Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 135

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Г.Нэргүй,

            Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Л.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

            Шүүгдэгч Б.Батцэцэг, түүний өмгөөлөгч Э.Болорчимэг,

            Хохирогч байгууллагын төлөөлөгч Э.Лхагвадорж нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Омбо овогт Лхагвасүрэнгийн Энхтайван, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Манчуудтай овогт Пүрэвдоржийн Батцэцэг нарт холбогдох, 2016 2503 1032 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-нд хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Капитал” банкны Хөрөнгийн удирдлагын газарт ахлах дилерээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 23 дугаар байрны 18 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Омбо овогт Лхагвасүрэнгийн Энхтайван (РД:РЮ86020314),

            2.Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох “Капитал” банкны Санхүү бүртгэлийн газрын Арилжааны арын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 6б дүгээр байрны 144 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Манчуудай овогт Пүрэвдоржийн Батцэцэг (РД:ОЭ88083181),

Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр шүүгдэгч Л.Энхтайван нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Капитал” банкны Хөрөнгийн удирдлагын хэлтэст ахлах дилерээр ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс Капитал банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 157 тоот тушаалаар батлагдсан харилцагчийн “Маржин арилжааны журам”-ын 4.2.2, 4.2.3, 5.1-д заасан журмыг зөрчин тус банкны Арилжааны арын албаны мэргэжилтэн П.Батцэцэгийн FXCM программд нэвтрэн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5 удаагийн хандалтаар харилцагчийн дансанд бодитоор мөнгөн орлого хийгдээгүй байхад арилжааны дансыг 151.010.00 ам доллараар зохиомлоор өсгөж Капитал банкинд нийт 285.974.008.20 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

-шүүгдэгч П.Батцэцэг нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Капитал” банкны Арилжааны арын албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 157 тоот тушаалаар батлагдсан харилцагчийн “Маржин арилжааны журам”-ын 4.2.2, 4.2.3, 5.1-д заасан, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1172 тушаалаар батлагдсан “Программ сүлжээнд ажиллах журам”-ын 2.10.2, 2.10.3-т заасан заалтуудыг зөрчиж А.Энхтайваныг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж Капитал банкинд 285.97.008.20 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:

1.Л.Энхтайванаас:-2016 оны 02 дугаар сарын 12-ноос эхлээд маржин арилжааны программ дээр зохиомлоор дансны үлдэгдлээ өсгөж, арилжаа хийж байгаад түүнийгээ алдсан нь үнэн. Нууц үгийн тухайд “FXCM” гэдэг компанитай харилцах харилцааг би өөрөө хариуцан ажиллаж байсан. Тэндээс ирж байгаа ямар нэгэн алдаа, мэдээлэл нь надаар дамжиж ирдэг байсан. Ямар нэгэн асуудал гарах юм бол Америкийн нэгдсэн улсад байдаг компани руу нь би хандаж, зохицуулж өгдөг байсан. “FXCM” гэдэг компани 2015 оны 10 дугаар сард хакердуулаад бүх харилцагч нарын мэдээлэл алдагдсан байсан. Үүнээс үүдэж нууц үгийг солих шаардлагатай байсан. Би тэр үед нууц үгийг нь мэдсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлын хувьд банкинд учирсан хохирол болох долларын мөнгөн дүн нь зөв, төгрөгийнх нь хувьд зөрүүтэй байна. Хохирлоос өөрийн автомашиныг 35.000.000 төгрөгөнд тооцож, дулаан зогсоолыг 15.000.000 төгрөгөнд тооцож, Хөвсгөл аймагт байрлах ээжийнхээ хашаа байшинг 10.000.000 төгрөгөнд тооцож, хоёр хүүхдийн нэр дээрх 4.200.000 төгрөгийн хадгаламж, миний өөрийн хадгаламж 1.500.000 төгрөгийг тус тус тооцож, нийт 67.000.000 төгрөгийг эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаас өмнө банкны нэр дээр шилжүүлсэн. Би 7 дугаар сараас хойш нэг ажил хөөцөлдөж байгаа юм. Хэрвээ энэ ажил маань бүтвэл би үлдсэн хохирлоо төлж барагдуулах боломжтой байна. 5 удаагийн арилжаанд оролцохдоо гар утас, компьютероос хийсэн. Арилжааг хийхдээ ганцаараа хийсэн. Батцэцэгт арилжаанд оролцоод алдсан талаараа хэлээгүй. Тэр үед Батцэцэг ажлаа аваад удаагүй байсан. Батцэцэг надад нууц үг хэлж, зааж, зөвлөж байгаагүй. Журмаараа бол Батцэцэг нууц үг хэлж, арилжаанд оролцох ёстой. Балансын тохиргоо хийх талаар Батцэцэгт заагаагүй. Би эрсдэлээ мэдэж байсан, алдана гэж бодоогүй. Өөрийн нэрээр гүйлгээ хийхэд тохиромжгүй учир эхнэрийн дансыг ашигласан. Гүйлгээг Монголоос шөнийн цагаар хийсэн. Ашиг олох зорилгоор маржин арилжаанд оролцсон. Гэм буруугаа ойлгож байна. Гэр бүлийн байдал, хохирлоо нөхөн төлөх байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэв.

2.Б.Батцэцэгээс:-Би Капитал банкинд 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн гадаад төлбөр тооцооны мэргэжилтнээр анх ажилд орж байсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Санхүү бүртгэлийн газрын арилжааны арын албанд нээлттэй ажлын байр зарлагдаж орох ажилтан нь шалгарч ирээгүй байна. Иймд чи энэ ажлыг хүлээж ав, өмнөх хүн нь жирэмсний амралтаа авчихсан байгаа учраас чамаас өөр энэ ажлыг хүлээлгэж өгөх хүн байхгүй байна. Чи энд байгаа бүх ажилчид дотроос хамгийн удаан ажиллаж байгаа болохоор чи энэ ажлыг хүлээж ав гэж хэлсний үндсэн дээр би уг ажлыг хүлээж авч байсан. Арилжааны арын алба гэдэг ажлыг хүлээж авч байхад маржин арилжааны данс 5.000 ам.долларын зөрүүтэй байсан. Өмнө ажиллаж байсан мэргэжилтнээс яагаад ийм зөрүүтэй байдаг талаар асуухад маржин арилжааны данс маань 2 данстай байдаг. Нэг нь үлдэгдэл, өдөр тутам таардаг данс, нөгөө нь байнга зөрүүтэй байдаг данс гэж надад тайлбарлаж өгсөн. Энэ данс намайг ажил хүлээж авч байхад 55.000 ам.доллараар зөрж байсан. Өдөр ирэх бүр зөрүү нь нэмэгдэж явсаар байгаад 11 дүгээр сарын сүүлээр 80.000-90.000 ам.долларт хүрсэн. Би захирлаас байнга энэ дансны зөрүү яагаад үүсч байгаа юм бэ, юунаас болж энэ данс зөрүүтэй байна вэ гэж асууж тодруулдаг байсан. Мөн өмнөх ажилтнаас асуухад би энэ зөрүүг яг юунаас болж үүсч байгааг мэдэхгүй байна. Арилжаанд оролцож байгаа харилцагчдын нээлттэй позитивийн дүнгээс хамаардаг байх гэж тайлбарлаж байснаас биш надад яг тодорхой мэдээлэл өгч байгаагүй. Анхнаасаа энэ данс зөрдөг байсан гэдгийг захирал болон бүртгэл хяналтын мэргэжилтэн, хяналт тавьдаг байсан хүмүүс бүгд мэддэг байсан. 12 дугаар сарын эхээр 80.000 ам.доллараар зөрж байгаад тус сарын сүүлээр буцаад зөрүү нь бууж 10.000 ам.долларын зөрүүтэй болж дансны үлдэгдэл нь хэлбэлзэж явдаг гэж надад тайлбарлаж өгсөн. 2016 оны 01 дүгээр сард дансны зөрүү нь 10.000 доллараар зөрж байсан ба 2 дугаар сарын сүүлээр хасах үлдэгдэлтэй болж байсан. Би өдөр бүр захиралд дансны үлдэгдэл ийм байна гэж тайлагнадаггүй байсан. Захирал надаас сарын эхээр болон сүүлээр хэдээр зөрж байна гэж асуудаг байсан. 02 дугаар сарын 28-ны өдөр 100.000 ам.долларын зөрүү үүссэн байсан. Тэгээд би энэ зөрүүг яаж олох вэ гэж захирлаас асуухад би гүйлгээний талаар сайн мэдэхгүй, Энхтайванаас энэ асуудлыг тодруулаад над дээр ороод ирээрэй гэж хэлж байсан. Үүний дагуу би Энхтайванд дансны зөрүүний талаар хэлэхэд надад хэлэлгүйгээр Мөнхсүрэн захиралд өөрийн хийсэн хэргээ хэлсэн байсан. Нууц үгийн хувьд би 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээж авсан. Би 10 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирээд программ руугаа нэвтрэх гэхэд алдаа заагаад орохгүй байсан болохоор Энхтайванд хэлсэн. Энхтайван нь Америкийн нэгдсэн улсад байх салбар нь хакердуулсан учир бүх харилцагчийн аиди нууц үгийг нь блоколчихсон. Анх бүртгэлтэй байгаа хүний и-майл хаяг руу нь шинэ нууц үгийг нь явуулна гэдэг, и-мэйл ирчихсэн байсан. Тэгээд Янжин захирал руу бид хоёр орж мэдэгдээд өмнө ажиллаж байсан дилер Чинзориг гэдэг хүний и-мэйл хаягийг сэргээж байж бид нар шинэ аиди нууц үгийг авах ёстой юм байна гэж хэлсэн. Үүний дагуу Янжин захирал нь Пүрэвсүрэнд мэдэгдэж, тэр хүний и-мэйл хаягийг миний компьютер дээр сэргээлгэж өгсөн. Энхтайван бид хоёр хамт суугаад шинээр ирсэн и-мэйл хаягийг харсан. Яаж энэ программыг суулгах талаар би сайн мэдэхгүй байсан болохоор Энхтайванаар заалгуулж байсан. Шинээр ирсэн нууц үгийг би сольсон. Би ажлаа хүлээж авахдаа энэ гүйлгээний талаар мэдлэг байхгүй, туршлага дутуу, гадаад төлбөр тооцоо руу чиглэсэн ажлыг хийдэг байсан гэж хэлж байсан. Захирал намайг мэдэхгүй зүйлээ Энхтайванаас асуу гэдэг чиглэл өгч байсан болохоор л би энэ хүнтэй хамтарч ажилладаг байсан. Харилцагчийн маржин арилжаанд яаж оролцож байгааг би шууд хянах боломжгүй. Данс байнга зөрүүтэй байдаг. Мөнхсүрэнд Энхтайван хэлсэн байсан. Балансын тохиргооны гүйлгээ хийх талаар би мэдэхгүй. Маржин арилжааны арын албаны мэргэжилтэн нь арилжааны зөрчлийг удирдлагадаа мэдэгдэх үүрэгтэй гэв.

            Хохирогч байгууллагын төлөөлөгч Э.Лхагвадоржоос шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Энхтайван нь 2016 оны 02 дугаар сараас 3 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр өөрийн эхнэрийн дансаар маржин арилжааг зохиомлоор өсгөж, 151.000 ам.долларын хохирол банкинд учруулсан. Энхтайван нь өөрт байсан 32.000 ам.долларыг өсгөх зорилгоор энэ арилжааг хийж, алдагдал хүлээсэн гэдгээ банкны удирдлагад танилцуулсан. Энхтайван нь хохирол төлбөрөө төлөх санаачлага гаргаж, 67.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Одоо 218.309.141 төгрөгийн хохирол төлбөр төлөх дутуу байна. Маржин арилжааны журмаар бол хоёр ажилтан маань бие биедээ харилцан хяналт тавих үүрэгтэй байсан. 2015 онд Америкийн нэгдсэн улсад байх салбар нь хакердуулсан гэдэг зүйл яригддаг. Банкны удирдах алба нууц код солих арга хэмжээ авч, уг солигдсон кодоор арилжаа хийгдсэн гэж үзэж байна. Энхтайван нь болсон асуудлаа үнэн зөвөөр ярьж, гэмшсэн байдлаар хохирол төлбөрийг барагдуулж байна. Батцэцэг нь нууц кодыг санаатай, санамсаргүйгээр алдсан гэдэг асуудлын хувьд банкны зүгээс гомдолтой байна. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүний хавсралт, ажлын байрны тодорхойлолтод ажилтны үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Энхтайван болон Батцэцэг нар нь нууцын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах ёстой байхад энэ үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд хохирол учруулсан гэв.

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.З.Мөнхсүрэнгээс:-2016 оны 3 сарын 10-ны өдөр Энхтайван надтай уулзаад “би арилжаанд ороод мөнгөө алдчихлаа, банкинд хохирол учруулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж банкинд хохирол учруулсан юм бэ, банкны арилжааны дансаар орж тоглоод алдсан юм уу гэхэд “үгүй өөрийнхөө хувийн арилжааны дансны үлдэгдлийг хий өсгөөд тэр мөнгөөрөө арилжаанд ороод алдчихлаа, одоо яах вэ гэсэн, тэгээд нийт дүн нь хэд юм бэ гэхэд 150.000 доллар гэхээр нь би яаж энэ гүйлгээг хийсэн юм бэ гэхэд “Арилжааны арын албаны (ААА-н) мэргэжилтэн Батцэцэгийг FX арилжааны программд нэвтрэх нэр, нууц үгийг нь мэдчихсэн байсан юмаа, ингээд нэвтэрч ороод өөрийнхөө дансны үлдэгдлийг хийсвэрээр өсгөөд арилжаанд орсон, бүх мөнгөө алдчихлаа” гэсэн. Маргааш өглөө нь ААА-ны Батцэцэгийг дуудаад ямар данс зөрүүтэй байгаа, яагаад надад одоо болтол зөрүүтэй байгааг хэлээгүй юм бэ гэхэд Батцэцэг “данс 150.000 доллараар зөрүүтэй яваад байгаа, Энхтайван надад учрыг нь олж өгнө гэсэн” гэж хэлсэн. Ингээд би FXCM oффис программ дээр байгаа клирингийн данс, харилцагчийн дансны үлдэгдлийг шалгаж харсан. Мөн энэ зөрүүтэй байх хугацаанд өндөр дүнтэй арилжаанд орсон, өндөр дүнгээр алдагдал хүлээсэн, тухайн цаг хугацаанд арилжаанд идэвхитэй оролцсон харилцагчийг шалгахад Б.Амарбаясгалан гэсэн хүний хамгийн өндөр дүнгээр алдагдал хүлээсэн, арилжаанд хамгийн идэвхтэй оролцсон байсан. Үүнийг бол Батцэцэг хянаад мэдэх боломжтой байсан. Би бүртгэлийн программ дээрх харилцагчийн зураг мэдээллийг харахад Амарбаясгалан нь Энхтайваны эхнэр байсан. Энхтайван нь 2016 оны 02 сарын 12-ны Баасан гарагийн шөнө 02:41 цагт 21.010 ам долларын, 2016 оны 02 сарын 15-ны Даваа гарагийн шөнө 01:02 цагт 20.000 ам долларын, 2016 оны 02 сарын 16-ны Мягмар гарагийн орой 22:08 цагт 40.000 ам долларын, 2016 оны 02 сарын 18-ны Пүрэв гарагийн өглөө 06:28 цагт 20.000 ам долларын, 2016 оны 3 сарын 01-ний Мягмар гарагийн өглөө 5:53 цагт 50.000 ам долларын балансын тохируулгын гүйлгээ хийсэн байсан. Маржин арилжааны дансны хуулга мэдээллийг АНУ дахь FXCM программаас татаж авдаг. Энэ нь Монгол дахь цагтай адилгүй. Монголоос 9 цагаар зөрдөг гэсэн үг. Одоо Монголд 18:20 цаг болж байхад хуулгаар татахад өглөөний 09:20 цаг болж байна гэсэн үг. Тэгэхээр дээрх гүйлгээнүүдийн цагийн хувьд Монголд 2016 оны 02 сарын 12-ны Баасан гарагийн өглөөний 11:41, 2016 оны 02 сарын 5-ны Даваа гарагийн өглөөний 10:02 цаг, 2016 оны 02 сарын 17-ны Лхагва гарагийн өглөөний 07:08 цаг, 2016 оны 02 сарын 18-ны Пүрэв гарагийн 15:28 цаг, 2016 оны 3 сарын 01-ний Мягмар гарагийн 14:53 цагт тус тус балансын тохируулга хийсэн байна. Харилцагчийн маржин арилжаанд Арилжааны арын албаны мэргэжилтэн буюу Батцэцэг хяналт тавих ёстой байдаг юм. Л.Энхтайваны 5 удаагийн хандалт тус бүрээр тухайн өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлбэл нийтдээ 305.738.308 төгрөг болж байна. Банкны зүгээс гүйлгээ хийх эрх, балансын тохируулга хийх эрх зэргийг гүйлгээ хийх эрх бүхий ажилтан буюу арилжааны арын албаны мэргэжилтэн Батцэцэгт олгосон байдаг. Энэ эрх бол дилерт байх ёсгүй юм. Дилер харин ААА-ны мэргэжилтнийг хянах ёстой, ААА-ны мэргэжилтэн нь мөн дилерийг харилцан хянах ёстой байдаг юм. Банкны нэрийн өмнөөс маржин арилжаанд оролцуулах тохиолдолд банкны маржин арилжааны дансанд тодорхой хэмжээний эх үүсвэр байршуулж Энхтайванд хариуцуулж өгдөг юм. Бусад тохиолдолд Энхтайванд хариуцуулж өгдөг хөрөнгө гэж үгүй юм. Гэвч Энхтайваны дээрх 5 удаагийн хандалт нь банкны зүгээс зөвшөөрөөгүй, өөрөө хууль бусаар хүний эрхээр программд нэвтэрч балансын тохируулгаар зохиомлоор өсгөж хийсэн байсан. Батцэцэг өөрөө нууц үг, нэвтрэх нэрээ хариуцах ёстой, нэвтрэх нэр нууц үг ирсэн тохиолдолд Батцэцэгээс өөр хүн мэдсэн бол нууц үгээ сольсон байх ёстой байсан. Батцэцэг нь өөрөөс нь өөр хүн программд нэвтрэх нууц үгийг мэдэж байгааг мэдсээр байж солиогүй байсан. Арилжааны арын албаны мэргэжилтэн Батцэцэг харилцагчийн маржин арилжаанд хяналт тавих ёстой ба Энхтайваны үйлдлийг мэдэх боломжтой байсан. Үүнийг хэрхэн мэдэх ёстой вэ гэхээр нэгдүгээрт Амарбаясгалангийн маржин арилжааны данс бол идэвхтэй данс байгаа, үүнтэй холбоотойгоор манай банкны бүртгэлийн программ дээр Амарбаясгалангийн холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй тусгасан байдаг юм. Энэ талаараа удирдлагуудад мэдэгдээгүй байсан. Удирдлагууд дээрх асуудлыг мэдэх боломжгүй, зөвхөн ААА-ны мэргэжилтний ашиглаж байгаа программд хандаж байж мэдэх боломжтой байсан учраас Батцэцэг амаар л мэдэгдээгүй бол өөрөөр мэдэх боломжгүй юм. Банкны нэрийн өмнөөс маржин арилжаанд орох тусдаа журам байдаг, энэ журмын дагуу маржин арилжаанд оролцоод алдагдал хүлээсэн тохиолдолд алдагдлыг банк хариуцдаг, харин дээрх 151.010 долларын хувьд Энхтайван нь банкны FXCM оффис программын нууц үгийг ашиглаад балансаа өсгөх замаар өөрийн эхнэр Амарбаясгалангийн маржин арилжааны 1303072760 дансаар арилжаанд оролцож алдагдал хүлээсэн байсан гэжээ.

2.Л.Энхболдоос:-.5 удаагийн балансын тохируулгыг бодитоор орлого хийж, тогтоосон журмын дагуу хийсэн байна уу үгүй юу гэдгийг шалгахад бодитоор орлого хийгээгүй байсан. Б.Амарбаясгалангийн болон Энхтайваны харилцах дансаар орлого хийгдсэн зүйл байхгүй, банкны Маржин арилжааны дотоодын дансанд орлого хийгдсэн эсэхийг шалгахад орлого хийгдсэн зүйл байгаагүй. Эдгээрээс харахад энэхүү балансын үлдэгдлийг өсгөсөн асуудал нь журмын дагуу зөв зарчмаар явагдаагүй, харин программын аргыг ашиглаж үлдэгдлээ өсгөсөн байна гэдэг нь нотлогдож байсан гэжээ.

3.Б.Янжингаас:-Би анх Бүртгэл тооцооны газрын захирал Мөнхсүрэнгээс 2016 оны 3 дугаар сард мэдсэн. Энхтайван нь арилжааны арын албаны мэргэжилтний программд нэвтрэх нууц үгийг ашиглаж өөрийн эхнэрийнхээ нэр дээрх арилжааны дансыг ашиглаж арилжаа хийж алдсан гэж ойлгосон. Арилжааны арын албаны мэргэжилтэн Батцэцэгийн нууц үгийг ашиглаад Энхтайван нь өөрийн эхнэрийнхээ арилжааны дансыг зузаатгаж арилжанд ороод алдчихсан байна гэж хэлсэн. Миний хувьд бол гол бруу нь Батцэцэгээс л болж ийм асуудал болсон гэж үзэж байгаа. Батцэцэг нь өөрийн хариуцсан нууц үгээ алдахгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж бодож байгаа гэжээ.

4.Э.Ням-Очироос:-Харилцагч маржин арилжаанд оролцохын тулд манай банкинд харилцах долларын данс нээлгэн, платформ ашиглах гэрээг байгуулна. Энэ гэрээг арилжааны арын албанд өгөөд тус албаны мэргэжилтэн нь харилцагчийн маржин арилжааны дансыг нээнэ. Ингээд долларын харилцах данснаас нь банкны дотоодын FXCM-ын дансыг зузаатгана. Энэ үйлдлийг дилер хийж болно, харилцагч өөрөө ч интернет банк ашиглан хийж болно. Үүний дараа дотоодын FXCM данснаас гадаадын FXCM-ын дансыг зузаатгаж байж арилжаанд оролцох эрхтэй болдог. Энэ үйлдлийг Арилжааны арын албаны мэргэжилтэн буюу Батцэцэг хийх ёстой байдаг юм. Одоо бол Батцэцэг ажлаас халагдсан, оронд нь өөр хүн ажиллаж байгаа. Дээрх арилжааны арын албаны мэргэжилтний балансын тохируулга хийх энэ үйлдлийг түүнээс өөр хүн хийх ёсгүй, энэ үйлдлийг хийх эрх нь ААА-ны мэргэжилтэнд байдаг юм. Дилер болон ахлах дилерийн хувьд дээрх үйлдлийг хийх боломжгүй юм гэжээ.

Капитал банкны Санхүү бүртгэлийн газарт илэрсэн санхүүгийн зөрчлийн хүрээнд хийгдсэн Аудитын шалгалтын 2016.6.10-ны өдрийн ¹16/01 тоот дүгнэлтэд:

 1.Банкны дүрэм журмыг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлын үүднээс Л.Энхтайван, П.Батцэцэг нар нь Капитал банкинд онц их хэмжээний буюу 151.010 ам долларын хохирол учруулсан байх тул гэм хор хохирлыг барагдуулах арилгах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх,

2.Ноцтой санхүүгийн зөрчил гаргасан Л.Энхтайван, П.Батцэцэг нарын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож хууль хяналтын байгууллага шилжүүлэх,

Шинжээч Ш.Хандсүрэнг байцаасан тэмдэглэлд:Энхтайваны хувьд эхнэрийнхээ дансанд зохиомлоор орлого үүсгэж арилжаанд орж алдсан байсан. Энэ нь банкны клирингийн данснаас хасагдаж Капитал банкинд 151.010 ам долларын хохирол учирсан байсан. Дансны хуулгаас үзэхэд яг дээрх 151.010 ам долларын арилжаанд зориулж бодитоор орлого хийгдээгүй байна. Дансны үлдэгдлийг зохиомлоор өсгөсөн байсан. Л.Энхтайван нь дээрх банкны журамд заасан заалтуудыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа ба шинжээчийн хувьд дүгнэхэд банкны дотоод журмын зарим заалтыг зөрчсөн байхаар байна. Тухайлбал, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, банктай байгуулсан ажилтны хөдөлмөрийн гэрээ, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой журам, нууц болон программ хангамжтай холбоотой журмыг мөн зөрчсөн байхаар байгаа юм гэжээ.

Шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудыг дүгнэн үзвэл:

Нэг. Шүүгдэгч Л.Энхтайван нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Капитал” банкны Хөрөнгийн удирдлагын хэлтэст ахлах дилерээр ажиллаж байхдаа Капитал банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 157 тоот тушаалаар батлагдсан харилцагчийн “Маржин арилжааны журам”-ын 4.2.2, 4.2.3, 5.1-д заасан журмыг зөрчин тус банкны арилжааны арын албаны мэргэжилтний FXCM программд нэвтрэх нууц үгийг ашиглаж 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5 удаагийн хандалтаар өөрийн эхнэр Б.Амарбаясгалангийн нэр дээрх арилжааны дансны үлдэгдлийг программын аргаар зохиомлоор өсгөн, арилжаа хийж, улмаар 151.010.00 ам.доллар буюу 285.974.008.20 төгрөгийн хохирол Капитал банкинд учруулсан болох нь шүүгдэгчийн “2016 оны 02 дугаар сарын 12-ноос эхлээд маржин арилжааны программ дээр зохиомлоор өсгөж, арилжаа хийж байгаад түүнийгээ алдсан нь үнэн. Нууц үгийн тухайд “FXCM” гэдэг компанитай харилцах харилцааг би өөрөө хариуцан ажиллаж байсан. Тэндээс ирж байгаа ямар нэгэн алдаа, мэдээлэл нь надаар дамжиж ирдэг байсан. Ямар нэгэн асуудал гарах юм бол Америкийн нэгдсэн улсад байдаг компани руу нь би хандаж, зохицуулж өгдөг байсан. “FXCM” гэдэг компани 2015 оны 10 дугаар сард хакердуулаад бүх харилцагч нарын мэдээлэл алдагдсан байсан. Үүнээс үүдэж нууц үгийг солих шаардлагатай байсан. Би тэр үед нууц үгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч З.Мөнхсүрэнгийн “2016 оны 3 сарын 10-ны өдөр Энхтайван надтай уулзаад “би арилжаанд ороод мөнгөө алдчихлаа, банкинд хохирол учруулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж банкинд хохирол учруулсан юм бэ, банкны арилжааны дансаар орж тоглоод алдсан юм уу гэхэд “үгүй өөрийнхөө хувийн арилжааны дансны үлдэгдлийг хий өсгөөд, тэр мөнгөөрөө арилжаанд ороод алдчихлаа, одоо яах вэ гэсэн тэгээд нийт дүн нь хэд юм бэ гэхэд 150.000 доллар гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Л.Энхболдын “5 удаагийн балансын тохируулгыг бодитоор орлого хийж, тогтоосон журмын дагуу хийсэн байна, уу үгүй юу гэдгийг шалгахад бодитоор орлого хийгээгүй байсан. Б.Амарбаясгалангийн болон Энхтайваны харилцах дансаар орлого хийгдсэн зүйл байхгүй, банкны Маржин арилжааны дотоодын дансанд орлого хийгдсэн эсэхийг шалгахад орлого хийгдсэн зүйл байгаагүй. Эдгээрээс харахад энэхүү балансын үлдэгдлийг өсгөсөн асуудал нь журмын дагуу зөв зарчмаар явагдаагүй, харин программын аргыг ашиглаж үлдэгдлээ өсгөсөн байна гэдэг нь нотлогдож байсан” гэх мэдүүлэг, Шинжээч Ш.Хандсүрэнгийн “Энхтайваны хувьд эхнэрийнхээ дансанд зохиомлоор орлого үүсгэж арилжаанд орж алдсан байсан. Энэ нь банкны клирингийн данснаас хасагдаж Капитал банкинд 151.010 ам долларын хохирол учирсан байсан. Дансны хуулгаас үзэхэд яг дээрх 151.010 ам долларын арилжаанд зориулж бодитоор орлого хийгдээгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Янжингийн “Энхтайван нь арилжааны арын албаны мэргэжилтний программд нэвтрэх нууц үгийг ашиглаж өөрийн эхнэрийнхээ нэр дээрх арилжааны дансыг ашиглаж арилжаа хийж алдсан гэж ойлгосон. Арилжааны арын албаны мэргэжилтэн Батцэцэгийн нууц үгийг ашиглаад Энхтайван нь өөрийн эхнэрийнхээ арилжааны дансыг зузаатгаж арилжанд ороод алдчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

 “Хавтаст хэрэгт авагдсан банкны свифтийн хуулга болон тохируулгын гүйлгээ хийсэн баримтаас үзэхэд харилцагчийн дансанд бодитоор мөнгөн орлого хийгдээгүй, байхад зохиомлоор арилжааны дансыг 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 151.010.00 ам.доллараар өсгөсөн байгаатай холбоотойгоор Капитал банкинд нийт 285.974.008.20 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж үзлээ” гэх Монголбанкны шинжээчдийн дүгнэлт (1-р хх-ийн 117-125),

“2016.02.12-ны өдрөөс эхлэн нийт таван удаагийн хандалтаар 151.010 ам.долларын “Балансын тохируулга”-ын гүйлгээ хийж, дансны үлдэгдлийг хийсвэрээр нэмэгдүүлсэн болох нь дансны хуулга, Л.Энхтайваны бичгээр өгсөн тайлбар болон программын ЛОГ-ийн хандалтаар баталгаажиж байна” гэх Капитал банкны маржин арилжааны үйл ажиллагаанд гаргасан эрсдлийн дүгнэлт (1-р хх-ийн 3-6), Капитал банкны маржин арилжааны журам (1-р хх-ийн 10-12), банк, Л.Энхтайван нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ (1-р хх-ийн 20-22), шүүгдэгч Л.Энхтайванг ажлаас чөлөөсөн тухай тушаал (2-р хх-ийн 112), Капитал банкнаас санхүүгийн зөрчилд хийсэн аудитын дүгнэлт (1-р хх-ийн 69-73), Б.Амарбаясгалангийн Капитал банктай платформ ашиглах гэрээ (1-р хх-ийн 86-88), FXCM компани Капитал банкны хооронд хийсэн хамтран ажиллах тухай гэрээ (2-р хх-ийн 137-141), Б.Амарбаясгалангийн Капитал банкин дахь хувийн хэрэг болон дансны мэдээллүүд (1-р хх-ийн 216-226), Б.Амарбаясгалангийн 1303072760 тоот арилжааны дансны хуулга (2-р хх-ийн 77-81) болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Омбо овогт Лхагвасүрэнгийн Энхтайваныг шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Капитал банкинд онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Энхтайван нь уг гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай хамтран санаатай нэгдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй тул шүүх түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсаныг хүндрүүлэх нөхцөлд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос заримыг буюу 67.6 сая төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзэж, түүний эрх чөлөөг хязгаарлаж, нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 255 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоов. Шүүгдэгч нь 14 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг шүүхийн тогтоол гарах үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцсон болно.

Шүүгдэгч нь банкинд учруулсан хохирлоос 67,6 сая төгрөгийн хохирол төлсөн тул үлдэх 218.309.141.20 төгрөгийг түүнээс нөхөн гаргуулахаар шийдвэрлэлээ. Мөн шинжээчийн зардал 2.580.825 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.   

Хэрэгт ач холбогдол бүхий 4 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Энхтайваны өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байрн 15 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045569 дугаартай орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр.Прокурорын газраас шүүгдэгч Б.Батцэцэгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Капитал” банкны Арилжааны арын албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 157 тоот тушаалаар батлагдсан харилцагчийн “Маржин арилжааны журам”-ын 4.2.2, 4.2.3, 5.1-д заасан, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1172 тушаалаар батлагдсан “Программ сүлжээнд ажиллах журам”-ын 2.10.2, 2.10.3-т заасан заалтуудыг зөрчиж А.Энхтайваныг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж Капитал банкинд 285.97.008.20 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Б.Батцэцэг нь шүүгдэгч Л.Энхтайванг Эрүүгийн хуулийн дээрх зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд хэдийд, хэрхэн, яаж дэмжлэг үзүүлж хамтран оролцсоныг нотолж тогтоогоогүй буюу Л.Энхтайванг хууль бусаар маржин арилжаанд оролцоход нь санаатай нэгдэж, түүнд зориудаар нууц код дамжуулан өгч, түүнийг шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Капитал банкинд онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон болох нь  нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Батцэцэгийг банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, нууц болон программ хангамжтай холбоотой журмыг зөрчиж, өөрийн хариуцсан нууц үг, нэвтрэх нэрээ алдахгүй байсан бол гэмт хэрэг гарах нөхцөл болохгүй гэж буруутгаж байгаа боловч тэрээр ажил үүргийн хувьд маржин арилжааны дансан дахь зөрүү хэрхэн гарч байгааг хянах болон балансын тохиргоо хийх үедээ хамтран ажиллаж байсан Л.Энхтайванд нууц кодоо алдаж байгаа талаараа мэдээгүй, түүнд идэвхитэй үйлдлээр нууц нэр, нууц кодоо өгөөгүй болох нь “Нууц үгийн тухайд “FXCM” гэдэг компанитай харилцах харилцааг би өөрөө хариуцан ажиллаж байсан. Тэндээс ирж байгаа ямар нэгэн алдаа, мэдээлэл нь надаар дамжиж ирдэг байсан. Ямар нэгэн асуудал гарах юм бол Америкийн нэгдсэн улсад байдаг компани руу нь би хандаж, зохицуулж өгдөг байсан. “FXCM” гэдэг компани 2015 оны 10 дугаар сард хакердуулаад бүх харилцагч нарын мэдээлэл алдагдсан байсан. Үүнээс үүдэж нууц үгийг солих шаардлагатай байсан. Би тэр үед нууц үгийг нь мэдсэн. Тэр үед Батцэцэг ажлаа аваад удаагүй байсан. Батцэцэг надад нууц үг хэлж, зааж, зөвлөж байгаагүй. Журмаараа бол Батцэцэг нууц үг хэлж, арилжаанд оролцох ёстой. Балансын тохиргоо хийх талаар Батцэцэгт заагаагүй” гэх шүүгдэгч Л.Энхтайваны мэдүүлэг, “2016 оны 3 сарын 10-ны өдөр Энхтайван надтай уулзаад “би арилжаанд ороод мөнгөө алдчихлаа, банкинд хохирол учруулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж банкинд хохирол учруулсан юм бэ, банкны арилжааны дансаар орж тоглоод алдсан юм уу гэхэд “үгүй өөрийнхөө хувийн арилжааны дансны үлдэгдлийг хий өсгөөд тэр мөнгөөрөө арилжаанд ороод алдчихлаа. Арилжааны арын албаны (ААА-н) мэргэжилтэн Батцэцэгийн FX арилжааны программд нэвтрэх нэр, нууц үгийг нь мэдчихсэн байсан юм” гэсэн” гэх гэрч З.Мөнхсүрэнгийн мэдүүлэг, “Тохируулгын гүйлгээг зөвхөн П.Батцэцэгийн компьютерээс хандан хийх боломжтой мэтээр дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд балансын тохируулгыг дурын интернэт орчинд FXСМ оффис программыг ашиглан тохируулгын гүйлгээ хийх боломжтой байна. Банкны тухай хууль болон Монголбанкнаас гаргасан дүрэм журамд Маржин арилжааны талаарх тусгайлсан зохицуулалтгүй байна.“ гэх Монголбанкны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч П.Батцэцэгт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2503 1032 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Пүрэвдоржийн Батцэцэгийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Омбо овогт Лхагвасүрэнгийн Энхтайванг шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Капитал банкинд онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар шүүгдэгч Л.Энхтайванг 200.000 (хоёр зуу) төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 255 (хоёр зуун тавин тав) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 48.960.000 (дөчин найман сая есөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Л.Энхтайваны цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож 2.688.000 (хоёр сая зургаан зуун наян найман мянга) төгрөгийг хасч, түүний биечлэн эдлэх ялыг 46.272.000 (дөчин зургаан сая хоёр зуун далан хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5.Шүүгдэгч П.Батцэцэг нь урьдчилан цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Л.Энхтайван нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг түүнд сануулсугай.

7.Иргэний хуулийн 497 дүгаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхтайванаас 218.309.141 (хоёр зуун арван найман сая гурван зуун есөн мянга нэг зуун дөчин нэг) төгрөг гаргуулж, хохирогч “Капитал” банкинд олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхтайванаас шинжээчийн зардал 2.580.825 (хоёр сая таван зуун наян мянга найман зуун хорин тав) төгрөг гаргуулж Монголбанкны шинжээч Ш.Хандсүрэн, С.Мөнх-Эрдэнэ нарт олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10.Шүүгдэгч Л.Энхтайваны өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байрн 15 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045569 дугаартай орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг дурдсугай.

11.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Энхтайван, П.Батцэцэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Цагаатгагдсан этгээд шүүхийн тогтоолын цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

         ШҮҮГЧИД                                           Ё.ЦОГТЗАНДАН

          С.БАТГЭРЭЛ