Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/573

 

 

 

 

 

   2022         05          30                                    2022/ШЦТ/573                                 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дариймаа,

Улсын яллагч: Э.Булганчимэг

Шүүгдэгч: М.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2209004190994 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  М.М /РД: /  ,

  2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ......... оршин суух, урьд ял шийтгэлгүй.

           

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

           Шүүгдэгч М.М нь цахим хэрэгсэл ашиглаж буюу “Unegui.mn” зарын сайтад 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “байр түрээслүүлнэ” гэсэн худал зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, тус зарын дагуу холбогдсон иргэн Ц.Ааас 800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 50 дугаартай дансаар шилжүүлсэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн 2209004190994 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Япон цэргийн цогцолбор ...... тоотод байхдаа интернэтээр үнэгүй.мн-ээс байр түрээслэн гэх зарын дагуу 85 дугаар луу холбогдож ярихад 25 дугаар эмийн сангийн хажууд байр байгаа, өөр хүмүүст түрээслэх гээд байна яаралтай мөнгөө шилжүүлчих гэхээр нь өөрийн хадам аав Б-н Хаан банкны 504 тоот данснаас М гэх эзэмшигчтэй Хаан банкны 50 тоот данс руу 800,000 төгрөгийг 99 гэх утгатайгаа шилжүүлсэн.85 руу залгахад эмэгтэй хүн ярьж байсан нэг ч удаа уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 11 дүгээр хуудас/,

 

2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн №29/371 дугаартай Хаан банкны албан бичгээр “... 50 тоот дансыг У регистрийн дугаартай М.М эзэмшдэг...” гэх албан бичиг, дансны хуулга /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.М.М-н яллагдагчаар өгсөн “.....Би хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 05  дугаар сарын 16-ны өдөр түүний данс руу 800.000 төгрөгийг шилжүүлэн хохирлыг барагдуулсан байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.М.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39, 57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 40 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 38, 56 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 41 дүгээр хуудас/, дансны хуулга /хх-н 42-43 дугаар хуудас/, 800.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-н 64 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-н 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2022 оны 01 дугаар сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу “UNEGUI.mn” зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн худал зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 85-т холбогдон ярьсан хохирогч Ц.А-д “...25 дугаар эмийн сангийн хажууд байр байгаа, өөр хүмүүст түрээслэх гээд байна яаралтай мөнгөө шилжүүлчих...” хэмээн өөрийн  Хаан банкны 50 тоот данс руу 800,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Ц.Аын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Япон цэргийн цогцолбор ......тоотод байхдаа интернэтээр үнэгүй.мн-ээс байр түрээслэн гэх зарын дагуу 85 дугаар луу холбогдож ярихад 25 дугаар эмийн сангийн хажууд байр байгаа, өөр хүмүүст түрээслэх гээд байна яаралтай мөнгөө шилжүүлчих гэхээр нь өөрийн хадам аав Баяраагийн Хаан банкны 504 тоот данснаас М гэх эзэмшигчтэй Хаан банкны 50 тоот данс руу 800,000 төгрөгийг 99 гэх утгатайгаа шилжүүлсэн.85 руу залгахад эмэгтэй хүн ярьж байсан нэг ч удаа уулзаагүй...” гэсэн мэдүүлэг,

 

2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн №29/371 дугаартай Хаан банкны албан бичгээр “... 50 тоот дансыг У регистрийн дугаартай Мижиддоржийн М эзэмшдэг...” гэх албан бичиг, дансны хуулга, 

 

Шүүгдэгч М.М.М-н яллагдагчаар өгсөн “.....Би хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 05  дугаар сарын 16-ны өдөр түүний данс руу 800.000 төгрөгийг шилжүүлэн хохирлыг барагдуулсан байгаа ...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч М.М нь цахим хэрэгсэл ашиглаж буюу Unegui.mn зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн худал зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож уг зарын дагуу холбогдсон хохирогчийг хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны данс руу 800.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Хохирогч Ц.Ааас “...М.М нь миний хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.М нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 4, оршин суух тодорхой хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзав.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон       

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч М.М-г бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН