Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/786

 

2022           08          04                                 2022/ШЦТ/786

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Парз ургийн овогт Маньдарын Мд холбогдох эрүүгийн 1909036501291 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт ............ тоотод оршин суудаг хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

 

-2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /2 дахь хавтаст хэргийн 41-49 дүгээр тал/,

 

-2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 165 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 07 cap 4 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан /2 дахь хавтаст хэргийн 50-53, 152 дугаар тал/,

 

-Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 98/54 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 cap 27 хоногийн хорих ялаас өршөөгдсөн /2 дахь хавтаст хэргийн 54-61, 1 дэх хавтаст хэргийн 109 дүгээр талд байгаа шийтгэх тогтоолд бичигдсэн биеийн байцаалтаас/,

 

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн /1 дэх хавтаст хэргийн 108-150 дугаар тал/, хэрэг хариуцах чадвартай, М.М /РД: /.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20А дугаар байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг Г......” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай оффиссын орон байранд хууль бусаар нэвтэрч, Делл загварын зөөврийн компьютер 1 ширхэг, сурагчийн цүнх, 4 ширхэг гутал, зэс аяга, тэмдэглэлийн дэвтэр, сурагчийн үзгийн сав /панель/ зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2,717,983 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 666 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 1909036501291 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч С.Болорзулаас:

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 21-27 дугаар тал),

            -Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (1-р хавтаст хэргийн 39-41, 44 дүгээр тал),

            -Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 46 дугаар тал),

            -“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (1 дэх хавтаст хэргийн 62-64 дүгээр тал),

-Ялын тооцооны тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 171 дүгээр тал),

-Таньж олуулах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 180-181 дүгээр тал),

            -Яллагдагч М.М, Б.Азбилэг нар хамт цагдан хоригдож байсан талаарх лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 184 дүгээр тал),

-Гэрч Н.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 186-187 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч М.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүүгээс:

-Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (1-р хавтаст хэргийн 39-41 дүгээр тал),

-Гэрч Н.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 186-187 дугаар тал),

-Гэрч Б.Азбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 167-169 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20А дугаар байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Глобал эксим” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай оффиссын орон байранд хууль бусаар нэвтэрч, Делл загварын зөөврийн компьютер 1 ширхэг, сурагчийн цүнх, 4 ширхэг гутал, зэс аяга, тэмдэглэлийн дэвтэр, сурагчийн панел зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2,717,983 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 21-27 дугаар тал),

-Хохирогч А.Мын “...2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө манай оффисын тагтаар дамжиж тагтны хаалгыг хөшиж орж хар саарал өнгийн делл маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, сурагчийн үзгийн сав /панель/ 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, зэс аяга 1 ширхэг, бор өнгийн мезлэн брэндийн 43 размерын эрэгтэй хүний ботинк 1 хос, хар өнгийн Версаж брэндийн 41 размерын эрэгтэй хүний ботинк 1 хос, хар хөх өнгийн сергио брэндийн ботинк 2 хос ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан учраас анх цагдаагийн байгууллагад хандсан. Манай компани үйл ажиллагаа явуулдаг байрны гадна талд буюу хашааны үүдэн хэсэгт харуул хамгаалалтын алба, хяналтын камер ажилладаг. Мөн оффис дотор хяналтын камер байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-44 дугаар тал),

-Гэрч Ц.Оийн “...би 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны жижүүрээр ажиллаж байна. Манай 20 дугаар байр гадуураа бүтэн хашаатай, байрны эргэн тойрон 4 хяналтын камертай. Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний 09 цагаас 25-ны өдрийн 09 цаг хүртэл ажилласан. 20А байрны 3 тоот байгууллагын хүмүүс хамгийн сүүлийн хүн нь 20 цаг 30 минутын үед явсан юм. Би оройны 21 цагийн үед эргэн тойрныг шалгахад янз бүрийн хүн харагдаагүй, би шөнийн 02-04 цагийн үед харуулын өрөөндөө орж амарсан. Тэгээд өнөө өглөө 20А байрны 3 тоотын ажилчин эмэгтэй манайд хулгай орсон байна гэхэд нь мэдсэн. Манай 20 дугаар байрны хашаа шөнийн цагаар хаалттай байдаг. Шөнийн цагаар орж гарсан машинуудад би хаалга онгойлгосон, өчигдөр шөнө гадны машин орж гараагүй, дан энэ байрны машин орж гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дүгээр тал) зэрэг баримтууд болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч энэ гэмт хэргийг “...Н.Төгөлдөр гэгчтэй бүлэглэн үйлдсэн...” гэж мэдүүлсэн, хохирогч А.М “...2 хүн байсан...” талаар мэдүүлсээр атал Н.Төгөлдөрийг хэрэгт яллагдагчаар татаагүй, түүнд ял завших боломж олгож байна. Энэ хэргийн талаар Б.Азбилэг мэдүүлэхдээ “...Н.Төгөлдөр, М.М хоёр хамт явж хулгай хийсэн” гэдгийг нотлон хэлдэг, мөн хулгайлсан эд зүйлсийг Б.Азбилэгийн гэрт авчирсан, ямар эд зүйл байсныг мэдүүлсэн байна. Таньж олуулах ажиллагаа явуулсан. Тэгэхээр энэ хэргийг М.М, Н.Төгөлдөр нар хийсэн байна гэдэг нь тогтоогдож байна. Тиймээс хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагааг хийлгэж, Н.Төгөлдөр гэгчийг энэ хэрэгт татан оролцуулах нь зүйтэй” гэх утга агуулга бүхий тайлбарыг гаргаж мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч М.Мийн гаргаж буй мэдүүлгийн эх сурвалжийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Төгөлдөрийг гэрчээр асуухад тэрээр “...Тэгсэн чинь машинаас бууснаас хойш 2-3 цагийн дараа Мандах-Од руу М.М, Азбилэг хоёр нь залгаад дэнжийн тэнд байдаг цагаан байрны эндээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Мандах-Одын гуйлтаар яваад тэр хоёрыг аваад Азбилэг гэх хүний гэр буюу 3-4 дүгээр хорооллын хойд гэр хороолол руу хүргэж өгсөн. Тэгээд би Мандах-Одыг гэрт нь буулгаж өгөөд өөрөө гэртээ харьсан. Тухайн өдөр хүргэн Дашбатын эзэмшлийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан болохоор маргааш нь цагдаагийн газраас ах руу залгаад байна гэж ах надад хэлээд би Мандах-Одод хэлээд бид хоёр цагдаа нарыг дагуулаад Азбилэгийн гэрийг зааж өгсөн. Энд буусан гээд, тэгсэн чинь тэр өдрөө хулгай хийсэн байсан юм байна лээ. Тэрийг цагдаа нар надад хэлсэн. Би тэгж мэдсэн. Тэгээд тэрнээс хойш би Мтэй дахин уулзалдаагүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 186-187 дугаар тал)-ийг, харин Б.Азбилэгийг гэрчээр асуухад “...2019 оны 9 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. М.М, Н.Төгөлдөр нар приус маркийн тээврийн хэрэгсэлтэй манай гэрт ирж гутал болон цүнхтэй компьютер зэргийн эд зүйлс үлдээгээд хэд хоногоос ирж авна гээд явсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 167-168 дугаар тал)-ийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заажээ.

Хэргийн үйл баримтын талаар гэрчүүдийн өгч байгаа мэдүүлгүүд харилцан эсрэг, чухам хэн нь үнэн зөв мэдүүлэг гаргаж байгаа нь эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлэг байх тул хэн алиных нь мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ.  

Мөн улсын яллагч яллах дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч М.Мийн үйлдлийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулсан боловч түүний гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд яллагдагч М.Мийн бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж тодруулахад хангалтгүй болно” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн ирүүлснийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч М.Мийн дээрх бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна гэж үзлээ.

Тиймээс шүүгдэгч М.МийгҮйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч А.Мын хулгайд алдсан Делл загварын зөөврийн комьпютер 1 ширхэг, сурагчийн цүнх, 4 хос гутал, зэс аяга, тэмдэглэлийн дэвтэр, сурагчийн үзгийн сав /панель/ зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2,717,983 төгрөгөөр (хавтаст хэргийн 62 дугаар тал) үнэлснийг оролцогчдод танилцуулжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч М.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Мт нийт 2,717,983 төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн дээрх заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс 2,717,983 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 11 сар, 08 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг гаргасан бол шүүгдэгч “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Мийн 2019 оны 9 дүгээр сарын 24-25-ны шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчлан зохицуулжээ.

Хэдийгээр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 98/54 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 cap 27 хоногийн хорих ялаас өршөөгдсөн баримт хэрэгт хавсаргагдаагүй боловч шүүгдэгч М.Мийн хувьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлсэн болох нь 2 дахь хавтаст хэргийн 54-61 дүгээр талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 98/54 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 cap 27 хоногийн хорих ялаас өршөөгдсөн болох нь 1 дэх хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан шийтгэх тогтоолд бичигдсэн биеийн байцаалтаар, шүүгдэгч М.М нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан талаар мэдүүлсэн нь 1 дэх хавтаст хэргийн 232 дугаар талд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийг 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 08 хоногийн (1 дэх хавтаст хэргийн 171 дүгээр тал) хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 11 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 355 дугаартай захирамж (1 дэх хавтаст хэргийн 195-197 дугаар тал)-аар шүүгдэгч М.Мийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид шилжүүлсэн өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид шилжүүлэн цагдан хорьжээ. Тиймээс түүний 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон 605 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил /хоёр/ 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 11 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жил 11 сар 08 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 605 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Мөөс 2,717,983 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт олгосугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН