Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/625

 

 

 

 

 

2022           06          09                                   2022/ШЦТ/625

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Г.Онон /Баянгол дүүргийн прокурорын газраас/,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-т холбогдох эрүүгийн 2205000001098 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.О /РД: /,

1966 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, “........” банканд харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн ..............тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

   Шүүгдэгч Г.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ банкны гадна талаас хохирогч Т.А-ы эзэмшлийн виза картыг олж 2022 оны 02 дугаар сарын 16, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувийн хэрэгцээндээ ашиглаж бусдад бага хэмжээнээс дээш нийт 345.800 төгрөгийн хохирол учруулан завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 2205000001098 дугаартай хэргээс:

Хохирогч Т.А-ы цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-н 2 дугаар хуудас/,

Хохирогч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 14-15, 16 дугаар хуудас/,

Гэрч Г.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 25, 27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 35-36 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 3/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-7 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 9 дүгээр хуудас/,

Хохирогч Т.А-ы дансны хуулга /хх-н 44-45 дугаар хуудас/,

Хохирогч Т.А-ы картаар эмнэлэгт үйлчлүүлсэн баримт /хх-н 46 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 42 дугаар хуудас/, хохирогчид хохирол төлбөр төлсөн талаар дансны хуулга /хх-н 50 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-н 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... банкны гадна талаас хохирогч Т.А-ы эзэмшлийн виза картыг олж 2022 оны 02 дугаар сарын 16, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувийн хэрэгцээндээ ашиглаж бусдад бага хэмжээнээс дээш нийт 345.800 төгрөгийн хохирол учруулан завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Т.А-ы цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

Хохирогч Т.А-ы “...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүлэн явж байсан. Тухайн үед би гэр ахуйн бараа зардаг лангуугаар үйлчлүүлэн биеийн жин худалдан аваад тухайн бараагаа өөрийн Голомт банкны 36 гэх данстай дугаарын чиптэй алтан картаараа худалдан авалт хийсэн. Би тухайн үед Сүхбаатар дүүргийн талбайн урд байрлах Тэнгэр дэлгүүр болох чихрийн дэлгүүр орох гэж очиход тухайн дэлгүүр хаалттай байсан. Би тэгээд Голомт банкны урд талаас такси бариад Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байдаг гэртээ хүргүүлсэн. Тухайн үед би тооцоогоо бэлнээр төлөөд тухайн таксинаас буугаад шууд гэртээ орсон. Тэгээд би 2 хоног гэрээсээ гараагүй хүүгээ харж байхад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний гар утсанд зарлага гэсэн утгатай майл ирсэн байхаар нь би картаа алга болгосноо мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...1.400.000 төгрөг байсан ба тухайн мөнгөнөөс 340.000 төгрөг зарлага гарсан байна...би өөрийн алдсан мөнгөө олж авмаар байна..2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр картаа олж авсан.. Намайг картаа олж авахад миний данснаас гээгдүүлсэн өдрөөс хойш нийт 328.600 төгрөгийн зарлага хийгдсэн байсан...мөнгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Оын “....Би шар өнгийн Голомт банкны виза карт олж аваад тухайн эзэнд нь өгөхгүй түцний пос машинд уншуулж тамхи авахад виза карт нь пин код нэхэхгүй байхаар нь би удаа дараа өөр газраар уншуулж нийт 340.000 орчим төгрөгийг авч үрэгдүүлсэн. Карт нь дээрээ А- гэсэн нэртэй байсан. Гэхдээ би эзэнд нь өгөөгүй юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

Эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... портал эмнэлэгт үл таних залуу олсон гэх Голомт банкны картаараа гүйлгээ хийж тухайн эмнэлэгт үйлчлүүлсэн тухай бичлэгт харагдаж байна...” гэсэн тэмдэглэл,

Эд зүйл хүлээн авсан “............. картны дугаартай ............ нэртэй алтлаг шар өнгийн мастер картын хураан авав...” гэсэн тэмдэглэл,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “........... картны дугаартай ............ нэртэй алтлаг шар өнгийн мастер картыг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл,

Хохирогч Т.А-ы дансны хуулга, 

Хохирогч Т.А-ы картаар эмнэлэгт үйлчлүүлсэн баримт  зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь хохирогч Т.А-ы гээгдүүлсэн алтлаг шар өнгийн мастер картыг бусдын эзэмшлийн карт гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад хандалгүйгээр өөртөө ашиглан тухайн картыг ашиглаж мөнгө авч хувьдаа завшиж, бусдад хохирол учруулсан болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь өмчлөгч, эзэмшигчийн хайхрамж, болгоомжгүй үйлдлийн улмаас түүний хүсэл зоригоос гадуур хаягдаж, орхисон гээгдэл эд хөрөнгийг гэмт этгээд бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулсан байхыг ойлгоно.

 

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцох талаар хуульд тодорхой заасан ба энэ гэмт хэргийн хувьд 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Прокуророос Г.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Оыг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Г.О нь хохирогч Т.А-ы картаас авсан мөнгөө буцааж өгсөн болох нь дансны хуулга /хх-н 50-51/, хохирогчийн “...хохирлын 350.000 төгрөгийг төлүүлж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-н 52/ гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Оыг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.О нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй, 55 настай зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.О-г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДУЛАМСҮРЭН