Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/547

 

 

 

 

 

 

 

  2022          05         23                                    2022/ШЦТ/547

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Иргэдийн төлөөлөгч: Б.Г,

Шүүгдэгч: Г.С, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нар оролцсон эрүүгийн 2209000000396 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.С /РД: /,

1968 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн ..........тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн .......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн ........... тоот монгол гэрт иргэн Д.Гтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний хэвлийн тус газар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн урд ханаар хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, ходоодны урд хана, арын ханыг нэвт хатгасан шарх, хэвлийн хөндий дэх цусан хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2209000000396 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-15 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...ажлын хэсэг 5,5 см иш хэсэг 9.5 см урттай хуванцар шар өнгийн иштэй жижиг хутгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-н 17 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Гийн өвчний түүх /хх-н 45-67 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 20-21, 22 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 33-34 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 37-38 дугаар хуудас/,

 

Яллагдагч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 7-9 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2472 дугаартай дүгнэлт /хх-н 41-42 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Г.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 73 дугаар хуудас/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-н 75 дугаар хуудас/, хорооны тодорхойлолт /хх-н 83 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-н 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн ......тоот хашаанд байрлах өөрийн монгол гэрт иргэн Д.Гийг “согтуурхаж миний урдуур хойгуур явлаа” хэмээн үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний хэвлийн тус газар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “хэвлийн урд ханаар хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, ходоодны урд хана, арын ханыг нэвт хатгасан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...орны цаана хөргөгч цаана нь шар өнгийн хоолны шүүгээ байх ба дотор нь варианы шилэн дотор халбага, сэрээн дунд шар өнгийн иштэй нийт урт нь 16 см урттай, ажлын хэсэг нь 6.5 см урт бариул хэсэг нь 9.5 см урттай хутгыг шинжилгээнд хүргэхээр түр хураан авав...” гэсэн тэмдэглэл,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...ажлын хэсэг 5,5 см иш хэсэг 9.5 см урттай хуванцар шар өнгийн иштэй жижиг хутгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол,

 

Хохирогч Д.Гийн өвчний түүх,

 

Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би өчигдөр орой 25 дугаар эмийн сангийн тэнд орцонд хоночхоод өнөөдөр өглөө Г.С-н гэрт очсон. Түлээ, нүүрсний мөнгө өгөх гээд очсон. Тэгээд бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор маргалдаад тэгсэн Г.С намайг угаалгын машины хойд талд байдаг шар иртэй нимгэн хутгаар миний гэдэс рүү хутгалсан тэгээд би унаад өгсөн. Г.С түргэн дуудаад бид хоёр эмнэлэг дээр ирсэн. Би ч согтуу байсан Г.С ч согтуу байсан... Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүгд үнэн..Надад хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээ хийлгэж дууссан одоогоор биеийн байдал сайн байгаа. Одоо надад гомдол санал байхгүй.....” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Д.Гийг хагалгаанаас гарахад нь мэдсэн. Д.Гийн нэг хамаатан надтай холбогдоод “Г.С Д.Гийг хутгалсан байна. Хагалгаанд ороод гарлаа” гэж надад хэлээд тэгээд би мэдсэн...” гэсэн мэдүүлэг

 

Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Д.Г яриагүй. Манай хамаатан Г.С-н эгч над руу залгаад “Д.Гийн бие өвдөөд байна, над руу залга гээд хэлээд өг” гэхээр нь би Г.С-н утас руу залгахад “Төмөр өглөө хутгалуулчхаад ирлээ" гэж надад хэлээд “Та хүрээд ирэх үү” гэсэн. Би “Би очих гэсээр байгаад цаг алдана. Тиймээс яаралтай түргэн тусламж дуудаарай” гэж хэлсэн. “Чи түргэн дуудаж чадна биз дээ” гэхэд “Чадна” гэсэн. Тэгээд яваад очиж байхад “Цэргийн төв эмнэлэг дээр ирсэн хагалгаанд орох гэж байна” гэж надад Г.С хэлсэн. Би яваад очиход үүдний хэсэгт Төмөрөөг эмч үзээд хүлээлгийн өрөөнд байж байсан. Харин цагдаа ирчихсэн Г.Стой уулзаж байсан. Тухайн үед Т-г Г.С “Хутгалаагүй” гээд ярьж байсан. Тэгэхэд нь би Төмөр болон Г.Сд хандаж “Та хоёр худлаа ярьж хүнд ажил удах шаардлага байхгүй. Үнэнээ хэл” гэж хэлсэн. Тэр хоёр хоёулаа халамцуу байсан. Гэтэл Төмөрөө надад болон байцаагчид үнэнээ хэлсэн. “Намайг Г.С хутгалсан” гээд тийм л зүйл болсон юм. Ер нь миний мэдсэн зүйл бол ерөөсөө энэ...” гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө босоод галаа түлчхээд цайгаа чаначхаад зурагтаар кино үзээд сууж байхад гаднаас Д.Г орж ирээд ороомог халааснаасаа гаргаж ирээд зуухан дээр тавьж халааж идсэн. Тэгэхдээ би “Нүүрсний мөнгө олж ирлээ” гээд хэдэн төгрөг гаргаж ирээд намайг орон дээр хэвтэж байхад цохиж аваад байсан. Тэгж байгаад зүгээр болсон. Ингээд би босоод зуухны хажууд чанасан яс байсан юм түүнийг мөлжөөд сууж байсан. Гэтэл миний урдуур хойгуур хөндөлсөөд согтуурхаад байсан би газар сууж байхад хүн босоод урдуур хойгуур яваад байхаар нь “Цааш болооч” гээд түлхсэн. Тэгэхдээ хутга барьсан байсан гараараа түлхээд гарт байсан хутга орчихсон юм. Гэнэт Д.Г “Хутга орчихлоо” гэхээр нь би сандраад түргэн дуудаад Д.Гийн ах Д.Г ах руу залгасан боловч утсаа аваагүй. Түргэний машин хаягийг маань олохгүй болохоор зам руу явж очиж очиж тосож авч ирээд үзүүлсэн чинь “Цэргийн госпитал” эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2472 дугаартай “...1. Д.Гийн биед хэвлийн урд ханаар хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, ходоодны урд хана, арын ханыг нэвт хатгасан шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.     Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.        Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 41-42 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. 

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Ногоон талбай 2-569 тоот хашаанд байрлах өөрийн монгол гэрт иргэн Д.Гийг “согтуурхаж миний урдуур хойгуур явлаа” хэмээн уурлаж маргалдан улмаар мах зүсэхэд хэрэглэж гартаа барьж байсан ажлын хэсэг 5,5 см иш хэсэг 9.5 см урттай хуванцар шар өнгийн иштэй жижиг хутгаар түүний хэвлийн тус газарт нэг удаа хутгалж хохирогч Д.Гийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Ийнхүү Г.С нь хохирогчийн биед хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Д.Гийн биед хүнд хохирол санаатай учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр хүч хэрэглэн халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгчээс хохирогчийн биед гэмтэл учруулахдаа хэрэглэсэн хутга нь аливаа биетийг устгах, гэмтээх чадвартай эд зүйл тул “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэг ойлголтод хамааруулж авч үзнэ.        

 

 Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.С-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар “..шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Тус хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “...Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан.  

Хохирол төлбөрийн талаар:

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Д.Г-өөс “...надад хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээ хийлгэж дууссан одоогоор биеийн байдал сайн байгаа. Одоо надад гомдол санал байхгүй...” /хх-н 22/ гэж мэдүүлсэн, “..Г.Стой ах дүүгийн хамаатан садан учраас ямар нэгэн гомдол санал байхгүйгээс гадна эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй болно...” /хх-н 89/ гэж хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогчид 2.000.000 гаруй төгрөг төлсөн гэж мэдүүлэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.С-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.С нь оршин суух тодорхой хаягтай, ганцаараа амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2016 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш дахин гэрлэлт бүртгэлгүй, урьд ял шийтгэлгүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх төлбөргүй байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмын хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 5.5 см, бариулын хэсэг 9.5 см урттай хуванцар шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г. С-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Г.С-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 5.5 см, бариулын хэсэг 9.5 см урттай хуванцар шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН

                      

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.БОЛДБААТАР

           

                         ШҮҮГЧ                                   Б.БАТСАЙХАН