Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/592

 

 

 

 

 

2022           06          06                                   2022/ШЦТ/592

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Ц.Шагдар,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г. Г-т холбогдох эрүүгийн 2209002620520 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Г /РД: /,

 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, ....... ХХК-д том оврын автомашины жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг .............. тоотод оршин суух, урьд:

 Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-т зааснаар өршөөгдсөн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр биелүүлж дуусгасан.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

   Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй зочид буудалд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Ф.Ш-ийн 5.8 грамм жинтэй монетон гинжийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 812.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 2209002620520 дугаартай хэргээс:

Хохирогч Ф.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 38-40, 41-42 дугаар хуудас/,

Гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 46-48 дугаар хуудас/,

Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 51-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 8-9 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 25-27 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 61-62 дугаар хуудас/,

 Шүүгдэгч Г.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 82 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 68-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.Г 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “......” нэртэй зочид буудалд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Ф.Ш-ийн 5.8 грамм жинтэй монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 812.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Ф.Ш-ийн “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өглөөний 10 цагийн үед найз болох М- залгасан тэгээд удаан уулзаагүй болохоор уулзахаар болсон. Удалгүй манай гэрийн үүдэнд ирсэн М- өөрийнхөө найзтайгаа ирсэн тэгээд бид гурав манай найз охин Б-ын байгаа газар болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “......” хотелд очсон юм. Тэгээд тус газарт өрөө байхгүй болохоор нь бид 4 машиндаа 30 минут хүлээгээд тус буудлын 2 давхрын хамгийн цаад талын өрөөнд орсон. Тэгээд бид нар архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн юм. Тэгээд манай найз охин болох Б түр гарчихаад ирье гээд М-д захиж хэлээд гарсан байсан. Тус буудлын өрөөнд М- түүний найз болон бид 3 үлдсэн удалгүй М- ажил явсан. М-г явах үед түүний найз байгаагүй. Тэгээд би тус буудлаас 23 цагийн үед такси дуудсан тэгээд таксин дотор суугаад эд зүйлсээ шалгатал миний хүзүүн дэх гинж байгаагүй. Тэгээд М- рүү залгатал манай найз авчихсан байж магадгүй гэж хамт ирсэн хүнээ хэлсэн юм... 2 ширхэг бөөрөнхий дүрс бүхий колонитой 5.8 грамм жинтэй монетон гинж байсан... би гинжээ бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй хүлээн авлаа... надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.М-гийн “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ... Г, Ш, Б бид 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болоод бид нар мөнгөө нийлүүлж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болоод ... архи авсан тэгээд өрөөнд орж архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж байгаад Б явлаа гээд яваад өгсөн. Дараа нь Г бас яваад өгсөн... 22 цагийн үед Ш залгаад “гинж байхгүй байна” гэж над руу залгасан. Тухайн үед “танай найз чинь л авсан байх, над руу ус цацаад өмд энэ тэр норгоод хаяцан байна лээ” гэж хэлсэн. Би бас Гыг авсан байж магадгүй гэж Шд хэлсэн. Яагаад гэвэл өмнө нь Гтай хамт явж байхад 2-3 удаа хамт байсан хүмүүсийн эд зүйлс алга болж байсан. Тэгээд манай найзууд Гыг авчихдаг гэж ярьдаг байсан болохоор нь Ш-д тэгж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.М-ын “....Би ........ нэртэй программ дээрээс шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 01:11 минутад 5.9 грамм жинтэй монетон гинж, колонийг Г.Г гэх /........../ гэх хүн тавьсан байгаа нь тодорхой харагдаж байна. 470.000 төгрөгөөр тавьсан байсан... Манай ломбардын дотоод журмаар тус хүнээс 2022 оны 01 дүгээр сарын 14-нд аваад 2022 оны 02 дугаар сарын 07-нд хүнээс нь асуугаад цааш нь шууд зарах ёстой тус өдрийн 21 цагийн үед бүртгүүлсэн байсан 99 дугаарын утсаар ярихад тус монетон гинжийг авч чадахгүй гэж хэлсэн юм. Тэгээд тус өдөр нь цааш нь зараагүй байлгаж байхад 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Г гэх 30 орчим насны залуу 2 эгчтэйгээ ирээд тус монетон гинж, колонийг үндсэн үнэ, алданги болох 550.000 төгрөгийн төлөөд аваад явсан юм. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Манай ломбардад болон надад ямар нэгэн хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Гын “....Би тогтоолтой уншиж танилцлаа. Би зүйл ангийг ойлгож байна. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа....Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... би хохирлоо барагдуулсан..” гэсэн мэдүүлэг,  

Эд зүйл хураан авсан “...гялгар уут бүхий шар өнгийн гинж /2 ширхэг бөөрөнхий дүрс бүхий кулоны хамт, 5 гр жинтэй/ хураалгасан Г.Г, хүлээн авсан Ф.Ш...” гэсэн тэмдэглэл,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 812.000 төгрөгөөр үнэлэгдэв....” гэсэн тайлан зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос гинжээ алдсан талаар, шүүгдэгч  нь хохирогчийн гинжийг авч барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан эд зүйлийг буцаан өгсөн талаар тус тус мэдүүлж, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тухайн эд зүйлийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь тэмдэглэлд тусгагдаж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Ф.Ш-ийн гинжийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 25-26/, хохирогчийн “...гинжээ бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй хүлээн авлаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-н 42/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Гыг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, ..........ХХК-нд том оврын автомашины жолооч ажилтай, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол, хор уршиг арилсан/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН