Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2024/0231/З |
Дугаар | 221/МА2024/0401 |
Огноо | 2024-06-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2024/0401
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Гомдлын шаардлага: “НЧДТХ-ийн татварын УБ Я.Лгийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн 0068909 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0423 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч Ч.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0231/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “МҮХАҮТ” НҮТББ-аас НЧДТХ-ийн татварын УБ Я.Л-д холбогдуулан “НЧДТХ-ийн татварын УБ Я.Лгийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн 0068909 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0423 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “МҮХАҮТ” НҮТББ-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0423 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдлыг гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...иргэн, хуулийн этгээд нь борлуулалт хийх бүртээ системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь төлбөрийн баримт нөхөж хэвлэх эрхийг олгоогүй” хэмээн дүгнэжээ. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн нь татвар төлөгчийн гаргасан зөрчлийн шинж тус хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүйтэй яв цав тохирч байх явдал юм. Энэ тохиолдолд татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан зохицуулалтыг хэрэглэж татвар төлөгчийг шийтгэлийн хуудсаар торгох нь хууль ёсны байх зарчмыг зөрчинө. “МҮХАҮТ” НҮТББ-ын борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй, борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй байдлаар төлбөрийн баримтыг хэвлэсэн гэх зөрчлийг гаргаагүй. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно”, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар баталсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын 4.1-д “Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ” гэж заасны дагуу татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулах тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал үүсээгүй байхад төлбөрийн баримт нөхөж хэвлэх эрхийг олгоогүй гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. НЧДТХ-ийн татварын улсын байцаагч Ч.Л-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0068909 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг “2,907,356,543.09 төгрөгийн борлуулалтад төлбөрийн баримт олгоогүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д зааснаар 2 хувьтай тэнцэх хэмжээгээр буюу 2,508,253.7 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасны дагуу тухай бүр дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:”, 8.1-д “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь;”-иар торгохоор хуульчилсан.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “МҮХАҮТ” НҮТББ-ын ТТ-02 маягтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 09-ний болон 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд илгээсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2022 онд 5,990,197,071.27 төгрөгийн борлуулалтын орлого тусгаж, үүнээс 3,082,840,528.18 төгрөгийн төлбөрийн баримт хэвлэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас гомдол гаргагч “МҮХАҮТ” НҮТББ-ын төлбөрийн баримт олгоогүй үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шаардлагатай баримтыг цуглуулж, холбогдогчоос тайлбар мэдүүлэг авч зохих ажиллагааг явуулсны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д зааснаар шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
5. Хэдийгээр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно”, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар баталсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын 4.1-д “Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ” гэж тус тус заасан ч *******” НҮТББ нь 2022 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа үнэн зөв засварлахгүйгээр 5 удаа илгээснийг татварын хэлтэс шалгуур хангаагүй, “татвар төлөгчийн тайлагнасан дүн И-баримтын борлуулалтын орлогын дүнгээс бага байна” тайлангаа үнэн зөв тайлагнаж илгээхийг сануулж 4 удаа буцаасан байх бөгөөд тайлангийн зөрүүг арилгах, тайланг завсарлах талаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/1489 дугаар албан бичгээр дахин нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул “МҮХАҮТ” НҮТББ-ын “тайланд залруулга хийх боломжоор хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
6. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчаас тайлан залруулах тухай шаардлагыг удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан буюу нэхэмжлэгч шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулах тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал үүсээгүй байхад төлбөрийн баримт нөхөж хэвлэх эрхийг олгоогүй гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэх давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ