Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/588

 

 

 

2022            06          02                                   2022/ШЦТ/588

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-Б-д холбогдох эрүүгийн 2209000170138 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д. Б /РД:/,

1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Чингэлтэй дүүргийн ....... тоотод оршин суух, урьд:

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечилэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 268 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, тус ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн,     

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний хооронд Баянзүрх дүүргийн ..........тоотод оршин суух иргэн Н. А-ын Монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байрны хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 1 ширхэг “Haier” загварын зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ тоотод байрлах Ж.Х-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр 32 инчийн “Haier” загварын зурагт, “Самсунг эс 6” загварын гар утас авч 593.000 төгрөгийн хохирол учруулан нийт 2 хүнд 1.043.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Эрүүгийн 2209000170138 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 90 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7, 91-97 дугаар хуудас/,

 

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15, 120 дугаар хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 20-22  дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 28 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 100-103 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 31-32 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 131 дүгээр хуудас/,

 

Гэрч З.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 39 дүгээр хуудас/,

 

Гэрч С.М-нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 105 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 107 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 109 дүгээр хуудас/,

 

Гэрч С.М-нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 111 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 113 дугаар хуудас/,

 

Гэрч П.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 119 дүгээр хуудас/,

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, 

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн  125-126 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55, 56-57, 132-133, 137 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 56-57 дугаар хуудас, 132-133, 150 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 165 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-74 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-н 128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо ...... оршин суух иргэн Н. А-ын хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 1 ширхэг 42 инчийн “Haier” загварын зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... тоотод байрлах Ж.Х-ын хүн байнга амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Haier” загварын зурагт, “Samsung s6” загварын гар утас зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 593.000 төгрөгийн хохирол учруулан нийт 2 хүнд 1.043.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, 

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

Эд зүйлийг хүлээн авсан “...иргэн С.С-ээс зурагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэл,

 

Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн “...Иргэний нэхэмжлэгч С.С-ээс гаргаж өгсөн .................. дугаартай “Skyworth “ гэсэн бичиглэлтэй хар өнгийн зурагтыг 2022 02 сарын 14-ний өдрийн 13 цаг 00 минутад хохирогч Х-д хүлээлгэн өгсөн...” гэсэн тэмдэглэл,

 

Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн “...алдагдсан гэх haier брэндийн 42 инчийн зурагтыг эвдрэл гэмтэл сэв зураасгүй хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв ...хүлээн авсан Н.А-” гэсэн тэмдэглэл,

 

Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл,

 

Хохирогч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ хүүхдийн хамтаар байж байгаад 13 цагийн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд гэрээсээ гарсан. Тэгээд өрхийн эмнэлэг орж хүүхдээ үзүүлээд 15 цагийн орчим буцаад гэртээ ирсэн чинь гэрийн цоож эвдэрсэн байсан тэгэхээр нь гэртээ орсон чинь эд зүйлс алга болсон байсан. 32 инчийн “Хаейр” брендийн зурагт алга болсон, хүүхдийн “Самсунг эс 6” маркийн гар утас, манай нөхрийн савхи алга болсон байсан. Савхин дээр ямар нэгэн санал гомдол байхгүй...Зурагтаа олж авмаар байна, өөр ямар нэгэн санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “..би өчигдөр 08 цагийн үед гэрээсээ гараад 111-р сургууль ажил дээрээ хоночихоод өнөөдөр орой 21 цагийн үед гэртээ ирсэн тэгсэн үүдний амбаарын хаалга модоор даруулаад тавьчихсан хаалга онгойлгоод дотогш орсон чинь гэрийн хаалга онгорхой хоймрын авдар дээр байсан Хаиер “Haier” брендийн хар өнгийн зурагт алдагдсан байна. Гэрээс өөр эд зүйл алдагдаагүй. Тиймээ би гэртээ ганцаараа амьдардаг. .... зурагтыг манай хүүхэд өгсөн үнийг нь мэдэхгүй байна. Содон шинж тэмдэг байхгүй. Хар өнгийн нимгэн 43 инчийн зурагт байсан...” гэсэн мэдүүлэг, 

 

Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18-19 цагийн хооронд гэртэй байж байсан чинь Ч гээд гаднаас миний нэрийг дуудсан. Тэгээд гараад харсан чинь Ц гэх нэртэй манай тэрүүгээр явдаг байнга архи ууж байдаг ах гэр оронгүй ах байдаг юм. Тэр зурагт барьсан зогсож байсан. Тэгээд надад “заръя” гэхээр нь би “манайх зурагттай зурагт авахгүй” гэж хэлсэн чинь нилээн ярилцаж байгаад би “наадах чинь хулгайн зурагт юм биш биз дээ” гэсэн чинь “үгүй миний амьдарч байсан сүмийн хүмүүс өгсөн юм аа” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн гэр оронгүй болохоор орой болсон байна чамд хадгалуулчихъя гэж хэлсэн. Тэгснээ “ах нь орой болсон болохоор ганц юм уумаар байна 20.000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Тэгээд би 20.000 төгрөг бэлнээр өгсөн..Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, 

 

Иргэний нэхэмжлэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...миний бие хадам ааваасаа барьцаалан зээлдүүлэх газар зурагт үхэх гээд байна гэхээр нь 350.000 төгрөгийн зурагтыг худалдаж авсан. ... би тэр зурагтыг хулгайн зурагт гэж мэдээгүй тул 350.000 төгрөгөөр хохирсон болно. 225.000 төгрөгийг аав руу шилжүүлсэн дараа нь 90.000 төгрөгийг Энхсайхан гээд хүний 50 тоот данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.М-нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...тэр өдөр би 2 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтайгаа ус авахаар явж байсан. Б гэх нэртэй үл таних залуу зурагт барьсан явж байсан надаас ойрхон ломбардад хүргээд өгөөч гэж гуйгаад би машиндаа суулгаад хүргэж өгсөн. Надад бичиг баримт байхгүй та бичиг баримтаараа тавиал өгөөч гээд гуйсан. Өөрийнх нь зурагт байрны түрээсийн мөнгө нэхэгдээд зурагтаа ломбардад тавьж байгаа гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Б гээд залуу манай эхнэрийг гуйгаад “надад бичиг баримт байхгүй, ломбарданд зурагт тавиад өгөөч” гээд байхаар нь тавьж байсан. Эхнэрийн бичиг баримтаар 42 инчийн зурагтыг 200.000 төгрөгөөр Дарь-Эхийн Өргөө гээд буудал дээр байдаг ломбардад тавьсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Б над руу зарын дагуу яриад ирж уулзаад “бэлэн мөнгө бол байхгүй байна. Та надад зээлээр өгч болох уу би барилгын ажил хийдэг” гэж байсан. Одоо очих газаргүй байна гэхээр нь би гэртээ хоёр хонуулсан. Манайд хоёр хоночихоод ажилдаа явлаа гэж гараад 3 хоногийн дараа 200,000 мянган төгрөгтэй гэрээ авахаар ирсэн. Тэр хооронд манай гэрийн ойролцоо айлаас 42 инчийн зурагт, машины аккумлятор хулгайлсан гэж манай тэнд байдаг хүмүүсийн дам ярианаас сонссон юм. Тэгээд би хулгай хийсэн мөнгөтэй хүнд гэр зарахгүй гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний “....“Хайэр загварын 32 инчийн зурагт 503.920 төгрөг, Самсунг эс 6 загварын гар утас 90.000 төгрөг нийт 593.920 төгрөгөөр үнэлсэн гэсэн...” тайлан,

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний “...Haier загварын 42 инчийн зурагт 450.000 төгрөгөөр үнэлсэн гэсэн...” тайлан,

 

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би архи уучихсан явж байсан тэгээд Ц гэх хүнтэй таараад нэг шил архи хувааж уусан. Тэгээд нэг санахад зурагт тэврээд гадуур нь куртик ороосон санагдаж байна яг хаанаас авснаа сайн санахгүй байна....тухайн үед намайг айл руу орж хулгай хийсэн талаар бол өвгөн Ц бол мэдээгүй би тухайн зурагтыг заруулах гэж өгсөн нь үнэн гэхдээ хэдэн төгрөгөөр зарсан талаар бол мэдээгүй өвгөн Ц тэндээс гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогч нараас гар утас, зурагтаа алдсан талаар, шүүгдэгч нь хохирогч нарын гар утас, зурагтыг авсан талаар тус тус мэдүүлж, хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тодорхой тусгагдаж, шүүгдэгч Д.Б-д хохирогч нарын эд зүйлс байсан болохыг гэрч, иргэний нэхэмжлэгч нараас тус тус мэдүүлж, хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар хохирогч нарт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлсэн шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэх гэдэгт гэмт этгээд хүн амьдрах болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, байшин, гэр, пин, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, граж, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр гэх зэрэг газарт түлхүүр тааруулах, багаж ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх болон бусад аргаар хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг авсан байхыг ойлгох ба ийнхүү хүндрүүлэх шинжтэй бусдын эд хөрөнгийг хулгайлах тохиолдолд бага хэмжээний хохирол учирсаныг гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцох талаар хуульд тодорхой заасан байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч шүүгдэгчээс “...Чингэлтэй дүүргийн нутагт үйлдсэн хэргийг нэгтгүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн санал гаргасан байх ба улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/2533 дугаартай албан бичигт “Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтанд буй хэрэгт Д-Б-д холбогдох хэрэг материал байхгүй болно” гэж дурьдсан байх тул шүүх саналыг хүлээн авах боломжгүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч Н.А-ын хохирол бүрэн төлөгдсөн /хх-ийн 120/, хохирогч Ж.Х-ын хохирлоос 503.920 төгрөгийн хохирол төлөгдсөн /хх-ийн 15/ байх ба харин түүний гар утасны хохирол болох 90.000 төгрөг болон иргэний нэхэмжлэгч Б.О-ын 350.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй тул тэдгээрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. 

 

  Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг завсарлуулсан ба уг хугацаанд шүүгдэгч Д.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг төлөөгүй тул түүнээс 440.000 төгрөгийн хохирол, төлбөрийг гаргуулж хохирогч Ж.Х-т 90.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О-д 350.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Д.Б-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Б нь оршин суух тодорхой хаягтай, ганцаараа амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, /хохирогч нарт учирсан хохирлын дийлэнх хэсэг төлөгдсөн байдал/ түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Б-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 6 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүнээс хохирогч нарын дийлэнх хохирлын эд зүйлс буцаан төлөгдөхөд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж тус тус заасан.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бид 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийн хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 268 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, тус ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

 

417 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолтоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сарын хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн ялаас 6 сар 25 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй талаар дурьдсан тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд тус ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар 25 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудал:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж  заасны дагуу шүүгдэгч Д.Б-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 100 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар 25 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 100 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-оос 440.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Х-т 90.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.О-д 350.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН