| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0762/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/791 |
| Огноо | 2022-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/791
2022 08 05 2022/ШЦТ/791
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Б.Амармөрөн,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайхансарнайгийн Эд холбогдох 2209000000866 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 204 дугаартай “Уучлал үзүүлэх тухай” зарлигаар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Э, /............../.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 3 давхарын эмч нарын өрөөнөөс Б.Сийн Самсунг А71 загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 465,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 545 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209000000866 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 06-09 дүгээр тал),
-Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 12 дугаар тал),
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 23, 68 дугаар тал),
-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-35 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч С.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 3 давхарын эмч нарын өрөөнөөс Б.Сийн Самсунг А71 загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 465,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 06-09 дүгээр тал),
-Хохирогч Б.Сийн “...2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны шилжих шөнийн 02-03 цагийн хооронд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 3 давхарын эмч нарын өрөөнд өөрийн эзэмшлийн Самсунг Галакси А71 маркийн утсаа ширээн дээр тавиад орхисон байсан. Тэгээд би тухайн өдөр жижүүр эмч байсан учир тухайн өрөөнөөс гараад хагалгааны өрөөнд хагалгаанд ороод шөнийн 03 цаг 20 минутын орчим хагалгаагаа дуусгаад гарч ирэх үед ширээн дээр үлдээсэн миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд би тухайн өдөр жижүүрийн сувилагчаас өөрийн утсаа лавлах үед таныг хагалгаанд орох үед эмч нарын өрөөний хаалга дуугарах шиг болсон гэж надад хэлсэн. Тэгээд эмч нарын өрөөний хаалгыг татах үед цоожтой байсан. Би жижүүрийн сувилагчаар
гарч байсан сувилагчийн утаснаас өөрийн дугаар луу залгах үед нэг эмэгтэй хүн
авсан. Тэгшбаяр сувилагчийг миний утсыг аваад ир гэж явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),
-Эд зүйл хүлээлгэн өгсөн “Самсунг Галакси А-71 маркийн утас 1 ширхгийг хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 23, 68 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Шүүгдэгч С.Э нь хохирогч Б.Сийн эзэмшлийн Самсунг А71 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байна.
Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Б.Сд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан, хулгайлсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.
Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Сд хавтаст хэргийн материалыг танилцуулахад тэрээр гомдол саналгүй гэж тэмдэглэлд тусгасан, шүүгдэгчээс хулгайд алдсан гар утсаа биет байдлаар буцаан авсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгч хохирол, хор уршгийг арилгасан гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар, 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 06 /зургаан/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгчид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч С.Эгээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН