Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0574/Э |
Дугаар | 2022/ШЦТ/608 |
Огноо | 2022-06-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/608
2022 06 07 2022/ШЦТ/608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,
Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,
Хохирогч: Э.Ж,
Шүүгдэгч: Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2209000000677 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.М
1999 оны 01 сарын 15-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ......... их сургуулийн 2 дугаар курст сурдаг, ам бүл 5, эх, эмээ, 2 дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “........” тауэрын урд талын зам дээр иргэн Э.Ж-той үл ойлголцол үүсгэж, улмаар түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, 3 дугаар шүдний хугарал, дээд уруулын салстад цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...4.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.
Эрүүгийн 2209000000677 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч Э.Ж-н “....2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ урд байрлах “.......” гэх нэртэй пабд Х, У нарын хамтаар орж үйлчлүүлж байгаад 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 00 цаг 30 минутын орчим тухайн газраас гарсан. Тэгээд гараад найзыгаа таксинд суулгаж өгөх гээд такси барих гээд гараа өргөсөн чинь бид хоёрын зогсож байсан хэсэг рүү приус 30 маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн.
Тэгээд дохиогоо өгөөд ороод ирэхээр нь би зогсож байна гэж бодоод явъя гэсэн чинь тэр залуу явахгүй гэсэн тэгэхээр нь би хойд карлон хэсэгт нь гараараа хальт цохисон тэгсэн чинь 4 залуу хараал хэлж уцаарлаад буугаад ирсэн, би ер нь тухайн үед нийт 4 пиво уусан байсан болохоор та нар чинь юу яриад багаа юм бэ? Такси биш юм уу гээд хэлсэн. Тэгээд бид нар муудалцаад тэр машин дотор сууж байсан бүх залуучууд гараад ирсэн. Тэгэхээр нь би жолооч залуутай юм ярьсан чи такси юм шиг ирээд яг хажууд зогсоод буруу ойлголт төрүүлсэн байна гэсэн чинь тэр залуу би найзыгаа авах гээд зогсож байна гэж хэлсэн. тэгэхээр нь би тэр залууд чи тэрийгээ хэлчихэж болдоггүй юм уу гэсэн чинь тэр чамд ямар хамаатай юм гээд хэрүүл уруул хийгээд эхэлсэн тэгэхээр нь би тэр залууг нэг удаа цохьсон. Би тэр залууг гэмтэл учруулах байдлаар цохиогүй яагаад гэхээр тэр залуучууд бөөнөөрөө дайраад эхлэхээр нь бие хамгаалах гээд нэг удаа цохисон тэгсэн чинь тэр залуу намайг 2 удаа цохьсон. Тэгээд байж байсан чинь манай найз надтай хамт таксинд суух гэж байсан залуу та нар яаж байна аа гээд салгасан тэгсэн чинь миний. хамраас цус гарсан хамраа бариад үзсэн чинь хамар хугарсан байсан тэгээд дух хэсэгт хавдсан байна тэгээд би цагдаа дуудсан, Тухайн хүн нүүрэн тус газар хамар руу цохисон. Миний хамрын яс хугарч хагалгаанд орсон. Одоогоор миний хамар яс гипстэй байгаа. Би бие махбодь, эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. Би эмчилгээний зардал болон цаашид хагалгаанд орох, эмчлүүлэх зардлаа барагдуулж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Д.Т-ийн “...2022 оны 03 дугаар сарын 18-ны орой би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ......... нэртэй лоунжид сууж байгаад найз Мыг дуудсан. Тухайн үед М нь миний ..... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд 23 цагийн орчимд М нь над руу залгаж “гадаа ирж байна шүү, гараад ирээрэй” гэсэн. Би түүнийг хүлээж байгаарай, би байж байгаад гарна гээд хүлээлгэсэн. Тэгээд байж байгаад гараад очиход хүнтэй муудалцсан, цагдаа руу явлаа гэхээр нь би түүнийг цагдаагийн газар руу хүргэж өгсөн...Нэг хүн гар өргөөд зогсож байхад нь өнгөрөөд зогссон чинь тэр хүн нь хүрч ирээд “такси биш юм бол яах гэж зогсдог юм бэ” гээд өөдөөс нь хэл амаар доромжлоод нүүрэн дээр нь тамхи унтраах гээд дайраад байхаар нь манай найз цохьсон гэсэн. Миний машины баруун хойд талын хаалга хонхойсон. Гэхдээ миний хувьд гаргах гомдол санал байхгүй, хаалганы үнэлгээг гаргуулахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн “...түүний нүүр хэсэгт 2 удаа цохисон. Тэр газар унаж босож ирээд дахиж над руу дайрч, хэл амаар доромжлоход нь би түүний хүзүү хэсэг рүү нь өшиглөхөд тэр газар унаж босож ирээд цагдаа дуудсан..Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №4543 дугаартай шинжээчийн:
Эд зүйл хүлээн авсан “....хохирогч Э.Жоос гаргаж өгсөн ........ таурын 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гадна талын хяналтын камерын бичлэгтэй саарал өнгийн Sony DVD-R 120min/4.7 GB гэсэн бичиглэлтэй сидиг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 27 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэл /хх-н 8 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцсон тухай “........... таурын 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гадна талын хяналтын камерын бичлэгтэй саарал өнгийн Sony DVD-R 120min/4.7 GB гэсэн бичиглэлтэй сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-н 13 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “....05 минут 20 секундийн камерын бичлэг байх ба бичлэг эхлэхэд төв зам дагуу 2 хүн такси барихаар гараа өргөөд зогсох ба...машинаас бууж ирсэн 3 хүний нэг нь тухайн 2 хүний нэгэнтэй заамдалцаж зогсож байснаа 2, 3 удаа цохиод газар унагасныхаа дараа босч ирэнгүүт нь нүүр рүү нь нэг удаа өшиглөж байна...” гэсэн тэмдэглэл /хх-н 9-11 дүгээр хуудас/,
Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-н 27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 36 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 37 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 39 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-н 44 дүгээр хуудас/, ажлын байрны тодорхойлолт /хх-н 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” тауэрын урд талын зам дээр иргэн Э.Ж-той зүй зохисгүй харьцаж, үл ойлголцон маргалдаж улмаар түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, 3 дугаар шүдний хугарал, дээд уруулын салстад цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Мын мэдүүлэг, хохирогч Э.Ж-н мэдүүлэг, гэрч Д.Т.ийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4543 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Э.Ж-н биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг шүүгдэгч, хохирогч болон гэрчээс мэдүүлж, эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт тусгагдсан байх ба хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тодруулбал Б.М нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Э.Жамъяндоржийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...шинжилгээ, хагалгаа хийлгэх эмчилгээтэй холбоотой зардал нийлээд 4.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн хүсэлт гаргасан боловч тухайн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь хохирогчид 4.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлнө гэсэн баталгаагаа бичгээр гаргаж, тэрээр “..............” ХХК-нд ажилладаг, орлогын эх үүсвэртэй болох нь тогтоогдсон тул түүнийг хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.М нь ам бүл 5, эх, эмэг эх, 2 дүүгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, ............. их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Ж-оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН