Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 127/ШШ2021/0013

 

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 127/ШШ2021/0013

Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 127/2021/0017/3

 

 

Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Х С”ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ТҮХ холбогдох

            Захиалагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 409, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 487 тоот мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгуулж, ХЭАБӨСЗДТГ/202101079, ХЭАБӨСЗДТГ/202101080 дугаар тендерийн “Авто зогсоол” ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Х С”ХХК-ийн захирал И.Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С-, хариуцагч ТҮХ-Г.А-, түүний өмгөөлөгч Б.Х-, гуравдагч этгээд “Ө Ө”ХХК-ийн захирал С.Б-нар цахимаар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х С”ХХК-ийн захирал М.Б-шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Манай компани 2021 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ХЭАБӨСЗДТГ/202101079 дугаар бүхий, “46, 48 дугаар байрны гадна Авто зогсоол” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохоор холбогдох материалаа илгээсэн. Гэтэл захиалагч манай баримт бичгийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг манай компанид ирүүлсэн. Бид үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яам 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 6-1/1919 тоот албан бичгээр, “байгууллагын чадварын мэдээлэл хангалтгүй” гэж үнэлсэн захиалагчийн дээрх 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

            Үүний дараа захиалагчаас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 409 тоот мэдэгдэл ирүүлж, “Сангийн яамны албан бичгийн дагуу хянан үзэхэд ажлын даалгавар буюу техникийн тодорхойлолтын ажлын тооцоолол дутуу тул шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж шалгаруулаагүй, дээрх тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн” гэсэн байна.

            Манай компани захиалагчаас өгсөн техникийн тодорхойлолтын дагуу гүйцэтгэх ажлын төсвийг тооцоолж хүргүүлсэн байхад ажлын даалгаврын тооцоолол дутуу гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэмдэг тэмдэглэгээг тусгаагүй гэж байна, төсвийг программаар гаргасан, тэмдэг, тэмдэглэгээг заагаагүй боловч бүгд дотроо байгаа, бүх зардлууд багтсан байгаа. Өмнөх шалгаруулалтад ажлын тооцоолол дутуу гээгүй атлаа гэнэт яагаад ийм үндэслэлээр хасах болсон бэ.

            Өмнөх шалгаруулалтад оролцсон “Сэмүүн тайж” компани төсөвгүй, шаардлага хангаагүй компани байхад шалгаруулсан байсан. Манай компани уг тендерт хамгийн бага буюу 35 400.0 мян төгрөгийн үнийн саналтай оролцсон.

            Дахин зарласан тендерт Өндөрхаан өргөө ХХК оролцсон байна лээ. Бид шүүхэд хандсан учраас дараагийн тендерт оролцоогүй.

            2. Мөн манай компани 2021 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ХЭАБӨСЗДТГ/202101080 дугаар бүхий, “39, 42 дугаар байрны гадна Авто зогсоол” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохоор холбогдох материалаа илгээсэн. Гэтэл захиалагч манай баримт бичгийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг манай компанид ирүүлсэн. Бид үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яам 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6-1/2176 тоот албан бичиг ирүүлж, “ижил төстэй ажлын туршлагагүй” гэж татгалзсан захиалагчийн 369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

             Захиалагчаас 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 487 тоот мэдэгдлийг манай компанид ирүүлж, “Сангийн яамны албан бичгийн дагуу хянан үзэхэд ажлын даалгавар буюу техникийн тодорхойлолтын ажлын тооцоолол дутуу тул шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж шалгаруулаагүй” гэсэн байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлын тооцооллыг мэргэшсэн төсөвчнөөр хийлгэсэн. Манайхыг өмнөх ХЭАБӨСЗДТГ/202101079 дугаар тендерийн материалыг дахин ирүүлсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. Эдгээр ажлуудын төсөв нь яг адил, бид харин “39, 43” дугаар байр гэхийг “46,48” гэж ирүүлсэн тооны алдаа байгаа. Захиалагч ч гэсэн тендерийн бичиг баримтдаа “42, 43 дугаар байр” гэхийг “39, 43 дугаар байр” гэж өөрсдөө ч тооны алдаа гаргасан.

            Үнэлгээний хороо “ажлын тооцоолол дутуу” гэж үзэж байгаа энэ үндэслэлээ эхний шалгаруулалтын үед хэлж, анх энэ үндэслэлээр яагаад татгалзаагүй юм бэ. Яагаад хамгийн өндөр үнийн саналтай компанийг шалгаруулсан юм, Өндөрхаан өргөө компани яагаад хоёр тендерийн хоёуланд нь шалгарсан юм бэ.

            Иймд, захиалагч Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 409, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 487 тоот мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгож, ХЭАБӨСЗДТГ/202101079, ХЭАБӨСЗДТГ/202101080 дугаар тендерийн дагуу “Авто зогсоол” ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Хариуцагч ТҮХ-Г.А-шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.“ХЭАБӨСЗДТГ/202101079 дугаар бүхий “Бор-Өндөр сумын 46, 48 дугаар байрны авто зогсоол” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр www.tender.gov.mn цахим хаягаар нийтэлж, олон нийтэд ил тод зарлан, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 10 минутад цахим тендерийг нээхэд “Х С”ХХК 35.400.000, “Сэмүүн тайж” ХХК 36.000.000, “Кей Эл Си Си” ХХК 38.800.659 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байсан.

            Дээрх компаниудын ирүүлсэн үнийн санал, бичиг баримтын иж бүрдэл зэргийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзээд  “Кей Эл Си Си”, “Х С”ХХК-иудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзан, “Сэмүүн тайж” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр захиалагч болох Бор-Өндөр сумын Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн.

            “Х С”ХХК-ийг “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн шалгуур үзүүлэлтийн ТОӨЗ 1.1-ийн 8-д заасан “чадварын мэдээлэл”, 9-д заасан “урьд хийж байсан ажлын жагсаалт” ирүүлээгүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер хэмээн үзсэн.

            “Х С”ХХК Сангийн яаманд гомдол гаргасны дагуу, Сангийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 6-1/1919 дугаар албан бичиг ирсэн. Уг албан бичигт дахин үнэлгээ хийх талаар заасан тул Үнэлгээний хорооны гишүүд “Х С”болон “Сэмүүн тайж” ХХК-иудын ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийсэн. “Х С”ХХК-ийн ажлын даалгаврын тооцоолол дутуу байсан тул шаардлагад нийцээгүй тендер гэж Үнэлгээний хорооны бүх гишүүдийн саналаар шийдвэрлэсэн. “Х С”ХХК нь техникийн тодорхойлолтод заасан “Тэмдэглэгээ” гэсэн нэг заалтыг огт тусгаагүй байсан. Мөн дээрх тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн болно.

             

            Уг тендерийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин зарлаж, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдөр нээсэн. Ганц компани буюу “Ө Ө”ХХК бичиг баримт ирүүлсэн бөгөөд уг компани шалгарсан тул гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид өгсөн.

2.“ХЭАБӨСЗДТГ/202101080 дугаар бүхий “Бор-Өндөр сумын 42, 43 дугаар байрны авто зогсоол” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр www.tender.gov.mn цахим хаягаар нийтэлж, олон нийтэд ил тод зарлан, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 10 минутад цахим тендерийг нээхэд “Х С”ХХК 35.000.000, “Ө Ө”ХХК 38.495.187, “Мөнхийн гал түшиг” ХХК 34.750.000, “Кей Эл Си Си” ХХК 38.016.744 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байсан.

Дээрх компаниудын ирүүлсэн үнийн санал, бичиг баримтын иж бүрдэл зэргийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзээд  “Кей Эл Си Си”, “Мөнхийн гал түшиг”, “Х С”ХХК-иудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзан, “Ө Ө”ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл бүрэн хангалттай байсан тул тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр захиалагч болох сумын Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн.

“Х С”ХХК-ийг “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн шалгуур үзүүлэлтийн ТОӨЗ 1.1-ийн 8-д заасан “чадварын мэдээлэл”, 9-д заасан “урьд хийж байсан ажлын жагсаалт” ирүүлээгүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер хэмээн үзсэн.

“Х С”ХХК Сангийн яаманд гомдол гаргасны дагуу, Сангийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6-1/2176 дугаар албан бичиг ирсэн. Уг албан бичигт дахин үнэлгээ хийх талаар заасан тул Үнэлгээний хорооны гишүүд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Х С”болон “Ө Ө”ХХК-иудын ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийсэн. “Х С”ХХК-ийн ажлын даалгаврын тооцоолол дутуу байсан тул шаардлагад нийцээгүй тендер гэж Үнэлгээний хорооны бүх гишүүдийн саналаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч “Х С”ХХК нь ХЭАБӨСЗДТГ/202101080 дугаар бүхий “Бор-Өндөр сумын 42, 43 дугаар байрны авто зогсоол” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохдоо ХЭАБӨСЗДТГ/202101079 дугаар бүхий “Бор-Өндөр сумын 46, 48 дугаар байрны авто зогсоол” ажлын бичиг баримтаа яг тэр чигээр нь ирүүлсэн байсан.

Үнэлгээний хороо “Ө Ө”ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч болох сумын Засаг даргад хүргүүлсэн.

Үнэлгээний хорооны гишүүд нь ашиг сонирхлын зөрчилгүй талаараа хуулийн дагуу мэдүүлж ажилласан бөгөөд тендерийг нээх, шалгаруулах, дахин үнэлгээ хийх явцад ямар нэгэн байгууллага, албан тушаалтнаас хөндлөнгийн нөлөөлөл орж байгаагүй болно” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Х С”ХХК нь тендерт оролцохдоо Техникийн тодорхойлолт хэсгийн Тэмдэглэгээ гэсэн хэсгийг тооцоонд оруулаагүй ирүүлсэн тул Үнэлгээний хороо уг тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан байна. Тендер нь үе шаттай байдаг бөгөөд хянан үзэх шатанд шаардлагад нийцсэн бол үнэлгээ хийдэг. Нэхэмжлэгчийн хувьд хянан үзэх шатнаас хасагдсан тул үнэлгээ хийгдээгүй, иймд гэрээ байгуулах асуудал яригдахгүй. Иймээс гэрээ байгуулах эрх олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах үндэслэлгүй. Нөгөө нэхэмжлэлийн шаардлага нь захиалагч Бор-Өндөр сумын Засаг даргын Мэдэгдлийг хүчингүй болгуулах гэжээ. Уг мэдэгдлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй, учир нь “Ө Ө”ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай Үнэлгээний хорооны зөвлөмж хүчинтэй байна. Дээрх тендер шалгаруулалтууд хуулийн дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Гуравдагч этгээд “Ө Ө”ХХК-ийн захирал С.Б-шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зарласан “42, 43 дугаар байрны Авто зогсоол” ажлын тендерт бичиг баримтыг бүрэн ханган, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цахимаар илгээж оролцсон. Мөн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарласан “46, 48 дугаар байрны Авто зогсоол” ажлын тендерт бичиг баримтыг бүрэн ханган, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдөр цахимаар илгээж тус тус  оролцсон болно.

            Тендерийн үнэлгээний хороо хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Манай компанийн зүгээс Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх болон ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаагүй болохыг мэдэгдье.

            Өнөөдрийн байдлаар Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “42, 43 дугаар байрны гаднах Авто зогсоол”-ын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн ажилд хэрэглэгдэх бараа материалын татан авалт бүрэн хийгдээд ажил эхлэх шатандаа явагдаж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Х С”ХХК нь ТҮХ холбогдуулан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 409 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “ХЭАБӨСЗДТГ/202101079 дугаар бүхий 46, 48 дугаар байрны Авто зогсоол” ажлын гэрээ байгуулах эрх олгуулах; мөн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 487 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “ХЭАБӨСЗДТГ/202101080 дугаар бүхий 39, 42 дугаар байрны Авто зогсоол” ажлын гэрээ байгуулах эрх олгуулах тухай нэхэмжлэлийг тус тусад нь гаргасан ба шүүх эдгээр нэхэмжлэлүүдийн дагуу үүсгэсэн захиргааны хэргүүдийг, шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар захирамжаар нэгтгэсэн болно.

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 409 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “ХЭАБӨСЗДТГ/202101079 дугаар бүхий 46, 48 дугаар байрны Авто зогсоол” ажлын гэрээ байгуулах эрх олгуулах тухай шаардлагын тухайд,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас Авто зогсоол 46, 48 дугаар байр” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилгыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нийтэд зарлан мэдээлж, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 10 минутад нээхэд “Х С”ХХК 35.400.000, “Сэмүүн тайж” ХХК 36.000.000, “Кей Эл Си Си” ХХК 38.800.659 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн; Үнэлгээний хороо дээрх компаниудын ирүүлсэн үнийн санал, бичиг баримтын иж бүрдэл зэргийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзээд  “Кей Эл Си Си”, “Х С”ХХК-иудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзан, “Сэмүүн тайж” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр захиалагч болох Бор-Өндөр сумын Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн; “Х С”ХХК нь захиалагч Бор-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 286 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн аваад, Сангийн яаманд гомдол гаргасан; Сангийн яам гомдлыг хянаад 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 6-1/1919 тоот албан бичгээр, “Х С”ХХК-ийн тендерт тухайн компанийн танилцуулга, холбогдох мэдээллийг ирүүлсэн байхад захиалагч, “байгууллагын чадварын мэдээлэл хангалтгүй” гэж үнэлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн, захиалагчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 286 тоот шийдвэрийг  хүчингүй болгохоор шийдвэрлэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн; үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, “Х С”ХХК, “Сэмүүн тайж” ХХК-иудын баримт бичгийг дахин хянан үзээд, шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзан, тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн; энэ тухай захиалагч Бор-Өндөр сумын Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 409 тоот албан бичгээр “Х С”ХХК-д мэдэгдсэн байна.

            Нэхэмжлэгч “Х С”ХХК нь уг 409 тоот мэдэгдлийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах,  “46, 48 дугаар байрны Авто зогсоол” ажлын гэрээ байгуулах эрх олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Гэтэл захиалагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь “Авто зогсоол 46, 48 дугаар байр” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилгыг дахин 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр нийтэд зарлан мэдээлж, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 14 цаг 10 минутад нээсэн бөгөөд уг тендерт “Ө Ө”ХХК оролцож, шалгарсан болох нь “Үнийн санал авах урилга”[1] болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.

            Энэхүү нөхцөл байдлын улмаас маргаан бүхий захиргааны акт болох Бор-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 409 тоот албан бичгийн үйлчлэл дуусгавар болсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “.... эрх бүхий байгууллагын шийдвэр гарах... хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан. Иймд дээрх 409 тоот захиргааны актыг хүчингүй болгох шаардлагагүй, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй тул нэхэмжлэгч “Х С”ХХК-ийн,  “Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 409 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “ХЭАБӨСЗДТГ/202101079 дугаар бүхий 46, 48 дугаар байрны Авто зогсоол” ажлын гэрээ байгуулах эрх олгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч нь, Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр зарлан, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдөр нээж, гуравдагч этгээд “Ө Ө”ХХК-ийг шалгаруулсан тендерийн үйл ажиллагааны талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

            2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 487 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “ХЭАБӨСЗДТГ/202101080 дугаар бүхий 39, 42 дугаар байрны Авто зогсоол” ажлын гэрээ байгуулах эрх олгуулах тухай шаардлагын тухайд,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас Авто зогсоол 42, 43 дугаар байр” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилгыг 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр нийтэд зарлан мэдээлж, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 10 минутад нээхэд “Х С”ХХК 35.000.000, “Ө Ө”ХХК 38.495.187, “Мөнхийн гал түшиг” ХХК 34.750.000, “Кей Эл Си Си” ХХК 38.016.744 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн; Үнэлгээний хороо дээрх компаниудын ирүүлсэн үнийн санал, бичиг баримтын иж бүрдэл зэргийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзээд  “Кей Эл Си Си”, “Мөнхийн гал түшиг”, “Х С”ХХК-иудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзан, “Ө Ө”ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр захиалагч болох Бор-Өндөр сумын Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн; “Х С”ХХК нь захиалагч Бор-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 369 дүгээр албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн аваад, Сангийн яаманд гомдол гаргасан; Сангийн яам гомдлыг хянаад 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6-1/2176 тоот албан бичгээр, захиалагч нь “ижил төстэй ажлын туршлагагүй” гэж “Х С”ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж дүгнэн, захиалагчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 369 тоот шийдвэрийг  хүчингүй болгохоор шийдвэрлэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн; үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо 2021 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, “Х С”ХХК, “Ө Ө”ХХК-иудын баримт бичгийг дахин хянан үзээд, “Х С”ХХК-ийн бичиг баримтыг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзаж, “Ө Ө”ХХК-ийг шалгаруулж, захиалагч болох Бор-Өндөр сумын Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн; энэ тухай захиалагч Бор-Өндөр сумын Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 487 тоот албан бичгээр “Х С”ХХК-д мэдэгдсэн байна.

            Нэхэмжлэгч “Х С”ХХК нь уг 487 тоот мэдэгдлийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах,  “42, 43 дугаар байрны Авто зогсоол” ажлын гэрээ байгуулах эрх олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Тендерийн үнэлгээний хороо нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдан, “Ө Ө”ХХК болон “Х С”ХХК-иудын үнийн санал, бичиг баримтын иж бүрдэл зэргийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу дахин хянан үзээд, нэхэмжлэгч “Х С”ХХК-ийн бичиг баримтад ажлын тооцоолол дутуу буюу техникийн тодорхойлолтод заасан “Тэмдэглэгээ” гэх хэсгийг төсөвт оруулаагүй гэж дүгнэн, “шаардлагад нийцээгүй” гэж үзсэн нь Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, хариуцагч Г.А-ийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Захиалагчаас нийтэд зарласан тендерийн урилгаас үзэхэд “Техникийн тодорхойлолт” хэсэгт “42, 43 дугаар байрны авто зогсоол” ажлын даалгаврыг зааж, уг тодорхойлолтын 6 дугаарт “Тэмдэглэгээ” хийх ажлыг тусгасан байна.

            Нэхэмжлэгч “Х С”ХХК-ийн тендерийн бичиг баримтыг[2] үзэхэд дээрх “Тэмдэглэгээ” гэх хэсгийг ажлын тооцоололд оруулсан зүйл байхгүй байгаа тул хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх үзэв.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.2-д “техникийн тодорхойлолт” гэж заасан бөгөөд хуулийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийн нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заажээ.

            Иймд нэхэмжлэгч “Х С”ХХК-ийн,  “Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 487 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, “ХЭАБӨСЗДТГ/202101080 дугаар бүхий 42, 43 дугаар байрны Авто зогсоол” ажлын гэрээ байгуулах эрх олгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч “Х С”ХХК-ийн захирал И.Б-, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С- нар тендерт шалгарсан “Ө Ө”ХХК-ийн баримт бичигтэй цахимаар орж танилцаж чадаагүй гэж тайлбарласан ба энэ нь шүүхийн үйл ажиллагаатай хамааралгүй болно.

            Нэхэмжлэгч “Х С”ХХК нь тус тусад нь гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нийт 140000 /нэг зуун дөчин мянган/ төгрөг төлсөн ба шүүх хоёр хэргийг нэгтгэн, нэг ажиллагаагаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг  буцаан олгох нь зүйтэй байна.

            Шүүх хуралдааны өмнө хариуцагчаас ирүүлсэн дараах нотлох баримтуудыг буцаан хүргүүлэхээр шийдвэрлэв:

            1. “46, 48 дугаар байрны авто зогсоол” ажлын сонгон шалгаруулалтад оролцсон “Х С”ХХК-ийн тендерийн баримт бичиг /үнийн санал, ажлын төсөв хавтас хэрэгт өмнө нь авагдсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, санхүүгийн тайлан, байгууллагын чадварын үзүүлэлттэй холбоотой баримтууд зэрэг нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул/ нийт 94 хуудас баримт,

            2. “42, 43 дугаар байрны авто зогсоол” ажлын сонгон шалгаруулалтад оролцсон “Х С”ХХК-ийн тендерийн баримт бичиг /үнийн санал, ажлын төсөв хавтас хэрэгт өмнө нь авагдсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, санхүүгийн тайлан, байгууллагын чадварын үзүүлэлттэй холбоотой баримтууд зэрэг нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул/ нийт 116 хуудас баримт,

            3. “42, 43 дугаар байрны авто зогсоол” ажлын сонгон шалгаруулалтад оролцсон “Ө Ө”ХХК-ийн тендерийн баримт бичиг /Төсвийн нүүр хуудас, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, өртгийн товчоо /барилгын ажлын үе шатаар/, цалингийн нэгтгэл, материал ба тээврийн зардал, нийт барилгын машин механизмын хэрэгцээ, зэрэг нийт 7 хуудас материалыг хавтаст хэрэгт хавсарган, бусад 193 хуудас баримт бичгүүдийг хариуцагчид буцаан хүргүүлэх/

            4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд, 46, 48, 39, 42 дугаар байрны авто зогсоол байгуулах ажлын төсөв, тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/07 тоот албан бичиг – нийт 17 хуудас баримт ирүүлсэн, уг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа тул нэхэмжлэгчид буцаан хүргүүлэх

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 46 дугаар зүйлийн 46.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.19, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 409, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 487 тоот мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгуулж, ХЭАБӨСЗДТГ/202101079, ХЭАБӨСЗДТГ/202101080 дугаар тендерийн “Авто зогсоол” ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгуулах тухай нэхэмжлэгч “Х С”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгч “Х С”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140000 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Х С”ХХК-д олгосугай.

            3. а/ “46, 48 дугаар байрны авто зогсоол” ажлын сонгон шалгаруулалтад оролцсон “Х С”ХХК-ийн тендерийн баримт бичиг - нийт 94 хуудас баримт

            б/ “42, 43 дугаар байрны авто зогсоол” ажлын сонгон шалгаруулалтад оролцсон “Х С”ХХК-ийн тендерийн баримт бичиг – нийт 116 хуудас баримт

            в/ “42, 43 дугаар байрны авто зогсоол” ажлын сонгон шалгаруулалтад оролцсон “Ө Ө”ХХК-ийн тендерийн баримт бичиг – нийт 193 хуудас баримт бичгүүдийг хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх

г/ 46, 48, 39, 42 дугаар байрны авто зогсоол байгуулах ажлын төсөв, “Х С” компанийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/07 тоот албан бичиг – нийт 17 хуудас баримт бичгүүдийг нэхэмжлэгч “Х С”ХХК-д тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Лхагватөмөрт даалгасугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА

 

[1] Хавтаст хэргийн 73-82 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас