8=30/ 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 16 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б-ийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1493 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг биелүүлэхийг хойшлуулсан хугацааг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хамааруулж болохгүйг дурдах нь зүйтэй байна.      

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №1493 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 16 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож /240:8=30/ 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 16 хоногийн хугацаагаар түүний эдлэх хорих ялын хэмжээг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДУЛАМСҮРЭН