Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/530

 

 

 

 

 

 

 

2022          05         17                                    2022/ШЦТ/530

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Д.Даваадорж,

Хохирогч, шүүгдэгч: О.Н,

Хохирогч, шүүгдэгч: С.Ч нар оролцсон эрүүгийн 2209000000597 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

О.Н /РД: /,

1998 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

 

С.Ч /РД: /,

2000 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......сургуульд цахилгааны инженерийн ангид суралцдаг оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ............. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” гэх нэртэй зочид буудлын 315 тоот өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох С.Чтой үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний зулайн тус газарт цонхны бариулаар цохиж эрүүл мэндэд нь “...баруун зулайн хуйханд няцарсан шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч С.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” гэх нэртэй зочид буудлын 315 тоот өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.Нтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...баруун сарвуу, бүсэлхийн 5 дугаар нугалам орчим, баруун гуяны цус хуралт, шилэн хүзүүний зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

Хохирогч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...С.Ч маргалдаж ноцолдож байхдаа миний биед халдсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. ....” гэв.

 

Хохирогч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....О.Н нь цонхны бариулаар миний толгой хэсэгт цохьсон. Нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.

                                                                                                                

 

Эрүүгийн 2209000000597 дугаартай хэргээс:

           

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 28-31 дүгээр хуудас/,

 

            Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 32 дугаар хуудас/,

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 33-35 дугаар хуудас/,

 

            Хохирогч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 40-41 дүгээр хуудас/,

 

            Хохирогч О.Ны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 47-48 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 54-55 дугаар хуудас/,

 

            Гэрч Ж.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 58-59 дүгээр хуудас/,

            Гэрч Х.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 62-63 дугаар хуудас/,

           

            Иргэний нэхэмжлэгч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 67-68 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Ны мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 9-11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 21-23 дугаар хуудас/,

           

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4361 дугаартай дүгнэлт  /хх-н 72-73 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4432 дугаартай дүгнэлт  /хх-н 76-77 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 92 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 90 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 81 дүгээр хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 93 дугаар хуудас/, шүүгдэгч О.Ны төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 98 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 108 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 99 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 95 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 100 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” гэх нэртэй зочид буудлын 315 тоот өрөөнд өөрийн найз С.Чийг “найзууддаа намайг буруугаар ойлгууллаа” хэмээн  маргалдаж, улмаар түүний зулайн тус газарт цонхны бариулаар цохиж эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйханд няцарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч С.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” гэх нэртэй зочид буудлын 315 тоот өрөөнд өөрийн найз О.Ныг үг хэлээр зүй зохисгүй харьцаж маргалдаж, улмаар түүний биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь “баруун сарвуу, бүсэлхийд 5 дугаар нугалам орчим, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, шилэн хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд: 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, “Ч” нэртэй зочид буудал байх бөгөөд уг буудал руу орж хэрэг учрал болсон гэх 310 дугаартай өрөө рүү ороход зүүн урагшаа харсан цонхтой, өрөөний зүүн хананд налуулан тавьсан модон ор байх бөгөөд эсрэг талын хананд мөн адил 1 орыг хананы дагуу байрлуулан тавьсан байв. Үзлэгийг үргэлжлүүлж О.Ны хагалсан гэх цонхыг харахад бүрэн бүтэн болсон байдалтай харагдаж байв. Уг цонхны цагаан өнгийн бариул нь хэрэгт ач холбогдолтой байгаа учраас хураан авч, эд мөрийн баримтаар тооцохоор болов...” гэсэн тэмдэглэл,

 

            Эд мөрийн баримтад үзлэг хийсэн “...үзлэг хийж буй вакум цонхны цагаан өнгийн бариул нь урд хэсгээрээ нарийн төмөртэй, дундаа хуванцар оруулгатай, бариул хэсэг нь төмөр хатуу материалаар хийгдсэн байгааг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл,

 

            Хохирогч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би найз охин Н болон ажлын газрынхаа Б, Т гэх залуучуудын хамтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Ч” гэх нэртэй зочид буудалд 13 цагийн үед орсон. Ороод бид нар 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан. Пиво ууж байх явцад Наа намайг муугаар яриад “арчаагүй” гэх мэтээр ажлын газрын маань хоёр залууд хэлж яриад байсан. Тэгэхээр нь би эхлээд Наад “чи больчих” гэж хэлсэн. Тэр үед Т Наад хандаж “та хоёр асуудпаа хоорондоо ярь, чи эрэгтэй хүнийг ариа ч ингэж хэлж болохгүй” гэж хэлсэн. Тэр үед Н-н гар утас руу ах, эгч нь залгаад байсан юм. Наа тэр үед ажилтай гээд байсан болохоор би ажлынхаа газрын хоёр залуугаас санаа зовоод Нааг “чи яв, ажлаа бод” гэж хэлсэн ба удалгүй Наа гайгүй болсон. Тэр үед Наа нь орон дээр намайг дараад, миний дээр гарчихсан намайг үнсээд байсан. Би ажлынхаа хоёр залуугаас санаа зовоод зүгээр бай гэж хэлсэн. Тэгтэл Т бид хоёрт хандаж “та хоёр болиоч ээ, чи янхан юм уу” гээд хэлчихсэн юм. Гэтэл Н-аа босож ирээд Т руу уурлаад, улмаар миний нүүр хэсэг рүү алгадаад, хөл рүү өшиглөөд байсан. Тэрээр надаас холдохоор нь би сууж байсан орноосоо босоод нөгөө талын орон дээр очоод суухад тэрээр цонхны бариул барьчхаад цохих гээд байсан. Тэр үед Б, Н-р намайг цохиулахгүй гээд хамгаалсан боловч тэрээр цонхны бариулаар миний толгойн ар дагзны хэсэг, дээд зулай хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Намайг цохиж байхдаа тэрээр миний хүзүүг маажсан. Тэгээд миний толгой, хамраас цус гарахаар нь би цагдаа дуудна гээд гар утсаа гаргаж ирээд цагдаа руу залгаад хаягаа хэлээд дуудпага өгч байхад Наа миний гар утсыг булааж аваад шидсэн. Түүнийг зайл гэж хэлэхэд тэр үед Н над руу үнсний сав шидэх гэж байгаад цонх руу шидээд цонх хагалсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч О.Ны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед би найз залуу С.Чтой уулзсан. Уулзахад тэрээр хамт ажилладаг гэх хоёр танихгүй залуутай хамт явж байсан ба тэр хоёр залуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Ч” нэртэй зочид буудалд өрөө аваад байж байсан. Харин би Чийн хамтаар гадаа уулзаж юм ярьж байгаад араас нь буудал руу хамт орсон. Ороод бид нар 2 ширхэг, 2.5 литрийн том пиво уусан. Бид нар хоорондоо юм ярьж сууж байхад би тэдэнд хандаж “удахгүй явна шүү” гэдгээ хэлсэн. Тэгтэл хамт байсан нэг залуу нь над руу уурлаад үг хаяад байх шиг байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж “Ч бид хоёрын асуудлыг мэдэхгүй байж битгий иймэрхүү зүйл яриад бай” гэж хэлсэн. Тэгээд байж байтал миний гар утсанд дуудлага ирсэн ба би гарчхаад ороод иртэл хамт байсан ах нь намайг “пиво уу” гээд байсан. Тэгтэл Ч нь намайг “00”-ын өрөөнд оруулаад “миний хоёр ахтай унт, групп секс хий” гэх мэтийн зүйл ярихаар нь би уурлаад “00”-ын өрөөнөөс гарсан. Тэгтэл хамт байсан намхан ах намайг “би чамайг мэднэ шүү дээ, цагийн 150.000 төгрөг биз дээ, би мөнгийг чинь өгье, үсрээд л 150.000 төгрөг биз дээ” гээд байсан. “00”-ын өрөөнөөс С.Ч-ийг гараад ирэхээр нь би түүнд хандаж “чи энэ ах нартаа намайг юу гээд хэлсэн юм бэ” гэж хэлээд уурласан. Ч болон хамт байсан ах нь намайг “янхан” гэж муухай үгээр хэлээд байсан. Мөн Ч нь надад хандаж “муу гуйлгачин, ар гэрийнхэн чинь чамайг тоодоггүй, тийм болохоор чамайг зодоход амар” гэж хэлсэн....Намайг гуя, хүзүү хэсэгт цохьсон. Одоогийн байдлаар миний толгой хааяа өвдөөд байгаа, өөрөөр ямар нэгэн зовуурь байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тухайн өдөр С.Ч, Тайвнаа бид гурав “Модны 2”-ийн “Амур” гэх нэртэй зочид буудалд уулзсан. Тэндээсээ гараад “Ч” гэх нэртэй зочид буудалд гурвуулаа орох гээд очтол үүдэнд нь С.Ч-ийн найз охин Н байсан. Тэгээд бид нар нэг өрөөнд орсон бөгөөд орохдоо гаднаас 2 ширхэг, 2 литрийн том савлагаатай пиво аваад орсон. Ороод бид дөрөв авсан пиво хувааж уусан. Би өмнөх өдөр нь шөнө унтаагүй, дуудлагын жолооч хийсэн болохоор нойр муутай явж байсан юм. Тэгээд уусан пивондоо хэсэг хугацаанд нойрмоглоод унтсан байсан. Тэгтэл удалгүй Н нь орилж хашгираад эхэлсэн ба тэр дуугаар нь би сэрсэн. Намайг босоход Чийн нүүрний хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд Ч, Н хоёр буудлын өрөөний үүдэнд хэсэгт байсан. Ч нь Н-н хоёр гарыг нь бариад цээжний хэсэгт нь дарчихсан байж байгаад хоёул хамт орон дээр унасан. Хоорондоо хэрэлдээд, ноцолдоод байсан. Тэр хоёр босож ирээд дахиад хоорондоо ноцолдох гээд Наа Ч руу дайраад байхаар нь би тэднийг зодолдуулахгүй гээд Чийг араас нь тэврээд орон дээр хэвтсэн...” гэсэн мэдүүлэг,

           

            Иргэний нэхэмжлэгч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....Би тухайн өдөр ажил дээрээ байхгүй, гадуур ажилтай явж байсан юм. Тэр өдөр үнсний сав шидээд хагалсан гэж сонссон. Тухайн өрөөнд орсон 2 залуу нь 200.000 төгрөгийг төлөөд явсан байсан. Одоогийн байдлаар манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй болно...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4361 дугаартай: 1. С.Чийн биед баруун зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна, 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4432 дугаартай: 1. О.Ны биед баруун сарвуу, бүсэлхийд 5 дугаар нугалам орчим, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, шилэн хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүдээс баруун сарвуу, бүсэлхийн 5 дугаар нугалам орчим, баруун гуяны цус хуралт, шилэн хүзүүний зулгаралт гэмтэл нь нэг даг хугацаанд буюу 2-3 хоногийн дотор, зүүн гуяны цус хуралт нь эдгээр гэмтлээс өмнө буюу 3-аас дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ч, О.Н нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдаж улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хүч хэрэглэсэн болохыг хохирогч О.Н, хохирогч С.Ч, гэрч Б.Б нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогч нарын бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. 

 

Тодруулбал шүүгдэгч О.Н нь хохирогч С.Чийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ, шүүгдэгч С.Ч нь хохирогч О.Ны биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ тус тус хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас харилцан бие биедээ хөнгөн гэмтэл бүхий хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж тус тус үзэхээр байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгч нараас гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох бие биенийхээ эрүүл мэндэд учруулсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос “...О.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” гэх нэртэй зочид буудлын 315 тоот өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох С.Чтой үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний зулайн тус газарт цонхны бариулаар цохиж эрүүл мэндэд нь “...баруун зулайн хуйханд няцарсан шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, ...С.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” гэх нэртэй зочид буудлын 315 тоот өрөөнд гэр бүлийн хамаар бүхий харилцаатай хүн болох О.Нтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “...баруун сарвуу, бүсэлхийн 5 дугаар нугалам орчим, баруун гуяны цус хуралт, шилэн хүзүүний зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ялласан ба хэрэгт авагдсан баримтуудаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөх үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар С.Чийн хохирогчоор мэдүүлсэн “...Хохирогч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би найз охин Н болон ажлын газрынхаа Б, Т гэх залуучуудын хамтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Ч” гэх нэртэй зочид буудалд 13 цагийн үед орсон...Тэр үед Наа нь орон дээр намайг дараад, миний дээр гарчихсан намайг үнсээд байсан. Би ажлынхаа хоёр залуугаас санаа зовоод “зүгээр бай” гэж хэлсэн. Тэгтэл Т бид хоёрт хандаж “та хоёр болиоч ээ, чи янхан юм уу” гээд хэлчихсэн юм. Гэтэл Наа босож ирээд Т руу уурлаад, улмаар миний нүүр хэсэг рүү алгадаад, хөл рүү өшиглөөд байсан...цонхны бариулаар миний толгойн ар дагзны хэсэг, дээд зулай хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Намайг цохиж байхдаа тэрээр миний хүзүүг маажсан...2021 оны 11 сараас үерхэж эхэлсэн, урьд зодож байгаагүй...” гэж, О.Ны хохирогчоор мэдүүлсэн “...намхан ах намайг “би чамайг мэднэ шүү дээ, цагийн 150.000 төгрөг биз дээ, би мөнгийг чинь өгье, үсрээд л 150.000 төгрөг биз дээ” гээд байсан. “00”-ын өрөөнөөс С.Чийг гараад ирэхээр нь би түүнд хандаж “чи энэ ах нартаа намайг юу гээд хэлсэн юм бэ” гэж хэлээд уурласан. Ч болон хамт байсан ах нь намайг “янхан” гэж муухай үгээр хэлээд байсан. Мөн Ч нь надад хандаж “муу гуйлгачин, ар гэрийнхэн чинь чамайг тоодоггүй, тийм болохоор чамайг зодоход амар” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд цонхны бариулаар С.Чийн толгой, зулай хэсэгт 2 удаа цохисон...урьд Чийн биед хүч хэрэглэж байгаагүй...” гэж тус тус мэдүүлсэн.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч” гэх нэртэй зочид буудлын 315 тоот өрөөнд С.Ч болон түүний найзууд, О.Н нар хоорондоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй зохисгүй харилцаж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргаан болсон байх ба С.Ч, О.Н нар 2021 оны 10 дугаар сард танилцаж, тухайн оны 11 дүгээр сараас уулзаж үерхэж эхэлсэн, гэр бүлийн харилцаа үүсэх хэмжээнд тодорхой удаан хугацаанд хамтран амьдарч байгаагүй, урьд бие биедээ хүч хэрэглэж байгаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогджээ.

 

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Ч, О.Н нарын хооронд гэр бүлийн харилцан хамааралтай нөхцөл байдал үүсээгүй ба харин тэдгээрийн үйлдэл нь хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн, тодруулбал, О.Н С.Ч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ О.Наас “найзууддаа намайг буруугаар ойлгууллаа” хэмээн маргаан үүсгэж улмаар тэдгээр нь биедээ хүч хэрэглэсэн байх тул шүүгдэгч нарын үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.

 

Иймээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасан “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалтыг баримтлан прокуророос шүүгдэгч О.Н С.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн хэрэг явдал нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүдийн хооронд үүссэн эсэх, ердийн байдлаараа гэр бүлийн уур амьсгал ямар байдаг, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан илэрхий тэгш бус нөхцлыг бий болгон хүйтэн хөндий уур амьсгалыг урьд өмнө бүрдүүлж байсан эсэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэнэт үүссэн сэтгэл зүйн таарамжгүй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн талаарх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж байж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь зүйтэй болохыг тэмдэглэв.

 

Дээрх дүгнэлтэд тулгуурлан шүүх улсын яллагчийн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно. 

 

Иймд шүүх шүүгдэгч О.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Шүүгдэгч нараас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд маргаагүй ба харин прокуророос ялласан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд тодорхой тайлбар илэрхийлээгүй болохыг дурьдлаа.    

  

Хохирол, төлбөрийн талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Н, С.Ч нар нь харилцан бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул тэдгээрийг хоорондоо төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч О.Н, С.Ч нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч О.Н нь ам бүл 2, бага насны охины хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, шүүгдэгч С.Ч нь ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, оршин суух байнгын хаягтай, ........ оюутан, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.Н, шүүгдэгч С.Ч нарт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч нарт 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгч нараас “..тусгайлан гаргах саналгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цонхны бариулыг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Д.С-д олгох, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

  1. Прокуророос С.Ч, О.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч С.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, О.Н нарт тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус тус оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг цонхны бариулыг иргэний нэхэмжлэгч Д.С-д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, О.Н нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч, О.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН