Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/780

 

 

 

 

 

 2021        08           02                                   2022/ШЦТ/780     

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

           Иргэдийн төлөөлөгч О.Танан-Эрдэнэ,

           Нарийн бичгийн дарга И.Номин,

             Улсын яллагч Г.Баярмаа,                                                                     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

Шүүгдэгч Д.Д.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт Дашнямын Д.Дд холбогдох эрүүгийн 2209000001030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, 1958 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цуурайтын ам задгай тоотод түр оршин суух хаягтай, /иргэний үнэмлэхийн хаяг Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар баг, Ганган-Орхон, дэнж 3 гудамж, 17 тоот/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Өвөрхангай аймгийн шүүхийн 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №3 дугаартай шийтгэх тогтоолоор 1963 оны Эрүүгийн хуулийн 109.б, 169.б зүйл ангиар 1 жил 6 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Өвөрхангай аймгийн шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169.б зүйл ангиар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон ургийн овогт Дашнямын Д.Д, Регистрийн дугаар ЙР58051075.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

  Шүүгдэгч Д.Д.Д нь согтуугаар 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүгийн 20 дугаар хороо Цуурайтын задгай тоотод хохирогч Т.Т.Бтэй тодорхойгүй шалтгааны улмаас маргалдаж улмаар ажлын хэсгийн урт 13 см, бариулын хэсэг 11 см, нийт 24 см урттай хар өнгөтэй хутгыг зэвсэг болгон хэрэглэж түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдараас 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 638 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2209000001030 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Т.Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 19-22 дугаар тал),

-2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 24-26 дугаар тал),

-2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7734 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

-Хохирогч Т.Т.Бийн эмчилгээтэй холбоотой зардлын баримтуудыг (хавтаст хэргийн 89-93 дугаар тал),

-2022 оны 5 дугаар сарын 20 өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 97-99 дүгээр тал),

-Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 101 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгчийг гэм буруутай болохыг нотолж эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 82 дугаар тал),

-Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг (хавтаст хэргийн 83 дугаар тал),

-Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 94-95 дугаар тал),

-Хохирогч Т.Т.Бийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 110 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Д.Д.Д нь гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч О.Танан-Эрдэнэ “Шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргажээ.

   Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д.Д нь согтуугаар 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүгийн 20 дугаар хороо Цуурайтын задгай тоотод хохирогч Т.Т.Бтэй тодорхойгүй шалтгаанаар маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Т.Т.Бийн “...2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал зуслангийн зүс таних Ц эгч “хот орж хүүхдүүдээ авчирмаар байна” гэхээр нь би машинтайгаа явж авч ирсэн. Орой хот орох ажилтай болоод хот ороод буцаж байтал Цгийн утсаар Д.Д ах “завтай бол ирээч” гэхээр нь би шууд яваад очсон. Тэгэхэд орой 23 цаг үед байсан. Намайг очиход Д.Д ах 1 шил архи авсан байхаар би нэмж 0.5 литрийн архи аваад хувааж уучихаад унтсан. Маргааш өглөө нь босоод хамт явж 1 шил архи, тараг, зайрмаг, 2 пиво аваад буцаад Д.Д ахын гэрт очсон. Гэрт нь буцаад очтол Ц эгч байхгүй явсан байсан. Авсан архиа дөнгөж задлаад юм яриад сууж байтал Д.Д ах гэнэт ширэв татаж босож яваад гал тогооны ширээн дээр байсан урт хутга барьж ирээд үгийн зөрүүгүй шууд зүрхэн тус газар хутгалчихаад хутгаа шидчихсэн. “Та яаж байна” гээд асуухад өөдөөс хараад дуугүй гөлийгөөд гайхсан байдалтай суугаад байсан. Би нэг л эвгүй болоод шууд эхнэр лүүгээ залгаад “зүрхэндээ хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Би шууд тэр дороо эвхрээд унасан. Би болсон юмаа сайн санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22 дугаар тал),

-Гэрч Д.Дын “...Сүхбаатар дүүргийн 20 дугаар xopoo Цуурайтын ам задгай тоотод байх зуслангийн байшин дээрээ эгч Цгийн хуурай дүү Бодио /Т.Т.Б/-гоор хүргүүлж өдөр 16 цагийн орчим ирсэн. Бид 3 таксиний мөнгө гэж 30,000 төгрөгийг Бодиод өгсөн. Уг зуслангийн байшин дээр хамгаалагчаар, манаачаар амьдардаг Д.Д байсан. Бид 4 зуслангийн байшин дээрээ байж байхад 19 цагийн орчим Бодио согтуу орж ирээд “найзуудтайгаа архи уучихлаа, хоноод явъя” гэхээр нь би “тэг, тэг” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 10 цагийн орчим Бодио, Д.Д 2 дэлгүүр ороод 1 шил архи авчирсан. Тэгээд тэр 2 авчирсан архиа хуваагаад сууж байхад эгч Ц барилгын материал авахаар явсан. ...намайг гэрээ цэвэрлэж байтал манай ач охин гэнэт хашгирахаар нь эргээд харахад Бодио зурагтын хажууд зогсож байсан, Д.Д баруун гартаа хутга барьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дугаар тал),

-Гэрч Д.Цгийн “...Д над руу залгаад Д.Д ах хамт байсан хүнээ хутгалчихлаа та хаана байгаа юм бэ яаралтай хүрээд ирээд ир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “...1.Т.Т.Бийн биед 4, 5-р хавирга завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх 7734 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

-2022 оны 5 дугаар сарын 20 өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 97-99 дүгээр тал),

-Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 101 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Д.Д.Д нь хохирогчийн биед халдаж, цээжин тус хэсэгт хутгалсаны улмаас 4, 5 дугаар хавирга завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцжээ.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг дурдахдаа “хутгыг зэвсгийн чанартай зүйлээр ашиглан хүнд хохирол санаатай учруулсан” гэж бичсэн атлаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Энэ талаар хэргийн оролцогчдоос тусгайлан гаргах саналгүй, техникийн шинтэй алдаа гарсныг ойлгон цааш шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр болсныг дурдаж цаашид ийм алдаа гаргаж ирүүлэхгүй байхыг үүгээр сануулах нь зүйтэй. Дээрх техникийн шинжтэй алдаанаас болж шүүгдэгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчсөн гэх маргааныг дагуулах эрсдэлтэй юм.

 

Иймд Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хууль тогтоогчоос тайлбарлахдаа “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно, “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ. 

Өөрөөр хэлбэл “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлнэ.

Хэргийн үйл баримтаас харахад хохирогч Т.Т.Бтэй тодорхойгүй шалтгааны улмаас маргалдаж улмаар ажлын хэсгийн урт 13 см, бариулын хэсэг 11 см, нийт 24 см-ийн урттай хар өнгөтэй хутгыг зэвсэг болгон хэрэглэж түүний цээжин тус газарт нэг удаа хутгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Д.Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Танан-Эрдэнэ “Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт гэж үзлээ.

Хохирогч нь эмчилгээний зардалд нийт 1,124,450 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн (хавтаст хэргийн 88-93 дугаар тал) бөгөөд шүүгдэгчийн ар гэрээс эмчилгээний зардал, хохиролд нийт 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 94-95 дугаар талд авагджээ. Мөн хохирогч Т.Т.Б нь Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “Т.Т.Б миний бие гомдол саналгүй болсон тул Д.Д.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 110 дугаар тал) гаргажээ. Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролыг нөхөн төлсөн, хохирогчид энэ тогтоолоор олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дугаар тал), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 83 дугаар тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

 

Шүүгдэгч Д.Д.Д нь урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №3 дугаартай шийтгэх тогтоолоор 1963 оны Эрүүгийн хуулийн 109.б, 169.б зүйл ангиар 1 жил 6 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, мөн Өвөрхангай аймгийн шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169.б зүйл ангиар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ............ тоотод амьдардаг болох нь тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, урьд нь 1982 он, 1987 онуудад гэмт хэрэгт холбогдож байсан боловч түүнээс хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж тусгай ангийн зүйл хэсэгт зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү, гэм буруугийн талаар маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Д.Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж болох нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хүний халдашгүй дархан эрхэд халдсан үйлдлийн улмаас тухайн хүний амь насанд аюул учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учир тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Д үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийг 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчилсан (хавтаст хэргийн 68 дугаар тал) бөгөөд үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/402 дугаартай захирамжаар “яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авагдаж нийт 73 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.    

Гэмт хэрэг үйлдэхэд зэвсэг болгон хэрэглэсэн ажлын хэсгийн урт 13 см, бариулын хэсэг 11 см, нийт 24 см урттай хар өнгөтэй 1 ширхэг хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Д.Дг 3 /гурван/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Д.Дгаас хохирогч Т.Т.Бд төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэгт үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг ажлын хэсгийн урт 13 см, бариулын хэсэг 11 см, нийт 24 см урттай хар өнгөтэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР

 ШҮҮГЧ                                                          Х.ИДЭР