Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/498

 

 

 

 

 

 

2022          05          10                                  2022/ШЦТ/498

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

                             

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Г.Цогтгэрэл /Нийслэлийн прокурорын газраас/,

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч С.Ялалт, Д.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 2202001220119 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.Н, /РД: /,

1990 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, ".......” ХХК-нд дууны найруулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 7 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт ажлаар явж байхдаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 348.6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисоо 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” хотхоны .......... дахь өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 07 дугаар сарын 25-ны өдрийн үед “....” киноны зураг авалтаар Баянхангай сум руу явсан. Уг киноны зураг авалт 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Тухайн үед тохиолдлын улмаас сонирхож үзээд уг бодисыг олж түүж авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэв.

 

Эрүүгийн 2202001220119 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2 дугаар хуудас/,

 

Гэрч П.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч П.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 35-36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 65-66 дугаар хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-10 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-16 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 21 дүгээр хуудас/,

 

Хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 22-23 дугаар хуудас/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №197 дугаартай дүгнэлт /хх-н 44-45 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1249 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 48-50 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1248 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 53-56 дугаар хуудас/,

 

   Шүүгдэгч Д.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 86 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 73 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 74 дүгээр хуудас/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хх-н 75 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 87 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 88 дугаар хуудас/, гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-н 89 дүгээр хуудас/, “Х” ХХК-иас ирүүлсэн тодорхойлолт /хх-н 90 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 7 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт ажлаар явж байхдаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 348.6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисоо 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. тоот дахь өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Гэрч П.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...манай нөхөр 2021 оны 7-8 сард Төв аймаг руу С гэх нэртэй уран сайхны киноны зураг авалтад явж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...би хүүгээ мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон гэдгийг сайн мэдэхгүй. Надад хэлэхдээ би буруу юманд холбогдчихлоо хөдөө зургийн ажилд явж байгаад жоохон ногоо түүчихсэн юм аа л гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянхангай гэх сум руу зураачийн багийн Б, Т жолоочийн хамт дөрвүүлээ очсон....ингээд 2021 оны 7 сарын 18-наас 07 дугаар сарын 19-ний үеэр кино зураг авалтын дууны найруулагч гэх Н гэх залуу ирсэн....1 сар орчим кино зураг авалт болсон. Зураач нарын баг кино зураг авалт болсон газарт эд зүйлээ манаж хонодог, бусад багийнхан Баянхангай сумын төвд сургуулийн дотуур байранд байрлаж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “....Буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2021 оны 7 дугаар сарын эхээр Төв аймгийн Баянхангай гэх суманд С нэртэй уран сайхны киноны зураг авалтад очсон. Киноны зураг авалтын багийнхан Баянхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд байрласан. Ингээд киноны зураг авалт сар орчим болж 2021 оны 8 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Киноны зураг авалт дуусаад 2021 оны 8 сарын 21-ны өдөр хаалт хийж оройны шоу маягийн юм зохион байгуулсан. Энэ үеэр сумын сургуулийн дотуур байрны хашаанд ургасан байсан ургамлыг сонирхоод зулгааж аваад гялгар уутанд хийгээд өөрийнхөө хувцастай цүнхэнд хийсэн. Би тэр сургуулийн хашаанд мансууруулах үйлчилгээтэй өвстэй төстэй өвсийг олж хараад зулгааж авсан. Би өмнө нь тэнд тэр өвс байсныг мэдээгүй. Би интернэтээр мансууруулах үйлчилгээтэй өвсийг харж байсан. Тэгээд төстэй харагдаад байхаар нь зулгааж авсан. Ингээд тэр өвсөө гэртээ авч ирээд хадгалсан. Маргааш өглөө нь босож ирээд харахад тэр хавьд энд тэнд мансууруулах үйлчилгээтэй өвс ургасан байсан. Мөн сумын гудамжны энд тэнд ургасан байсан...би түүж ирээд гэртээ хадгалсан өвсөө 4-5 удаа тамхин дотор хийж байгаад хэрэглэж үзсэн. Хамгийн сүүлд пивоны лаазан дээр тавьж байгаад шатаагаад утааг нь сорж хэрэглэсэн. Хэрэглэх үед сонсгол дээр бага зэргийн өөрчлөлт ороод ямар нэгэн зүйл тод сонсогдож байгаа юм шиг санагдсан....би өвснөөсөө хүнд өгөөгүй, зараагүй..би хэрэглэж үзэхээр сонирхоод түүсэн юм..би дахин ийм зүйл хэрэглэхгүй. Маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...унтлагын өрөөнд байх хувцасны шүүгээнээс гялгар уутанд боосон ногоон өнгийн мэт зүйлийг 1 гэж дугаарлан хураан авч цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 372.7 грамм, цааш үргэлжлүүлэн нойлын өрөөнд үзлэг хийхэд уг өрөөний хогийн савнаас DR DIESEL  гэсэн бичигтэй хажуу бөөрөндөө бохирлогдсон пивоны савыг 2 гэж дугаарлан хурааж авлаа..” гэсэн тэмдэглэл,

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...THC хэсгийн С түвшинд 1 тод улаан зураас, Т түвшинд зураас илрээгүй эерэг /хэрэглэсэн/, тестээр үзсэнээс хойш 2 минутын дараа тестийн үр дүн нь /OPI-MET-TML-LSD-AMP-MOP-KET-COC-MDMA-THC/ гэсэн 10 төрлийн бодисоос THC төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав....” гэжээ,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1248 дугаартай “....1. Шинжилгээнд ирүүлсэн ““1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан “DR DIESEL” гэсэн бичиглэлтэй бөөр хэсэгтэй бохирлогдсон төмөр сав нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол / delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. “2” гэж дугаарласан “DR DIESEL” гэсэн бичиглэлтэй бөөр хэсэгтээ харлаж бохирлогдсон төмөр савнаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрээгүй.

3. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.

 4. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 372,7 грамм, цэвэр жин нь 348,6 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 348,1 грамм болов.  “2” гэж дугаарласан “DR DIESEL" гэсэн бичиглэлтэй төмөр савны хажуу хэсэгт харлаж бохирлогдсон хэсэг нь жинлэх хэмжээнд байгаагүй тул жинг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1249 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Н У 2022.02.11” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Н У 2022.02.11” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / илрэв.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэсэн дүгнэлт,

 

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 516 дугаартай байрны 116 тоотод нэгжлэг хураан авч шинжилгээнд хүргүүлж Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1248 дугаартай дүгнэлтээр /delta-9-tetrahydrocannabinol/” илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлд үзлэг хийв. Үүнд: хар өнгийн гялгар уутанд боосон хажуу талдаа ХТТГ Хаанаас 1248, Шинжээч 26 гэсэн бичигтэй ургамал мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр гялгар уутны хамт жинлэхэд 385.2 грамм байх тул үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцохоор тогтов...” гэсэн тэмдэглэл,

 

Хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №197 дугаартай “....

1.  Д.Н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Д.Н нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.Н нь нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Д.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Д.Н нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.

6. Д.Н нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол улсад СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.

7. Д.Нд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Н нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “"мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг;” гэж ойлгоно гэж заасан.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний тархины төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох, хянах чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд тодорхой хугацааны туршид үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин, түүнийг дагаад бие махбодод сөрөг нөлөө үүсгэдэг үйлчилгээ, нөлөөлөл бүхий химийн болон ургамлын гаралтай бодис юм.

 

“Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн” гэдэгт эрх бүхий зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг ойлгоно.

 

“Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэдэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, гэмт этгээд өөрийн хамаарал бүхий өөрийн эд зүйл, орон байр, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн шинжийг хангасан байна.     

   

Ийнхүү шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Н-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг хор уршгийн шинж чанарын хувьд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулан, хараат байдал үүсгэж, улмаар хүний удмын санд эргэшгүй өөрчлөлт оруулдгаараа нийгмийн хор аюул ихтэй байх ба шүүгдэгч Д.Н-гаас сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүгээд зогсохгүй, өөрөө хэрэглэхээр их хэмжээгээр /348.6 грамм/ нөөцлөн авч, олон сарын туршид өөртөө хадгалсан байдал нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж хэмжээгээр ихэсгэсэн байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Н нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, "Х” ХХК-нд дууны найруулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч Д.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шударга ёсны зарчмыг баримтлан Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...Д.Н-д зорчих эрхийг хязгаарлах ял эсвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан.

 

Шүүгдэгчээс гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болох сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг их хэмжээгээр /348.6 грамм/ түүж нөөцлөн авч олон сарын туршид тухайн бодисоо өөртөө хадгалсан үйлдэл нь олон удаагийн үйлдлээр өөртөө мансуурах боломжыг бий болгож нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэж байгаа тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинжийг харгалзан цээрлүүлэх зорилгоор нийгмээс тодорхой хугацаагаар тусгаарлаж, нөгөө талаас түүний ахуй амьдрал, ажил хөдөлмөр эрхэлж буй байдлыг тус тус харгалзан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулсан болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон уутны хамт 385.2 грамм өвс мэт зүйл нь Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюулыг ухамсарлаагүй, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Н-г хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа 385.2 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ДУЛАМСҮРЭН