Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0446

 

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0446

Улаанбаатар хот

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага:  Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарт холбогдуулан гаргасан гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар тогтоосон үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Ш.О, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компанийн АТГ-т 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэхгүй, Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хяналтыг хэрэгжүүлээгүй Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарыг Прокурорын ёс зүйн зүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.7, 3.8 дахь хэсгийг зөрчсөн гэж үндэслэлээр шалгуулахаар Прокурорын ёс зүйн зөвлөлд 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан боловч 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга С.А нь иргэнээс ирсэн гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 2.7-д заасан чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлж шалгуулсан бол заавал зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ёстой байтал хэлэлцүүлээгүй надад шууд хариу ирүүлсэн нь илт хууль бус юм. 

Миний гомдлыг хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор хариу өгсөн нь журмаар шалгалт явуулсан прокурор нь зөвлөлийн хуралд заавал хэлэлцүүлэх ёстойг зааж өгсөн байтал хариуцагч илт хууль бус хариу өгсөн нь Үндсэн хуулийн 16 дугаар зкүйлийн 12-д заасан эрхийг минь зөрчсөн үйлдэл юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаартай хариу мэдэгдэх хуудас, тус газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4/2653 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4/3309 дугаартай хариу мэдэгдэх хуудаст зааснаар миний Прокурорын ёс зүйн зөвлөлд гаргасан прокурорын ёс зүйтэй холбоотой гомдол нь мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол болсныг үнэндээ ойлгохгүй байгаа юм.

Манай гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрх сэргээгдэх юм.

Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарт холбогдуулан гаргасан гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар тогтоосон үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Б ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлд хандаж гомдол гаргасныг хүлээн авч, прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг хийлгэхээр ажлын албанд шилжүүлсэн байна. Ажлын алба нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор холбогдох шалгалтыг явуулж дууссан дүнг Зөвлөлийн даргад танилцуулсан. Зөвлөлийн дарга журмын 3.2-т зааснаар гомдлыг шийдвэрлэж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн болно. Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаас шилжүүлсэн гомдлыг Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэс хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шалгаж шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Б ХХК нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын шийдвэрийн талаар Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Б ХХК-иас Прокурорын ёс зүйн зөвлөлд хандаж гаргасан гомдлын дагуу холбогдох шалгалтыг явуулахад нэр бүхий прокурорууд Прокурорын ёс зүйн дүрэмд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Харин прокурор удаа дараа үндэслэлгүй шийдвэр гаргасан эсэх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал нь Прокурорын ёс зүйн дүрэмд хамааралгүй болно. Иймд гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянаж шийдвэрлүүлэхээр холбогдох хэлтэст нь шилжүүлсэн.

Барилга угсралтын Б ХХК-иас тус шүүхэд гаргасан Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарт холбогдуулан гаргасан гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар тогтоосон үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б ХХК-иас Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад холбогдуулан гаргасан Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарт холбогдуулан гаргасан гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар тогтоосон үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Б ХХК-иас Прокурорын ёс зүйн зөвлөлд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарыг Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгуулахаар гомдол гаргасныг шалгаад Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.А 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П нарт холбогдуулан гаргасан гомдлын дагуу ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас холбогдох шалгалтыг явуулахад прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно. гэсэн хариу өгчээ.

Монгол улсын ерөнхий прокурорын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргаар Улсын ерөнхий прокурорын орлогч С.А-ийг томилсон бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсанд Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.А гэж үндсэн ажил, албан тушаалын нэрийг бичин, гарын үсэг зурсныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна. 

Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т Прокурорын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална. 65.3-д Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Улсын ерөнхий прокурор томилно., Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигаар батласан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2.3-д гаргасан гомдол нь прокрорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, 5.6-д Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын тухай хууль, Прокурорын  ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулсан байна. Шалгалт хийж буй прокурор нь гомдол, хүсэлтийг шалгах ажиллагаа дуусмагц шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж зөвлөлийн даргад танилцуулна. гэж заажээ. 

Б ХХК-иас 3 прокурорт холбогдуулан гомдол гаргасан бөгөөд хэрэгт авагдсан Прокурорын ёс зүйн зөвлөлд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн материалаас үзвэл Нийслэлийн прокурорын газрын прокурор Б.М-д холбогдох гомдлыг шалгаж шийдвэрлэсэн баримт байхгүй, Б.М прокурорын байгууллагаас гарсан гэх боловч энэ талаарх баримтыг хавсаргаагүй нь болон шалгалтын талаар танилцуулга бичиж Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргад танилцуулаагүй зэрэг нь журмын дээрх заалтад нийцээгүй гэж үзлээ. 

Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдол прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар нотлогдсон тохиолдолд хуралдаанаас өмнө гомдлыг шийдвэрлэхээр байхад нэхэмжлэгч Б ХХК-д өгсөн хариу мэдэгдэх хуудсанд прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна. 

Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга прокурор Б.М-тай холбоотой нэмэлт шалгалт хийлгүүлж нэхэмжлэгч компаниас гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М, П.Э, Д.П  нарт холбогдох гомдол нь ёс зүйтэй холбогдолгүй талаар үндэслэл бүхий хариу өгөх, эсвэл шалгалтын дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх талаарх тус зөвлөлийн ажиллах журамд заасан бүрэн эрхийнхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл дээрх асуудлаар нотлох баримт цуглуулж нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх бөгөөд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2.2, 3.2.5, 5.4 дэх хэсэгт зааснаар дээрх асуудлыг шалган шийдвэрлэх нь Прокурорын ёс зүйн зөвлөл болон тус зөвлөлийн даргын  эрх, үүрэг байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж зааснаар хариуцагчаас Б ХХК-ийн гомдлыг шийдвэрлэж дахин шинэ акт гартал Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлөөс дахин шинэ акт гарах хүртэл Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудсын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.            Дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/2600 дугаар хариу мэдэгдэх хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН