Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/444

 

 

 

 

 

2022           04          26                                   2022/ШЦТ/444

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2209000000009 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Б.С, /РД: /,

   1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ........... тоотод оршин суудаг, урьд:

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 07 дүгээр сарын 17-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ял,

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүнд ялд багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялаас хасч, ялыг эдэлсэнд тооцож нэн даруй сулласан,

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.С нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, ........ зочид буудлын зүүн талын автобусны буудал дээр зогсож байсан хохирогч А.А-н халааснаас түүний “ай фоне икс макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

  Шүүгдэгч Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “..........” барилгын материалын худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах “.......” /м/ дотроос хохирогч Н.Б-н ширээн дээр цэнэглэж байсан “ай фоне 10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 2209000000009 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /хх-н 4, 77 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 78-81 дүгээр хуудас/,

Хохирогч А.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 13-15 дугаар хуудас/,

Хохирогч Н.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 85-87 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ж-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 31, 74-75 дугаар хуудас/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 20-21 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 103-105 дугаар хуудас/,

  Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 26-27 дугаар хуудас/,

  Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 88 дугаар хуудас/,

  Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 89 дүгээр хуудас/,

  Шүүгдэгч Б.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 149 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 37-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.С нь үргэлжилсэн үйлдлээр:

- 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, ......... зочид буудлын зүүн талын автобусны буудал дээр зогсож байсан хохирогч А.Агийн халааснаас түүний “Ай фоне икс эс макс” /I phone XS max/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.020.000 төгрөгийн хохирол,

- 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн им Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “А” барилгын материалын худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах “.......” /м/ дотроос хохирогч Н.Б-ын ширээн дээр цэнэглэж байсан “Ай фоне 10” /I phone X/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол буюу нийт 1.820.000 төгрөгийн хохирол учруулж   хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Хохирогч А.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Санхүү эдийн засгийн сургуулиас 15 цагийн үед тараад найз болох Э, А, М нартай хамт багшийн дээдийн автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруун тийш төв номын сангийн харалдаа алхсан. Алхаж яваад төв номын сангийн автобусны буудал дээр ирээд зайсан явах чиглэлийн автобус хүлээж байгаад шар өнгийн зайсан чиглэл автобус ирсэн ба тухайн автобусанд суух үед баруун халаасанд байсан айфоне экс эс макс загварын гар утсаа алдсан. ...Ай фоне экс эс макс загварын шар буюу голд өнгийн хойд тал нь хагарсан ягаан өнгийн хуванцар гэртэй дэлгэц дээрээ ай фонийн өөрийнхөн зурагтай имей код нь ............дугаартай. 2019 онд 4.000.000 төгрөгөөр Мобикомоос худалдан авсан одоо зах зээлийн ханшаар үнэлж байна. Хойд талын шил нь хагархай. ...тухайн үед миний ард цагаан өнгийн цамцтай хар куртиктэй, десанд өнгийн өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай хар масктай 50 орчим насны согтуу архи үнэртүүлсэн ахыг авсан гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....Би 2022 оны 02 дугаар сарын 20-ны өглөө ажил болох Сүхбаатар дүүргийн 11-р хороо “А” барилгын материалын 2 давхарт ирсэн. Ажлаа хийж байгаад 11 цаг 30 минутын үед утсаа алдсанаа мэдэн, утсаа хайхад олдоогүй ай клоүд /I cloud/-аар байршлыг нь харахад Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын урд гудамжинд харагдсан. Тэр гудамжинд очоод байж байхад манай найз Б-тэй ажлын шатан дээр таарсан залуу тэр гудамжинд явж байсан очоод тэр залуугаас өөрийн гар утсаа нэхэхэд миний ай фоне 10 маркийн гар утсыг гаргаж өгсөн. Сим картыг нь аваад хаясан байсан. Утсаа шалгаж үзэхэд ямар нэгэн гэмтэл байгаагүй. ...2021 оны 08 дугаар сард 1.000.000 төгрөгөөр авч байсан. ...Хар өнгийн 128 гб-ын хэмжээтэй энгийн ай фоне 10 маркийн гар утас, содон шинж тэмдэг байхгүй. ...Улбар шар өнгийн куртиктэй, 150-155 м орчим өндөртэй эрэгтэй байсан...Гар утсаа олсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “....Би тухайн өдөр багшийн дээд дээр архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр уучихаад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б зочид буудлын зүүн талд нь байдаг урагшаа явдаг автобусны буудал дээр ганцаараа явж байгаад хар өнгийн куртик, хар өнгийн хувцастай эмэгтэй хүүхдийн халааснаас нь ягаан өнгийн гэртэй, шар өнгийн ай фоне загварын гар утсыг хулгайлсан. Тэгээд тухайн утсыг барьж явж байгаад нэг газар очиж зарсан байх ба тухайн үед согтолттой байсан...Би архи уух гэхэд мөнгө байхгүй байсан болохоор тухайн хүүхдийн утас нь харагдаад байхаар нь хулгайлчихсан..Мөнгө олох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн мэдүүлэг,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...”Iphone xs max маркийн загвартай 2019 онд мобикомоос худалдан авсан, хойд талын шил хагарсан гар утас буюу тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.020.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...”Iphone x маркийн загвартай 2021 оны 08 дугаар сард Тедигээс авч байсан,  хар өнгийн 128гб санах ойтой гар утас буюу тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 800.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан,

 Эд мөрийн баримтаар тооцсон Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б зочид буудлын чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал харагдах бичлэгийн цагаар 0:06:00 секундэд цагаан өнгийн малгайтай цамцтай хар куртиктэй, десант өнгийн өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай хар масктай 50 орчим насны 160 орчим эрэгтэй явж байгаа харагдаж байна...” гэсэн тэмдэглэл,

 Эд зүйлийг хүлээн авсан “...Ай фоне 10 /Iphone x/  маркийн 1 ширхэг гар утсыг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 13 цаг 30 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэл,

  Эд зүйлийг хүлээлгэн өгсөн “....Ай фоне 10 /Iphone x/  маркийн 1 ширхэг гар утсыг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад хохирогч Н.Б-д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогч нараас гар утсаа алдсан талаар, шүүгдэгч  нь хохирогч нарын гар утсыг авсан талаар тус тус мэдүүлж, хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар хохирогч нарт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Н.Б-н гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 88-89/, түүний “...Гар утсаа олсон тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-н 86/ гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч Н.Б-д төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин хохирогч А.А-д 1.020.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.С-аас 1.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.С-ыг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.С нь ам бүл ганцаараа, оршин суух байнгын хаяггүй, ажил мэргэжилгүй, урьд 5 удаа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудал:

 

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 64 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 64 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Н.Булганзулд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-аас 1.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН