| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0413/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/440 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхбуян |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/440
2022 04 25 2022/ШЦТ/440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Н.Энхбуян,
Шүүгдэгч: Ж.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2109012390593 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.Г /РД: /,
1991 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, .... ХХК гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .........тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7 буудлын эцэст байх Сувдын гүүрний далан дээр хамт архи ууж байгаад маргалдсан Ц.Жг өшиглөх.цохих, жийж унагах зэргээр халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн тохой, дагзны хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, зовхи, хацар,шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зүүн мөр, нуруу, бүсэлхий, баруун, зүүн бугалга, ташаа, эрүү, цээж, хэвлийд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн 2109012390593 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Ж-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....2021 оны 09 дүгээр сарын 10-нд 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Долоон буудлын “Бүрэн плаза” төвийн арын хаалгаар хаалганы ард байдаг тавцан дээр хүмүүс архи уугаад сууж байсан тэгэхээр нь би яваад очиход Ж, М, Х, Т болон намайг зоддог залуу нар байсан юм. Тэд нар 0,75л соёрхол гэх архи уугаад талаас нь доогуур болгосон байсан түүнийг намайг зоддог залуу одоо та нартай ууж болсон үүнийг гурил зөөдөг ахтай ууна гээд намайг дагуулаад “Хүсэл” төвийн арын хаалганы тийш очсон юм тэгээд бид хоёр зогсож байгаад өнөөх архийг нь уусан чинь “та нар миний архи дээр ажиллаа миний архи уулаа” гээд агсам тавиад эхэлсэн тэгэхээр нь би “чиний архийг уугаагүй, би сая ирлээ чи өөрөө намайг дуудсан биз дээ” гэсэн гэтэл намайг барьж аваад хоолой боогоод гар мушгисан тэгээд би мултраад зугтаагаад салчихна гэж санаад зугтаахад араас чулуу шидээд тохой оносон тэгээд би чигээрээ зугтаагаад далан давахад араас гүйгээд намайг гүйцэж ирээд барьж аваад зодоод эхэлсэн би газар унасан нүүрээ хамгаалж байхад хүмүүс орилоод “наад хүнээ аллаа болиоч” гэх зэргээр дугараад байсан би тэгж байгаад ухаан алдчихсан байсан нэг сэрэхэд цагдаа ирсэн “та зүгээр үү” гэж байсан тийм зүйл болсон түүнээс болж миний хоёр шүд унаж тохойны арьс язарч оёдол тавиулж гэмтсэн юм. Би түүнийг огт цохиогүй би 30 настай залууг яаж дийлэх вэ надаас хамаагүй өндөр залуу хүн байсан. Сүүлд нь надад зүс таних хүн харсан гэж хэлсэн мөн гүүрэн дээр явж байсан эмэгтэй харсан байсан.Нүд одоо болтол эдгэж өгөхгүй бүрэлзээд байна хоёр шүд унасан хийлгэмээр байна маш их гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27 дугаар хуудас/,
Гэрч Д.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 09 дүгээр сарын 10-ны тухайн өдөр харих гээд 7 буудлаас уруудаад гүүрэн дээр явж байхад хажууд гол дээр хоёр хүн зодолдож байсан тодруулаад харахад гурил үүрдэг хүнийг нэг өндөр залуу /Ж.Г/ зодож байсан би “болиоч” гээд орилсон боловч тоохгүй байсан тэр өндөр залуу явж чадахгүй байгаа хүний толгой нүүрэн тус газар нь өшиглөөд байсан өндийгөөд босоод явахаар нь өндөр залуу нь гүйж ирээд өшиглөөд унагаагаад байсан би хөл муу болохоор очиж чадаагүй өндөр залуу нь далан даваад 7-н буудлын зүг явсан гурил үүрдэг залуу нь хэвтээд үлдсэн. Намайг харж байхад Галмандахыг хэн нэгэн хүн зодоогүй.цус юм сайн харагдаагүй толгойгоо барьж байгаа байдал анзаарагдаагүй.гүүрэн дээр явж байсан залуу бас болиоч гээд орилсон чинь чаддаг юм бол буугаад ир гээд тэр өндөр залуу буцаад орилсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч М.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би гурил гаргуулахаар Ж-г/ Ж/ хайгаад арын хаалгаар гарахад шатан дээрээс босоод урд талын бор хаалганы дэргэд нөгөө залуутай зогсож байсан, бусад нь тараад явсан бололтой байсан. Тэгээд Ж ахыг “та ороод ир” гэхэд “за” гэсэн боловч орж ирээгүй. Тэрээр манайд 4 жил ачигчаар ажиллаж байна. Ер нь бол архи уугаад байдаг хүн биш, хааяа нэг л архи уудаг гэж ойлгож болно. Зан төрөхийн хувьд хүнтэй маргаад байх хүн биш,даруухан,хүний үгээр их зөөлөн хүн, архи уусан үедээ агсан согтуу тавьж асуудал гаргаж байгааг нь харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-48 дугаар хуудас/,
Гэрч Ж.Ж мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бүрэн плазагийн зүүн хойд бараа оруулдаг хаалганы гадна талд гурилын грушик Ж гэх залуу хажуудаа 3-4 хүнтэй хамт сууж байсан тэгэхээр нь би “та нар явцгаа” гэж хэлээд явсан өөр зүйл би мэдэхгүй, тэд надаас намхан хүмүүс байсан, надаас өндөр хүн байгаагүй, би машин руугаа явж байсан юм дэд нар тэр газар бөөгнөрч зогсож байгаад араар явсан хүмүүстэй нийлж архи уудаг юм тэгээд л би орцгоо.явцгаа гэж хэлсэн, өөрөөр хамт суусан асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-н 59-60 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Г-ын яллагдагчаар өгсөн “....Зодооны улмаас би хохирогчид гэмтэл учруулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Ц.О-н “... 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 9678 дугаартай дүгнэлтэд дурдагдсан Галмандахын биед учирсан гэмтлүүд нь хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй.Учир нь Ж.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зодуулсан гээд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үзүүлсэн тул хэрэг болох цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 71-72 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №8637 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Хохирлын баримтууд /хх-н 100-104 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 93, 96 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 89 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 90 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 91 дүгээр хуудас/, хорооны тодорхойлолт /хх-н 92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7 буудлын эцэст байх Сувдын гүүрний далан дээр хамт архи ууж байсан Ц.Ж-тэй зүй зохисгүй харьцаж улмаар биед нь хүч хэрэглэн зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн тохой, дагзны хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, зовхи, хацар,шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зүүн мөр, нуруу, бүсэлхий, баруун, зүүн бугалга, ташаа, эрүү, цээж, хэвлийд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ж.Г-ын мэдүүлэг, хохирогч Ц.Ж-гийн мэдүүлэг, гэрч Д.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8637 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.Г нь хохирогч Ц.Ж-гийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг тэдгээрээс болон гэрч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тодруулбал Ж.Г нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Ц.Ж-н биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч Ц.Ж-гээс “...Ж.Г нь хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн санал гомдолгүй...” гэж хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Ж.Г-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН