Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0381

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Нэхэмжлэгч: “Х” ТББ

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадатсрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: “К” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0295 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г, А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0723/З

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадатсрын хэлтсийн дарга холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0295 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд:

"Хил хязгааргүй алхам" НҮТББ нь "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох"-оор нэхэмжлэл гаргасан. Тодруулбал хариуцагч нь 257 дугаар тушаалаар “К” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд, Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг тодорхойлон тогтоогоогүй буюу анхнаасаа MV-022131 тоот тусгай зөвшөөрлийг олгох үндэслэлгүй байсан гэж маргасан.

Төрийн захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй, байгаль орчинд нөлөөлөх эрсдэлийг бүрэн тодорхойлогдохоос урьдаж хуулийн этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь захиргааны акт хуульд үндэслэсэн байх, шийдвэр гаprax ажиллагааны журам баримталсан байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8 дахь хэсэгт "... хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахад нутгийн захиргааны байгууллагын санал болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт тус тус гарсан байх шаардлагатай" гэж дүгнэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийг үндэслэжээ.

Гэтэл Ашигт малтмалын ашиглалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 1.5 дахь хэсэг нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд огт хамааралгүй заалт болно. Тодруулбал тус 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийн заалт нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг тодорхойлсон заалт юм. Харин нэхэмжлэгч нь АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 тоот тушаалаар тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заасан журам зөрчсөн буюу тухайн газарт тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэлгүй байхад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцэхгүй гэж маргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудлаар дүгнэлт өгөөгүй, холбогдох хуулийн заалтыг үндэслээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

3.2. Зохигчдын маргаж буй үйл баримтад бүхэлд нь дүгнэлт өгөөгүй тухайд:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Кингдаймонд ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа хуульд заасан журам зөрчсөн" болохыг дурдаж маргасан ч тус үйл баримтад НЗХАШШ-ийн шүүгч дүгнэлт өгөөгүй.

“К” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан "Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл"-д Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлэх баримт бичгээс дор дурдсан баримт бичгүүд дутуу буюу өргөдөл гаргасны дараа нөхөж 2 жилийн хугацаанд бүрдүүлэн өгсөн байдаг. Үүнд: 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ХХ-08-06 дугаар "Хайгуулын ажлын үр дүнгийн тайлан" хэлэлцсэн тухай "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт"2; /АМТХ-ийн 25.1.5. хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр:/ 25.1.6. хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт;/АМТХ-ийн 25.1.6. хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт:/ 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Н/74 дугаар Төрийн захиргааны байгууллагын тушаал, шийдвэр³; Дүгнэлт, тушаалаар хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн нөөцийн дэвсгэр зураг дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хилийг буулгасан зураг, акт; Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт (MV-022131 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт авагдаагүй); 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэх баримтууд хавсаргаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гэж, тус зүйлийн 25.1.1-25.1.8 дахь хэсэгт 8 баримт бичгийг тодорхойлсон.

Гэтэл “К” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримтыг хавсаргаагүй байхад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс өргөдлийг хүлээн авсан. Мөн “К” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө гаргах байтал 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр буюу хугацаа хэтрүүлэн өгснийг дурдах нь зүйтэй.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгүүд нь хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах байсан.

Өргөдөлд хавсаргах ёстой, хуульд тодорхойлсон баримт бичгийг дутуу бүрдүүлсэн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шийдвэрээ гаргалгүй 2 жил гаруй хугацаанд “К” ХХК-н өргөдлийн бүртгэлийг хүчин төгөлдөр хэвээр хадгалж улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

3.3. Нэхэмжлэлийн үндэслэлийн 4 дэх хэсэгт заасан "Кингдаймонд ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /2020.04.22 өдөр/ гаргахдаа Байгаль орчны үнэлгээ хийлгээгүй байсан" тухайд шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

БОАЖЯ-ны шинжээчийн дүгнэлт 2022.04.27 өдөр гарсан байдаг. Тодруулбал БОАЖЯ-ны 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 13/2202 тоот Ерөнхий шинжээч Г.Энхмөнхийн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт, гүйцэтгэлийн хуудасны 3, 4, 10, 11-р заалтуудад заасан анхаарах зүйлсийг биелүүлээгүй, ерөнхий үнэлгээгээр тухайн газар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд, иргэдийн эрүүл мэндэд, ан амьтан, түүх соёлын биет өвд сөрөг нөлөөлөхөөр дүгнэсэн.

Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3 дахь хэсэг "байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх" гэж шийдвэрлэсэн бол мөн хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ" заавал хийлгэх, үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2022 оны 4-р улиралд багтаан боловсруулж тайлан ирүүлэх дүгнэлт гаргасан байдаг.

Гэтэл “К” ХХК нарийвчилсан үнэлгээ огт хийлгээгүй болох нь 2024 оны 3 сарын 7-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 06/1100 тоот баримтаар болон “К” ХХК- ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5 болон 2.9 дэх хэсэгт "маргаан бүхий талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар болон улсын тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалгүй..." байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Гэтэл "давхцалгүй" гэх үндэслэлээр Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтэд дурдсан "тухайн газар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд, иргэдийн эрүүл мэндэд, ан амьтан, түүх соёлын биет өвд сөрөг нөлөөлнө" гэх дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй бөгөөд тус асуудлаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай байсан.

3.4. Галба-Өөш-Долоодын сав газрын захиргааны саналыг аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарт шүүх дүгнэлт өгөөгүй тухайд:

Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг "тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ" гэж заасан.

Гэтэл “К” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо тус сав газрын захиргааны саналыг аваагүй, авсан баримт байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5 дахь хэсэгт "Галба-Өөш-Долоодын сав газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 289 дүгээр албан бичгээс үзвэл Задгайтын булаг, Ханги булаг, булгийн эхээс зайтай болох нь тус тус нотлогдож байна" гэж дүгнэсэн.

Ашиглалтын талбайд булаг байгаа эсэх, зайтай эсэхээс үл хамааран тухайн сав газрын захиргаанаас санал авч түүнд үндэслэн "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаал гарч хэрэгжих байсан ч энэ санал авсан баримт байхгүй тухайд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай.

Гэтэл зохигчдын маргаж буй үйл баримтад бүхэлд нь дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээс огт өөр үндэслэлээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

1.2. Анхан шатны шүүх “Хил хязгааргүй” ТББ-ын гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн, гуравдагч этгээд “К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байхад уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Гуравдагч этгээд “К” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Шандын уул нэртэй газарт 2008 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 257 дугаар шийдвэрээр дээрх газарт 2,826.39 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгожээ.

2.2. Харин нэхэмжлэгч “Хил хязгааргүй” ТББ-аас анх АМГТГКХДаргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2.3. Улмаар дээрх нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай зөвшөөрөл эзэмшигч “К” ХХК нь 2023 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр тус компанийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-022131 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлагджээ.

2.4. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Хил хязгааргүй” ТББ-аас нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор өөрчилсөн байна.

3. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “... тусгай зөвшөөрөл олгосон газар нь Монгол орны нэн ховор аргал, янгир, хулан сүргийн бэлчээр нутаг, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газар, түүнчлэн маш олон төрлийн археологи, палеонтологийн газрууд байгааг тогтоосон газар тул тусгай зөвшөөрөл олгогдох ёсгүй байсан ... нэхэмжлэгчээс захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тус маргаан бүхий захиргааны актыг цуцалсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн” гэж тайлбарлан маргасан байна.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж ... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, гээд 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, зорилго нь тодорхой байсны үндсэн дээр шүүх маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой болно.

3.3. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэт тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах ... үүрэгтэй ...” гэж заасныг зөрчсөн байна.

3.4. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр “К” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-022131 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан буюу маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байхад нэхэмжлэгчээс ямар эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй. Энэ талаарх үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй байна.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэргийн тухайд:

4.1. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “К” ХХК-иас маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.2. Анхан шатны шүүх “... шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар захирамжаар “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГКХДаргад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдэврлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасныг зөрчсөн байна.

4.3. Учир нь, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 156 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үед “Х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар тодорхойлсон байсан бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр дээрх нөхцөл мөн адил өөрчлөгдсөн байна.

4.4. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар нэхэмжлэгч нь “маргаан бүхий актыг хүчингүй болгосон тул хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхолтой байна” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

4.5. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болсон үндэслэл буюу “К” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй холбоотой маргаж байгаа энэ тохиолдолд дээрх захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч “Хил хязгааргүй алхам” ХХК-ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг шүүх хүлээн авах эсэх асуудал хөндөгдөхөөр байна.

4.6. Дурдсан зөрчлийг арилгаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, анхан шатны шүүхийн шийдвэр, хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ