Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/02157

 

 

 

 

 

      2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/02157

                Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Оддын хотхон цогцолбор ****** тоот хаягт оршин суух Э  овогт Г гийн Т-д холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89 181 805 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э , хариуцагч Г.Т , хариуцагчийн өмгөөлөгч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

            Нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч К ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т  нь К 2014 оны 8 сарын 19-ний өдрийн 3000-2014/188 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулж, 80 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ********* тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Баянголын ам Найрамдлын зам ******** тоотод байрлах 346,8 мкв талбайтай хувийн сууц, гаражийг барьцаалсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 сарын 19-ний өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд үндсэн зээл 67 109 005 төгрөг, зээлийн хүү 18 394 119 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 678 682 төгрөг, нийт 89 181 805 төгрөгийг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

           

Хариуцагч Г.Т  шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь К 2014 оны 8 сарын 19-ний өдрийн 3000-2014/188 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулж, 80 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ү-2201023734 тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Баянголын ам Найрамдлын зам ********* тоотод байрлах 346,8 мкв талбайтай хувийн сууц, гаражийг барьцаалсан асуудлаар маргахгүй. уг зээлийг бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэхээр хөрөнгө оруулалт болгож авсан боловч үйл ажиллагаа доголдсноос ийм асуудалд орсон. Миний бие дээрх 3 жилийн хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт нийт 57 422 738 төгрөг, үндсэн зээлд 12 890 995 төгрөг төлсөн бөгөөд 80 000 000 төгрөг авчихаад бараг зээлсэн мөнгөтэйгээ дүйцхүүц хэмжээний мөнгө төлсөн тул хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжилсэн хүүг хасаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Г.Т  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  89 181 805 төгрөг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох ********* тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Баянголын ам Найрамдлын зам *********** тоотод байрлах 346,8 мкв талбайтай хувийн сууц, граж зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2014 оны 8 сарын 19-ний өдрийн 3000-2014/188 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулагдаж, уг гэрээгээр  К ХХК нь 80 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 9-11/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ү-2201023734 тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Баянголын ам Найрамдлын зам ************** тоотод байрлах 346,8 мкв талбайтай хувийн сууц, гражийг барьцаалжээ./хх-ийн 12,13/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс хариуцагч Г.Т  нь гэрээ байгуулагдсан 2014 оны 8 сарын 20-ны өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуустал буюу 2017 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний графикаар тохирсон хүүг бүрэн төлж, нийт 57 422 738 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх ба харин 2017 оны 7 сарын 20-ны өдрийн үндсэн зээлийн төлбөрт 34 000 000 төгрөг, 2017 оны 8 сарын 20-ны өдөр 34 100 000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь, түүнчлэн үндсэн зээлийн төлбөрт 67 109 005 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байна./хх-ийн 3, 31/

Зохигчид энэ асуудлаар маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч К ХХК нь Г.Т д дээрх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 17/162 дугаар албан тоотоор мэдэгдэл хүргүүлж, шүүхэд 2018 оны 7 сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 16/

Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 7.1.7-д “зээлдэгчийг зээлийн гэрээнд зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл ...бүхий л арга хэмжээг авах”-аар заасан байх ба нэхэмжлэгч К ХХК нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сар өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлж хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна гэж үзэж, уг хэсэгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Г.Т гээс үндсэн зээлийн 67 109 005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 22 072 801 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч К ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсныг  хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т гээс зээлийн гэрээний үүрэгт 67 109 005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 22 072 801 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т  нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан ************ тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Баянголын ам Найрамдлын зам****************** тоотод байрлах 346,8 мкв талбайтай Г.Т гийн өмчлөлийн хувийн сууц, граж зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736 714 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Т гээс улсын тэмдэгтийн хураамжид 493 495 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                     Б.МӨНХЖАРГАЛ