Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МОГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                                                           

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа    

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О;

 

Нэхэмжлэгч: “МОГ” ХХК

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09/3422 дугаар албан бичгийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0236 дугаар шийдвэртэй;

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0129/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МОГ” ХХК-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09/3422 дугаар албан бичгийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 236 дугаар шийдвэрээр “Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан “МОГ” ХХК-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

 

3.1. ...Шийдвэрт “3. татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно” гэжээ.

 

3.1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор, түүнчлэн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд юу хамаарахыг заасан байна. Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгааг болон түүнийг хэрхэн сэргээлгэх гэж байгааг шүүх анхнаасаа бүрэн гүйцэд тодруулах ёстой ба энэ талаарх ажиллагааг дутуу хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэл, зорилго, нэхэмжлэлийн агуулга чухал гэсэн онолын ойлголтыг шүүх харгалзан үзсэнгүй. Учир нь “нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хэлбэрээр хязгаарлахгүй, харин агуулгыг бүрэн тодорхойлж түүнд үндэслэнэ” гэсэн зарчимд суурилах ёстой.

 

3.1.2. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.3-т заасан захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт байна.

Гэхдээ захиргааны үйл ажиллагааны дээрх хэлбэрээс сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллагын тогтоосон өөр бусад хэлбэрийн үйл ажиллагаа байгааг шүүх анхаарч авч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт шаардлагагүй баримтыг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байхад түүнийг шаардаж, улмаар та нар шүүхээр түүнийг шийдвэрлүүлчихвэл манайх гаргаж өгөх боломжтой гэж байгаа нь үндэслэлгүй юм.

 

3.1.3. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүй, хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх гэсэн хуулийн зохицуулалт байгаа ч энэ нь шүүхэд хандсан этгээдийн гаргасан хүсэлтээс хэтэрсэн шийдвэр гаргахыг шүүхэд хориглосон агуулгатай юм. Харин шаардлагын төрөлд үгчлэн баригдахгүйгээр үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл тухайн барьсан объектоо ашиглах сонирхол нэхэмжлэгчид байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

 

3.2. Шийдвэрт “12. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, Барилгын тухай хуульд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв” гэжээ. Нэхэмжлэгчийн эцсийн зорилго нь маргаан бүхий захиргааны актыг өөрт нь үйлчлэлгүй болгосноор хөндөгдөж, зөрчигдсөн эрхээ сэргээх агуулгатай байдаг. Шүүх харин ямар тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой болох нөхцөлийг тодруулах нь “шүүх нотлох зарчим”-ын агуулгад хамаарна. Гэвч дээрх ажиллагааг шүүх хийсэнгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцааж өгнө үү.” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч “МОГ” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “...барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй байсан тул улсын комисс ажиллах боломжгүй гэсэн бөгөөд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан Барилгын ажил эхлэх зөвшөөрөл нөхөн олгохыг хүссэн боловч 2023 оны ... 09/3422 дугаар албан бичгээр боломжгүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Иймд Засгийн газрын 2021 оны ... 213-р тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т заасны дагуу ... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгаж өгнө үү” гэж, хариуцагчаас “...Барилгын тухай хуулийн 26, 27, 28, 37 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалтыг зөрчиж, 2020 оноос хойш барьж ашиглаж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын угсралтын үйл ажиллагаа эхлүүлсэн нь хууль зөрчсөн ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

  1. Талуудын маргаж буй зүйл нь “шатахуун түгээх станцын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох” эсэх талаар байна.

 

  1. Маргааны үйл баримтын талаар;

 

    1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжаар нэхэмжлэгч “МОГ” ХХК-д Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Э.Галданбошготын гудамжинд 716 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 000009609 дугаартай гэрчилгээ олгожээ.

 

    1. Үүний дараа 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ГБМЗХ2020/12-035 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар шатахуун түгээх станцын барилгын хэмжээг 501.2 м.кв талбайд төлөвлөхөөр батлуулж, Барилгын хөгжлийн төвийн 06 дугаар сарын 12-ны өдрийн 1048/2020 дугаартай “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт” гаргажээ.

 

    1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Хот байгуулалт, хөгжлийн газарт 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23-300 дугаар албан бичгээр “... шатахуун түгээх станцаа ашиглалтад оруулахаар ...цахимаар хандсан боловч барилга эхлэх зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн тул уг зөвшөөрлийг нөхөн олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хариуцагч 12 дугаар сарын 07-ны өдрийн 09/3422 дугаар албан бичгээр “...шатахуун түгээх станцын зориулалттай барилга баригдсан байх бөгөөд удаан хугацаанд ашигласан байгаа нь Барилгын тухай хуулийн ... заалтыг тус тус зөрчсөн... Иймд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохоос татгалзсан нь үндэслэл бүхий байна.

 

  1. Хууль зүйн үндэслэлийн талаар;

 

    1. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:”, 26.1.1-д “барилга байгууламжийг шинээр барих”, 27 дугаар зүйл. “Барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа”, 28 дугаар зүйл. “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;”, 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх;”, 48 дугаар зүйлийн 48.3-т “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж,

 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно”, 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж тус тус заажээ.

 

    1. Дээрх хууль болон дүрмийн зохицуулалтаас үзвэл, барилга байгууламжийг шинээр барихдаа тухайн хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, барилгын ажлын зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, гүйцэтгэхээр байхад нэхэмжлэгч нь архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга байгууламжийн зураг төслийг батлуулсан даруй шатахуун түгээх станцыг барьж, ашиглалтад оруулж, үйл ажиллагаа эрхэлсний дараа барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгуулах тухай хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.

 

    1. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 030/301 дугаартай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07-104/208 дугаар “Зөрчлийг үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд барилгын ашиглалтыг зогсоосон, мөн эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн даалгавар зэрэг үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойргийн зүүн хойд талд зам дагуу байрлалтай шатахуун түгээх станцыг барилгын ажлын зөвшөөрөлгүй барьсан, гэрчилгээ аваагүй, үүний улмаас улсын комисс хүлээж аваагүй, эрх бүхий албан тушаалтны албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгаагүй, мөн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтгүйгээр шатахуун түгээх станцын барилгын ажлыг эхлүүлж, улмаар 2020-2023 онуудад үйл ажиллагаа явуулсан нь Барилгын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргасан байна.
    2. Үүнээс үзвэл, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох боломжгүй болохыг нэхэмжлэгч “МОГ” ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09/3422 дугаар албан бичгээр мэдэгдэж татгалзсан нь барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчмыг болон мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

    1. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч нь барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг авахаар зохих журмын дагуу хүсэлт гаргасан бөгөөд энэ нь холбогдох хууль зөрчөөгүй байхад Хот байгуулалт, хөгжлийн газраас уг зөвшөөрлийг олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан зэрэг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд ...” гэсэн нөхөн олгох журмын зохицуулалт хэрэглэгдэнэ.

 

    1. Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий шатахуун түгээх станцын барилгыг барихаас өмнө бус барилгыг барьсны дараа хариуцагчийг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг шаардаж байгаа нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

    1. Түүнчлэн хэрэгт авагдсан Онцгой байдлын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 288/х6 дугаар барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт /хх-ийн 16 дахь тал/ нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт баригдах шатахуун түгээх станцын ажлын зурагт хяналт хийснээс бус Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжаар “МОГ” ХХК-д олгосон Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Э.Галданбошготын гудамжинд 716 м.кв газарт байрлах шатахуун түгээх станцын барилгад хяналт хийсэн дүгнэлт биш байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

    1. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх “Барилгын тухай хуульд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                  З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                  Т.ЭНХМАА