Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/574

 

 

 

 

 

   2022         05       30                                    2022/ШЦТ/574

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дариймаа,

            Улсын яллагч: Б.Амармөрөн

            Шүүгдэгч: Д.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2209007250806 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.Т /РД: /,

1963 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 59 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, Хан-Уул дүүрэг ........ оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ......... тоотод оршин суух, урьд:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ............... тоотод хохирогч П.Ттай үл ялих зүйлээс болж маргалдан түүнийг гараараа хоолойг боон, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2209007250806 дугаартай хэргээс:

 

Хохирогч П.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 20-нийг шилжих шөнө 01 цагийн орчим найз залуу Т руу залгаад цэргийн баярын мэнд хүргэчхээд би танайд яваад очих уу гэхэд Т нь хүрээд ир гэж надад хэлэхээр нь би Сүхбаатар дүүргийн ........... байх гэрт нь очсон, гэрт нь очиход Б, Б, Б гээд гурван эрэгтэй хүний хамт байсан намайг ороход Т, Т хоёр пиво уугаад сууж байсан. Бэхээ, Батжаргал хоёр нь унтаж байсан. Т, Т бид гурав пиво уугаад юм ярьж суусан. Шөнийн 02 цагийн орчим унтаж амарцгаая гээд 2 давхар руу гараад Т-ын унтдаг орон дээр гараад унтаж байхад Т ирээд чи яахаараа миний орон дээр унтдаг юм гээд намайг орон дээрээс газар руу буулгаад миний хоолойг боогоод би Т-т чи ямар аймар юм бэ гэж хэлэхэд миний цээж рүү гараараа цохиод байсан би цохиулахгүйн тулд эсэргүүцсэн. Тэгээд миний толгойны ар хэсэг рүү гараараа цохисон бас хөлөөрөө нуруу, хөл, гар руу өшиглөөд байсан. Тэгээд би үүр цайхыг хүлээгээд цагдаа дуудсан. Энэ гэмтлүүдийг Т учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...шөнө байж байхад нэг чимээ гарсан би тэгэхэд хальт сэрээд хэвтэж байхад доор нэг эмэгтэй дугараад байсан тэгээд би буцаад унтаад өгсөн. Унтаад байж байхад Т нь орж ирээд Т миний хажуу талд унтаж байсан. Т тэр эмэгтэй унтахгүй чи хатиг хөндөөд байна гээд тэр хоёр маргалдаад байсан. Т нь тэр эмэгтэйг газар унт гэж хэлээд байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Т нь Ттай хамт унтана гээд тэр хоёр орон дээр ноцолдож байгаад Тын биед дээр гарсан хатигийг нь хөндөөд Т нь яая л даа гэж орилсон. Т нь Т-г орон дээрээс түлхээд цаашаа болгосон....” гэсэн мэдүүлэг,  

 

 

Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө 16 цаг 45 минутад Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо ........ уул руугаа дээшээ найз залуудаа зодуулсан цээж рүүгээ өшиглүүлсэн чинь хөдөлж чадахгүй байна гэх дуудлагын дагуу очиход хашааны хаалгыг дуудлага өгсөн эмэгтэй тайлсан. Уг эмэгтэй нь надад хэлэхдээ хамаагүй хөдөлж болохгүй байна цээж рүү өвдөөд байна амьсгалж болохгүй байна гээд надад хэлсэн. Тэгээд тэр дуудлага өгсөн хүний хамт байшин руу ороход 3 эрэгтэй хүн байсан. Т гэх хүнээс юу болсон талаар асуухад зодож цохисон зүйл байхгүй энэ эмэгтэйг хальт таньдаг юм уг эмэгтэй нь гэрийн хаалга, цонх нүдээд байхаар нь гэртээ оруулсан гэж хэлсэн. Уг эмэгтэйг аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү явсан мэдүүлэг /хх-н 44 дүгээр хуудас/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №4512 дугаартай:  “...1. П.Т-ийн биед өвчүү ясны цөмөрсөн хугарал, баруун 4, 5, зүүн 4,5-р хавиргануудын хугаралт, баруун, зүүн бугалга, баруун ядам хуруу, нуруу, цээж, баруун өгзөг, баруун, зүүн гуя, шилбэ, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 03 сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 21-22 дугаар хуудас/,

 

Шинжээч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...П.Тийн биед өвчүүний цөмөрсөн хугарал, баруун 4, 5, зүүн 4, 5 дугаар хавирганы хугарлууд нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавирганы хугарал нь 1 талд 2 байгаа тул хүндэвтэр зэрэгт орж байна. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн цээжний хөндийн компьютер томографикаар шинэ хугарал тодорхойлогдсон тул тухайн хэрэг болохоос өмнөх хугацаанд үүсэх боломжгүй..”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

 

Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “....Би тэр хүнийг санаатай зодоогүй. Т нь харанхуй шөнө орж ирэхдээ энгэр заам нь ярцан, үс сэгсийцэн орж ирсэн. Өмнө нь надтай Т нь уулзахдаа найзуудын чинь дунд чамайг хэн ч биш болгон би чамайг чадна, чи хүн тоодоггүй хэн бэ гэж надад агсан тавьж байсан тийм учраас би энэ эмэгтэй гар хүрч болохгүй гэдгийг ойлгосон байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 55 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 56 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 58 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 59 дүгээр хуудас/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 65-67 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-н 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 3 дугаар сарын 19-нөөс 2022 оны 03 дугаар сарын 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ............. тоотод өөрийн гэртээ байхдаа хохирогч П.Т “өөрийнх нь орон дээр унтлаа” гэх үл ялих шалтгаанаар маргалдан орон дээрээс газар руу буулган цээж хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө өшиглөн зодсоны улмаас эрүүл мэндэд нь “...биед өвчүү ясны цөмөрсөн хугарал, баруун 4, 5, зүүн 4,5-р хавиргануудын хугаралт, баруун, зүүн бугалга, баруун ядам хуруу, нуруу, цээж, баруун өгзөг, баруун, зүүн гуя, шилбэ, баруун өвдгөнд цус хуралт ...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч П.Тийн “....гэрт нь очиход Т, Б, Б гээд гурван эрэгтэй хүний хамт байсан намайг ороход Т, Т хоёр пиво уугаад сууж байсан. Бэхээ, Батжаргал хоёр нь унтаж байсан. Т, Т бид гурав пиво уугаад юм ярьж суусан. Шөнийн 02 цагийн орчим унтаж амарцгаая гээд 2 давхар руу гараад Тын унтдаг орон дээр гараад унтаж байхад Т ирээд чи яахаараа миний орон дээр унтдаг юм гээд намайг орон дээрээс газар руу буулгаад миний хоолойг боогоод би Тт чи ямар аймар юм бэ гэж хэлэхэд миний цээж рүү гараараа цохиод байсан би цохиулахгүйн тулд эсэргүүцсэн. Тэгээд миний толгойны ар хэсэг рүү гараараа цохисон бас хөлөөрөө нуруу, хөл, гар руу өшиглөөд байсан. Тэгээд би үүр цайхыг хүлээгээд цагдаа дуудсан. Энэ гэмтлүүдийг Т учруулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.М-н “...Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө 16 цаг 45 минутад Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо ........ уул руугаа дээшээ найз залуудаа зодуулсан цээж рүүгээ өшиглүүлсэн чинь хөдөлж чадахгүй байна гэх дуудлагын дагуу очиход хашааны хаалгыг дуудлага өгсөн эмэгтэй тайлсан. Уг эмэгтэй нь надад хэлэхдээ “хамаагүй хөдөлж болохгүй байна цээж рүү өвдөөд байна амьсгалж болохгүй байна” гээд надад хэлсэн. Тэгээд тэр дуудлага өгсөн хүний хамт байшин руу ороход 3 эрэгтэй хүн байсан. Т гэх хүнээс юу болсон талаар асуухад зодож цохисон зүйл байхгүй энэ эмэгтэйг хальт таньдаг юм уг эмэгтэй нь гэрийн хаалга, цонх нүдээд байхаар нь гэртээ оруулсан гэж хэлсэн. Уг эмэгтэйг аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №4512 дугаартай:  “...1. П.Тийн биед өвчүү ясны цөмөрсөн хугарал, баруун 4, 5, зүүн 4,5-р хавиргануудын хугаралт, баруун, зүүн бугалга, баруун ядам хуруу, нуруу, цээж, баруун өгзөг, баруун, зүүн гуя, шилбэ, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 03 сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шинжээч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...П.Тийн биед өвчүүний цөмөрсөн хугарал, баруун 4, 5, зүүн 4, 5 дугаар хавирганы хугарлууд нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавирганы хугарал нь 1 талд 2 байгаа тул хүндэвтэр зэрэгт орж байна. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн цээжний хөндийн компьютер томографикаар шинэ хугарал тодорхойлогдсон тул тухайн хэрэг болохоос өмнөх хугацаанд үүсэх боломжгүй..”  гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. 

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь архидан согтуурсан үедээ хохирогч П.Т-тай үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний биед хүч хэрэглэсэн болохыг шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч Д.Т нь хохирогч П.Т-ийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас П.Тийн биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

                           

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Т нь “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно...” гэсэн байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин шүүх хохирогч П.Тийн биед учирсан гэмтлийн шинжийг харгалзан нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч П.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Т нь дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаягтай, 59 настай зэрэг хувийн байдлыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч П.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-т оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлын талаар хохирогч П.Таас шүүгдэгч П.Т-т холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДУЛАМСҮРЭН