Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/630

 

 

 

 

 

 2022         06         13                                    2022/ШЦТ/630 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч: Г.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2209000000159 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Г.Э,

1986 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ......... тоотод оршин суух, “............” ХХК-д тортны чимэглэл хийдэг ажилтай ч одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

         Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “’’..........” зочид буудалд хамт байсан хохирогч Ц.Г-ийн ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах ATM /Э/-ээс 700.000 төгрөгийг гарган авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн 2209000000159 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Г-ийн “...2021 оны 12 сарын 28-ны өдөр оройн 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх нэртэй буудалд орж өрөө авсан. Тэгээд өмнө уулзаж байсан, нэрийг нь сайн мэдэхгүй тарган шар хүүхнийг буудлын ресепшин дуудаж өгсөн. Тэгээд хамт хоноод хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд тэр эмэгтэйн төлбөрт 150.000 төгрөг төлөхөөр болж, 75000 төгрөг урьдчилгаанд буудлын гадна байрлах “Э” машинаас бэлнээр авч өгсөн. Тэгээд өглөө үлдэгдэл 75000 төгрөгийг өгье гэсэн боловч тухайн үед хоорондоо маргалдаж хамт хоноогүй ба тэр эмэгтэй шөнө гараад явсан. Тэгээд миний хаан банкны картыг авч явж картаас мөнгө авсан байсан... Хаан банкны харилцах 58 тоот данснаас 700.000 төгрөг авсан байсан..Надад хохирлын мөнгөө төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, 

 

            Гэрч Х.Ц-н “....2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-нд шилжих шөнийн 01 цагийн орчим манай буудалд нэг эрэгтэй 1 номерын өрөө авсан. Тэгээд удаагүй байж байхад өмнө уулзаж байсан найзаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудаж өгсөн. Тэгээд манай найз Э 02 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд тэр хоёр уулзаад хамт пиво ууж суусан. Тэгээд өглөөний 05 цагийн орчим тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд найз Э явлаа гээд гарсан...Тэгээд өглөө буудалд хоносон эрэгтэй “миний данснаас 700.000 төгрөг зарлагдаад гарчихлаа цагдаа дуудаад өг” гэсэн. Тэгээд цагдаа дуудсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

           

            Гэрч М.М-н “...таксинд явж байхад эхнэр над руу залгаад тамхи дөхүүлж өгөөч гэхээр нь би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх нэртэй зочид буудалд очсон. Тухайн үед эхнэрт тамхиа өгөөд буудлын гадаа явах гэж байхад зүс таних эхнэрийн найз Т- нь буудлаас гарч ирээд намайг “гэр лүү хүргээд өг” гэхээр нь “за” гээд машиндаа суулгасан. Тэгээд хаашаа явах талаар асуухад “долоон буудал руу хүргээд өг” гэсэн. Тэгээд би замдаа явж байсан 17-н автобусны буудлын орчим явж байхад “энд зогсож бай” гээд надад нэг карт өгөөд “эндээс мөнгө аваад өг” гэж хэлсэн. Тэгээд “хэдэн төгрөг авах юм” гэж асуухад “700.000 төгрөг аваад өг” гэхээр нь “чи ийм их мөнгө авч яах гэж байгаа юм бэ” гэж асуугаад уг картны нэрийг харахад өөр хүний нэртэй карт байсан. Тэгээд “энэ юун виза карт юм бэ” гэсэн “манай нөхрийн карт мэдээлэл манай нөхрийн утсанд ирнээ чи санаа зоволтгүй аваад өгөө” гэж хэлсэн. Тэгээд гуйгаад байхаар нь би тэнд байрлах автомат тооцооны машинаас 700.000 төгрөг уг картнаас авч Т-д өгсөн. Тэгээд Т- 7 буудал дээр буугаад таксины мөнгөнд “20.000 төгрөгт бензин хийгээрэй” гээд өгсөн. ...7 буудал явах замын 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас уг картнаас 700.000 төгрөг авч Т-д өгсөн. ...Тухайн үед Т- согтуу байсан болохоор бууж суухаас залхуураад байна гэж ойлгож мөнгийг нь авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Эгийн яллагдагчаар өгсөн “....Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Г-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

Эд зүйлийг хүлээн авсан “..Г.Эгаас гарган өгсөн хохирлын 700.000 төгрөгийг бэлнээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 цаг 53 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Үүнд: 20.000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг буюу 360.000 төгрөг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 34 ширхэг буюу 340.000 төгрөг нийт 700.000 төгрөгийг хохирогч Ц.Г-т хүлээлгэн өгөхөөр түр хүлээн авав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн “..Г.Эгаас хохирлын 700.000 төгрөгийг хураан авч хохирогч иргэн Ц.Г-т хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Үүнд: 20.000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг буюу 360.000 төгрөг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 34 ширхэг буюу 340.000 төгрөг нийт 700.000 төгрөгийг хохирогч Ц.Г-т хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 67 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43, 49 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/, Г.Эгийн нөхөр Б.Х-н байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/,  хохирогч Ц.Г-ийн хүсэлт /хх-ийн 68 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-75 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 77-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “’’Х” зочид буудалд хамт байсан хохирогч Ц.Г-ийн “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах ATM /Автомат тооцооны машин/-ээс 700.000 төгрөгийг гарган авч хулгайлсан болох нь шүүгдэгч Г.Эгийн мэдүүлэг, хохирогч Ц.Г-ийн мэдүүлэг, гэрч Х.Ц-ын мэдүүлэг, гэрч М.М-н мэдүүлэг, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос өөрийн картад байсан мөнгөө алдсанаа мэдүүлж, тухайн мөнгийг шүүгдэгчээс хохирогчийн картаас мөнгө авсан нь гэрч М.М болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд 700.000 төгрөгийн зарлага гаргасан болох нь “Хаан” банкны дэлгэрэнгүй хуулгаар тодорхойлогдож, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг тогтоосон байх тул шүүгдэгч Г.Э-гийн үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

 

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Г.Эгаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Эг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Г.Э-гаас хохирогч Ц.Г-т учруулсан 700.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд /хх-ийн 66-67 дүгээр хуудас/ тусгасан, хохирогч Ц.Г-оос “..хохирлоо гаргаж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 68 дугаар хуудас/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Э-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Э нь ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э нь өөрийн оршин суух Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн .................тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-д 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Э-г өөрийн оршин суух Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН

 

 

 

.