Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/439

 

 

 

 

 

 

   2022          04         25                                    2022/ШЦТ/439

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Д.Даваадорж,  

Шүүгдэгч: Э.О, түүний өмгөөлөгч А.Кадирбек нар оролцсон эрүүгийн 2109000001555 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Э.О /РД: /,

1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “...." их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй ч одоо  Сүхбаатар дүүргийн ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.  

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Ардын эрх’’-ийн автобусны буудалд иргэн Т.Н-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохих байдлаар биед халдаж эрүүл мэндэд нь “...зүүн ухархайн дотор хана, хамрын зүүн хажуу ханын хугарал, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт, дээд зүүн 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл..." гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Би тухайн өдөр найзтайгаа 100 айлын автобусны буудал дээр байсан. 100 айлаас 3 дугаар сургууль руу охиноо авахаар явсан. ТҮЦ-рүү ороод гарч иртэл манай найз бид хоёрыг “ийшээ зогс” гээд бид хоёрын зургийг авсан. Би “хүүхдээ авах гэж байна чамайг дагаж явахгүй” гэж хэлсэн. Т.Н нь намайг заамдаад, ТҮЦ-рүү шахсан бөгөөд “би  явахгүй” гээд хохирогчийг цохьсон бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

                                                                                                                

Эрүүгийн 2109000001555 дугаартай хэргээс:

           

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/,

           

            Хохирогч Т.Н-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-н 5-6 дугаар хуудас/,

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.О-ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баталсан “Халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурган дадлагажуулах чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө” /хх-н 18-20 дугаар хуудас/,

 

“Лазер мед” гэх нэртэй эмнэлэгт хохирогч Т.Н-ийн үзүүлсэн компьютерт томографийн шинжилгээний хариу /хх-н 37 дугаар хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 74-75 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Н-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 42-43, 47 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Ч-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.О-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 69-70 дугаар хуудас/,

           

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11532 дугаартай дүгнэлт  /хх-н 35-36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 78 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 79 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 80 дугаар хуудас/, дансны хуулга /хх-н 85 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-н 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.О нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Ардын эрх’’-ийн автобусны буудалд иргэн Т.Н-ийн зүй бус харьцаанаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохих байдлаар биед халдаж эрүүл мэндэд нь “...зүүн ухархайн дотор хана, хамрын зүүн хажуу ханын хугарал, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт, дээд зүүн 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл..." гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

“Лазер мед” гэх нэртэй эмнэлэгт хохирогч Т.Н-ийн үзүүлсэн компьютерт томографийн шинжилгээний хариу,          

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгний 16:38:17 минутад яллагдагч О нь хохирогч Т.Н-тэй ярилцаж зогсож байгаад эргэж хараад автобусны буудал руу явах гэх ба Т.Н Оийг явуулахгүй гэж гарнаас нь татаж явуулахгүй хориглож байгаад О, Т.Н нар ТҮЦ-ний хойд хэсэгт орж байна...ТҮЦ-ний ард хэсэгт О нь Н-ийг цохиод ТҮЦ-рүү шахаж байгаа нь харагдах ба гэрч Ч.Ч дундуур нь орж салгаж байна. О, Н нар хоорондоо зууралдсан байдалтай нэгтнийгээ унагаах гэж оролдсон байдалтайгаар бичлэг дуусав..” гэсэн тэмдэглэл,

 

Хохирогч Т.Нийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...би өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нутагт, дэд ахлагч Сын хамт, өглөө 07 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэсэн....би очиж өөрийгөө танилцуулж, үнэмлэхээ үзүүлж “ямар зорилгоор явж байгаа талаар асуухад” тэрээр буудлын “ТҮЦ”-ний араас саравчтай малгайгаа сольж өмссөн залуу гарч ирсэн. Би энэ үед тухайн залууд өөрийн бичиг баримтыг дахин үзүүлж, өөрийгөө танилцуулж тэр хоёроос “та хоёр халаасны хулгайчийн санд бүртгэлтэй юу” гэж асуухад Х.Ч гэгч нь “би бүртгэлтэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та хоёрын зургийг чинь авна” гэж хэлээд гар утсаараа зургийг нь авчихаад авсан зургаа нягталж хараад байж байтал О гэх малгайгаа сольж өмссөн байсан залуу “чи миний зургаар яадаг юм” гэж хэлээд уруул руу гараараа 2-3 удаа хүчтэй цохиж гэмтээсэн бөгөөд дээд уруул сэтэрч, шүд хөдөлсөн. Үүний дараа би буудал дээр байсан үл таних 3 залуугаар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч ахлагч З, эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч М нар руу залгуулж дуудуулсан. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч ахлагч З, эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч М нарыг ирэхэд намайг цохисон О гэгч нь дахин уурсаж над руу үсчин хэл амаар доромжилсон. Ингээд О гэгч нь зугтаах гээд байхаар нь “чи намайг албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч гэдгийг мэдсээр байж миний биед халдлаа” гэж хэлээд куртикнээс нь зууртал, эргэж хараад миний хамар руу хүчтэй 1 удаа цохиж хамар хугалсан. Үүний дараа цагдаагийн байгууллагад уг этгээдүүдийг хүргэсэн...Надад одоо гомдол, санал байхгүй. Учир нь Э.О надаас уучлалт гуйж, надтай хамт эмнэлгээр явсан. Э.О бид хоёр хамт “Эм жи жи” гэх нэртэй эмнэлэгт очиж миний биеийг үзүүлэхэд 3.660.000 орчим төгрөгний хагалгаа, хагалгааны дараах эмчилгээ, эмнэлгийн ор хоногийн мөнгөтэйгөө нийлээд 4.000.000 төгрөг болно гэж хэлсэн юм. Дээрх эмчилгээний зардлын 4.000.000 төгрөгөөс Э.О надад бэлнээр 3.000.000 төгрөг, дансаар 1.000.000 төгрөг өгч бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Ч-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед найз О-ийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Нийслэлийн 2 дугаар сургуулийн баруун талд зуун айл тал руугаа явдаг автобусны буудал дээр явж байхад “халаасны төлөөлөгч байна” гээд энгийн хувцастай хүн намайг шалгасан. Халаасны төлөөлөгч, цагдаагийн алба хаагч гэх залуу намайг эхэлж шалгасан ба яг тэр үед нь би ганцаараа зогсож байсан юм. О цаанаас халаасны төлөөлөгч, цагдаагийн алба хаагч залуу бид хоёр дээр ирсэн. Оийг ирэхэд халаасны төлөөлөгч залуу О бид хоёрыг “маскаа тайл, та хоёрын зургийг авна’’ гэж хэлээд утсаа гаргаж ирсэн. Тэгэхэд нь О “яагаад миний зургийг авч байгаа юм бэ, би яасан юм” гэж хэлээд халаасны төлөөлөгч залуутай маргалдаж байгаад түүний куртикны захнаас бариад авсан. Би О-ийг болиулж гарыг нь тавиулах гээд төлөөлөгч залууг заамдаж барьсан хоёр гаран дээр нь биеэрээ тэгнээд дарсан. Намайг доошоо тонгойгоод Оийн гарыг тавиулах гэхэд миний толгой дээгүүр О халаасны төлөөлөгч залуугийн нүүр хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Би О, халаасны төлөөлөгч залуу хоёрыг салгаад харахад халаасны төлөөлөгч залуугийн уруул нь язарчихсан, уруулнаас нь цус гарч байсан. Тэгээд хоёр халаасны төлөөлөгч нэмэгдэж ирээд цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...Халаасны төлөөлөгч залуу өөрийгөө цагдаагийн алба хаагч гэдгийг хэлж амжаагүй байхад хэрүүл маргаан болсон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл автобусны буудал орчимд үл таних 2 хүн автобуснаас буугаад зогсож байсан. Тэгээд удалгүй 1 дүгээр хороолол гэх нэртэй чиглэлийн автобус ирсэн. Тэгээд үл таних 2 залуугийн нэг нь уг автобусанд суух гэж хүмүүсийн араас түлхсэнээ буцаад нөгөө залуу дээрээ ирсэн. Ирэх үед үл таних нэг эмэгтэй хүн ирээд нөгөө залууд хандан “чи миний гар утсыг авсан юм уу, алив надад гар утсаа харуул над руу залга” гэж хэрүүл хийсэн. Тэгээд миний бие хамтрагч Н-доо хандан “наадах чинь гар утас авсан юм биш үү, шалгах уу” гэж хэлсэн. Тэгтэл Намилдорж “байж бай” гэж хэлсэн ба тэр үед автобусны буудал дээр “Шархад” гэсэн нэртэй чиглэлийн автобус ирсэн. Үл таних нэг залуу уг автобусны голын хаалгаар дотогш орж, нөгөө залуу нь урд хаалгаар орох үед бид хоёр дагаж орсон. Тэгээд 3 дугаар сургууль дээр нөгөө хоёр үл таних залуу буухад бид хоёр мөн адил дагаж буусан. Тэгээд нөгөө үл таних 2 залуу шууд 3 дугаар сургуулийн хашааны урд талын хаалгаар ороод, дараа нь ард талын хашааны хаалгаар гарч байхыг харсан. Тухайн үед Н ах “намайг энэ 2 хүнийг дагаарай” гээд бид хоёр бие биенээсээ салж зайтай зогссон. Тэгээд миний бие 3 дугаар сургуулийн хашааны хойд талын хаалган дээр яваад очиход нөгөө 2 үл таних залуу байхгүй байсан. Би тэр хоёрыг буцаад 100 айлын автобусны буудал руу явсан байх гэж бодоод очтол байхгүй байсан. Дараа нь би өөрийн хамтрагч руугаа 2 удаа, гар утас руу нь залгахад гар утсаа авахгүй байсан. Би 100 айлын автобусны буудал дээр зогсож байтал манай нэг эргүүлийн цагдаа жолооч, ахлагч З над руу залгаад “Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хүрээд ир” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай хэлтэс халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр арга хэмжээнд ажиллаж байсан юм. Зодуулдаг цагдаагийн албан хаагч болох эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н нь хуваарийн дагуу 100 айлын автобусны буудалд цагдаагийн дэд ахлагч С-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан ба 16 цаг 30 минутын үед миний гар утас руу залгаад “2 сэжигтэй этгээд халаасны хулгайн үйлдэлтэй яваад байна, би араас дагаж явж байна, автобусанд суусан, 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би Багшийн дээдээс машинтайгаа явсан. Тэгээд би “Авто плаза” төвийн ойролцоо явж байхад над руу залгаж “3 дугаар сургуулийн автобусны буудлын урд талыг буудал шалгаж байна, наашаа хүрээд ир” гэж хэлсэн . Тэгэхээр нь машинаа зогсоол дээр тавиад яваад очиход манай албан хаагчийн амнаас нь цус гарсан бололтой, маскаараа амаа дарсан, нэг хүнийг барьсан зогсож байсан. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэх сэжигтэн этгээдийн бүртгэлд байдаг Ч гэгч нь танихгүй нэг залуутай хамт явж байсан. Тэгээд нөгөө сэжигтэй этгээдүүдийг аваад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү явах гээд машин руугаа аваад явсан. Тэгээд явж байхад миний ард явж байсан нэг залуу манай алба хаагчтай хойно маргаад яваад байсан. Би эргээд хартал манай алба хаагчийн хамар руу О гэгч залуу цохисон. Тэгээд цагдаагийн газарт ирсэн...” мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.О-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...Би хохирогч Н-ийн биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна..Н хүч хэрэглэж авч намайг авч явна гэсэн..Тэгээд миний цээж хэсэг рүү цохиод эхлэхээр нь би буцаагаад Нийн нүүр хэсэгт нь 1-2 удаа гараараа цохьсон...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

           

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11532 дугаартай: 1. Т.Н-ийн биед зүүн ухархайн дотор хана, хамрын зүүн хажуу ханын хугарал, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн доод  зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт, дээд зүүн 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо, 2, 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар хохирогч Т.Н нь цагдаагийн албан хаагч болон үүрэг гүйцэтгэж байгаа талаар өөрийгөө танилцуулж ойлгуулахгүйгээр “маскаа тайл, та хоёрын зургийг авна, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явна’’ гэж хэлж, улмаар биенээс нь зуурах зэргээр шүүгдэгч Э.О-тэй зохисгүй харьцаж маргаан үүсгэсэн ба шүүгдэгч Э.О-ээс түүнийг уг үйлдэлд эгдүүцэн уурлаж улмаар хохирогч Т.Н-ийн нүүрэн тус газарт нь хүч хэрэглэн цохьсон болохыг хохирогч Т.Н, гэрч Ч.Ч, шүүгдэгч Э.О нараас тодорхой мэдүүлж, гэрч, Н.М, Б.С нараас хэрэг явдал болсны дараах нөхцөл байдлыг тус тус мэдүүлж, хэргийн нөхцөл байдал нь хяналтын камерын бичлэгт тусгагдаж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

Тодруулбал Э.О нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Т.Нийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

 Иймд шүүх шүүгдэгч Э.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Т.Н-ийн “...Э.О нь надад бэлнээр 3.000.000 төгрөг, дансаар 1.000.000 төгрөг өгч бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 47/, дансны хуулга /хх-н 85/, мөн “...миний бие Э.О-ээс нийт 4.000.000 төгрөг эмчилгээний зардалд авсан нь үнэн болно...” гэх хүсэлт /хх-н 86/ зэргээр шүүгдэгч нь хохирогч Т.Н-д гэм хорын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Э.О-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоос үүссэн гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Э.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа шүүхээр ял шийтгэгдсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчид 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчээс гэмт үйлдлээ хэрэгжүүлж буй хандлага, хохирогчийн нүүрэн тус газарт хэд хэдэн гэмтэл учруулсан байдал зэргийг харгалзан түүнийг ялаас чөлөөлөх зайлшгүй шаардлага байхгүй гэж үзлээ.   

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Э.О нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 2 хоног баривчлагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр....тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн баривчлагдсан 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /15*2=30/ 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 30.000 төгрөгийг хасч /650-30=320/ 620 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 620.000 төгрөгөөр торгох ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоож шийдвэрлэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.О-ийн баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч 620 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 620.000 төгрөгөөр торгох ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хохирогчид гэм хорын хохиролд 4 сая төгрөг төлсөн бөгөөд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН